| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03329/И |
| Дугаар | 182/ШШ2024/02963 |
| Огноо | 2024-07-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2024/02963
2024 07 04 182/ШШ2024/02963
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ...-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч ...
Гэрч ..., ...
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Наранмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ... ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дарах байдлаар тодорхойлсон. Үүнд: ... миний бие 1979 онд 8 дугаар ангиа төгсөөд аавтайгаа Завхан аймгийн Түдэвтэй сумаас Улаанбаатар мах комбинатад мал туудаг тууварчин, малчнаар ажиллаж байсан. 1981 оны 6 дугаар сарын 18-ны өдөр цэрэгт яваад Эрдэнэтийн ГОК-ийн үйлдвэрт дотоодын цэрэгт 3 жил алба хааж 1984 онд халагдаж очоод мал малласан. Тэгээд миний малчин тууварчин байсан гэх баримт Завхан аймгийн архиваас А данс олдохгүй байна.
Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдээгүй. Завхан аймгийн архив шатсан гэсэн шалтгаанаар архивын лавлагаа бүрэн олдохгүй болсон. Одоо тэтгэвэрт гарахад ажилласан жил хүрэхгүй байна.
Иймд шүүхээр ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байгаа тул хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг харгалзан намайг 1979 оноос 1995 он хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдэлд малчин, тууварчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1. Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/
2.2 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд /хх-3-5/
2.3 Архивын лавлагаа /хх-6-12/
2.4 Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг даргын тодорхойлолт/хх-12/
2.5 Завхан аймгийн архивын тодорхойлолт /хх-13/
2.6 Тусгай архивын лавлагаа /хх-14/
2.7 Гэрч нарын тодорхойлолт /хх-15-16/
3. Шүүх 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШЗ2024/10536 дугаар захирамжаар нотлох баримт бүрдүүлж, гэрч ..., ... нараас 2024 оны 07 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ... нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Тэрээр хүсэлтийн үндэслэлээ тэтгэвэр тогтоолгох зорилготой, ажилд орсон, гарсан тушаал байхгүй, 1979 оноос 1995 он хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдэлд малчин, тууварчнаар ажиллаж байсныг тогтоолгоно гэжээ.
2.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2.1 Хүсэлт гаргагч ... нь 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1984 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, даргын тушаал, архивын лавлагаа, мал тооллогын дансны бүртгэл, цалингийн тодорхойлолт, гэрч ..., ... нарын мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
2.2 Тодруулбал, Завхан аймгийн Архивын тасгийн лавлагаанд ......од 1979 онд 88.25 төгрөг, 9-10 сар, 1980 онд 3145 төгрөг, 1-10 сар, 1986 онд 2783 төгрөг, 1-5 сар, 8 сар... гэж бичигдсэн болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдааны явцад гаргасан ...1979 онд 8 дугаар ангиа төгсөөд аавтайгаа Завхан аймгийн Түдэвтэй сумаас Улаанбаатар мах комбинатад мал туудаг тууварчин, малчнаар ажиллаж байсан... гэх тайлбарыг харьцуулан үзэж хүсэлт гаргагч ...ын ажиллаж байсан байдлыг 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
2.3 Хэрэгт авагдсан ...ын хөдөлмөрийн дэвтэрт 1980, 1985-1993 оны 6 дугаар сар хүртэл ажилласан хоног, авсан хөлсний талаарх бичилтийг хийсэн байна. /хх5-8/
Мөн Завхан аймгийн Архивын тасгийн лавлагаа, түүнд хавсарган ирүүлсэн цалингийн талаарх баримтуудад 1980, 1982-1986, 1988-1989 онуудад цалин хөлс олгож байсан талаар дурджээ.
2.4 Тагнуулын ерөнхий газрын Тусгай архиваас Баатарын Цогт нь Завхан аймгаас НАХЯ-ны сайдын 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 558 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0202 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 474 дүгээр тушаалаар 6 дугаар сарын 19-ний өдрөөс цэргийн албанаас халагдсан талаарх лавлагааг олгосон байна.
2.5 Дээр дурдсан үйл баримтын талаар гэрч ... ...Би 1960 онд Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн. Сумандаа сургуульд суралцаж байгаад 1976 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр мал дээр гарч ажиллаж байсан. Тэгээд тэтгэвэрт гараад 2015 онд Улаанбаатар хотод орж ирсэн. Миний мэдэхийн ... нь 1984 оноос 1995 он хүртэл мал малладаг байсан...,
гэрч ... ...Би Завхан аймгийн Түдэвтэй суманд хөдөө мал дээр байдаг байсан. ... нь 1985-1988 оны хооронд манай нөхөр Б...тай мал туудаг байсныг сайн мэдэж байна... гэх агуулга бүхий мэдүүлгийг тус тус өгсөн.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн зүйлийн 135.3 дахь хэсэгт Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заажээ.
Хүсэлт гаргагч ...ын ажиллаж байсан байдалтай холбоотой баримт архивт бүрэн хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, архивын тодорхойлолтоор тогтоогдож байх тул ...ын ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болсон байна.
4. Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг харьцуулан үзвэл хүсэлт гаргагч ...ыг 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1984 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Харин ... нь НАХЯ-ны сайдын 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 558 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0202 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 474 дүгээр тушаалаар 6 дугаар сарын 19-ний өдрөөс цэргийн албанаас халагдсан болох нь түүний тайлбар, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагаагаар тогтоогдож байна.
5. Хүсэлт гаргагч ...ын хүсэлтийг шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ...-ыг 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдэлд малчнаар,
1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 0202 дугаар ангид цэргийн алба хааж,
1984 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ