Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 305

 

                                         

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        

                                       Н.Н-гийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00019 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б, Нт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 350 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгч болон хариуцагч Нийслэлийн боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.               

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Н-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Б.Г- 2015 онд Тэмүжин-Өрлөг сургуулийн 7 дугаар ангид сурч байхдаа 2016 оны 3 сарын 24, 25, 26-ны өдрүүдэд бусдын буруутай үйлдлээс гар утсаа булаалган, дээрэмдүүлж сургууль дотроо 3 хоног дараалан хүүхэд насанд баймгүй зодуураар зодуулж тархи, толгой, хүзүү, нүүрэндээ хүнд гэмтэл аван хохирч эмнэлэгт хэвтсэн. Би хүүхдээ сургууль дээрээ олон хоног зодуулж хүнд ноцтой гэмтлүүд авч, эмнэлэгт хохирон хэвтэж байгааг Б-, Нт 2016 оноос хойш удаа дараа хэлж, гомдол гаргаж байсан. Дээрх 2 байгууллага Тэмүжин-Өрлөг сургууль шат шатандаа шалгалт орж, хүүхдүүдийн эрүүл аюулгүй сурч боловсрох эрх ноцтой зөрчигдөж, байсныг илрүүлсэн ч манай харьяа биш цэргийн сургууль гэж хариу арга хэмжээ авалгүй орхисноос бага насны хүүхдийг хов зөөлөө гэж сургууль, багш нарын зүгээс дахин хүүхдүүдээр зодуулах, ганцаардуулах, хавчин гадуурхах, дүнгээр боож дарамтлах зэрэг хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрх ноцтой зөрчигдөн, аюулгүй байдал алдагдан зодуулснаас эмчлүүлж явсан, гэмтлүүд дахин сэдэрч 4 жил эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ч цаашид Монголд эмчлэх боломжгүй, зарим эд, эрхтэн сэргэж эмчлэгдэх эсэх нь тодорхойгүй болон хохирсон. Тэмүжин-Өрлөг сургуулийн тусгай зөвшөөрлийг Н 2013 онд олгосон цагаас хойш тус сургуулийн дектатур тасралтгүй үргэлжилж хүүхэд хохироох нөхцөлийг бүрдүүлэн, Н ажлын хариуцлага алдсан боловч дан ганц буруутай гэж үзэхгүй. Б- боловсролын системийг бүхэлд нь хариуцсан хяналт тавих байгууллага. Хүүхдийг хохироох эрхгүй эрүүл аюулгүй сурч боловсроход анхаарч ажиллах үүрэгтэй учир Б-, Н болох эрх бүхий байгууллагуудаас хүүхдийнхээ эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Цоо эрүүл хүүхэд 3-4 төрлийн амь насанд аюултай үлдэц уршиг бүхий насан турш хохироож эцэг эх, ар гэрт нь сэтгэл санааны дарамт үүсч 4 жил хүүхдээ эмчлүүлж явахад нэг ч удаа анхаарч уучлалт гуйж байгаагүй ба хүүхэд маань олон хүнд хагалгааг дааж амьд гарах эсэхийг бодолцохгүй хүний эрдэнэт амь наснаас мөнгийг илүүд үзэж байгаад Б-, Нт харамсаж гомдолтой байгаа тул хүүхдийн эмчилгээний хагалгааны зардалд 350 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Боловсрол соёл, шинжлэн ухаан, спортын яам шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус яам нь нэхэмжлэгч Н.Н-гийн хүү Б.Г-ийн эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй байдлаар аливаа хэлбэрийн гэм хор учруулаагүй. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажилладаг. Иргэн Н.Н-гийн хүү Б.Г- нь Тэмүжин-Өрлөг ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Энэ сургуульд сургалт эрхлэх зөвшөөрлийг Нийслэлийн Засаг дарга олгосон. Манай яамнаас Тэмүжин-Өрлөг" ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Г-ийн суралцах эрхийг хангах, хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авсан. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч гэдэг утгаар нь Нийслэлийн Засаг дарга, Н, Батлан хамгаалах яаманд суралцагчийн эрхийн асуудлаар удаа дараа хандаж байсан. Б.Г-ийн ирээдүй, суралцах эрхийг хүндэтгэн 10 000 000 төгрөгийг эмчилгээний зардалд олгосон. Иргэн Н.Н-гийн тус яамнаас хүүгийнхээ эмчилгээний зардал гэж 350 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй юм. Энэхүү иргэний нэхэмжлэлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хариуцагч болох эрх зүйн үндэслэлгүй. Боловсролын тухай хуульд зааснаар сургууль байгуулах, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр олгосон. Энэ нь хуульд заасан орон нутгийн өмчит сургууль гэсэн үг, нөгөөтэйгүүр Батлан хамгаалах яамны харьяанд үйл ажиллагаагаа явуулдаг. Суралцагч Б.Г- нь сургуулийн орчинд эрүүл мэндээрээ хохирсон гэж үздэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н нь Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг, төсвөөс санхүүждэг төрийн захиргааны байгууллага. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын Тэмүжин-Өрлөг сургуульд 2016 онд сургууль дээрээ зодуулснаас үүссэн хохирлын гэм хорын төлбөр болох эмчилгээний зардал 350 000 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжтэй учир эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн. Эрүүгийн хэрэг болон шүүхийн шийдвэр тогтоолуудыг харж байхад Б.Г-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан асуудал гарсан. Үүнээс учирсан гэм хорыг арилгах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хор учруулсан этгээд хариуцна гэж заасан. Мөн Эрүүгийн хуульд насанд хүрээгүй этгээд холбогдсон тохиолдолд гэм хорыг арилгах нь түүний эцэг эх байхаар заасан байдаг. Тухайн үйл явдал болсон газар нь Тэмүжин-Өрлөг сургууль байдаг. Энэ сургуулийн тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг дарга олгодог ба Нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгодог. Гэсэн хэдий ч сургуулийн захирал нь хурандаа цолтой Батлан хамгаалах яамнаас томилогддог цэргийн хүн байна. Сургуулийн захирлын эрх, үүргийг Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.14-т сургуулийн орчинд гэмт хэрэг зөрчил болзошгүй нөхцөл байдлаас суралцагчийг сургуулийн орчинд гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих үүрэгтэй гэж зааж өгсөн байдаг. Үүнтэй холбогдуулаад нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 350 000 000 төгрөгийг яаж гаргаж ирсэн нь тодорхойгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд эмнэлгийн байгууллагаас өгсөн үнийн санал гэсэн зүйл байгаагаар үндэслэж байгаа гэж тайлбарлаж байна. Яг хэн, ямар учраас ямар, хэмжээний хохирол учирсан гэдгийг нотолж чадсангүй гэж ойлгож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1, 229 дүгээр зүйлийн 229.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 35 000 000 төгрөг, хариуцагч Нийслэлийн боловсролын газраас 35 000 000 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н.Н-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 280 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид /253 975х2/ 507 950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Б-, Н, Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс шат шатандаа хүүхдүүдэд хамааралтай байгууллагууд байж хүүхэд хамаагүй гэж чиг үүргээ мэдэхгүй ердийн сургалттай, Тэмүжин-Өрлөг сургуулийг хараа хяналтгүй орхисноос тус сургуулийн удирдлага, багш нар эмх замбраагүй байдлыг үүсгэн дур зоргоороо авирлан нийтийн албанд нийтийн ашиг сонирхлын зөрчилтэйгээр ард иргэд, хүүхдүүдийг цэргийн сургууль гэж төөрөлдүүлэн, цэргийн сургуулийн диктатур дарамт шахалт хүчирхийлэлд бага насны хүүхдүүд өртөн хохирох нөхцөлийг бүрдүүлсэн. Тэмүжин-Өрлөг сургууль цэргийн дэг журамтай БХИС-ийн харьяа сургууль байсан бол Б-, Н шат шатандаа олон удаа шалгалт орж, хүүхэд хүчирхийлэлд өртөх шалтгааныг үүсгүүлэх шаардлагагүй. Боловсролын сайд Ё.Баатарбилэг хүүхэд хаана ч уйлж хохирон эрх нь зөрчигдөх ёсгүй гэж хэлдэг. Гэтэл хүүхэд хариуцдаг албан тушаалтнууд хүүхэд хохирсон асуудлыг сайдаасаа нуун дарж, өөрсдөө албан тушаалтайгаа үлдэхийн тулд хариуцлага хүлээх болохоор хүүхдүүд хариуцахгүй хүүхэд хохирох хамаагүй гэж улайрч хариуцлагагүй тайлбар хийж байгаад гомдолтой байна. Боловсролын байгууллга бүхэлдээ хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөл эрх ашгийг хангах чиг үүрэг хүлээсэн байгууллага. Сайд Ё.Баатарбилэгийн хэлснээр хүүхэд хаана ч уйлж хохирох ёсгүй. Хариуцлагагүй олон шалгалтууд хүний эрүүл саруул өсөж сурч явсан хүүхдийг олон хагалгаанд орох хэмжээнд хүргэсэн асуудал боловсролын байгууллагын зүгээр өөрсдийгөө хамгаалаад өнгөрөх асуудал биш. Гэм буруутай Тэмүжин-Өрлөг сургууль багш нарыг шалгалтаар очсон Б-, Н шат шатандаа багш нарыг хамгаалж байсан цагт хүүхдийн хүчирхийлэл зогсохгүй. Боловсролын байгууллагуудын олон шалгалтууд гэмт хэргийг илрүүлж байсан ч цаг алдалгүй таслан зогсоож, хүүхдийг хүчирхийллээс хамгаалах алхам хийгээгүй хамгаалаагүй орхисноос хүүхэд олон хагалгаанд орох хэмжээнд хүртэл хохирон хагалгаа болон мэсний үзүүрт сийчүүлэх хүртэл хохирсонд гомдолтой байна. Хүүхэд сурч буй сургууль дээрээ зодуулж, хүчирхийлэлд өртөн хохирсон байдлаас 6 удаагийн гэмтэл тогтоолгосон 5 удаагийн гэмтлийн хөнгөн зэрэг, 1 удаагийн гэмтлийн хүндэвтэр зэрэг тус тус тогтоогдсон. Хүүхэд гэмтлийн зэрэг тогтоолготоп зодуулж хохирох ёсгүй. Багш нар хүүхдүүдийг зодуулснаа ар гэртээ хэлэхгүй байхыг байнга сануулдаг гэх харин миний хүүг ар гэртээ хов зөөлөө, ээждээ хэллээ, олон удаа шалгалт, орууллаа гэх шалтгаанаар зодуулсан байдаг. Шалгалтын явцад багш нарын тайлбарт манай сургуульд сүүлийн үед шалгалт салахаа больсон шалгалт ирж байгаа гэсэн тайлбарууд байдаг. Боловсролын яам шүүхийн шинжилгээний дүгнэлтийг шалгуулахаар хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан Эх нялхасын эмнэлгээр дахин шинжилгээ оношилгоо хийлгэсэн. Ийм эрх боловсролын яаманд байхгүй. Эх нялхасын шинжилгээ оношилгоо шүүхийн шинжилгээний гэмтэлтэй дүгнэлтүүдийг давхар нотолсон. Сайд Ё.Баатарбилэг, ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэлд хүүхдийг гадаад дотоодын эмчилгээнд үнэ төлбөргүй яаралтай эмчлүүлж өгөх хүсэлт гаргасан байдаг. Насанд хүрээгүй хүүхдийг Монголд эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй эмчилдэг. Гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай үед эрүүл мэндийн даатгал хамаагүй. ЭМЯ гадаадын эмнэлгүүдэд зуучилдаг, эмчилгээний төлбөр, оношилгоо, шинжилгээ, хагалгааны дараах эмчилгээний зардал, бусад бүх зардлын эмчлүүлэгч өөрөө төлдөг гэх. Шийдвэр гаргасан шүүгч нар хохирч гэмтсэн гадаадад эмчлүүлэх хүүхдийн эмчилгээний төлбөр эрүүл мэндийн даатгалд хамаарна гэж ташаа ойлгосон уу, хүний амь настай холбоотой үхэх сэхэхийн ирмэг дээрх 2-3 төрлийн хагалгаа 2 жилийн хугацаанд эмчлэгдэх хүүхдийн амь насыг аврах асуудалд хайнга хандаж үл тоож байна уу гэж гомдолтой байна. Хагалгаануудын үнэ төлбөр, эмчилгээний хугацаа, дотоод, гадаадын болон шүүх шинжилгээний, хэвтэн эмчлүүлж байсан эмнэлгүүдийн дүгнэлтүүд хагалгаанд орох хэмжээнд хүртэл хохирсон нотлох баримтууд тодорхой нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Хүүхдийн нүүрний тэгш хэм алдагдсан овойж хавдсан гэмтэл ил тодорхой хүүхэд байнга халуурч зовиур шаналгаа ихтэй хагалгаанд орохоос нааш хүүхдийн зовиур арилхааргүй болсон байхад 1 хагалгааны зардалд ч хүрэхгүй мөнгөний шийдвэр гаргаж байгаа нь хүүхдийг үхэхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гэж үзэн гомдож байна. Боловсролын яам, Нийслэлийн боловсролын газрын хариуцлагагүй бусдын буруутай цайлуулж дайлуулсан олон шалгалтаас өөрийн гэсэн орлогогүй насанд хүрээгүй хүүхэд насаараа эрэмдэг үлдсэнд ар гэрийн зүгээс гомдолтой байна. Боловсролын яам, Н үүрэг хариуцлагаа ухамсарлаж хүүхдийн эмчилгээний зардлыг 100% төлж хохирлыг барагдуулах, эсвэл өөрсдөө хүүхдийн олон хагалгааг эмчлүүлж цоо эрүүл гэмтэлгүй болгож өгөхөөс нааш гомдол тасрахгүй. Бид хүүхдийнхээ амь нас эрүүл мэндийг нэхнэ. Хүүхдийн буруу огт байхгүй. Нийтийн албанд нийтийн ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байсан Тэмүжин- Өрлөг сургуулийн гэм буруутай гэмт хэргийг илрүүлчихээд хариу арга хэмжээ авч хариуцлага тооцох үүрэгтэй. Иймд хүүхдийнхээ эмчилгээ хагалгааны зардлыг Боловсролын яам, Нийслэлийн боловсролын газраас 100% гаргуулахаар гомдол гаргаж байна. Хүүхэд маань эрүүл мэндээрээ хохироод зогсоогүй хохирсон гэмтэл зовиураа эмчлүүлж явах хойгуур нь бүх хичээлд нь муу тавьж, 9 дүгээр ангийн гэрчилгээг одоо болтол өгөөгүй. Иймд 9 дүгээр ангийн гэрчилгээг албан ёсоор олгуулж өгнө үү. Тэмүжин-Өрлөг сургуульд удаа дараа шалгалт орж зөрчлийг илрүүлж байсан. Хүүхдийн төлөө ямар ч хариу арга хэмжээ авч байгаагүй болно гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Н нь Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж ажилладаг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм. Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.2-т "ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар дүгнэлт гаргаж аймаг, Нийслэлийн Засаг даргад санал болгох" 281.1.4-т “боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт-шинжилгээ хийх” бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хяналт тавих хяналт шинжилгээ хийхдээ мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Боловсролын хяналтыг хяналт шинжилгээ, тандалт, судалгаа хийх хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж зааснаар хэрэгжүүлж ажилладаг. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Б-, Н нь хэв шинж тодорхойгүй сургуулийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэх, хариуцлага тооцох үүрэг бүхий этгээд болно” гэсэн нь үндэслэлгүй юм. Н нь хяналт шалгалт хийх эрхгүй, мөн хариуцлага тооцох эрх үүрэг хуулиар олгогдоогүй болно. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-т “хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх” зарчимтай болохыг хуульчилсан. Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн захиралд хариуцлага тооцох нь түүнийг томилсон буюу ажил олгогч, тухайн байгууллагын дарга хариуцлага тооцохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасан. Өөрөөр хэлбэл Н нь Тэмүжин-Өрлөг сургууль, сургуулийн захиралд хариуцлага тооцох эрхгүй.Мөн Тэмүжин-Өрлөг бүрэн дунд сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт явуулсан байх боловч уг сургуулийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлээгүй, эрх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэв гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Нийслэлийн боловсролын газрын зүгээс эрх бүхий байгууллага албан тушаалтнуудад хууль тогтоомжид нийцүүлэх талаар санал хүсэлт, албан бичиг, хүргүүлж байсан бөгөөд эрх үүргээ хэрэгжүүлээгүй гэдгийг нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзэж байна. Тэмүжин-Өрлөг сургууль нь сургалтын байгууллага бөгөөд Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т сургалтын байгууллага гэж боловсролын нэг буюу хэд хэдэн түвшний боловсролын агуулгыг хэрэгжүүлдэг хуулийн этгээдийг гэж тодорхойлсон. Боловсролын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт “хүүхдийнхээ суралцах, төлөвших, авьяас, чадварыг хөгжүүлэх асуудлаар боловсролын сургалтын байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж болно” гэж заасан бөгөөд Иргэний хуулийн хуулийн 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт “7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана”, 503.2 дахь хэсэгт “7-14 хүртэлх насны иргэн сургууль, хүүхэд хүмүүжүүлэх болон эрүүл мэндийн байгууллагын шууд хяналтын дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг эдгээр хуулийн этгээд хариуцан арилгана”, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Б.Г-ийн эрүүл мэндэд хэн, хэзээ гэм хор учруулсан, гэм хор учирсан нөхцөл байдал гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг баримтаар тогтоож, тодруулаагүй хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагын 20 хувь гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тал бүрээс үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нар энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь биш гэж үзэж байна. Анхан шатны шүүх хурлын дэгийг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт  зааснаар уншиж сонссоны дараа хэргийн оролцогч нараас тодруулга хийж асуулт хариулт явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар бүлэгт заасан хурлын дэгийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Н- нь хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нт холбогдуулан гэм хорын хохиролд 350 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2016 оны 3 сарын 24-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд нэхэмжлэгч Н.Н-гийн хүү Б.Г- нь Тэмүжин-Өрлөг сургуулийн дотуур байранд бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх эмнэлгийн 2016 оны 3 сарын 28-ны өдрийн 4394 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд дээрх гэмтэлд дахин 2018 оны 12 сарын 21-ний өдөр үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтээр Б.Г-ийн биед гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогджээ. /1хх-ийн 197-203, 2-хх-ийн 23-р тал/

Мөн 2017 оны 12 сарын 21-ний өдөр Тэмүжин-Өрлөг сургуулийн дотуур байранд С.Гантулга, Б.Батбилгүүн нар бүлэглэн, Б.Г-ийн биед хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 сарын 17-ны өдөр хянан шийдвэрлэж, С.Гантулгыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 сарын 25-ны өдрийн 2 дугаартай магадлалаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр С.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Улсын дээд шүүхийн 2019 оны 3 сарын 06-ны өдрийн 113 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр С.Гантулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасан байна. /хх-ийн 24-26, 189-196-р тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Н нь Тэмүжин-Өрлөг сургуульд хяналт тавих, мэргэжлийн удирдлагаар хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргээ биелүүлээгүйн улмаас хүү Б.Г-ийн биед гэмтэл учирсан тул эмчилгээнд гарах зайлшгүй зардалд 350 000 000 төгрөгийг урьдчилан гаргуулна гэжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн боловсролын газрыг Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан хэмээн дүгнэж, хариуцагч нараас тус бүр 35 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 350 000 000 төгрөгийн шаардлагаа баримтаар бүрэн нотлоогүй байхад гэм хорын хохирлыг түүний 20 хувиар тогтоосон нь үндэслэл муутай болсон байна. Учир нь: Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт “гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж заасан нь хохирлыг хувилж тооцох агуулга биш юм.

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг тодорхойлсон байх бөгөөд 28 дугаар зүйлийн 28.1.1-т “боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах”, 28 дугаар зүйлийн 28.1.15-т “боловсролын үйлчилгээ суралцагчийн хэрэгцээ, шаардлагад нийцэж, тэдний нэр төр, эрх чөлөөг хангаж байгаа эсэхэд хяналт тавих үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах” үүрэгтэй гэж заажээ.

 

Түүнчлэн Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Аймаг, Н, ... нь тухайн нутаг дэвсгэрийн цэцэрлэг, сургуульд удирдлагын болон мэргэжлийн туслалцаа үзүүлэх, боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, иргэнд боловсрол, мэргэжил эзэмших, мэргэшлээ дээшлүүлэх судалгаа, шинжилгээ эрхлэхэд нь туслах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж,

мөн хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.1-т “боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах”, 281.1.4-т “боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт-шинжилгээ хийх” үүрэгтэй гэж тус тус заасан байна.

 

Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Н нь хуульд заасан дээрх чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Н.Н-гийн хүү Б.Г-ийн эрүүл мэндэд хохирол учирсан байх тул нэхэмжлэгч Н.Н- нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирол буюу эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй болно.

 

Иймд хэргийн 10-15-р талд хүү Б.Г-ийн эмчилгээнд, БНСУ-ын Бусан хотын шүдний эмнэлгийн үнийн санал 24 800 000 вонн /57 288 000 төгрөг/, хэргийн 16-17-р талд Сөүлийн Үндэсний их сургуулийн шүдний эмнэлгийн үнийн санал 49 000 000 вонн /113 190 000 төгрөг/ гэж тус тус тодорхойлсон байх тул дээрх баримтуудыг үндэслэн, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан хариуцагч тус бүрээс 35 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Н-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 280 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Хариуцагч Нийслэлийн боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо манай байгууллага нь Боловсролын тухай хуульд зааснаар хэргийн хариуцагч биш юм, хүү Б.Г-ийн биед манай байгууллага хохирол учруулаагүй тул Иргэний хуульд зааснаар гэм хор учруулсан этгээд гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй гэх боловч хариуцагч Н нь Боловсролын тухай хуульд заасан чиг үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүү Б.Г-ийн эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэм буруугийн хэр хэмжээг харгалзан хохирлыг хариуцуулахаар шийдвэрлэсэн нь зөв бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна. 

 

Нэхэмжлэгчийн хүүгийн эрүүл мэндэд гэм хор учруулсан зөрчлийг хуулийн дагуу хариуцвал зохих этгээд болон гэмтэл учруулсан үйлдэл хийсэн этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрхийг энэхүү шийдвэр хөндөөгүй болно.

                                                                       

Түүнчлэн хариуцагч гомдолдоо анхан шатны шүүх нь шүүх хуралдааны дэг зөрчиж, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг уншиж сонсгосны дараа хэргийн оролцогчдоос тодруулга хийж, асуулт хариулт явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар бүлэгт заасныг зөрчсөн гэх боловч энэхүү гомдлоор шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

            Нэхэмжлэгч Н.Н- нь давж заалдах гомдолдоо эмчилгээний зардал болох 350 000 000 төгрөгийг бүхэлд нь гаргуулна гэх боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар бүрэн нотлоогүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. Харин нэхэмжлэгч нь нотлох баримтаа бүрдүүлэн буруутай этгээдээс хохирол нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдлаа.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч болон хариуцагч Нийслэлийн боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагч Нийслэлийн боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ                                    

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

                                                                                                 

                                                                                                Г.ДАВААДОРЖ