Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/03145

 

 

 

 

 

 

 

 

2024 07 24

182/ШШ2024/03145

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: ..ББСБ ХК-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..., ... нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Наранмандах оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ... ББСБ ХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч ..., ... нар нь ... ББСБ ХК-тай 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/1510300449 тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 4 хувийн шимтгэлтэй, 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4,351,991.82 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,663,772.09 төгрөг, нийт 6,015,763.91 төгрөг болсныг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэтэл зээлдэгч ..., ... нь ... хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.

Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг огт төлөхгүй "... ББСБ" ХК-ийг хохироож, оршин суугаа газраа өөрчлөн оргон зайлж олдохгүй байгаа тул зээлдэгч ..., ... нарыг эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:

2.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа /хх-4-5/

2.2 Цахим зээлийн эрх нээх гэрээ, дансны хуулга /хх-6-9 /

2.3 Зээлийн өргөдлийн маягт /хх-10/

2.4 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШЗ2024/09941 дүгээр захирамж /хх-11-12/

3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2024/11629 дугаар захирамжаар ..., ... нарын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийг бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ... ББСБ ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..., ... нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

... ББСБ ХК нь ..., ... нартай 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан талаарх баримт хэрэгт авагдсан ба ..., ... нар нь дээрх гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах ... ББСБ ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.

 

... ББСБ ХК нь ..., ... нарын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр тэдгээрийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.

 

Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг бүрдүүлэх эрхтэй.

 

Шүүхээс 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2024/11629 дугаар Нотлох баримт гаргуулах тухай захирамж гарган, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ..., ... нарын оршин суугаа газрын хаягийн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлэхэд ..., ... нарын оршин суугаа газрыг Улаанбаатар, ... гэж ирүүлсэн байна.

 

Тус хаягт шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлэхэд ..., ... нар нь ... хаягт байнга оршин суудаг нь үнэн гэх тайлбарыг хорооны Засаг даргын тодорхойлолтын хамт ирүүлсэн байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагч ... ББСБ ХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..., ... нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Хүсэлт гаргагч ... ББСБ ХК-ийн хүсэлтийг шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хүсэлт гаргагч ... ББСБ ХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..., ... нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ... ББСБ ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ