| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03528/И |
| Дугаар | 181/ШШ2024/02649 |
| Огноо | 2024-07-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2024/02649
2024 07 02 181/ШШ2024/02649
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, /14250/, Сөүлийн гудамж, * давхарт оршин байх, И ББСБ ГХОХХК /РД:-3/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.У-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул оролцож тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн
100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-н хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.У-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Иргэн Г.У нь 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр И ББСБ ГХОХХК-тай №ЗГ2021/07/915 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1,299,900 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 35,3%-ийн хүүтэй, бараа бүтээгдэхүүн худалдан авах хэрэглээний зориулалтаар зээлсэн билээ.
Зээлдэгч Г.У нь зээлийн гэрээний хавсралт-1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн хамт төлөх үүрэгтэй байсан. Гэвч зээлдэгч нь зээлээ хугацаандаа төлөхгүй, зээлийн гэрээний үүргийн зөрчил гаргаж байсан тул манай байгууллагын зүгээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гэвч тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2024/02861 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч Г.У нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх заалтад зааснаар уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч Г.У-ын (РД:-) оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, хаягийг нь тогтоолгох шаардлагатай байгаа тул эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, А.М-д олгосон итгэмжлэл, И ББСБ ГХОХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2024/02861 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ2021/07/915 дугаартай зээлийн гэрээний хуулбар, эргэн төлөлтийн хуваарь зэргийг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч И ББСБ ГХОХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.У-г эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.
Нэхэмжлэгч И ББСБ ГХОХХК нь Г.Утай 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ЗГ2021/07/915 дугаартай Зээлийн гэрээ байгуулан зээл олгосон байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Г.У-г хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.У нь Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, * тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2024/02861 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу С овогт Г.У /РД:-/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар С овогт Г.У /РД:-/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар С овогт Г.У /РД:-/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. С овогт Г.У /РД:-/-ын оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч И ББСБ ГХОХХК /утас:-/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ