Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 113

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

            Хохирогч: Б.Д,

Шүүгдэгч: Э.С,

Шүүгдэгч: М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд явуулж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.С , М.Ц нарт холбогдох 1735000690039 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт -багт оршин суудаг, регистрийн дугаар, Э.С

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 28- ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт -багт оршин суудаг, регистрийн дугаар , М.Ц,

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.С, М.Ц нар нь бусдын 39-01 УВА улсын дугаартай "Кia frontierp" загварын ачааны авто машин ашиглаж, 2017 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Улаангом сумын 8 дугаар багийн нутагт дэвсгэрээс хохирогч Б.Д эзэмшлийн хашааны 4 ширхэг том хаалга, 3 ширхэг жижиг хаалгыг хууль бусаар хулгайлж нийт 944.200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/,
  2. Илтгэх хуудас /хх-ийн 3-р тал/,
  3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7-р тал /,
  4. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 8-11-р тал/,
  5. Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 13-17, 21-23-р тал/,
  6. Эд мөрийн баримт хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 25-28-р тал/,

7. Хохирогч Б.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2014 онд Улаангом 6 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан "Жишиг" гэр хороололд 103 айлын хашааг барьж ашиглалтанд оруулж одоо худалдан борлуулах шатандаа явж байгаа. Одоогоор уг жишиг хороололд худалдан борлогдоогүй 20 гаруй тооны хашаан байгаа ба цагдаагийн газраас Жишиг хорооллын хашааны хаалга хулгайлагдсан гэх мэдээллийн дагуу ирэхэд миний эзэмшлийн хашааны 4 ширхэг том, 3 ширхэг жижиг хааалгыг Э.С, М.Ц нар нь хулгайлж 39-01 УВА улсын дугаартай К1А FRONTER маркын ачааны машинаар зөөвөрлөн авч явж байгаад баригдсаныг мэдсэн. Тэгээд цагдаагийн газрын хойд талын хашаанд байрлуулсан 39- 01 УВА улсын дугаартай К1А FRONTER маркын ачааны машинтай хаалгануудыг үзэхэд уг хашааны хаалганууд нь цөм миний эзэмшлийн хашааны хаалганууд байсан. Би хашааныхаа том хаалгыг бөөрөнхий төмөр трубо төмрөөр хүрээ зангидаж хөх өнгийн ховил нуруутай төмрөөр, жижиг хаалгыг дөрвөлжин төмрөөр хүрээ зангидаж мөн хөх өнгийн ховил нуруутай төмрөөр хийсэн байсан тул хаалганыхаа хийцээр уг хаалгануудыг шууд таньсан. Би том хаалгаа 240.000 төгрөгөөр, жижиг хаалгаа 40.000 төгрөгөөр ширхэг тус бүрийг нь үнэлнэ. Тэгээд ч надад хашааны тендерийн төсөлийн материал нь байгаа. "Жишиг" гэр хорооллын хашаануудын гудамжны өмнөөсөө бол сондгой дугаартай эгнээний хашаанууд болон хойд хэсгийн 3 эгнээ гудамж нь бүгдээр миний барьсан хашаанууд юм. Би хашааны хаалгануудыг хулгайсан этгээдүүдээс хаалганы үнэ болон 1.080.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р тал/,

8. Иргэний нэхэмжлэгч Х.О мөрдөн байцаалтад өгсөн: “Би Э овогтой С-ыг танина. Манай эхнэрийн дүү Ц.О-ийн аж ахуйн хашаанд сахиулаар гэрээрээ байдаг. М овогтой Ц гэх хүнийг танихгүй. Надад 39-01 УВА улсын дугаартай К1А FRONTIER маркын ягаан өнгийн ачааны авто машин байдаг. Би 2017 оны 08 дугаар сарын 23-24-ний шилжих шөнө хувийн ажлаар Улаанбаатар хотод байсан. 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр намайг байхгүй байхад манай эхнэрийн ах Ц.Б нь Цогцолбор 1 дүгээр сургуулийн дотуур байрны гадна хаяаны засвар болон агуулахын дээвэрний засвараас гарсан хог зөөхөөр манай эхнэр Д-тэй уулзаж манай хашаанаас миний машиныг авч яваад сахиул С болон уг засварын ажил дээр ажилласан Ц нарт хүлээлгэж өгөхөд тэдгээр хүмүүс нь миний машинаар уг хогийг зөөчихөөд тухайн өдрийнхөө шөнөөр явж Улаангом сумын 6 дугаар багт байрлах "Жишиг" гэр хорооллын гудамжны хашаануудын хаалга хулгайлан ачиж яваад цагдаа нарт баригдаж миний машиныг хураалгасан гэж сонссон. Одоо миний машин цагдаагийн газрт байгаа. Би авто машинаа 2011 онд 3.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо би машинаа 3.000.000 төгрөгөөр үнэлнэ. Би буруутай этгээдүүдээс машинаа авмаар байна. Хэрэв боломжгүй бол буруутай этгээдүүдээс авто машиныхаа үнийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/,

9. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтад өгсөн: “Би Э овогтой С бол танина. Манай дүүгийн хашаанд гэрээр сахиулаар байдаг. М овогтой Ц гэх хүнийг зүс таних юм. Би өчигдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 23-ны орой Цогцолбор 1 дүгээр сургуулийн дотуур байрны гадна хаяаны засвар болон агуулахын дээвэрнээс засвар хийгдээд гарсан хог зөөхөөр өөрийн дүүгийн нөхөр О-ын 39-01 УВА улсын дугаартай К1А FRONTIER маркын ачааны машиныг нь түүний эхнэр болох Д-аас гуйж аваад сахиул С болон уг засварын ажил дээр ажилласан Ц нарт хүлээлгэж өгөөд хувийн ажилтай байсан тул би явж орой гэртээ хариад амарчихсан. Өнөөдөр өглөө С-ын гэрт очиход тэдний хашаанд С-д өгсөн авто машин байхгүй байхаар нь машин яасан талаар эхнэрээс нь асуухад С-ын эхнэр Х надад танай машиныг С жолоодож яваад цагдаа нарт хураалгасан байна гэж хэлсэний дагуу цагдаагийн газарт ирж байгаа нь энэ юм. Уг нь уг машинаар Э.С, М.Ц нар нь Цогцолбор 1 дүгээр сургуулийн хашаанаас хог зөөхөөр надаас авсан. Х.О одоо Улаанбаатар хотод байгаа. Би Э.С-ыг 2016 оны намраас М.Ц-ыг 7 хоногийн өмнөөс таних болсон. Учир нь 2015 онд манай хүүгийн компани Цогцолбор 1 дүгээр суруулийн засварын ажлыг хийсэн ба дотуур байрных нь засварын ажлын үлдэгдэлийг сая хийж дуусгасан. Уг засварын ажил дээр М.Ц 7 хоног ажилласнаар нь таних болсон. Э.С нь эхнэр болон бага насын 2 хүүхдийн хамтаар айлын хашаанд сахиулаар байдаг, төлөв даруу зантай, элдэв муу зуршилгүй, архи тамхи хэрэглэдэггүй, гарын ур дүйтэй мужаан хийдэг, хүнийг хүндэлж харьцдаг, бусдын итгэл хүлээсэн, хүний даалгасан ажлыг өөрийнхөө бүхий л боломжийг ашиглан маш чанартай хийдэг, маш их ажилсаг хөдөлмөрч амьдарынхаа төлөө зүтгэж байгаа залуу юм. Харин М.Ц-ыг сайн танихгүй тул зан байдлынх нь талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38р тал/,

10. Гэрч Ц.Д-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай нөхөр Х.О нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хувийн ажлаар Улаанбаатар хот уруу явсан. Манай нөхөр Х.О-ын эзэмшилд 39-01 УВА улсын дугаартай К1А FRONTIER маркын ягаан өнгийн ачааны авто машин бий. 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр намайг гэртээ байтал манай ах Б манайд ирээд барилгын засварын бага зэрэг хог зөөх ажил гарлаа машинаа өгчих гээд машиныг машины бичиг баримтынх нь хамтаар аваад явсан. Одоог хүртэл буцаан авч ирээгүй байна. Энэ талаар надад мэдэх зүйл байгаагүй. Гэтэл өнөөдөр манай ах Б манайд ирээд хог зөөлгөхөөөр танай машиныг би сахиул С-д өгсөн. Гэтэл С нь ажлаа дуусгачихаад Ц гэх хүний хамтаар танай машинаар шөнөөр явж "Жишиг" гэр хорооллын хашааны хаалга хулгайлсан байна гэж хэлэхээр нь би С, Ц гэх хүмүүс манай машинаар хулгай хийснийг нь мэдээд цагдаа дээр ирсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/,

11. Гэрч Ц.О мөрдөн байцаалтанд өгсөн: “Э овогтой С нь манай компаний аж ахуйн хашаанд гэрээр байж сахиулаар ажилладаг. Э.С нь манай компаний ажилтан хүн. М овогтой Ц гэх хүнийг танихгүй. Саяхнаас нэрийг сонсох болсон. Би өөрөө компанийхаа үйл ажиллагааг хариуцдаг тул аж ахуйн хашаагаар хааяа хааяа очдог. Хамгийн сүүлд 2017 оны 8 дугаар сарын 10-ны орчимд аж ахуйн хашаагаар очихдоо уулзсан. 39-01 УВА улсын дугаартай К1А FRОNTIER маркын ачааны машин нь манай хүргэн ах Х.О-ын эзэмшлийн автомашин юм. 2017 оны 8 дугаар сарын 23-ний өдөр манай ах Б нь барилгын засварын ажлын хогийг зөөлгөхөөр уг машиныг авч С-д өгсөнөөр С нь хамт ажиллаж байсан Ц-ын хамтаар машинтай шөнөөр явж Улаангом сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан Жишиг хороололд байх хашааны хаалганаас хаалга хулгайлан ачиж яваад баригдсаныг нь сонссон. Өөр зүйл мэдэхгүй байна. Урд өмнө нь Э.С нь ямар нэгэн хашааны хаалга өөриийн байх хашаандаа авч ирж, худалдан борлуулж байгаагүй. Э.С нь 2016 оны намраас манай компаний аж ахуйн хашааны сахиулаар ажиллах болсон. Эхнэр болон бага насны 2 хүүхдийн хамтаар амьдардаг, хүнтэй боловсон харьцаатай, төлөв даруу зантай, элдэв муу зуршилгүй, архи тамхи хэрэглэдэггүй, гарын ур дүйтэй мужаан хийдэг, хүнийг хүндэлж харьцадаг, даалгасан ажлыг өөрийнхөө бүхий л боломжийг ашиглан маш чанартай хийдэг, бусдын итгэл хүлээсэн, маш их ажилсаг, хөдөлмөрч амьдралынхаа төлөө зүтгэж байгаа урд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй залуу юм. Миний хувьд С-ыг хулгай хийсэн гэдэгт одоог хүртэл итгэхгүй байна. Учир нь манай компаний аж ахуйн эд зүйл хашааны дотор ихэнхдээ ил задгайгаар байдаг. С-ын хувьд ажиллах хугацаандаа нэг ч удаа зөрчил гаргаж байгаагүй. Хэрэв С-д нэг удаа боломж олговол миний зүгээс дахин гэмт хэрэгт холбогдуулахгүй байж чадна.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/,

12. Гэрч Д.Хын мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай нөхөр Э.С нь "Мөнхийн Ундраа" ХХК-ний аж ахуйн хашааны сахиулаар ажилладаг тул манайх уг хашаанд гэрээрээ байдаг. "Мөнхийн Ундраа" ХХК-ний захирлыг О гэдэг. О захирлын ах Б гэх хүн байдаг ба Б ах Цогцолбор нэгдүгээр сургуулийн дотуур байрны засварын ажлын дутууг 2017 оны 8 дугаар сард гүйцээж хийсэн тул манай нөхөр С нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны үеэс уг засварын ажил дээр ажилласан. 2017 оны 8 дугаар сарын 23-ний өдөр уг барилгын засвар дээрээ ажилласан ба орой 20 цагийн орчимд гэртээ ирж хоол идэхдээ хамт ажилладаг Ц-ын хамтаар О ахын машинтай ирсэн. Тэгээд хоол ундаа идэж уугаад хог зөөх ёстой гээд явчихсан. Ингээд намайг амрахаар хэвтэж байтал 22 цагийн орчимд байх С нь хажуудаа Ц-ын хамтаар дахин гэртээ ирээд хүйтэн цай уугаад хог аччихсан явж байна хогоо буулгачихаад эргээд ирье гээд явсан тул би амарсан. Ингээд намайг унтаж байтал шөнөөр С гэртээ ганцаараа ирсэн ба хашаанд машин орж ирээгүй. Тэгээд хаанаас ирэв гэхэд О ахын машиныг цагдаа нарт хураалгачихлаа гэж хэлээд амарсан. Тэгээд өглөө нь цагдаа нар ирэхээр нь би юу болоод байгаа талаар С-аас асуухад С надад би Ц-ын хамтаар Улаангом смын 6 дугаар багийн "Жишиг" гэр хорооллын эзэнгүй байх хашаанаас 4 ширхэг том 3 ширхэг жижиг хаалга хулгайлан О ахын машинд ачиж яваад цагдаа нарт баригдсан гэдгээ хэлсэн. С өөрөө надад О ахын машинаар хог зөөхөөр унаж явна гэж хэлсэн. О ахын машин нь хөх ягаан өнгөтэй ачааны авто машин байдаг. Миний хувьд уг машиных нь марк болон дугаарыг нь бол мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/,

13. Гэрч У.Н-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “ Би нөхөр хүүхдүүдийн хамтаар Улаангом сумын 1 дүгээр багт оршин сууж амьдардаг. Манайх ам бүл 5 уулаа бөгөөд манай хүүхдүүдийн том нь одоо 1 дүгээр анги, дунд хүүхэд цэцэрлэг, бага хүүхэд 1 нас 7 сартай гэртээ байдаг. Би хүүхдүүдээ хардаг тул ажил хийх боломжгүй байгаа. Харин манай нөхөр Ц нь өөрөө мэс заслын эмч боловч мэргэжлийнх нь ажил олдохгүй байгаа тул таарсан ажлыг хийж гэр бүлээ тэжээдэг. Одоо санаж байгаагаар 2017 оны 8 дугаар сарын 23 ны өдөр найз С-ын хамтаар Цогцолбор 1 дүгээр сургуулийн сурагчдын дотуур байрны засварын ажил хийж байсан. Ц надад хэлэхдээ дотуур байрны дээвэр болон гадна доод хаяаг шавардаж байгаа гэж хэлсэн. Харин тухайн өдрийн шөнө бол гэртээ ирж хоносон. Одоо түүнийг тухайн өдөр хэдэн цагт ирснийг бол санахгүй байна. Учир нь Ц бага насны 3 хүүхэдтэй тул гэрээс гадуур хонодоггүй. Миний хувьд Ц-ын холбогдсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Өөрөө надад хэлэхдээ 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр сургуулийн дотуур байрны засварын ажил дууссан. Тэгээд С-ын хамтаар засвараас гарсан хогийг ачааны машинаар зөөж хогны хөтөл дээр буулгаад замаараа С-ын жолоодож явсан ачааны машинд шар шавар ачиж хашаандаа буулгах гэж Улиасны хэвийн хойд талаар явж байгаад Улаангом сумын 6 дугаар багийн "Жишиг" гэр хорооллын эзэнгүй байх хашаанаас 4 ширхэг том 3 ширхэг жижиг хаалга хулгайлан ачиж яваад цагдаа нарт баригдсан гэдгээ хэлсэн. Манайх хоолны амбааргүй тул Ц өмнө нь хашаандаа шар шавар буулгаж амбаар барина гэдэг байсан. Урд өмнө нь Э.С, М.Ц нар хашаанд ямар нэгэн эд зүйлийг зөөвөрлөн аваачиж буулгаж, хадгалж байгаагүй. Одоогоор манай хашаа хаалгагүй байгаа. Ц нь айлын ганц хүүхэд бөгөөд бид хоёр 2011 онд гэр бүл болж дундаасаа 3 хүүхэдтэй болсон. Ц нь аав, ээж, ах, эгч, дүүгүй бүтэн өнчин хүн юм. Бид хоёр бага насны 3 хүүхдийн хамтаар амьдардаг. Би өөрөө бага насны хүүхэдтэй тул гэртээ байдаг. Манай нөхөр М.Ц гэр бүлээ авч явахын тулд таарсан ажил бүрийг гололгүй хийж олсон мөнгөөрөө амьдралаа залгуулдаг. Ц нь хүнтэй боловсон харьцаатай, төлөв даруу зантай, элдэв муу зуршилгүй, архи тамхи хэрэглэдэггүй, хүнийг хүндэлж харьцдаг, амьдарлынхаа төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байгаа, бусдын итгэл хүлээсэн, маш их ажилсаг, хөдөлмөрч урд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй хүн юм. Манай нөхөр Ц нь эмч мэргэжилтэй бөгөөд өөрөө уян зөөлөн зан араншинтай. Яагаад хулгай хийснийг нь бол мэдэхгүй байна. Өнөөдөр бидний амьдрал хүндхэн байгаа тул манай нөхөр Ц аргаа бараад хулгай хийсэн байхыг үгүйсгэхгүй. Би нөхрийнхөө өмнөөс маш их харамсаж байна. Бидний амьдрал байдлыг харгалзан үзэж боломж олговол миний зүгээс Ц-ыг дахин гэмт хэрэгт холбогдуулахгүй байж чадна” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/,

14. Гэрч Н.С-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний хувьд Э.С-ын холбогдсон хэргийх нь талаар сайн мэдэхгүй байна. Өөрөө надад хэлэхдээ 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс Цогцолбор 1 дүгээр сургуулийн сурагчдын дотуур байрны засварын ажилд найз нөхөд болох Ц-ын хамтаар ажиллаж уг байрны дээврийг засварлаж гадна хаяг шавардаж 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр засварын ажлыг дуусгасан. Тэгээд Б ах О ахын ачааны машиныг авч ирж надад өгөөд Ц-ын хамтаар засварын хогийг зөөгөөд машинаа хашаандаа хүргээд тавьчих гэсний дагуу засварын ажлаас гарсан хогийг хоёр удаа ачиж хогийн хөтөл хүргэж буулгаад машин шавар ачиж С-ын хашаанд буулгахаар Улиасны хэвийн хойд талаар явж байгаад Улаангом сумын 6 дугаар багийн "Жишиг" гэр хорооллын эзэнгүй хашаанаас 4 ширхэг том 3 ширхэг жижиг хаалга хулгайлан ачиж яваад цагдаад баригдсан гэдгээ хэлсэн. Манай хүү С нь эхнэр болон бага насны 2 хүүхдийн хамтаар амьдардаг, Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийг төгсөөд улмаар Улаангом коллежийн мужааны анги төгссөн, мужаан мэргэжилтэй, гарын ур дүйтэй, мужаан хийдэг, хүнтэй боловсон харьцаатай, төлөв даруу зантай, элдэв муу зуршилгүй, архи тамхи хэрэглэдэггүй, бусдыг хүнийг хүндэлж харьцдаг, үг даах чадвартай бусдын итгэл хүндлэл хүлээсэн, урд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, хамт олон болон найз нөхдийн дунд нэр хүндтэй, амьдралынхаа төлөө зүтгэж байгаа маш их ажилсаг, хөдөлмөрч хүүхэд юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р тал/,

15. Гэрч Ц.С мөрдөн байцаалтанд өгсөн: “Э.С нь миний ач дүү бөгөөд өөрөө 2017 оны 8 дугаар сарын 23-ний шөнө барилгын засварын хог ачааны авто машинд ачиж хогний цэг дээр буулгачихаад тэндээсээ Улаангом сумын 6 дугаар багийн "Жишиг" гэр хорооллын эзэнгүй байх хашаанаас 4 ширхэг том, 3 ширхэг жижиг хашааны хаалга хулгайлаад цагдаад баригдсан гэж хэлсэн. Надад С-ын холбогдсон хэргийнх нь талаар өөр мэдэх зүйл байхгүй. Учир нь С өөрөө мужаан хийдэг тул эд зүйл хийгээд гэрээсээ гардаггүй. Миний хувьд Ц гэх хүнийг бол танихгүй. Найз болох Ц гэх хүнийхээ хамтаар хулгай хийсэн гэж хэлсэн. Харин хэн гэх хүний ямар маркын авто машинтай явсаныг нь мэдэхгүй. Э.С нь эхнэр болон бага насны 2 хүүхдийн хамтаар амьдардаг. 2016 оноос "Мөнхийн-Ундраа" ХХК-ний аж ахуйн хашаанд гэрээрээ сахиулаар байж ажиллах болсон. Манай дүү С нь мужаан мэргэжилтэй, гарын ур дүйтэй, модоор эд зүйлийг маш сайн хийдэг, хүнтэй боловсон харьцаатай, төлөв дарүу зантай, элдэв муу зуршилгүй, бусдын итгэл хүндлэл хүлээсэн, хамт олон болон найз нөхдийн дунд нэр хүндтэй, амьдралынхаа төлөө зүтгэж байгаа, урд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, маш их ажилсаг, хөдөлмөрч хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р тал/,

16. Гэрч У.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “ Манай хүргэн ах Ц нь 2017 оны 8 дугаар сард Цогцолбор нэгдүгээр сургуулийн сурагчдын дотуур байрны засварын ажил хийсэн. Тэгээд өөрөө надад хэлэхдээ 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр засварын ажлаа дуусгаад уг засварын ажлаас гарсан хогийг найз С-ынхаа хамтаар ачааны машинаар зөөвөрлөж хаячихаад тухайн шөнөө Улаангом сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Жишиг" гэр хорооллын эзэнгүй байх хашаанаас 4 ширхэг том 3 ширхэг жижиг хаалга хулгайлан ачиж яваад цагдаа нарт баригдсан гэдгээ хэлсэн. Миний хувьд хүргэн ах Ц-ын холбогдсон хэргийх нь талаар өөр мэдэх зүйл мэдэхгүй байна. Урд өмнө нь Э.С, М.Ц нар манай хашаанд ямар нэгэн эд зүйлийг /хашааны хаалга гэх мэт/ зөөвөрлөн аваачиж буулгаж, хадгалж байсан зүйл байхгүй. Манай хүргэн ах Ц нь эмч мэргэжилтэй хүн бөгөөд хулгай хийхээр хүн биш юм. Манай хүргэн ах Ц нь бүтэн өнчин хүн бөгөөд манай эгч Н-тай 2011 онд гэр бүл болж дундаасаа 3 хүүхэдтэй болсон. Манай хүргэн ах М.Ц гэр бүлээ авч явахын тулд тааралдсан хөлсний бүхий л ажлыг хийж олсон мөнгөөрөө амьдралаа залгуулдаг, өөрийнхөө зүтгэлээр Улаангом сумын 1 дүгээр багт нэг давхар байшинтай хашаатай болж одоо тэндээ амьдардаг, ямар нэгэн ажлыг гололгүй хийдэг, төлөв даруу зантай, элдэв муу зуршилгүй, архи тамхи хэрэглэдэггүй, маш их ажилсаг, хөдөлмөрч урд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, найз нөхөд хамаатан садан нарын дунд нэр хүндтэй хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/,

17. Увс Финанс-Аудит ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “ Kia fronter маркийн автомашин 1.225.000 төгрөг, Хашааны гүйдэг хаалга 194.200 төгрөг, жижиг хашааны хаалга 55.800 төгрөг, олс хуучин 500 төгрөг, нийт 1.475.500 төгрөгний үнэ ханштай болохыг тодрхойлсон Автомашин, хашааны хаалга үнэлсэн тухай” 311 дугаартай тайлан /хх-ийн 54-р тал/,

18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 17/44 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд хүргүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлсэн тээврийн хэрэгслийн явагч хэсгийн мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Харин хэлбэр дүрс, хээн зураглал гэх мэт ерөнхий шинж тэмдгээр нь харьцуулах боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн явагч хэсгийн 2 ширхэг мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Э.С-ээс хураан авсан гэх 39-01 УВА улсын дугаартай "К1А Fronteir" маркын ачааны авто машины зүүн урд болон зүүн хойд талын явагч хэсгийн мөрний дардастай хэлбэр дүрс, хээн зураглал гэх мэт ерөнхий шинж тэмгээрээ тохирч байна. Хэлбэр дүрс хээн зураглал зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна.” гэх дүгнэлт /хх-ийн 61-63 тал/,

19. Гэрэгэ эстимэйт ХХК-ний “2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн УВ01/100 дугаартай “Эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолт” /хх-ийн 69-р тал/,

            20. Шүүгдэгч Э.С урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 94-97-р тал/,

            21. Шүүгдэгч М.Ц урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103-106-р тал/,

            22. Шүүгдэгч Э.С хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 87-93, 108, 110-р тал/,

            23. Шүүгдэгч М.Ц хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 98-102, 108, 110-р тал/,

            24. Хохирогч Б.Д “ М овогтой Ц, Э овогтой С нар нь 2017 оны 08 сарын 23-наас 24-нд шилжих шөнө манай 4 хашааны хаалга хулгайлж авсан. 2 хаалганы үнэ 640.000 төгрөгийг бэлнээр авч хохирол бүрэн арилгасан тул хохирол гомдолгүй болно. Бид нар харилцан ойлголцсон тул эдгээр хүүхдүүдийн амьдрал байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөлж өгнө үү?” гэх тодорхойлолт,

            25. Таван голын шим хоршооны  2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 640.000 төгрөг тушаасан талаарх бэлэн мөнгөний орлогын баримт, хохирогчийн гомдолгүй талаарх тодорхойлолт. 

            26. Шүүгдэгч Э.С мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Ц.О захиралтай "М.У" ХХК-ний аж ахуйн хашааны сахиулаар ажилладаг тул манайх уг хашаанд гэрээрээ байдаг. 2017 оны 8 дугаар сард Отгонбямба захирлын ах Ц.Б нь Цогцолбор нэгдүгээр сургуулийн дотуур байрны засварын ажлын дутууг гүйцээж хийсэн тул би уг барилгын дээвэр болон гадна хаяа хэсгийн засварын ажлыг найз нөхөд болох М.Ц хамтаар хийх болсон. Ингээд бид хоёр дээврийн ажлын засварыг хийж дуусгаад барилгын гадна талын доод хаяа хэсгийг шавардах ажилд орж 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр засварын ажил нэг мөр дуусан тул засварын ажлаас гарсан хог зөөх болсон. Б ах О ахын 39-01ува улсын дугаартай ягаан өнгийн "KIA FRONTIER" маркын ачааны авто машиныг надад хүлээлгэж өгөөд хогоо зөөчихөөд хашаандаа хүргээд тавьчих гэж хэлсэн. Ингээд Ц бид хоёр машинаараа гэр үрүү очиж хоол цай идэж уугаад барилгын засварын хогийг ачсан боловч багтаагүй. Ц бид хоёр дахин ачихаар болж ачсан хогоо аваачиж хогны цэг дээр хүргэж буулгаад дахин ирж үлдсэн хогоо ачаад замаараа гэр үрүү орж хүйтэн цай уугаад тэндээсээ хогны цэг үрүү явсан. Тэгээд сүүлийн хогоо хогны цэг дээр буулгаад эргэхэд Ц-ын надад би хашаандаа амбаар барих гэсэн юм машинтай байсан дээр нь нэг машин шар шавар ачаад авчихмаар байна гэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд аймгийн төв үрүү орж ирээд шууд 1 дүгээр багийн доод хэсэгт хүмүүсийн гар аргаар тоосго цохидог газраас шар шавар ачихаар Улиасны хэвийн хойд талд явж байтал уг газарт шинээр баригдсан Жишиг гэр хорооллын хашаанууд эзэнгүй, хашааных нь хаалганууд уначихсан байсан тул Ц бид хоёр уг хорооллын хойд хэсгээс 2 дахь шиг санагдаж байна эгнээгээр доош нь орж доод хэсэгт байх эгнээний урагш харсан хашааны 2 том 2 жижиг хаалга мөн уг хашааны харалдаа хойш харсан хашаанаас 2 том 1 жижиг хаалга тус тус авч машин дээрээ ачаад 10 орчим метрийн урттай сааралтаж гандсан дээсээр даруулаад тэндээсээ манайх уруу явж байтал замд цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн алаг машинтай цагаагийн 2 алба хаагч таарч шалгаад хашааны хаалга хулгайлсаныг мэдчихээд цагдаагийн газарт авч ирсэн. Том хаалганууд нь бөөрөнхий төмөр трубо хүрээтэй хөх өнгийн будагтай төмрөөр битүүлсэн, харин жижиг хаалганууд нь нарийн дөрвөлжин төмрөөр хүрээ хийж хөх өнгийн будагтай нимгэн төмрөөр битүүлсэн хаалганууд байсан. Би хийсэн хэрэгтэй маш их гэмшиж харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр болон бага насны 2 хүүхдийн хамтаар амьдардаг тул миний амьдрал байдлыг харгалан үзэж хөнгөн ял оноож өгөхийг хүсэх байна.” гэх мэдүүлэг,

27. Шүүгдэгч М.Ц-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2017 оны 8 дугаар сард манай найз С-ын танил ах Ц.Б нь Цогцолбор нэгдүгээр сургуулийн хүүхдийн дотуур байрны засварын ажлын дутууг гүйцээж хийх болсоныг манай найз С надад хэлж бид хоёр уг барилгын дээвэр болон гадна хаяа хэсгийн засварын ажлыг хийхээр болсон. Ингээд бид хоёр 2017 оны 8 дугаар сарын 18-ны үеэс эхлэж сургуулийн хүүхдийн дотуур байрны дээврийн ажлын засварыг хийж дуусгаад барилгын гадна талын доод хаяа хэсгийг шавардах ажилд орж 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр засварын ажлыг бүрэн дуусгаж засварын ажлаас гарсан хог зөөх болсон. Ингээд Б ах тухайн өдөр С-д 39-01 ува улсын дугаартай ягаан өнгийн "К1А FRONTIER" маркын ачааны авто машиныг хүлээлгэж өгөөд хогоо зөөчихөөд хашаандаа хүргээд тавьчих гэж хэлсэний дагуу С бид уг машинаар С-ын гэр үрүү очиж хоол цай идэж уугаад барилгын засварын хогийг машинд ачсан боловч багтаагүй тул бид хоёр дахин ачихаар болж ачсан хогоо аваачиж хогны цэг дээр хүргэж буулгаад дахин ирж үлдсэн хогоо ачаад дуусах үед харанхуй болсон. Тэгээд 2 дахь удаагаа ачсан хогоо буулгахаар явах замаараа С-ын гэр үрүү орж хүйтэн цай уугаад тэндээсээ хогны цэг үрүү явсан. Тэгээд сүүлийн хогоо хогны цэг дээр буулгаад эргэхдээ би С-аас манай хашаанд нэг машин шар шавар буулгаад өгөөч би хашаандаа амбаар барих гэсэн юм гэж гуйхад С зөвшөөрсөн. Ингээд С бид хоёр Улаангом сумын 1 дүгээр багийн доод хэсэгт /зүүн тал/ байдаг хүмүүсийн гар аргаар тоосго цохидог газраас шар шавар ачихаар Улиасны хэвийн хойд талд явж байтал уг газарт шинээр баригдсан "Жишиг" гэр хорооллын хашаанууд эзэнгүй, хашааных нь том хаалганууд уначихсан байсан. Надад тухайн үед хашааны хаалганы хэрэг байсан тул С бид хоёр уг хорооллоос 4 том, 3 жижиг хаалга тус тус авч машин дээрээ ачаад буцаад С-н гэр үрүү явж байтал замд цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн алаг машинтай цагдаагийн 2 алба хаагч таарч шалгаад хашааны хаалга хулгайлсаныг мэдчихээд цагдаагийн газарт авч ирж бид нарын машиныг саатуулсан. Өмнө нь бидний хувьд ямар нэгэн эд зүйл хулгайлж байгаагүй. Тухайн өдөр явж байгаад санаандгүй байдлаар уг хаалгануудыг уначихсан байхыг нь харчихаад хулгайлсан. Том хаалганууд нь бөөрөнхий трубо төмрөөр хүрээ хийж, хөх өнгийн будагтай нимгэн төмрөөр битүүлсэн гүйж хаагдаж нээгддэг, харин жижиг хаалганууд нь нарийн дөрвөлжин төмрөөр хүрээ хийж хөх өнгийн будагтай нимгэн төмрөөр битүүлсэн хойд хэсэгтэй нугас бүхий хаалганууд байсан. Хог зөөх үедээ хог бүтээсэн цоохор цаас хийсэж унахаас нь хамгаалж дээрээс нь даруулсан байсан олс бөгөөд хог буусны дараа машины тэвш дээр байхаар нь хаалгануудыг даруулчихсан. Би хийсэн хэрэгтэй маш их гэмшиж харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр болон бага насны 3-н хүүхдийн хамтаар амьдардаг, манай эхнэр зүрхний хүнд өвчтэй байнгын эмчилгээгээр байдаг. Миний хувьд дахин гэмт хэрэг үйлдэхгүй, холбогдохгүй байж чадна. Надад хөнгөн ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг, нотлох баримтууд болно.        

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

 

 Шүүгдэгч Э.С, М.Ц нар нь машин механизм ашиглаж 2017 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Улаангом сумын 8 дугаар багийн нутагт дэвсгэрээс хохирогч Б.Д эзэмшлийн эд хөрөнгө болох хашааны 4 ширхэг том хаалга, 3 ширхэг жижиг хаалгыг хууль бусаар хулгайлан нийт 944.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Д, иргэний нэхэмжлэгч Х.О, гэрч Ц.Б, Ц.Д, Ц.О, Д.Х, У.Нарантуяа, Н.С, Ц.С, У.Б нарын мэдүүлэг, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 311 дугаартай “Автомашин, хашааны хаалга үнэлсэн тухай тайлан, дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 17/44 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Э.С, М.Ц нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Д-д 944.200 төгрөгний хохирол буюу бага бус хэмжээнээс давсан хохирол учирсан болох нь Увс Финанс-Аудит ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 311 дугаартай “Автомашин, хашааны хаалга үнэлсэн тухай” тайлангаар тогтоогдсон, мөн шүүгдэгч Э.С, М.Ц нар нь хулгайн гэмт үйлдлээ түргэсгэх, учрах саадыг арилгах зорилгоор иргэн Х.О эзэмшлийн 39-01 УВА улсын дугаартай Kia frontier загварын ачааны автомашиныг ашигласан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Прокуророос ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй,  зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.С, М.Ц нарыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Д-ийн эзэмшлийн хашааны гүйдэг хаалга том 1 ширхэг нь 194200 төгрөг буюу 4 ширхэг том хаалганы үнэ 776.800 төгрөгөөр, жижиг хашааны хаалга 1 ширхэг нь 55800 төгрөг буюу 3 ширхэг жижиг хаалганы үнэ 167.400 төгрөгөөр, нийт 944.200 төгрөгөөр үнэлэгдсэн байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Э.С нь 300.000 төгрөг, шүүгдэгч М.Ц нь 340.000 төгрөг, нийт 640.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон хохирогч Б.Д-гаас шүүхэд өгсөн тодорхойлолт бэлэн мөнгөний орлогын баримтаар тус тус тогтоогдож, хохирлоос 304.200 төгрөг дутуу төлөгдсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч Э.С, М.Ц нараас эд мөрийн баримтаар хураан авсан, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөнөөс 2 ширхэг хашааны гүйдэг том хаалга /3м20см*1м40см хэмжээтэй төмөр/-ыг төлөгдөөгүй хохиролд тооцож хохирогч Б.Д-д буцаан олгож, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж дүгнэх эрх зүйн үндэслэлтэй байна. 

Мөн эд мөрийн баримтаар хураан авсан үлдэх 2 ширхэг хашааны гүйдэг том хаалга, 3 ширхэг жижиг хашааны хаалга, 1.5 см өргөнтэй 12 метр урттай олс зэргийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь иргэн Х.О-ын эзэмшилд бүртгэлтэй, түүний эд хөрөнгө байх тул УВХ 39-01 улсын дугаартай Киа Пронтер загварын ачааны автомашиныг хууль ёсны эзэмшигч, иргэний нэхэмжлэгч Х.О-т буцаан олгох нь зүйтэй байна.  

Шүүхээс шүүгдэгч Э.С, М.Ц нарт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсныг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Э.С, М.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, тэдгээрт хорих ял оногдуулсантай холбогдуулан өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.   

Нэгэнт шүүгдэгч Э.С, М.Ц нараас гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул шүүгдэгч Э.С-н дундын өмчлөлийн эд хөрөнгө болох модон хувцасны шүүгээ 1 ширхэг, модон хоолны шкаф 1 ширхэг, ТСЛ загварын 42 инчийн зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн прокурорын 5/09 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоол, шүүгдэгч М.Ц-ийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох хувцасны шүүгээ 1 ширхэг, хоолны шкаф 1 ширхэг, Сони загварын зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн прокурорын 5/10 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг тус тус хүчингүй болгов.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч О.С, М.Ц нарыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгчЭ.С, М.Ц нарт тус бүр 1 жил 10 хоног хорих ял шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.С, М.Ц нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Э.С, М.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 4.5 см өргөнтэй трубогоор дөрвөлжин хүрээ зангидаж нимгэн төмрөөр доторлож хийсэн 3м20см*1м40см хэмжээтэй төмөр гүйдэг том хаалга 2 ширхэгийг  хохирогч Б.Д-д, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох Х.О-ын эзэмшлийн 39-01 УВА улсын дугаартай Киа Пронтер /Kia frontier/ загварын ачааны автомашиныг эзэмшигчид нь буюу иргэний нэхэмжлэгч Х.О-т тус тус буцаан олгож,  эд мөрийн баримтаар хураан авсан үлдэх 2 ширхэг хашааны гүйдэг том хаалга, 3 ширхэг жижиг хашааны хаалга, 1.5 см өргөнтэй 12 метр урттай олс зэргийг улсын төсөвийн орлогод  шилжүүлсүгэй.

6.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Э.С, М.Ц нарын дундын өмчлөлийн эд зүйл болох хувцасны шүүгээ 2 ширхэг, хоолны шкаф 2 ширхэг, зурагт 2 ширхэгийг тус тус битүүмжилсэн прокурорын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 5/09, 5/10 тоот тогтоолуудыг хүчингүй болгосугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.С, М.Ц нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА