Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 341

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/03419 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Н-” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, нийт 28 304 228 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.О нар ирснийг илтгэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Н-” ХХК-тай 2018 оны 10 сарын 13-ны өдөр 157 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулж, “Амар амгалан 2” хотхоны 2 дугаар байрны 1504 тоот 52.47 мкв орон сууцыг хүлээлгэн өгөх, хүлээн авахаар гэрээний 2.2-т заасан үүргээ бүрэн биелүүлж, урьдчилгаа төлбөр 19 490 000 төгрөгийг сүйт бүсгүй Д.Өлзийсайханы данснаас төлсөн. Гэрээнд заагдсанаар 2019 оны 9 сарын 25-ны өдөр орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгч, компанийн 5 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулж, үлдэгдэл төлбөрийн хуваарийг дахин тохиролцохоор болсон боловч 2019 оны 10 сарын 01-ний өдрийн байдлаар орон сууцны барилгын сууриа ч тавиагүй байна. Ингээд гэрээ байгуулсан компанийн эрх бүхий албан тушаалтнуудтай уулзах гэхээр зугтаагаад өдийг болтол үүргээ биелүүлэхгүй, утсаа авахгүй, бидэнтэй уулзахгүй байна. Иймд хууль болон гэрээнд зааснаар “Н-” ХХК-иас 19 490 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Мөн нэхэмжлэгч орон сууцны урьдчилгаа төлбөрөө төлөхийн тулд 2018 оны 10 сарын 12-ны өдөр Хаан банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийн цалингийн зээл авч, сүйт бүсгүйнхээ данс руу шилжүүлж, сүйт бүсгүй нь хариуцагчийн данс руу шилжүүлсэн байдаг. Тухайн зээлд гэрийн эд хогшлоо барьцаалж, зээл нь жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай. Дээрх хугацаанд зээлийн хүүнд 8 814 228.2 төгрөг төлнө. Нэхэмжлэгч нь орон сууц захиалан бариулахын тулд энэхүү зээлийг авсан. Өнөөдрийн байдлаар захиалсан орон сууц нь баригдаагүй, нэхэмжлэгч нь орон сууц хөлсөлж, жирэмсэн эхнэртэйгээ амьдарч байна. Иймд хариуцагч нь үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан тул төлсөн мөнгө 19 490 000 төгрөг, орон сууц захиалахын тулд зориулж авсан зээлийн хүү 8 814 228.2 төгрөг, нийт 28 304 228 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч “Н-” ХХК-иас 23 593 353 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-од олгож, нэхэмжлэлээс 4 710 875 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411 450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Н-” ХХК-иас 275 916 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А-од олгуулахаар шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх талуудын байгуулсан гэрээг үндэслэн 19 490 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохыг даалгасан боловч тухайн гэрээг цуцлах эсхүл хүчингүй болгох талаар нэхэмжлэлд дурьдаагүй зүйлийг хянан шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх ёстой ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээг цуцлах, дуусгавар болгох, хүчингүй болгох шаардлага гаргаагүй нэхэмжлэлийг анхнаасаа хүлээж авах ёсгүй байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй 19 490 000 төгрөгийг буцаан авахыг нэхэмжилсэн боловч гэрээг нэг талаас цуцлах шаардлага гаргаагүй байхад шүүх талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосноор үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзаж цуцлах эрхтэй гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Б.А-ын Хаан банкнаас авсан зээлийн гэрээний дагуу 4 103 350 төгрөгийг нэхэмжлэгчид гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл орон сууц захиалгын гэрээг байгуулахдаа хэн аль нь сайн дурын үндсэн дээр хэн нэгний шахалт дарамтгүйгээр байгуулсан бөгөөд нэхэмжлэгчийг зээл авахыг шаардаж, эсхүл заавал манай компанийн орон сууцыг худалдаж авахыг даалгаагүй. Гэтэл нэхэмжлэгч өөрийн хүслээр авсан зээлийн хүүгээ манай компаниас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Шүүх дээрх 4 103 350 төгрөгийг хэдэн төгрөгөөс, хэдэн сарын хугацаатай бодож, гаргасан нь тодорхойгүй бөгөөд нэхэмжилсэн өдрөөр болон үндсэн төлбөрөөс тооцоход дээрх үнийн дүн илт зөрүүтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

                                                              ХЯНАВАЛ:

                                                                       

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч “Н-” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 19 490 000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 8 814 228 төгрөг, нийт 28 304 228 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2018 оны 10 сарын 13-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Н-” ХХК нь “Амар амгалан 2” орон сууц хотхоны 2 дугаар байрны, 1 дүгээр орцны, 15 давхрын 1504 тоот, орон сууцны зориулалттай 52,47 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.А-од хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууцны 1 м.кв-ын үнийг 1 550 000 төгрөгөөр тооцон, нийт 81 328 500 төгрөгийг гэрээнд заасны дагуу төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, орон сууц захиалгын гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 6-7-р тал/

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ. Тодруулбал, анхан шатны шүүх зохигчдын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэнийг давж заалдах шатны шүүхээс талуудыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар тодорхой, ирээдүйд бий болох хөрөнгө өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэв.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй. Харин ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авах, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээний хувьд эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлдэг бол ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг.

 

Нөгөө талаар төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс бүтээж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн тохиолдолд худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалт хэрэгжинэ. Анхан шатны шүүх зохигчдын байгуулсан эрх зүйн харилцааг буруу тодорхойлсноос үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар, хохирлыг ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай заалтад хамааруулан дүгнэсэн нь буруу болжээ.

 

Нэхэмжлэгч Б.А- нь 2018 оны 10 сарын 13-ны өдөр орон сууцны урьдчилгаанд 19 490 000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хариуцагч “Н-” ХХК нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй үйл баримт тогтоогдсон байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч “Н-” ХХК нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцны урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрийг, үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирлын хамт шаардах эрхтэй болно. /хх-ийн 13-15-р тал/

 

Дээрх үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэрээний дагуу нэхэмжлэгчээс төлсөн 19 490 000 төгрөгийг хариуцагч “Н-” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь орон сууцны урьдчилгаа төлбөрийг 2018 оны 10 сарын 12-ны өдөр “Хаан” банкнаас зээлдэж авсан 20 000 000 төгрөгөөр төлсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан зээлийн гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон тул гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа болон нэхэмжлэгчийн шаардах эрхийн хугацааг тодорхойлж үүрэг зөрчсөний хохиролд хариуцагчаас 4 103 353 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/03419 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 ...” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 916 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ                                             

                                         ШҮҮГЧИД                                                Д.БАЙГАЛМАА

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ