| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03934/И |
| Дугаар | 182/ШШ2024/03034 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/03034
2024 07 09 182/ШШ2024/03034
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: ... ББСБ ХХК ...-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ...-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,768,826.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ББСБ ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ЗГ02-2202128 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 1,599,900 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Сайн интернэшнл ХХК-иас realme GT master загварын гар утас худалдан авч үндсэн зээлд 625,059.17 төгрөг, хүүнд 195,909.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 31.75 төгрөг, нийт 821,000 төгрөг төлснөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, хавсралтад заасан хуваарийн дагуу зээлээ төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 709 хоног хугацаа хэтэрсэн байна.
Иймд зээлдэгчээс 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 974,840.83 төгрөг, төлөх ёстой хүү 681,694.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112,291.73 төгрөг, нийт 1,768,826.73 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
2.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хариуцагч ... нь нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,768,826.73 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 580,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 580,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 608,826.73 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч талд бүрэн төлөхөөр харилцан тохиролцож нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., нөгөө талаас хариуцагч ... нар гэрээнд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч ...д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 1,768,826.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,768,826.73 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 580,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 580,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 608,826.73 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,300 төгрөгөөс 21,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 21,650 төгрөг болон хариуцагч ...эс улсын тэмдэгтийн хураамжид 21,650 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ...д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,768,826.73 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,768,826.73 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг
2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 580,000 төгрөг,
2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 580,000 төгрөг,
2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 608,826.73 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,300 төгрөгөөс 21,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 21,650 төгрөг болон хариуцагч ...эс улсын тэмдэгтийн хураамжид 21,650 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ