Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2019/ДШМ/49

 

 Д.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч: Д.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Доржханд,

Нарийн бичгийн дарга: Х.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолтой Д.Дд холбогдох 1938005110304 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Д.Доржханд нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Боржигон овогт Дашнямын Д, ….. оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ….. оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ….. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 150 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан /регистрийн дугаар …................/.

Шүүгдэгч Д.Д нь согтуугаар 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-29-18 тоотод иргэн Ш.Ганбатын нуруунд нь хутгалж амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Боржигон овогт Дашнямын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Дыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн 1938005110304 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй, эвхдэг тонгорогийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн 1938005110304 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ддурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Д болон түүний өмгөөлөгч Д.Доржханд нар давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Дд    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн зүйлчлэл буруу гэж үзэж байна. Хохирогч Ш.Ганбатын хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан байгаа нь дараах хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлгүүдээс харагдаж байна.

Тухайлбал, хохирогч Ш.Ганбатын мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/, гэрч Н.Оюунтуяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/, гэрч Э.Отгончимэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/, шүүгдэгч Д.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/.

Эдгээр мэдүүлгээс харахад энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзэх үндэслэл болж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.5, 1.6-д заасан нотолбол зохих байдлуудыг нотолж шийдээгүй байна гэж үзэж байна.

Мөн шүүгч нар дүгнэлтдээ: Шүүгдэгч нь гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай, төгссөн гэмт хэрэг гэж дүгнэсэн.  Үүнийг ямар нотлох баримтаар нотлоод байгаа нь тодорхойгүй. Гэсэн атлаа хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон байна. Үүнээс харахад ч хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас уг гэмт хэрэг гарсан байгааг шүүгч нар үнэлсэн байна.

Иймд Д.Дд холбогдох хэргийн зүйлчлэл бодит үнэнд нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасныг харгалзан үзэж Д.Дд оногдуулсан ялын зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1-д зааснаар өөрчлөн зүйлчилж өгнө үү.

Жич: Гэмтлийн зэргийг тогтоох шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журмын 3.1.11-д заасан “цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх” биш зөвхөн зүсэгдсэн шарх байгааг хянаж, дүгнэж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Д.Дыг 2019 оны 7 дугаар сарын 23-ны орой согтуугаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-29-18 тоотод иргэн Ш.Ганбатын нуруунд нь хутгалж амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Дыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй байна.

Тухайлбал: Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Ганбатын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох зорилгоор шинжилгээ хийлгүүлж, улмаар Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 380 дугаартай дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтийн дүгнэлт хэсэгт “Ш.Ганбатын биед нурууны баруун дунд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Ш.Ганбатын биед үүссэн гэмтэл  нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ буюу нотолбол зохих байдлыг эргэлзээгүй нотолж чадаагүй, тухайлбал хохирогчийн нуруунд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т заасан “цээж, хэвлийн хөндийрүү нэвтэрсэн шарх; Үүнд дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, агаар (пневмоторакс) хуралдах зэрэг шинж илэрсэн бол энэ ангилалд хамаарна” гэх заалтын алинд хамаарч байгаа талаар дүгнэлтэд нарийвчлан тусгаагүй, эргэлзээтэй байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч Ш.Ганбатын биед нурууны баруун дунд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь ямар учраас хүнд зэргийн гэмтэлд хамаарч байгаа талаар дүгнэлтэд тодорхой заагаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу бөгөөд шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан “гэмтлийн зэргийг тогтоох шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журмын 3.1.11-д заасан цээж, хэвлийн хөндийрүү нэвтэрсэн шарх биш зөвхөн зүсэгдсэн шарх байгааг хянаж дүгнэж өгнө үү” гэх давж заалдах гомдлын энэ хэсгийг хүлээн авах үндэстэй.

Дээрх асуудлыг тодруулахад анагаах ухааны тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай ба энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирлын асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасныг үндэслэн шүүхийн шатанд дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх Д.Дд холбогдох хэргийг шийдвэрлэх үед шүүгдэгч Д.Д болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Гэтэл шүүгдэгч Д.Д түүний өмгөөлөгч Д.Доржханд нар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, зүйлчлэлийн талаар маргаантай байхад шүүгдэгчид хуульд зааснаар доогуур ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэлийн талаар гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Дд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч Д.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                                    З.ХОСБАЯР

                                                                                     Н.БАЯРХҮҮ