| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0557/З |
| Дугаар | 128/ШШ2023/0821/З |
| Огноо | 2023-11-08 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2023/0821/З
2023 11 08 128/ШШ2023/0821
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Олхонууд овогт Шайрийгийн Батсүх
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарын хоорондын газар эзэмших эрхийн маргаантай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Батсүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Болдхүү, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, Б.Ванхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасандэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Ш.Батсүхэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлага бүхий нэхэмжлэл өөрчлөгдөөгүй ажээ.
2. Шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2023/5741 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.
3. Нэхэмжлэгч Ш.Батсүхээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Миний бие Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Өвөр гүнтэд байрлах 1501613337 дугаартай 698 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын зориулалтаар 2001 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа билээ. Энэхүү газар анх Оросын Холбооны Улсын СОТ-2 гэдэг байгууллагын мэдэлд байсан бөгөөд Оросууд нутаг буцсаны дараа эзэнгүй хоосон газар болж үлдсэн байсан. Тухайн үед тэр хавийн газарт Нийслэлийн Байгаль орчны газраас дүгнэлт гарсны үндсэн дээр нэр бүхий иргэдэд олгож байсан. Миний бие тус дүгнэлтийг гаргуулсны үндсэн дээр тухайн үеийн хууль, журмын хүрээнд хүсэлтээ гаргаж газар эзэмших эрхийг олж авсан байдаг. Зуслангийн зориулалттай газрыг 2004 оноос гэрчилгээжүүлэх ажил эхэлсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаар захирамж гарч, гэрчилгээ авч гэрээ байгуулсан. Үүнээс хойш газрыг гэрээнд заасны дагуу ашиглаж, зохих төлбөрийг тухай бүрд төлж ирсэн бөгөөд 2002 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/213 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, 0000174645 дугаартай гэрчилгээ гарч, 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01125-2022/01108 дугаартай иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.
3.1. Гэтэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2, 49 дүгээр зүйлийн 49.3.5 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн миний газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй болжээ.
3.2. Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2, 49 дүгээр зүйлийн 49.3.5 дахь хэсгийг тус тус нэгэн зэрэг хэрэглэсэн байна. Энэ нь надад газар эзэмших эрх олгосон өөрийнхөө шийдвэрийг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт, эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт, эрх зүйн зөрчилгүй захиргааны актын аль нь гэж үзсэн нь тодорхойгүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар дээрх захиргааны актын төрлөөс хамаарч хөөн хэлэлцэх хугацааг тоолдог тул эрх зүйн ач холбогдолтой юм. Иймд тус захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байна. Миний бие тус газрыг гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын зориулалтаар шийдвэр гаргуулан эзэмшиж ашиглаж байсан. Мөн манай эргэн тойрон дахь иргэд болон хуулийн этгээдийн барьсан хотхон зэрэг нь ийм зориулалттай гэж ойлгож байна. Гэтэл Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6. Хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй болж ээ. Дээрх зохицуулалт нь иргэн хуулийн этгээдэд Ойн тухай хуульд заасны дагуу ой модтой харьцах үйл ажиллагааг ойлгодог. Гэтэл бидний зүгээс ой модтой зүй бусаар харьцсан, ямар нэгэн сөрөг нөлөөлөл бүхий аж ахуйн үйл ажиллагааг явуулаагүй билээ. Харин ч өнгөрсөн 22 жилийн турш тус газрыг хамгаалж, хашаалж, арчлан тордож олон бут сөөг, модыг ургуулсныг газар дээр нь очиж үзсэн Захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлэх ёстой байсан. Иймд манай гэр бүл дээрх газрыг эзэмшихдээ Ойн тухай хуулийн суурь зарчим, үзэл санаанд нийцүүлэн ашиглаж байсан гэж үзэж байна. Мөн уг газрыг анх эзэмших хүсэлтийг гаргахад Нийслэлийн Байгаль орчны газрын 2001 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаар дүгнэлт гаргуулж байсан бөгөөд, уг дүгнэлтээр “газар олголт хийх боломжтой” гэж дүгнэсэн байдаг.
3.3. Газар эзэмших эрхийг дуусгавар болгох, цуцлах харилцаа нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлд зааснаар зохицуулагдах харилцаа гэж ойлгож байгаа. Гэтэл тус захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэсэн байна. Уг зохицуулалт нь захиргааны байгууллагад эрх олгосон зохицуулалт байх бөгөөд захиргааны байгууллагын шийдвэр, эс үйлдэхүй нь хууль зөрчсөн байхыг, эсхүл газар эзэмшигч, ашиглагчийн эрхийг зөрчсөн байхыг шаарджээ. Гэвч Засаг даргын захирамж нь ямар хуулийг хэрхэн зөрчсөн талаар огт дурдаагүй, бидэнд мэдэгдээгүй болно. Мөн анх надад газар олгосон шийдвэр болон сунгасан шийдвэр нь миний эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй болно. Харин гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа бол энэ талаарх үндэслэлээ шийдвэртээ дурдах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэснээс үзэхэд нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн байх магадлалтай байна. Хэрэв ийм нөхцөл байдал үндэслэлээр манай газар эзэмших эрхийг цуцалж байгаа тохиолдолд Газрын тухай хуульд заасан тусгай процесс ажиллагаа явагдах учиртай. Өөрөөр хэлбэл мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байх шаардлагатай бөгөөд энэ талаар бидэнд мэдэгдсэн зүйл байдаггүй. Анх уг газрыг эзэмших хүсэлтийг гаргахад Нийслэлийн Байгаль орчны газрын 2001 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаар дүгнэлт гаргуулж байсан бөгөөд, уг дүгнэлтээр “газар олголт хийх боломжтой” гэж дүгнэсэн байдаг. Бид тухайн үед холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар авч, урт удаан хугацаанд тухайн газартай харьцаж, төлөв байдлыг сайжруулан, хөрөнгө оруулалт хийж, амьдарч ирсэн. Иймд төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрт итгэж өдийг хүрсэн миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуульд заасан итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ талаар миний бие Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан хэдий ч миний гомдолд хуульд заасны дагуу хариу өгч, шийдвэрлэхгүй байгаа тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хөөн хэлэлцэх хугацаанд багтааж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
3.4. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамжийн надад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч Ш.Батсүхээс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...манай газраас зүүн талд Гүнт нэртэй 13 айлын хотхон баригдсан байгаа. 2,3 жилийн өмнө ашиглалтад орсон. Уг хотхонд “Тэнгэрлэг Монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч н.Ганхуяг амьдардаг. н.Ганхуяг манай газарт найман удаа уг газрыг хууль бусаар эзэмшиж байгаа мэтээр лайв хийсэн. Түүнээс шалтгаалан Чингэлтэй дүүргийн Засаг дарга манай газрын эрхийг хүчингүй болгосон. “Тэнгэрлэг Монгол” ТББ-ын лайв ямар ч үндэслэлгүй. Миний нэр хүндийг гутааж, хууль ёсоор эзэмшиж байгаа эрхийг хууль бус мэтээр олон нийтэд ойлгуулж, төрөгдүүлэх замаар ганцхан газарт 8 удаагийн лайв хийсэн. Чингэлтэй дүүргийн Засаг дарга улс төр бодсон уу? албан тушаалаа бодсон уу? уг хүмүүсийн талд шийдвэр гаргасан. Үүнд би гомдолтой байгаа, хуульд нийцэхгүй байна. Гүнт хотхоны ашиг сонирхол, хотхоноо тэлэх гэсэн санаа байгаа байх гэж би бодож байна. Би уг газрыг эзэмшээд 22 жил болж байна. Газрын тухай хуульд зааснаар 13 жил ашиглах эрх олгогдсон зуслангийн зориулалтай эзэмших, ашиглах газар юм. Газрын тухай хуульд зааснаар 40 хүртэл жил сунгах эрхтэй. Би 2018 онд өргөдөл гаргасан, 2019 онд хугацаа нь дуусах байсан. 2021 онд Газрын албатай уулзахад 5 айлын газартай давхацсан байна гэж хэлсэн. 22 жил уг газарт амьдрахад нэг ч хүн манай газар гэж ирж байгаагүй. Энэ мэтчилэн тухайн газрыг авах гэсэн оролдлого хийсэн гэж үзэж уг асуудлыг ярьж байна. Тухайн газрыг эзэмшиж ашиглаж байгаа хүний хувьд би тог цахилгаан татаад, Удирдлагын академийн орлогч захирлаар ажиллаж байгаад 2022 оны 06 сард байгаад тэтгэврээ тогтоолгож ач зээ нартайгаа агаар салхинд амьдаръя гэж зуслангийн байшин бариулах санаатай барилгын компанитай гэрээ байгуулсан. Гэтэл газрын эрх цуцалсан учраас боломжгүй болсон. Үүгээр би хөрөнгө оруулалт хийсэн байгаа гэдгээ хэлэх гэсэн юм. Захиргааны ерөнхий хуулийн дагуу итгэл хамгаалах зарчмыг бодож захиргааны байгууллага нэгэнт шийдвэр гаргаад 20 гаруй жил эзэмшиж ирэхэд ямар нэгэн асуудал байгаагүй учраас үүнд боломжтой болсон үедээ 30 гаруй жил төрд ажиллахдаа тийм боломж олдсонгүй. Цаг хугацаа, мөнгө төгрөгийн хувьд ч Удирдлагын академид хорь гаруй жил ажилласныг үнэлээд зохих хэмжээний тэтгэмж олгосон. Миний хуримтлал, хуучин орон сууц зарсан мөнгөө нийлүүлээд ойн захад агаар салхинд ач зээ нартайгаа амьдрах хүсэлтэйгээр барилгын ажил эхлүүлсэн юм. Лайв хийж байгаа хүмүүс н.Батсүх гэдэг хүн албан тушаалаа ашигласан байна. Манай газарт 5,10 айлын хотхон барих гэж байна гэж худлаа мэдээлсэн. 5,10 айлын хотхон барьж чадахгүй гэр бариад амьдардаг. Худал мэдээлснийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга өлгөж авч захирамж гаргаж хүчингүй болгосон байгаа. Газрын эрх сунгуулах өргөдлийг өөр зориулалтаар бүртгэж авсан ноцтой зөрчлүүд байгаа. 2022 оны 06 сард миний газрын эрхийг сунгаж өгсөн. 1 жилийн дараа дахиад хүчингүй болгосон байгаа. Захиргааны ерөнхий хуулийн итгэл хамгаалах хэсгийг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Ш.Батсүхэд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Миний амьдарч байгаа газар тэр чигтэй суурьшлын бүс болсон. Зуслангийн зориулалтаар хэдэн зуугаараа газар эзэмшиж байгаа. Тэнд байгаа хүмүүс ойгоо хамгаалж л байгаа болохоос сүйтгэж байгаа зүйл байхгүй байгаа. Зуслангийн манаач нар мод зөөхөө больсон. Үүнээс үүдээд ой сэргэсэн сайн талууд байгаа. Чингэлтэй уулын ой хэзээ ч түймэрт автаж байгаагүй. Сүхбаатар талын ой өнгөрсөн жил түймэр гарсангүй. Түүнээс биш жил бүр түймэр гардаг. Чингэлтэй дүүргийн иргэд ойгоо хамгаалж байгаа гэж ойлгож байгаа. Шударга ёс тэгш байдалтайгаа бий болдог. Надад тэгш бус хандаж миний газрын эрхийг цуцалсан байна гэж үзэж байна. Би 8 жил Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга хийсэн хүн. Газрын хууль тогтоомжийг зөв явуулах талаар эхнээс нь ажилласан. Хууль зөрчих бодол надад байхгүй. Хариуцагч тал нийтийн ашиг сонирхол зөрчсөн гэж байна. Нийтийн эрх ашгийг зөрчсөн зүйл огт байхгүй. Эргэн тойрны хүмүүсийн ашиг сонирхлыг зөрчсөн бусад хүмүүст хохирол учруулж байгаа зүйл байхгүй. Харин ч бид нийтийн ашиг сонирхлыг зөрчихгүй байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж амьдарч ирсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ванхүү ярьж байна. Газрын эрх дуусахаас 30 хоногийн өмнө өргөдөл өгөх байсан гэж байна. 30 байтугай 3 жилийн өмнө өргөдлөө өгсөн. 2018 онд өргөдлөө өгөөд ковид гэж явсаар байгаад 2022 онд газрын эрхийг хууль ёсны дагуу сунгасан байгаа. 2001 онд зуслангийн зориулалтай эзэмших авсан. 2002 оны 12 сарын 20-ны өдөр Газрын агентлагийн даргаар томилогдсон этгээдтэй хамтарч Улсын хэмжээний кадастрын нэгдсэн тогтолцоог бий болгож газрыг гэрчилгээжүүлэх ажил хийж тэр үед дахин Засаг даргын захирамж гарч дахин гэрчилгээ олгож эхэлсэн байдаг. Уг газар 2004 онд гэрчилгээжиж албан ёсоор Ш.Батсүхийн эзэмшил болсон. Газрын тухай хуулийн дагуу ямар нэгэн зөрчил гаргахгүй эзэмшээд газрынхаа төлбөрийг төлөөд явж байгаа иргэний газрын эрхийг цуцлах үндэслэл байхгүй. Бусдад хохирол учруулсан бол гэж байна, хохирол учруулах үйл ажиллагаа явуулаагүй. Тийм учраас Ш.Батсүхийн газрын эрхийг сунгасан байна гэж үзээд тодорхой хөрөнгө оруулалт хийгээд явж байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа баталж уг зүйлийг хэлж байна” гэв.
5. Нэхэмжлэлийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны процессын хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсгийг баримтлан гаргасан. Захиргааны процессын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэлийн бүрдүүлбэртэй холбоотой Захиргааны процессын хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т зааснаар нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдөөд байгаа талаар дэлгэрүүлж хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Монгол Улсын иргэн Үндсэн хуульд зааснаар газар эзэмших ашиглах эрхтэй. Маргаан бүхий захиргааны актын улмаас эрх ашиг нь хөндөгдөж байна үзэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч сая дурдлаа уг газартай холбоотой хөрөнгө оруулалт хийсэн гэж байна. Миний зүгээс санхүүгийн хувьд эрх ашиг нь хөндөгдөж байна гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд нийт 87 сая төгрөг манай үйлчлүүлэгчийн хувьд гарсан байгаа. 2001 онд тухайн газартай холбоотой 4 шон бүхий цахилгаан дамжуулах агаарын шонг татсан байгаа. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл 109 дүгээр хуудаст байгаа. Манай үйлчлүүлэгчийн гэр бүлийн хүний данснаас 3.367.000 төгрөгийн төлбөрийг 2021 оны 04 сард шилжүүлсэн байгаа. Уг баримтаар тогтоогдож байгаа. Гэр бүлийн хүн гэдгээ нотолж гэрлэлтийн гэрчилгээний хуулбарыг бас хэрэгт өгсөн байгаа. Зуслангийн зориулалтай орон сууц барих захиалгын гэрээг шүүхэд гаргаж өгсөн. Барилгын компанид урьдчилгаа төлбөр 80 гаруй сая төгрөгийг төлсөн байгаа. Уг гэрээгээр газрын эрх доголдолгүй байх асуудлыг захиалагч хариуцаж байгаа. Барилгын компаниас үл хамаарах шалтгаанаас ажил зогсох хариуцлагыг манай үйлчлүүлэгч хүлээж байгаа учраас санхүүгийн хувьд хохирол учирч байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэж байгаа. Маргаан бүхий захиргааны акттай холбоотой ерөнхий байдлаар тайлбар хэлье. Хариуцагч талын 2 итгэмжлэгдсэн төлөөлөгч байгаа учраас тодруулаад явах нь зөв байх. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2, 49.3.5-г хэрэглэж захиргааны акт гарсан байна. Өмнөх хойшилсон шүүх хуралдаан дээр болон захиргааны актын биелэлт түдгэлзүүлсэн холбоотой шүүх хурал, давж заалдах шатны гомдлоор хэлэлцсэн шүүх хурлаар хариуцагчийг уг гурван үндэслэлийн яг аль хэсгийг нэхэмжлэгчид холбогдуулж шийдвэрээ гарсан бэ гэдэг хариу тайлбараа шүүхэд тойм байдлаар битгий өгөөд бай. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойлох түүнд холбогдсон хууль хэрэглээг ярихад төрөгдөл үүсээд байна. Үүнтэй холбоотой хариу тайлбараа нарийвчлан өгөөрэй гэж давж заалдах шатны бүрэлдэхүүн хүртэл хэлж байсан. Өнөөдөр шүүх хурал болоход нарийвчилсан хариу тайлбар ирээгүй байна. Ш.Батсүхэд холбогдох хэсэг нь яг аль гэдгийг одоо тайлбартаа дэлгэрүүлж хэлэх байх. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч тал нэмэлт тайлбарын үе шатанд хууль хэрэглээний асуудлыг хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгтээ бол маргаагүй. Захиргааны ерөнхий хуулийн асуудалд дараах байдлаар хариу тайлбар өгөх шаардлагатай. Үүний дараа Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг хэрэглэх эсэх талаар нарийвчлан хэлэх нь зөв байх. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Маргаан бүхий актын хувьд үйлчлүүлэгчийн зүгээс тайлбар хэлье. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т сөрөг нөлөөлөл бүхий хууль бус актад холбогдуулж Газрын тухайн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг хамтатган хэрэглэсэн үйлдэл нь буруу байна гэж дүгнэж байгаа. 2022 оны 06 сарын 17-ны өдрийн А/213 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т зааснаар Ш.Батсүхэд эрх олгож байгаа захиргааны акт болох нь тодорхой байна. Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох байдлаар Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсгийг давхар баримталсан байна. Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгоход баримталж байгаа заалт байгаа. Бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэсэн заалт байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.5-т баримталсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөөлөл үзүүлсэн гэж барьж байгаа нь аль ч талдаа үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн процессыг зөрчсөн гэж маргаж байгаа. Газрын тухай хуулийн аль нэг талыг заавал баримтлах ёстой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хэлээд байгаагаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлаад байгаа юм шиг байна. Албан ёсоор маргаан бүхий захиргаанд актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгийг баримталсан зүйл байхгүй. Уг тохиолдолд эрх бүхий байгууллагын дүгнэлтийг заавал шаарддаг. Уг дүгнэлт нь яаж гардаг вэ гэхээр Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.16, 20,9-т зааснаар сөрөг нөлөө үзүүлсэн гэдэгт энэ талаар дүгнэлт гаргуулах гэж байгаа. Уг дүгнэлтийг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуулга гаргана. Уг дүгнэлт байхгүй гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байна. Ус сувгийн удирдах газар луу албан тоот явуулсан гэж байна. Уг албан тоот хэрэгт авагдаагүй байгаа. Нийслэлийн Байгаль орчны газраас ирсэн чиглэл ирсэн гэж байна. Нийслэлийн Байгаль орчны газар нь газрын асуудал эрхэлсэн төрийн байгууллага биш. Дүүргийн Засаг даргад чиглэл өгөх эрх хэмжээтэй байгууллага мөн эсэх маргаантай асуудал болох байх. Газрын тухай хуульд заасан процессын алдаатай шийдвэр байна гэж дүгнэж байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хууль буруу хэрэглэсэн захиргааны акт байна гэж үзэж байна. 2012 онд Ойн тухай хууль шинэчилсэн байгаа гэхдээ Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-т үйл ажиллагаа гэж яг юуг хэлэх вэ гэж нарийвчлан заагаагүй байгаа. 2004 онд зуслангийн зориулалтаар олгож болно гэсэн дүгнэлт гаргасан. Лагерийн зориулалтай гэр бариад амьдарч байгаа үйлдлийг хууль бус гэж үзээд байгаа юм уу? Ойн тухай хуульд нарийвчилсан зохицуулсан зүйл байдаггүй. Ойн тухай хуулийн зорилт нь ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, зорилготой байна гэж Ойн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан байгаа. Ш.Батсүхийн хувьд уг хуультай харшилсан үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй байгаа. Уг газартай харилцаж байсан түүхэн зургуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Үзлэгээр яваад үзэхээр тухайн газрын баруун, зүүн талд айлууд худаг барьсан байшин барьсан байгаа. Түүний дараагийн хашаа буюу 108 суваргад амралт зугаалга байна. Тэр байтугай монгол хүн дотор нь орж болохгүй зэргээр ашиглаад явж байгаа. Яагаад бусад хүмүүс нь болоод байдаг. Ш.Батсүхийн хувьд болдоггүй юм бэ гэсэн асуултад бид нар гомдолтой байгаа. Уг цаг хугацаанд манай үйлчлүүлэгч ой хашаалсны үндсэн дээр нөхөн сэргээгдэх тэлж ургах процесс явагдсан. Уг асуудал нь үзлэгээр хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа. Хөрш этгээдүүд эсрэгээрээ хорхог боодог хийсэн гал түлсэн асуудал уг цаг хугацаанаас бий болсон. Цаашдаа түймэр гарвал яах уу? Ойн тухай хуулийн зорилтод уг асуудал нийцсэн эсэх эргэлзээтэй санагдаж байна. Бусад этгээдийн газар ашиглах эзэмших эрхийг яаж хохироосон бэ? Давхардуулсан юм уу? гэж шүүгч түрүүн асуусан. Бид нарын яриад байгаа мэргэжлийн байгууллагын дүгнэлт байгаа юм уу гэдэг асуудал яригдаж байгаа учраас уг зүйл тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. Та бүхэн Газрын тухайн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 40.1-т хэсэгтэйгээ хэрхэн яаж холбогдсон бэ гэдэгт тодорхой хариулт өгөөгүй учраас үүнийгээ нотлохгүй байна гэж үзэж байгаа. Тийм учраас процессын хуулийн алдаатай захирамж гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ш.Батсүхийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа захиргааны акт байна гэж үзэж байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Ш.Батсүхэд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Ш.Батсүхэд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаар захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Гүнт гэх газар гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 700м.кв газрын 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх эрхтэйгээр Газрын тухай хуулийн үндэслэн олгож, хуульд заасан зохих журмын дагуу “Иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ”-г 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан болно. Энэхүү гэрээний хугацаа 2018 онд дуусгавар болсноос 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ш.Батсүхээс “Газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай өргөдлийг тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн. Тус өргөдлийн дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/213 дугаар захирамжаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах” тухай захирамжаар иргэн Ш.Батсүхийн нэгж талбарын 1501600437 дугаартай газар эзэмших эрхийг сунгаж баталгаажуулсан.
Нийслэлийн Байгаль орчны газраас 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дүүргийн Засаг даргад “Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, холбогдох асуудлыг шийдвэрлэж арга хэмжээ авна уу” гэсэн агуулга бүхий албан бичгийн хүрээнд хяналтын ажлыг 2023 оны 04 дүгээр сарын 10-19-ний өдрүүдэд зохион байгуулсан. Энэхүү хяналт шалгалтын ажлын хүрээнд иргэн Ш.Батсүх, Б.Биндэръяа, Ж.Мөнхнаран, З.Уранцэцэг нарын газрын зөрчлийг илрүүлж хуульд зааснаар холбогдох арга хэмжээ авах талаар “Мэдэгдэл”-ийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Монгол шуудангаар тус тус хүргүүлж, Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг баримтлан ажилласан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2, 49.3.5, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн тус тус ойн сан, усан сангийн хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн дээрх 4 иргэний газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/178 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн тамгын газарт Нийслэлийн байгаль орчны газраас 2023 оны 03 сарын 07 өдөр ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулж буй иргэн хуулийн этгээдийн үйл ажиллагаатай танилцаж зохих арга хэмжээ авна уу гэсэн чиглэл ирүүлсэн. Чингэлтэй дүүргийн Газрын албатай хамтран уг чиглэлийн дагуу шалгалт хийх явцад иргэн Ш.Батсүх хашаандаа зөвшөөрөлгүйгээр худаг ухсан байсан. Уг зөрчилтэй холбоотой 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/178 дугаартай захиргааны акт гаргасан. Уг захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдсан холбогдох заалтуудыг баримтлан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.5-т зааснаар худаг ухсанаар ойн сантай хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн. Ж.Амарсанаагийн хашаанд худаг ухсан байсан. Нэхэмжлэгч талын газартай ойролцоо 100 метрийн газар байсан. Худаг ухаад ус гараагүй гэж үзэх боломжгүй байна. 2022 оны 06 сарын 17-ны өдрийн А/213 дугаар захирамж буюу газар сунгасан хэсгийг хүчингүй болгосон байгаа” гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ванхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Иргэн Ш.Батсүхийн эзэмшиж байгаа газар нь ойн сан бүхий газарт орсон. 2001 онд Байгаль орчны газраас дүгнэлт аваад ойн сан бүхий газарт ороогүй байсан гэж нэхэмжлэгч хэлж байгаа боловч Ойн тухай хуульд ойн сан бүхий газар нь ойн санд орж байгаа бүх газрыг оруулна гэж заасан байгаа. 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/178 дугаартай захирамж Ойн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.3-т заасныг баримтлах нь зүйтэй гэж үзсэн байгаа” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч иргэн Ш.Батсүхийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2. Үйл баримтын тухайд,
2.1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрх олгож, баталгаажуулах тухай” 122 дугаар захирамжийн хавсралтын 472 дугаарт бичигдсэнээр нэхэмжлэгч Ш.Батсүхэд 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар маргаан бүхий газарт буюу Гүнтэд анх газар эзэмшүүлжээ.
2.2. Энэ үед Нийслэлийн Байгаль орчны газрын 2004 оны 08 дугаар 10-ны өдрийн 53 дугаартай дүгнэлт гаргуулсан гэж тайлбарлах ба уг дүгнэлтэд: “Нийслэлийн ногоон бүсийн Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Өвөр Гүнтийн амны наад талд Ш.Батсүх нарын 4 айлд зуслангийн зориулалтаар байшин барихад байгаль орчинд нөлөөлөх байдлаар онц уршигтай бус тул газар олголт хийх боломжтой” гэжээ.
2.3. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/213 дугаар захирамжаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт ирүүлсэн хавсралтад нэр дурдсан 236 /хоёр зуун гучин зургаа/ иргэн, хуулийн этгээдийн 217936 м.кв талбайн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг хавсралтад дурдсанаар сунгаж баталгаажуулсан, тус захирамжийн хавсралтын 91 дүгээрт Ш.Батсүх /РД:АЭ59011978/-ийн Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Гүнтэд байрлах зуслангийн зориулалттай 700 м.кв газрын эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгажээ.
2.4. Улмаар нэхэмжлэгчид Иргэний газар эзэмших эрхийн 0000174645 дугаар гэрчилгээ олгож, 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01125-2022/01108 дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан байна.
3. Чингэлтэй дүүргийн Засаг даргаас “Ойн сан, усан сангийн хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн” гэж үзэж, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/178 дугаар захирамжийн нэг дэх заалтаар нийт 4 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд, хоёр дахь заалтаар захирамж гарсантай холбогдуулан дээрх 4 иргэнд газар эзэмшүүлсэн байсан захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болсонд тус тус тооцжээ.
4. Дээрх хариуцагчийн А/178 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч нь тодорхойлох хэсгийн 4-д заасан үндэслэлээр маргаж байна.
Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд.
5. Чингэлтэй дүүргийн Засаг даргын маргаан бүхий А/178 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно”, 48.2.2. “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, 49 дүгээр зүйлийн 49.3.5. “нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд”, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6. “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасныг үндэслэн гарсан байна.
6. Хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан маргаан бүхий захирамжийн агуулга болон нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд Газрын тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг үндэслээгүй алдаа байна.
7. Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтыг хуульчилсан ба уг хууль, зүйлийн 40.1.“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1.“эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, ... 40.1.6.“хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” ... гэхчлэн зааснаар газар эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж болон захиргааны байгууллагатай байгуулсан газар эзэмших талаарх гэрээний заалтыг зөрчсөн, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх зэрэг тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байхад эдгээр заалтыг шалган тогтоож үндэслээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.“хуульд үндэслэх” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим хангагдаагүй гэж үзнэ.
8. Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6. “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан энэхүү хориглосон зохицуулалтыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/213 дугаар захирамжаар гэрчилгээний хугацаагаа 15 жилээр сунгуулж, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хэвлэн олгосон газар эзэмших эрхийн 0000174645 дугаар гэрчилгээнд заасан зориулалтын дагуу газар эзэмших эрхээ хэрэгжүүлж байсан нэхэмжлэгчид яагаад хамаатуулж үзэж байна вэ, нэхэмжлэгчтэй нэгэн адил газар эзэмших эрхийг хэрэгжүүлж, хөрш зэргэлдээ оршин байрлаж байгаа бусад газар эзэмшигч нарын газар эзэмших эрхийг хэрхсэн бэ гэдэг асуудалд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хангалттай тайлбарлаагүй, үгүйсгэх нотлох баримтаар дурдан мэтгэлцээгүйг тэмдэглэж байна.
9. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.9. “газар эзэмшигч нь хууль тогтоомж, гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлснээс байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа тухай ...мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах хүсэлтээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.16. “энэ хуулийн 20.2.9-д заасны дагуу ... байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах” гэж заасны дагуу маргаанд хамаарах асуудлаар дүгнэлт гараагүй, ийм дүгнэлт байхгүй талаар хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн, Ус сувгийн газарт тоот явуулсан гэх авч тухайн тоот нь хэрэгт авагдаагүй, Нийслэлийн Байгаль орчны газраас ирүүлсэн чиглэлийг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар гаргуулсан дүгнэлт гэж үзэхгүй” зэргээр тайлбарласныг шүүх үндэслэлтэй гэж үзэв.
10. Яагаад гэвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгчийг эзэмшиж буй газар дээрээ худаг ухсан, энэ нь Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлд хамаарна” гэж тайлбарлах боловч энэ талаар тогтоосон үйл баримт байхгүй, “Ус сувгийн удирдах газарт худаг ухах хүсэлтээ гаргасан эсэх талаар албан бичгээр хандахад тухайн газрынхаа нэгж талбарыг тодорхой ирүүлээгүй гэдэг шалтгаанаар тодорхой хариу ирүүлээгүй” гэж тайлбарласан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.“Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2. “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг хэрэгжүүлээгүй, газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ зөрчиж үйл ажиллагаа явуулсан гэдгийг тогтоогоогүй гэж үзэхээр байна.
11. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэх үндэслэлийн тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5. “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж заасны дагуу маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн хувьд “сөрөг” бус “эерэг” нөлөөлөл бүхий акт буюу газар эзэмших эрхийг олгосон акт юм.
12. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2.“бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэх үндэслэлийн тухайд, энэ заалт нь мөн хуулийн 48.1-д зааснаар эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тохиолдлын нэг байх бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.6. “хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасны дагуу эрх зүйн зөрчилтэй болохыг тогтоосны эцэст хүчингүй болгох зохицуулалттай байна.
13. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.5. “нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд” гэх үндэслэлийн тухайд, энэ заалт нь эрх зүйн зөрчилгүй актыг цуцлах зохицуулалт ба мөн хууль, зүйлийн 49.6. “энэ хуулийн 49.3.3, 493.4, 49.3.5-д заасан үндэслэлээр захиргааны актыг цуцалсан тохиолдолд учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээдийн шаардсанаар нөхөн төлнө” гэж заасны дагуу 49.3.5-ын дагуу цуцалж буй тохиолдолд 49.6 дахь заалтыг давхар үндэслэх шаардлага гарч байна.
14. Дээрх 11-13-д зааснаас үзэхэд, захирамжийн үндэслэлд орсон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтууд нь хоорондоо зөрчилтэйгөөс гадна захирамжлан гаргаж байгаа акт нь урьд гарсан байсан актаа зөв тодорхойлоогүй, ямар акт байсныг хэрхэн авч үзсэн нь тодорхойгүй, сөрөг нөлөөлөл бүхий акт байсныг хүчингүй болгоод байна уу, хууль бус захиргааны акт байсан уу, эсхүл эрх зүйн зөрчилгүй акт байсан уу гэдгийг ялгаагүй, үүгээрээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.“шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг зөрчсөн шийдвэр болсон байна.
15. Нэхэмжлэгчийн “газар эзэмших эрхтэй холбоотой ижил нөхцөлд ижил хандаагүй. 2022 онд газрын эзэмших эрхийг сунгаж болно гэж хэлчхээд 1 жил болоогүй байхад уг газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар бодит байдалд нийцээгүй итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн” талаарх тайлбар үндэслэлтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасан үндэслэлийн талаарх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
16. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1. “захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх” шаардлагыг маргаан бүхий захирамж нь хангаж гараагүйг тэмдэглэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, газар эзэмшигч /нэхэмжлэгч/-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгоогүй /Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл/ атлаа зөвхөн газар эзэмших талаарх гэрчилгээг хүчингүй болгосон нь /Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл/ хууль бус байна.
17. Дээрх бүгдийг нэгтгэн дүгнээд, хариуцагч нь Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангах талаарх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2. “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1. “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших” нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж шүүх үзлээ.
18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д заасны баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан иргэн Ш.Батсүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Ш.Батсүхэд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН