Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 137

 

С аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч С.Сугар,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн Б.Э-д холбогдох 1730001530094 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 16-ны өдөр С аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Баялагийн Ундрах”  худалдааны төвд кассчин ажилтай, ам бүл 3, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Э

           

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

            Шүүгдэгч Б.Энь С аймгийн Баруун-Урт сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Баялагийн Ундрах” худалдааны төвийн гадаа 2017 оны 10 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчим 98-68 УНӨ улсын дугаартай Хондо Пит маркийн тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийх үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “ Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 7.17-д “ Бусдын хөдөлгөөнд сааад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө.Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй ” гэсэн заалтыг  зөрчсөнөөс М.Сыг мөргөж эрүүл мэндэд нь “ 2 талын аарцаг ясны цагирагны тасарсан зөрөөтэй хугарал ” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

     

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Б.Э-ийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сар 17 орой ажлаа тараад явахдаа машинаа асаагаад ухрах хөдөлгөөн хийхдээ С ахыг харалгүйгээр дайрч хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна гэв. 

           - Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..2017 оны 10 дугаар сарын 26-ны 20 цаг өнгөрөөгөөд би өөрийн эзэмшлийн 98-68 УНӨ улсын дугаартай Хонда Пит маркийн тээврийн хэрэгслийг Баялагийн ундрах худалдааны төвийн баруун талд тавьчихсан байж байгаад ухрахдаа ард байсан С гэх /сүүлд нэрийг нь мэдсэн/ ахыг харалгүй мөргөчихсөн. Тухайн үед хамт явж байсан хүн нь эмнэлэг дуудаж цагдаа дуудсан. Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би С ахад эмчилгээний зардалд 500,000 төгрөг өгчихөөд байгаа. Тухайн үед болгоомжгүй байдлаасаа болж хүн мөргөсөн үйлдэл гаргасан. Бид 2 хоорондоо эвлэрсэн ямар нэгэн гомдол саналгүй байгаа. Цаашид С ахад эмчилгээний зардал гарах юм бол цаг тухайд нь бүрэн төлж барагдуулна” гэх мэдүүлэг, 

 

  -Хохирогч М.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед Баялагийн Ундрах худалдааны төвийн баруун талын зам дээр хүн хүлээгээд баруун тийш хараад зогсож байтал араас машин ухрах үйлдэл хийхдээ намайг мөргөчихсөн. Тухайн үед надтай манай хүргэн Амарсайхан явж байсан болохоор эмнэлэг дуудаж эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт очиж үзүүлээд рентгэн зураг авхуулахад 2 талын аарцаг ясны хугаралтай хэвтэх шаардлагатай гэсэн. Тэгээд 8 хоног эмнэлэгт хэвтээд эмч нь үзээд одоо хөдлөхгүйгээр эмчилгээ хийлгэж гэрээр байж болно гэхээр нь эмнэлгээс гарсан. Намайг мөргөсөн машины жолооч Э гэх залуу надтай уулзаж байгаа, эмнэлэгт хэвтсэн зардал, эм тарианы мөнгө гээд 500,000 төгрөг өгсөн. Миний биеийн байдал эмчилгээ хийлгээд гайгүй байна. Цаашид хэвтрийн дэглэм сахих шаардлагатай гэсэн. Одоогоор гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэрэв цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай бол Э-тай уулзаад болох байх. Уг залуу байнга ирж байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 23-24 х /,

    

       -  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2017.11.30-ны өдрийн 397 дугаартай дүгнэлтэнд: М.С-ын биед 2 талын аарцаг ясны цагирагны тасарсан зөрөөтэй хугарал бүхий гэмтэл учиржээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 3.1.15-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд  хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт / хх-н 17 х /,

 

            -  С аймаг дахь Замын цагдаагийн тасгийн 2017.10.31-ний өдрийн Техникийн шинжээчийн 22 дугаартай дүгнэлтэнд: 

        1.Х.Пит маркын 98-68 УНӨ улсын дугаартай автомашины жолооч Б.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж  үзлээ. 

        2.Жолооч Б.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

        3.Явган зорчигч М.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

   4.Жолооч Б.Э нь тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн гүйцэд хангаагүй, шаардлагатай тохиолдолд бусдын тусламжийг аваагүйгээс осол гарах шалтгаан болсон байна гэж үзлээ” гэх дүгнэлт,   / хх-н 18 х /, 

 

-     Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, / хх-н 1 х /

     

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургууд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд / хх-н 5-11 х  /, 

 

-С аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 11 сарын 01-ний өдрийн 3/404 дугаартай тодорхойлолт, / хх-н 28 х  /, 

 

- Б.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-н 32 х  /,

 

- Б.Э-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 36 х / 

 

- Хохирогч М.С, яллагдагч Б.Э нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, / хх-н 41-42 х/

 

- С аймгийн Прокурорын газрын 2017 оны 11 сарын 16-ны өдрийн 5/43 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол / хх-н 45 х /

 

- Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын 48 дугаартай санал, / хх-н 46 х / зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар :

 

          С аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд  хангагдсан буюу Б.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нь хохирогч М.С, шүүгдэгч Б.Энжаргалын нарын Прокурорын газарт гаргасан хүсэлтүүдээр тогтоогдох тул  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

 

          Шүүгдэгч Б.Э 2017 оны 10 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчимд С аймгийн Баруун-Урт сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “ Баялагийн ундрах ” худалдааны төвийн гадаа 98-68 УНӨ улсын дугаартай Хондо Пит маркийн тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “ Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино ”, 7.17 “ Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй ” гэсэн заалтыг зөрчсөнөөс иргэн М.С-ыг мөргөж эрүүл мэндэд нь “ 2 талын аарцаг ясны цагирагны тасарсан зөрөөтэй хугарал ” бүхий хүнд хохирол учруулсан нь шүүгдэгч Б.Э-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч М.С-ын мэдүүлэг, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургууд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, С аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.11.30-ны өдрийн 397 дугаартай дүгнэлт, Техникийн шинжээчийн 2017.10.31-ний өдрийн 22 дугаартай дүгнэлт, 01000315 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 1159585 дугаартай Жолоочийн түр зөвшөөрөл, Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Б.Э-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

         Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Б.Э нь оройн цагт, харанхуй болсон, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед орчин тойрны аюулгүй байдлыг шалгалгүйгээр тээврийн хэрэгслээр ухрах хөдөлгөөн хийж хохирогчийг мөргөсөн нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь түүний яллагдагчаар өгсөн “ 2017 оны 10 дугаар сарын 26-ны 20 цаг өнгөрөөгөөд би Баялагийн ундрах худалдааны төвийн баруун талд тавьсан өөрийн эзэмшлийн 98-68 УНӨ улсын дугаартай Хонда Пит маркийн тээврийн хэрэгслийг хөдөлгөж ухрахдаа ар талаа сайн харалгүй ухарснаас машины ард зогсож байсан С гэх ахыг мөргөсөн” гэх /хх- 27/,  хохирогч М.С-ын “ 2017 оны 10 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед Баялагийн Ундрах худалдааны төвийн баруун талын зам дээр хүн хүлээгээд баруун тийш хараад зогсож байтал араас машин ухрах үйлдэл хийхдээ намайг мөргөчихсөн “ гэх мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдоно.

 

Б.Э-ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр  үйлдсэн гэж үзнэ. Учир нь тэрээр орчин тойрны аюулгүй байдал, саад зэргийг шалгаж, ухрах үйлдэл хийх үүргийг хэрэгжүүлээгүйгээс осол гарах, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч дээрх нөхцөл байдлыг шалгалгүй, анхаарал болгоомжгүй хандсанаас осол гаргажээ.

Шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, хэргийн байдлыг нотолж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. 

 

Иймд шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

 Шүүхээс шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

 

         Б.Э-ын гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн эмчилгээний зардалд 900.000 төгрөг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

  

          Шүүгдэгч Б.Э-ын зүгээс хохирогч М.С-ын эмчилгээний зардалд 900.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. 

Харин Б.Э-ын үйлдлийн улмаас М.С-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, бүрэн эдгэрээгүй, цаашид эмчилгээ шаардлагатай байгаа болох нь түүний “ Намайг мөргөсөн машины жолооч Э гэх залуу надтай уулзаж байгаа, эмнэлэгт хэвтсэн зардал, эм тарианы мөнгө гээд 500,000 төгрөг өгсөн. Миний биеийн байдал эмчилгээ хийлгээд гайгүй байна.Цаашид хэвтрийн дэглэм сахих шаардлагатай гэсэн. Одоогоор гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэрэв цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай бол Э-тай уулзаад болох байх. Уг залуу байнга ирж байгаа” гэх мэдүүлгээр тогтоогдох тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгэний зардлыг иргэний нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэйгээр үлдээлээ. 

Шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн хэрэг нотлогдсон, уг гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн, гэмт хэргийн улмаас бусдад хүнд хохирол учирсан боловч эдгэрч байгаа, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчийн эмчилгээний зардалд 900.000 төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгэний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.3-т зааснаар “ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, дээрх тэнсэгдсэн хугацаанд хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх буюу гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэхээр тус тус шийдвэрлэлээ. 

         Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

 

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Э-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан Б.Э-д дээрх тэнссэн хугацаанд хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх буюу гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч М.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

          

5. Шүүгдэгч Б.Э-д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН