Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 343

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х-” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/03226 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М-” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 4 195 307 902 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.               

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн төлөөлөгч: Б.Золтуяа,

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Сугар-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М-” ХХК нь тус банктай 2014 оны 10 сарын 02-ны өдөр №ЗГ-СС14012 тоот зээлийн гэрээ, №ЗБ-СС14012 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №ЗБГ-СС14011-н тоот баталгааны гэрээ, мөн 2016 оны 12 сарын 15-ны өдөр №ЗБ-СС16012-1-н тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2017 оны 6 сарын 20-ны өдөр №ЗБ-СС170425006-1, 2 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, 2017 оны 10 сарын 04-ний өдөр №ЗНГ/СС14012-1-н тоот зээлийн нэмэлт гэрээ, 2018 оны 01 сарын 05-ны өдөр №ЗБ/СС20180103015-2 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, 2018 оны 5 сарын 25- ны өдөр №ЗБ-СС16012-1-1- тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээнүүдийг тус тус байгуулан 3 836 400 000 төгрөгийн зээлийг Хөгжлийн банкны зээлийн хувьд жилийн 9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, Х-ны эх үүсвэртэй зээл төлөгдсөн тохиолдолд жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 2 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч “М-” ХХК нь №ЗГ-

СС14012 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, “М-” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205042782 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16066/, Энэбишийн өргөн чөлөө гудамж, 9-А тоот хаягт байршилтай 3732.64 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхийн 000300954 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 1617/0127 дугаартай, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах 794 м.кв газар, “М-” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205064529 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16066/, Энэбишийн өргөн чөлөө гудамж, 9/1А тоот хаягт байршилтай 216.0 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхийн 000300955 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 1617/0023 дугаартай, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах 1249.0 м.кв газрын хамт тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул ийнхүү нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч талаас 2019 оны 11 сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үндсэн зээл 3 616 400 000 төгрөг, үндсэн хүү 555 084 790 төгрөг, 72 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 23 768 111 төгрөг 32 мөнгө, шийдвэр гаргуулахтай холбоотой гарсан зардал болох 55 000 төгрөг, нийт 4 195 307 902 төгрөг, 5 мөнгө шаардаж байна. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсантай холбоотой өөрчлөлт орсон байна. Хариуцагч талаас нийт 3 836 400 000 төгрөг зээлээр авсан. Зээлийн төлбөрт 220 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 1 211 513 149 төгрөг, хүүнд 315 687 төгрөг нийт 1 431 828 836 төгрөг төлсөн. Хөрөнгө оруулалт жигдрээгүйн улмаас зээлийн төлбөр төлөлттэй холбоотой асуудал 2018 оны 7 сараас үүссэн. Нэхэмжлэгч банк нь  2019 оны 01 сард “М-” ХХК-д 14 хоногийн дотор зээлийн төлбөр төлөхийг сануулж, төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлах талаар албан шаардлагыг ирүүлсэн. Хариуцагчаас зээлийн төлбөрийг төлөх гэж хичээсэн хэдий ч боломжгүй байсны улмаас 2019 оны 3 сарын 11-ний өдөр гэрээний үүргээ биелүүлж чадаагүй, гэрээ цуцалж байгаа саналыг хүлээж авч байгаа талаар хариу өгсөн. Зээлийн гэрээ нь 2019 оны 11 сард дуусахаар хийгдсэн тул үүнээс өмнө ийнхүү хариу өгсөн. Банк нь Иргэний хуулийн 225 дугаар зүйл, зээлийн гэрээний 10 дугаар заалтыг үндэслэн, бидэнтэй байгуулсан гэрээг цуцалсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн  20, 22 дугаар зүйлүүдэд зээлийн гэрээ байгуулахад тавигдах шаардлагын талаар тус тус заасан байдаг. Эдгээр зохицуулалтаас үзвэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь 2019 оны 3 сарын 11-ний өдрөөс тасалбар болж цуцлагдсан. Иймд хариуцагч талаас 3 616 400 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба 2018 оны 7 сараас 2019 оны 3 сар хүртэл хугацаанд төлөгдөөгүй 244 214 398 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт төлөхийг мөн хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 9 сарын 11-ний өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 165 517 595 000 төгрөг, 50 мөнгийг төлүүлэх тухай шаардлагыг хариуцагч  талаас хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү мөнгийг зээлийн үндсэн, нэмэгдүүлсэн хүүгээс бодож гаргасны үндсэнд шаардаж байгаа бөгөөд зээлийн гэрээ 2019 оны 3 сарын 10-ны өдөр цуцлагдсан тул тус шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2019 оны 11 сарын 11-ний өдөр нэмэгдүүлсэн шаардлагадаа дурдсан 85 457 016 төгрөг, 14 мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа хүүгийн хувийг 2 янзаар бодсон. Нэг хэсэг дээр 9 хувиар бодож, нөгөө хэсэг дээр 20,4 хувиар бодсон байдаг. Х- болон Хөгжлийн банкны хооронд байгуулагдсан гэрээний 2.2.2 дахь хэсэгт Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжиж, Х-наас дамжуулан олгож байгаа зээлийн хүүгийн хэмжээ жилийн 9 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Иймд Х- нь тус гэрээг зөрчиж, зээлийн хүүг жилийн 20,4 хувиар боддог байсан ба шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ч хүүг 20,4 хувиар бодож гаргасан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Х-ны зээлийн хорооны шийдвэр дээр Х-ны санхүүжилтээр зээл орж байгаа тохиолдолд зээлийн хүүгийн асуудал өөрөөр шийдэгдэнэ гэсэн байсан. Тухайн зээл нь Х-ны санхүүжилтээр бус Хөгжлийн банкны санхүүжилтээр олгогдож байсан тул дээрх нөхцөл байдлуудыг шүүхээс харгалзан үзнэ үү. Мөн 2018 оны 01 сарын 05-ны өдөр талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө болон эрхийн барьцааны гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөөний 9А тоотод байршилтай 3732.64 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 6 265 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож, үнэлсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж, үүргийн биелэлтийг хангахад хүрээд илүү гарахаар байна. Иймд 2018 оны 01 сарын 05-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө болон эрхийн барьцааны гэрээний хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсгийг баримтлан хариуцагч “М-” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 4 195 307 902 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Москва их дэлгүүр” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205042782 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 14 хороо, 4 хороолол /16066/, Энэбишийн өргөн чөлөө гудамж, 9-А тоот хаягт байршилтай 3732.64 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрхийн 000300954 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 1617/0127 дугаартай, Баянгол дүүрэг, 14 хороонд байрлах 794 м.кв газар, “М-” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205064529 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 14 хороо, 4 хороолол /16066/, Энэбишийн өргөн чөлөө гудамж, 9/1А тоот хаягт байршилтай 216.0 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрхийн 000300955 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 1617/0023 дугаартай, Баянгол дүүрэг, 14 хороонд байрлах 1249.0 м.кв газар үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 520 588 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 21 520 588 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “М-” ХХК нь Х-тай 2014 оны 10 сарын 02-ны өдөр ЗГ-СС14012 дугаар зээлийн гэрээ байгуулж, зээлийн төлбөр дансанд 2014 оны 11 сарын 20-ны өдөр орж ирсэн. Мөн талууд харилцан тохиролцож, 2017 оны 10 сарын 04-ний өдөр ЗНГ/СС-14012-1 тоот зээлийн нэмэлт гэрээг байгуулж, зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, барьцааны ЗБ-СС14012 тоот гэрээ, СС170425006-1 тоот гэрээ, ЗБ-1С16012-1 тоот гэрээнүүд хүчинтэй хэвээр үйлчлэх болохыг баталгаажуулсан. Үүнээс хойш буюу 2018 оны 01 сарын 05-ны өдөр барьцааны гэрээнд өөрчлөлт оруулж, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 хороолол Энэбишийн өргөн чөлөө гудамж, 9-А тоот хаягт байршилтай 3732.6 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, үнийн дүнг 6 265 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Мөн 2018 оны 5 сарын 25-ны өдөр Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө гудамж 9/1-А тоот хаягт байршилтай, 216 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 443 100 000 төгрөгөөр үнэлж тохиролцон барьцаалсан. Тус компани нь уг зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 220 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 1 211 513 149 47 төгрөг, нийт 1 431 513 149.47 төгрөгийг төлөөд байна. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикт зээлийн хүүгийн талаар огт тусгаагүй бөгөөд банк нь төлсөн төлбөр болгоныг зээлийн хүүнд тооцон суутгаж, байгаа нь зээлийн эргэн төлөлтөд нөлөөлж, үндсэн зээлийн төлбөрөөс огт хасагдахгүйгээр өндөр дүнгээс хүү тооцох нөхцөлийг банк зориуд үүсгэж ирсэн. Зээл төлөлттэй холбоотой бага зэрэг зөрчил үүсч улмаар Х-наас зээлийн гэрээг цуцалж байгаа талаар мэдэгдлийг манай компанид 2019 оны 1 сарын 24-ний өдөр албан тоотоор мэдэгдсэн. Бид уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш тодорхой хэмжээгээр төлбөрийг төлөхөөр хичээсэн боловч үр дүнд хүрээгүйн улмаас 2019 оны 3 сарын 11-ний өдөр 16 тоот албан бичгээр гэрээ цуцалсныг бүрэн хүлээн зөвшөөрч үлдэгдэл төлбөрийн асуудал бидний дунд үлдсэн. Ийнхүү гэрээ цуцалсны дараа ХХБ нь зээлийн үлдэгдэл төлбөрийг төлүүлэх талаар шүүхэд хандан 2019 оны 5 сард нэхэмжлэл гаргасан. Бидний зүгээс 2019 оны 3 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа тул энэ хүртэлх хугацаанд ногдох хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд үндсэн зээлийн төлбөрт 3 616 400 000 төгрөг, хүүгийн төлбөрт 244 214 398 /тооцооллыг хавсралт 1-ээр хавсаргав/ төгрөгийг төлөхийг тус тус хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэгчээс хүүгийн төлбөрт 321 828 817.80 төгрөгийг анх нэхэмжлэл гаргахдаа тооцоолсон байх бөгөөд үүнээс манай зөвшөөрч байгаа дүнг хасвал зөрүү нь 77 614 419.80 төгрөг болно. Мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг үндэслэн, зээлийн гэрээг зохицуулсан байх бөгөөд гэрээг бичгээр хийхийг шаардсан агуулгатай байна. Х- нь 2019 оны 5 сард шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2019 оны 1 сард манай компанид ирүүлсэн албан тоотдоо зээлийн гэрээ цуцалсныг албан ёсоор мэдэгдсэн боловч ийнхүү цуцлагдсан гэрээний дагуу хүү тооцон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 165 517 595.50 төгрөг нэмж нэхэмжилсэн. Мөн үүнээс хойш дахин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 85 457 016 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүхээс хэрэг маргааны шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн харилцаа буюу зээлийн гэрээ цуцлагдсан байгааг огт анхаарч үзээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэд судлаагүй, хууль зүйн талаас нь эргэлзээгүй байдлаар дүгнээгүй зэргээс шалтгаалан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр ХХБ-ны зээлийн хорооны шийдвэрийг нотлох баримтаар гаргуулсан бөгөөд уг шийдвэрт зээлийг банкны эх үүсвэрээс олгосон тохиолдолд сарын хүү нь 1,7 хувь байхаар шиидвэрлэсэн баидаг. Харин Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгосон тохиолдолд хүү нь жилийн 9 хувь байхаар шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа манай компанид олгосон зээлийн эх үүсвэр нь Хөгжлийн банкнаас олгосон болохыг бүрэн хүлээн зөвшөөрдөг. Хөгжлийн банкны эх үүсвэртэй зээлийн хүү нь жилийн 9 хувь гэж гэрээнд заасан байтал нэхэмжлэгч нь шүүхэд хандан нэхэмжлэлээ гаргахдаа 20,4 хувиар тооцож хүүг бодсоныг шүүхээс анхаарч үзэлгүй нэг талыг барин нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа шүүгч мөн хэрэгт авагдсан баримтад тулгуурлаагүй бөгөөд 1249 м.кв газар нь ХХБ-ны зөвшөөрлөөр 3 хэсэгт хуваагдан 856 м.кв газар нь Б.Болортуяа гэх иргэний нэр дээр шилжсэн, мөн энэ газар дээрх 133 м.кв талбайтай обьектыг одоо болтол шилжүүлэн өгөөгүй байгаа. Н.Ойдовдорж гэх иргэнд ХХБ-ны зөвшөөрлөөр худалдан борлуулсан бөгөөд дээрх газруудыг Ойдовдорж болон Б.Болортуяа нь ХХБ-нд барьцаалаагүй болохыг огт анхаараагүй юм. Зээлийг жилийн 9 хувиар тооцвол 2014 оны 12 сарын 05-ны өдрөөс 2019 оны 3 сарын 11-ний өдөр хүртэл 244 214 398 төгрөгийн хүүний үлдэгдэлтэй байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нотлох баримт бүрдүүлсэн буюу шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлсний төлөө гарсан зардал болох 55 000 төгрөгийг шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь нотлох баримтаа эх хувиар өгөх боломжтой байтал заавал нотариатаар гэрчлүүлж өгөхөд зардал гаргах шаардлагагүй болно. Энэ бүхнээс дүгнэн үзэхэд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн тодорхой хувийг зөвшөөрсөн буюу үндсэн зээл болох 3 616 400 000 төгрөг, үндсэн хүүнд 244 214 398 төгрөг, нийт 3 860 614 398 төгрөгийн хэмжээнд хэргийг шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй болно. Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт дурьдсан 4 195 307 902 төгрөгөөс хариуцагчийн хүлээн зөвшөөрөөгүй дүн болох 334 693 504 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

                                     

Нэхэмжлэгч “Х-” ХХК нь хариуцагч “М-” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 4 195 307 902 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2014 оны 10 сарын 02-ны өдөр №ЗГ-СС14012 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Х-” ХХК нь 3 836 400 000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар, 60 сарын хугацаатай, зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү жилийн 9 хувь, дотоодын эх үүсвэрт шилжсэн үеийн зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү жилийн 20.4 хувиар зээлдүүлэх, хариуцагч “М-” ХХК нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч “Х-” ХХК нь 2014 оны 11 сарын 20-ны өдөр 3 836 400 000  төгрөгийг хариуцагч “М-” ХХК-д шилжүүлсэн нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 19-21, 44-46, 67-72-р тал/

 

Түүнчлэн талууд 2014 оны 10 сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, хариуцагч “М-” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 14-р хороо, 4-р хороолол, /16066/ Энэбишийн өргөн чөлөө 9-А тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205042782 дугаартай, 3873,4 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэрчилгээний 000300954 дугаартай, нэгж талбарын 1617/0127 дугаар бүхий, Баянгол дүүрэг, 14 хороонд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай, 794 м.кв газар /хх-ийн 23-р тал/,

2016 оны 12 сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, хариуцагчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 14-р хороо, 4-р хороолол, Энэбишийн өргөн чөлөө 9/1-А тоот хаягт байрлах 349.14 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205064529 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэрчилгээний 000300955 дугаартай, нэгж талбарын 1617/0023 дугаар бүхий, Баянгол дүүрэг, 14-р хороонд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай, 1249 м.кв газар /хх-ийн 47-р тал/,

2017 оны 6 сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ байгуулж, хариуцагчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 14-р хороо, 4-р хороолол, /16066/ Энэбишийн өргөн чөлөө 9-А тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205042782 дугаартай, 3838,4 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэрчилгээний 000300954 дугаартай, нэгж талбарын 1617/0127 дугаар бүхий, Баянгол дүүрэг, 14 хороонд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай, 794 м.кв газар /хх-ийн 52-р тал/,

2017 оны 6 сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ байгуулж, хариуцагчийн өмчлөлийн Баянгол дүүргийн, 14-р хороо 4-р хороолол, Энэбишийн өргөн чөлөө, 9-А барилгын 2 давхар Т2-1 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205066059 дугаартай,  35 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гэрчилгээний 000300954 дугаартай, нэгж талбарын 1617/0127 дугаар бүхий, Баянгол дүүрэг, 14 хороонд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай, 794 м.кв газар /хх-ийн 54-р тал/,

2018 оны 01 сарын 05-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ байгуулж, хариуцагчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 14 хороо, 4 хороолол, Энэбишийн өргөн чөлөө 9-А тоот хаягт байрлах 3732.64 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /хх-ийн 59-р тал/,

2018 оны 5 сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ байгуулж, хариуцагчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 14-р хороо, 4-р хороолол, Энэбишийн өргөн чөлөө 9/1-А тоот хаягт байрлах 216 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205064529 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалжээ. /хх-ийн 61-р тал/

 

Мөн талууд 2017 оны 10 сарын 04-ний өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээгээр 2014 оны 10 сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 5.1 дэх заалт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. /хх-ийн 56-р тал/

 

            Анхан шатны шүүх зохигчдын байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451 дэх хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч гэрээний агуулгыг зөв тодорхойлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийн тооцооллыг буруу хийж хариуцагчаас 4 195 307 902 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оны 10 сарын 02-ны өдрийн гэрээгээр тохирсон буюу дотоодын эх үүсвэрт шилжсэн үеийн зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүг жилийн 20,4 хувиар тооцож, үндсэн зээл      3 616 400 000 төгрөг, хүү 555 084 790 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23 768 111 төгрөг нийт 4 195 307 902 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.  

           

            Монгол Улсын Хөгжлийн банк нь 2014 оны 7 сарын 24-ний өдөр “Х-” ХХК-тай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр  экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 2 000 000 000 төгрөгөөс дээш санхүүжилт хүссэн төслүүдэд Хөгжлийн банкны эс үүсвэрээс зээлдэгчээр дамжуулан зээл олгохоор тохиролцсон байх бөгөөд уг гэрээний 2.2.2-т дэд зээлийн хүү жилийн 9 хувиас ихгүй байхаар зохицуулсан байна. /хх-ийн 108-109-р тал/

 

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,

            Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж,

            Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж тус тус заажээ.

 

            Талуудын байгуулсан гэрээний 3.2-т “зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү 9 хувь”, 3.2.1-т “дотоодын эх үүсвэрт шилжсэн үеийн зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү жилийн 20.4 хувь” байна гэж заажээ. Нэхэмжлэгч энэхүү 20.4 хувийн хүү тогтоох үндэслэлээ зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрвэл банкны дотоод эх үүсвэрт шилжсэн хүү, гэрээгээр тогтоосон хүүнээс өндөр байх агуулгаар тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээнд хэтэрсэн хугацааны хүүг үндсэн хүүгийн хэмжээнээс хэтэрсэн байдлаар тогтоосон нь дээр дурдсан хуулиудад заасан хэтэрсэн хугацааны хүү тогтоох хязгаарлалтыг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэгч “Х-” ХХК нь зээлийн хүүг 20.4 хувиар тооцон шаардах эрхгүй байна.

 

            Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2019 оны 5 сарын 3-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байх боловч нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг цуцлах, шилжүүлсэн хөрөнгөө шаардсан байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

           

            Иймд нэхэмжлэгчийн зээлийн үүрэгт 2014 оны 10 сарын 02-ны өдрөөс 2019 оны 05 сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны хүүг жилийн 9 хувиар тооцвол үндсэн зээл 3 836 400 000 төгрөг, зээлийн хүү 1 582 515 000 төгрөг, / 3 836 400 000 төгрөгийн жилийн хүү нь 345 276 000₮ х 4 жил = 1 381 104 000₮,  сарын хүү 28 773 000₮ х 7 сар = 201 411 000₮, 1 381 104 000₮ + 201 411 000₮ = 1 582 515 000₮ нийт хүү/, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд үүссэн нэмэгдүүлсэн хүүгийн үүрэг 6 039 472 төгрөг, /3 836 400 000 + 1 582 515 000₮ +  6 039 472₮  = 5 424 954 472₮/ нийт 5 424 954 472 төгрөг болно. Үүнээс хариуцагчийн төлсөн 1 431 828 836 төгрөгийг хасч, 3 993 125 636 төгрөгийг хариуцагч “М-” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 202 182 266 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ. Хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдлын хэсэг үндэслэлтэй байна.

 

            Харин хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа хэрэгт авагдсан баримтад тулгуурлаагүй, зарим эд хөрөнгө нь бусдад шилжсэн болохыг анхаараагүй гэх боловч хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй. Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж ипотекийн гэрээг байгуулсан байх тул анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

           

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/03226 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “М-” ХХК-иас 3 993 125 636 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 202 182 266 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 831 418 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                                                                     

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                             ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

Г.ДАВААДОРЖ