| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00699/И |
| Дугаар | 155/ШШ2024/00704 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 155/ШШ2024/00704
| 2024 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 155/ШШ2024/00704 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************** оршин суух, Д.Б (Ц***********),
Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00699/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Д.Б нь 1964 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Сүмбэр багт төрсөн. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг 1980 онд төгсөөд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг 1982 онд төгссөн. Тэгээд 1982 оноос 1985 оны хооронд цэргийн алба хааж ирээд Политехникийн дээд сургуулийн Уул, уурхайн ашиглалтын техниологийн ашиглалтын инженерээр 1985-1990 онуудад суралцаж төгссөн. Их сургуулиа төгсөж ирээд 1990 оны 7 дугаар сараас Цагаанчулуутын гантигийн уурхайд ажилд томилогдож ажиллаж байсан. Манай уурхайн үйл ажиллагаа доголдсны улмаас 1991 оны 3 дугаар сард ажлаасаа чөлөө авсан.
Тухайн үед манай гэр бүлийн хүн Хөвсгөл аймгийн Арбулаг суманд багшаар ажиллаж байсан. Тэгээд би тухайн сумын захиргаанд байгаль орчны байцаагч гэж орон тоо байгаа гэхээр нь Б.Г даргатай уулзсан. Тэгэхэд миний оронд өөр Цэрэндорж гэж хүнийг ажилд авсан учир би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал сумын нэгдлийн 6 дугаар бригадад малчнаар 1991 оны 3 дугаар сараас 1992 оны 4 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад шинэ үндсэн хуулийн дагуу багийн Засаг даргаар сонгогдож ажиллаж байсан.
Манай Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн архив шатсан гэж байгаа. Тэр үед хувьчлал явагдаж байхад иргэний архивын баримтууд шатаж, зарим нь гадуур хийсэж байсан гэж яриа байдаг. Тэр үед архив хариуцаж байсан хүн хүртэл цалин мөнгөгүй учраас ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. Миний тухайн үед ажиллаж байсан байдлын талаарх архивын баримт байхгүй учраас шүүхэд хандсан.
Иймд миний Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 6 дугаар бригадад 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би уг нь тус нэгдэлд 1991 оны 3 дугаар сараас ажиллаж байсан. Одоо бол шүүхэд байгаа цаасан нотлох баримт дээр тулгуурлаж шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. 19 адуу, 200 гаруй хонь, ямаа маллаж байсан....гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дэндэвийн Бямбацогтод 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Политехникийн дээд сургуулиас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1/134 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргаас Арбулаг сумын Мандал нэгдлийн 6 дугаар бригадад ажиллаж байсан Д овогтой Б 1991 оны цалингийн лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 11/382 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №398 бүртгэлийн дугаартай тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 3562 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, гэрч асуулгах хүсэлт, Д.Б-д 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Политехникийн дээд сургуулиас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн эх хувь зэргийг гаргаж өгсөн. (хх-ийн 2-11, 37, 38-62 дугаар тал),
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.П, Д.Д нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 63-66 дугаар тал),
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1/763 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хх-ийн 32-36 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 11/563 дугаартай албан бичиг (хх-ийн 31 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газраас Арбулаг сумын Мандал нэгдэлд ажиллаж байсан Д.Б 1991 оны цалингийн лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, (хх-ийн 67-69 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1990-2000 оны хооронд ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулсан эсэх лавлагаа зэргийг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 26 дугаар тал),
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Д.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.
Иймд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 6 дугаар бригадад 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ”, 133.1.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д “эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”, 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” гэж зааснаар нэхэмжлэгч Д.Б өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 6 дугаар бригадад 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Нэхэмжлэгчийн Политехникийн дээд сургуулиас 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон “...05. 1990 оны 07 сарын 02. УБХ-ын БМҮУБТ-ын 90152 тоот томилолтыг үндэслэн Цагаанчулуутын Ганбичигт уурхайд ээлжийн мастдлаар томилон ажиллуулав. Уурхайн даргын 1990 оны 07-р сарын 02-ны өдрийн 44 тоот тушаал. 06.1991 оны 03 сарын 26. Өөрийн нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж Арбулаг сумын АХ-ын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлэв. Уурхайн даргын 1991 оны 03-р сарын 20-ны өдрийн 11 тоот тушаалаар. 07.1991 оны 03 сарын 01. Өөрийн нь хүсэлтээр Мандал нэгдлийн малчнаар ажиллуулав. Мандал нэгдлийн даргын 1991 оны 05 сарын 01-ний өдрийн №19-р тушаалаар. 08. 1992 оны 4 сарын 10. Өөр ажилд шилжих болсон тул хоньчины ажлаас чөлөөлөв. Мандал хувьцаат компаний Захиралын 1992.06.24-ний өдрийн №59-р тушаалаар. 09. 1992 оны 04 сарын 13. Өөр ажилд дэвшиж ажиллах болсон тул сумын АХ-ын захиргааны нэгдлээс чөлөөлөв. Арбулаг сум Мандал ХК-ын Захиралын 1992 оны 04 сарын 13-ны №59-р тушаалаар. 10. 1992 оны 04 сарын 14. 6-р багийн Засаг даргаар томилон ажиллуулав. Сумын АХ-ын гүйцэтгэх захиргааны 1992 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 25-н тоот захирамжаар...” гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр (хх-ийн 38-62 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3/80 дугаар албан бичгээр ирүүлсэн Д овогтой Б 1991 оны 5, 8 саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд (хх-ийн 6-8, 67-69 дүгээр тал),
Гэрч Д.П “...Б.Б нь цэрэгт явж ирээд 1991 оноос 1992 оны хооронд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар баг “Мандал” нэгдэлд малчин байсан хүн юм. Тухайн үед миний бие тус нэгдэлд малчин байсан. Д.Б нь тус нэгдэлд ажиллаж байх хугацаандаа үхэр малладаг байсан. Д.Б нь нэгдэлд маллаж байгаад 1992 онд малаа хүлээлгэж өгөөд 1993, 1994 он хавьцаа Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар бригадын дарга хийж байсан. Б.Б-ын аав Д нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд олон жил мал малласан хүн байгаа юм. Намайг хүүхэд байхад л мал малладаг байсан....” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Д “...Намайг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд саальчин хийж байх үед Д.Бнь 1991 онд тус нэгдэлд хонь, үхэр маллахаар малчнаар орж ирж байсан. Д.Б нь 1991 онд ямар ч байсан малчин байсан. Тэгээд 1993 онд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн дарга хийдэг байсан юм. Б-ын аав Д, ээж Д нар нь тус нэгдэлд малчин бараг насаараа хийсэн байх. Д.Б нэгдэлд байх хугацаандаа хонь голлон малладаг, ажилдаа сайн, түүний аав ээж нь нутаг усандаа нэртэй хүмүүс байдаг байсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 63-66 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд Д.Б-ын Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 6 дугаар бригадад 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын 1991-1992 оны баримт байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын 1991-1992 оны баримт манай архивд шилжиж ирээгүй тул Д.Б-од холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна.” гэх бичилттэй 11/563 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно. (хх-ийн 9, 31 дүгээр тал)
Нэхэмжлэгч А.Б нь 1997 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх бичилттэй №1700000443 дугаартай нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа,
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэл 1991, 1992 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэвэрийн санд төлж байсан болно” гэх бичилттэй №398 бүртгэлийн дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтын хуулбар,
Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 3562 дугаартай “Д.Б БХЯ-ны сайдын 1982.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1982.06.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 149 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1985.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1985.06.18-ны өдөр 518671 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэх бичилттэй албан бичгийн архивын хуулбар тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 10-11, 26 дугаар тал),
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Б (Ц***********)-ын Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 6 дугаар бригадад 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ