| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00437/И |
| Дугаар | 129/ШШ2024/00348 |
| Огноо | 2024-07-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 129/ШШ2024/00348
129/ШШ2024/00348
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би
Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг . байрлах П ХХК
Хариуцагч: У хот, Б дүүрэг, . тоотод оршин суух Х овгийн А.Ц
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг нийт 2,937,037 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Ц нь 2021 оны 7 сарын 26-ны өдөр Х банктай цалингийн зээлийн гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийг зээлж авсан байх бөгөөд 2021 оны сүүлээс зээлийн эргэн төлөлт тасалдаж эхэлсэн байна. Зээлдүүлэгч Х ХХК нь П ХХК-тай 2021 оны 10 сарын 01-ний өдөр цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан ба зээлдэгч А.Ц нь ажлаасаа чөлөөлөгдөж зээлийн эргэн төлөлтийн хугацаа 30 хоногоос хэтэрч даатгалын тохиолдол бий болсон. Худалдаа хөгжлийн банкнаас нөхөн төлбөр хүссэний дагуу П ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 сарын 31-ний өдрийн 2022/13996 тоот тушаалаар нөхөн төлбөрт 5,272,398 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон. Ийнхүү нөхөн төлбөр олгож зээлдэгчийн өмнөөс зээлийн төлбөрийг төлснөөр Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5-д заасны дагуу буруутай этгээд буюу зээлдэгчээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн шаардах эрх нь олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр манай компанид шилжсэн билээ. А.Ц нь нөхөн төлбөрт олгосон 5,272,398 төгрөгөөс 2,335,361 төгрөгийг төлсөн байх бөгөөд үлдэгдэл 2,937,037 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөхгүй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: А.Ц би нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлийг 2024 оны 7 сарын 24-нд гардаж аваад дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна. Нэхэмжлэгч П ХХК-ийн 2,937,037 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжилсэн нийт 2,937,037 төгрөгийг 2024 оны 9 сараас 2024 оны 12 сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч А.Ц-д холбогдуулан нөхөн төлбөр нийт 2,937,037 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Ц нь нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжилсэн нөхөн төлбөр нийт 2,937,037 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,943 төгрөгөөс 30,971.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Ц-с 30,971.5 төгрөг, улсын орлогоос 30,971.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжилсэн нөхөн төлбөр нийт 2,937,037 (хоёр сая есөн зуун гучин долоон мянга гучин долоо) төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч А.Ц-н зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,943 төгрөгөөс 30,971.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Ц-с 30,971.5 төгрөг, улсын орлогоос 30,971.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА