Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 342

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/03086 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ц-” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 27 336 214 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Баясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х-” ХХК нь “Ц-” ХХК-тай 2017 оны 7 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, сарын 4 хувийн хүүтэй, 30 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд барьцааны гэрээ байгуулж, “Ниссан кондор” маркийн 05-95 УБП улсын дугаартай, ачааны автомашин 1 ширхэг, 50-36 УН улсын дугаартай, “Бобкат” механизм 1 ширхэг, 05-15 УНЦ улсын дугаартай “BMW” маркийн суудлын автомашиныг тус тус барьцаалсан. Тухайн гэрээг байгуулснаас хойш зээлдэгч “Ц-” ХХК нь зээлийн гэрээний хугацааг 2-3 удаа сунгасан ба 2018 оны 6 сарын 19-ний өдөр 13 585 000 төгрөгийг төлж, барьцаанд тавьсан бобкатыг суллан авсан. “Ц-” ХХК нь 2018 оны 6 сарын 19-ний өдрөөс хойш ямар ч төлбөр хийгээгүй бөгөөд төлбөр төлөх тухай шаардлага тавьж, барьцааны зүйлийг хүлээлгэн өгч худалдан борлуулахыг шаардахад  тус компанийн эрх бүхий албан тушаалтантай хамаарал бүхий этгээд болох иргэн н.Болд-Эрдэнэд барьцааны зүйл болох 05-95 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бусаар шилжүүлж, н.Болд-Эрдэнэ нь тухайн тээврийн хэрэгслийг хууль бусаар эзэмшиж, бидэнд хүлээлгэн өгөхөөс татгалзсан. Өнөөдрийн байдлаар “Ц-” ХХК төлбөл зохих зээлийн үлдэгдэл төлбөр 16 415 000 төгрөг, 349 хоногийн зээлийн хүү 7 638 214 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 283 000 төгрөг, нийт 27 336 214 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Иймд “Ц-” ХХК-иас 27 336 214 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний зүйлээр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц-” ХХК нь “Х-” ХХК-тай 2017 оны 7 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохирсон. Улмаар 2018 оны 6 сарын 19-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлийн гэрээг 6 сараар сунгаж, эргүүлэн төлөх зээл болон зээлийн хүүний төлбөрт 18 830 824 төгрөгийг төлөхөөр тохирсон. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл “Х-” ХХК нь 2017 оны 7 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ болон 2018 оны 6 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд зээлдэгч нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заагаагүй байна. Үүний учир бид нэмэгдүүлсэн хүү төлөх учиргүй юм. Мөн 2018 оны 6 сарын 19-ний өдрийн АМ2017017-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зээлийн гэрээний хугацаа сунгахын зэрэгцээ эгүүлэн төлөх нийт төлбөрийг 18 830 824 төгрөг байхаар тогтоосон. Үүний учир бид “Х-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 8 505 390 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар хариуцагч “Ц-” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 24 053 214 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 283 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 05-95 УБП улсын дугаартай, МК260H20168 арлын дугаартай цагаан өнгийн “Ниссан кондор” маркийн ачааны автомашин, 05-15 УНЦ улсын дугаартай, WBAZV41090L455746 арлын дугаартай, цагаан өнгийн “BMW” маркийн суудлын автомашиныг хариуцагчаас гаргуулж “Х-” ХХК-д шилжүүлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364 900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Ц-” ХХК-иас 278 216 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Ц-” ХХК нь “Х-” ХХК-тай 2018 оны 6 сарын 19-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгаж, эргүүлэн төлөх зээл болон зээлийн хүүний төлбөр нийт 18 830 824 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Тус гэрээний 2.1-т “зээлдэгч нь үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх үүрэгтэй” хэмээн заасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 5 222 390 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Ц-” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 24 053 214 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож, 05-95 УБП улсын дугаартай, МК260Н20168 арлын дугаартай цагаан өнгийн “Ниссан кондор” маркийн ачааны автомашин, 05-15 УНЦ улсын дугаартай, цагаан өнгийн “ВМW” маркийн суудлын автомашиныг хариуцагчаас гаргуулж “Х-” ХХК-д шилжүүлсэгүй” хэмээн шийдвэр гаргасан. Гэвч уг шийдвэр нь утга агуулгын хувьд алдаатай шийдвэр болсон гэж үзэж байна. Учир нь талууд 2017 оны 7 сарын 25-ны өдөр байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуцийн гэрээ/-ний 3.1.1-т “үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн тохиолдолд хөрөнгийг буцаан өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрхтэй” хэмээн тохиролцсон байдаг. Энэхүү тохиролцооноос үзэхэд фидуцийн гэрээний үүрэг нь зээлийн гэрээний үндсэн үүрэгтэй салшгүй холбоотой байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үлдэгдэл төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд “Х-” ХХК нь фидуцийн гэрээний дагуу өмчлөлд нь шилжүүлсэн эд хөрөнгийг худалдан борлуулж, үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах эрхтэй юм. Гэвч шүүх нь хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 24 053 214 төгрөгийг гаргуулж, мөн дээрээс нь фидуцийн гэрээний зүйл болох хоёр автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлсүгэй хэмээн шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй шударга ёсонд харшилсан шийдвэр болсон. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуцийн гэрээ/-ний 3.1.1-т “үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн тохиолдолд хөрөнгийг буцаан өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрхтэй” хэмээн заасан. Тус хэлцэл нь агуулга хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл юм. Тиймээс бид зээлийн гэрээний үүрэг болох үлдэгдэл төлбөрийг барагдуулмагц фидуцийн гэрээний зүйл болсон автомашины өмчлөх эрхийг өөрт буцаан шилжүүлэн авах эрхтэй ба хариуцагчид биет байдлаар шилжүүлэн өгөх үүрэг хүлээх үндэслэлгүй. Анхан шатны шүүх нь 05-15 УНЦ улсын дугаартай, цагаан өнгийн “BMW” маркийн суудлын автомашиныг хариуцагчаас гаргуулж “Х-” ХХК-д шилжүүлсүгэй хэмээн шийдвэрлэсэн. Гэвч талуудын тайлбар болон хавтас хэргийн баримтуудын хүрээнд тус автомашин нь Ч.Болд-Эрдэнийн шууд эзэмшилд байгаа нь тогтоогдсон. Ч.Болд-Эрдэнэ нь тус автомашиныг зохих үнийг нь төлж, хариуцагч “Ц-” ХХК-иас худалдаж авсан юм. Тус автомашин нь бидний эзэмшилд байхгүй учир шүүхийн шийдвэрийн дагуу гаргаж өгөх боломжгүй. Тиймээс шүүхийн шийдвэрийн зарим хэсэг биелэгдэх боломжгүй гэж үзэж байна. Нөгөө талаас, тус шүүхийн шийдвэрээр автомашиныг эзэмшигч Ч.Болд-Эрдэнийн эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулах ёстой байсан хэмээн үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Х-” ХХК нь хариуцагч “Ц-” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 27 336 214 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч “Х-” ХХК нь хариуцагч “Ц-” ХХК-тай 2017 оны 7 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 30 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, хариуцагч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Түүнчлэн 2017 оны 7 сарын 25-ны өдөр талууд фидуцийн гэрээ байгуулж, хариуцагч “Ц-” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 05-95 УБП улсын дугаартай, цагаан өнгийн “Ниссан кондор” маркийн ачааны автомашин, 05-15 УНЦ улсын дугаартай, цагаан өнгийн “BMW” маркийн суудлын автомашин, 50-36 УН улсын дугаартай, цэнхэр өнгийн “Бобкат” маркийн авто ачигчийг нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна. /хх-ийн 7-11-р тал/

 

Нэхэмжлэгч “Х-” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 27 336 214 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Х-” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч талууд барьцааны гэрээ байгуулсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, харин зохигчид фидуцийн гэрээ байгуулсан байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь ... барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”,

мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр ... үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуугавар болно” гэж тус тус заажээ. 

 

Нэхэмжлэгч нь фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, эсхүл барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаны аль нь болохыг анхан шатны шүүх тодруулах шаардлагатай байсан бөгөөд энэ талаарх зохигчдын тайлбар тодорхой бус, мэтгэлцээгүй байна.

                 

                        Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/03086 дугаар шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 708 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                                                     

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

 

Г.ДАВААДОРЖ