Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ДШМ/56

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Прокурор                                                         Ч.Мөнхзул

Нарийн бичгийн дарга                                     Н.Энхнаран

Шүүгдэгч                                                          ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/347 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1983 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, ******* овогт ******* *******. Урьд:

- Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жил хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан тус шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолооор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2004 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 92 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнссэн суллагдсан,

- Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 9 сар 26 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хорих ялаас чөлөөлөгдсөн,

- Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 11 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 9б-1 тоотод оршин суух *******ын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч гэрийн хөргөгчнөөс мах, цагаан идээ зэргийг авч уутанд хийж улмаар *******ийн гар цүнхийг уудалж эд зүйл хулгайлахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч *******г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/347 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч ******* овогт ******* *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* *******г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 3, 4,  6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 /арван нэг/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон /35/ гучин тав хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******гийн  ******* тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд  даруй хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие 2020.09.29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн газар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдон давхар шалгагдаж байсан тул Эрүүгийн хуульд заасны дагуу хэргээ нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор Дорнод аймгийн шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мөнхзул гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 2020 оны 05 сарын 01-ний өдөр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлахыг завдсан хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн, шүүх мөн оны 11 сарын 06-ны өдөр завдалтаар шийдвэрлэсэн. Хэрвээ шүүгдэгчийн яриад байгаа шиг түүнийг хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан тохиолдолд энэ тухай системд тодорхой тусгагдсан байдаг. Системийн “яллагдагч” гэсэн цэс рүү ороход өмнө нь шийтгэгдэж байсан болон одоогийн байдлаар яллагдагчаар татагдсан, бусад мэдээллүүд тодорхой тусгагдсан байдаг. Одоогийн байдлаар *******г яллагдагчаар татсан талаарх мэдээлэл огт байхгүй. ******* нь тухайн үед оргон зайлж, хаана байгаа нь мэдэгдэхгүй байж байгаад Өмнөговь аймгийн Цогтцэций суманд эрүүлжүүлэгдэж, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах санд бүртгэгдсэн байсан учир энд авчирсан. Тус сумаас *******г хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлэл өгөөгүй. *******гийн яриад байгаа зүйл үнэн бол энэ талаарх мэдээллийг бидэнд өгөх байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Тээвэрчдийн 9б-1 тоотод оршин суух *******ын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, хөргөгчинд нь байсан мах, цагаан идээг авч ууталсан, Н.Сэржмядагийн гар цүнхийг уудалж эд зүйл хулгайлахыг завдсан  гэмт хэрэгт  гэм буруутай нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж  дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, хэргийг зөв зүйлчилсэн.

Шүүгдэгч  *******д оногдуулсан ял шийтгэл   нь түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон. Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 140 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 09 хоногийн ял дээр энэ хэрэгт нь оногдуулсан  1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 11 сар 09 хоногоор тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн байна.

Шүүгдэгч *******гийн давж заалдах гомдолд дурдсан “энэ хэргээ шийдүүлэх үедээ Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт хулгайн хэргээр давхар шалгагдаж байсан” гэх асуудалтай холбоотой ямар нэг нотлох баримт хэрэгт байхгүйн зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ. Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/347 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн гаргасан давж  заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******гийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс  2020  оны 05 дугаар сарын 22-ны хооронд цагдан хоригдсон 46 /дөчин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                              З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                 Л.НАРАНБАЯР