Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/01681

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/01681

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Э төвийн 000 тоотод байрлах М ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: З овогтой Б-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн аваад

Шүүх хуралдаанд оролцогчид:

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г-ийн хүсэлтээр хэргийг эзгүйд хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М ХХК, З.Б-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргажээ.

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

3.Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1.Иргэн З.Б-ийн хүсэлтээр манай компани 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 21/220 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 12.000.000 төгрөгийг, сарын 2.9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, алданги тооцохоор гэрээ байгуулсан.

Гэтэл зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй төлбөрөө төлөхгүй байсан учраас шүүхэд хандахад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2024/00000 дугаартай Шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.

4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, Ж.Г-т олгосон итгэмжлэл, зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, Хаан банкны шилжүүлэгийн мэдээлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2024/00000 дугаартай Шүүгчийн захирамжийг өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.      

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учхаас шүүхэд хандахад хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан гэж тайлбарлав.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй.

 

4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч З.Б-т холбогдуулан 21.751.725 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд нэхэмжлэлд дурдагдсан хаягаар ажиллагаа явуулахад хариуцагч хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

 

6.Иймээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд З.Б мөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2024/00000 дугаартай Шүүгчийн захирамж зэрэг бичгийн баримтаар нотлогдож оршин суух хаяг тодорхойгүй, хаана амьдарч байгаа нь мэдэхгүй байх тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. 

 

7.СР000000 регистрийн дугаартай З.Б, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 52 дугаар байрны 0 тоотод оршин суудаг, гар утасны дугаар 8087-0000 гэх мэдээллийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна. 

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага

болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан З овогтой Б-ийг эрэн сурвалжилсугай.  

2.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.    

 

4.Шийдвэрийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах У.Нямсүрэнд даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА