| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/02087/И |
| Дугаар | 181/ШШ2024/02643 |
| Огноо | 2024-07-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2024/02643
202* 07 02 181/ШШ202*/026*3
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, * тоот хаягт оршин суух, Г овогт М.О /РД:*/-н нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Э-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул оролцож тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн
100.1-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.О нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Э-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие М овогтой О 201* онд М.Э-тэй танилцаад дундаасаа гурван хүүхэдтэй болсон бөгөөд 2021 онд гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдрах хугацаандаа 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр охин Э.Г, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дунд охин Э.Х, 2021 оны * дүгээр сарын 02-ны өдөр бага охин Э.Г нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалж, цаашид хамт амьдрах боломжгүй болж 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс салж тусдаа амьдрах болсон. Би Сүхбаатар дүүргийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгсөн боловч хаяг дээрээ байхгүй гээд буцаагдсан тул М.Э-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Э.Г-ын эрүүл өсөж бойжиж байгаа талаарх Э ӨЭМТ-ийн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 522 тоот тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын * дүгээр сургуулийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолт, М.О-н иргэний үнэмлэхний хуулбар, Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 156/ТБ2023/00020 дугаар Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Э.Х, Э.Г, Э.Г нарын төрсний гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар М.Э-н оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс, Хэнтий аймгийн * багийн Засаг даргаас М.Э нь тухайн хаягт оршин суудаг эсэх талаарх лавлагааг гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч М.О нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Э-г эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.
М.О, М.Э нар нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэрлэсний бүртгэлийн 1119000005 дугаарт бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон байна. Гэрлэгчид хамтран амьдрах хугацаанд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр охин Э.Г, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр охин Э.Х, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр охин Э.Г нарыг төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Иймд М.О, М.Э нарын гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт М.Э-г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Э нь Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум, 3 дугаар багт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Шүүхийн журмаар төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс гаргуулсан иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Хэнтий аймгийн * багийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 157 тоот албан бичгээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.*-т заасны дагуу Ч овогт М.Э /РД:*/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Ч овогт М.Э /РД:*/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ч овогт М.Э /РД:*/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Ч овогт М.Э /РД:*/-ын оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч М.О /утас:-/-д мэдэгдэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ