Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2019/ДШМ/50

 

Л.Н, С.М нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, Прокурор: М.Ариунцэцэг, Шүүгдэгч: Л.Н, Шүүгдэгч С.Мын өмгөөлөгч: Ө.Учрал, Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 287 дугаар шийтгэх тогтоолтой Л.Н, С.М нарт холбогдох 1838007710430 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Мын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, .......... овогт Л-н Н, 1977 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ........../. Монгол Улсын иргэн, .......... овогт С-н М, 1987 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ............/. Шүүгдэгч Л.Н нь 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ............ сумын ............ тоотод оршин суух иргэн С.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодолдон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, зодолдох явцдаа С.Мын эзэмшлийн 42 инчийн LG маркийн зурагтыг гараараа цохиж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 812,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, Шүүгдэгч С.М нь 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ............ сумын ............ тоотод иргэн Л.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, маргах явцдаа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 287 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч .......... овогт С-н Мд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч .......... Л-н Н, .......... овогт С-н М нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Л-н Н, С-н М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.М, Л.Н нар нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н, С.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ. Шүүгдэгч С.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх намайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө намайг хүүхдүүдийн хамт өөрийн гэртээ байхад гаднаас Л.Н орж ирж зодсон үйлдэл болсон. Миний бие өөрийн болон хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж түүнийг эсэргүүцсэн, биеэ хамгаалсан үйлдэл үзүүлсэн байхад анхан шатны шүүх хувийн таарамжгүй харьцааны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Л.Н нь манай гэрт орж ирээд шууд намайг үсдэж, цохиж эхэлсэн байдаг бөгөөд энэ талаар манай хүүхэд Э.А-н “... хаалга дуугарах чимээ гарахаар нь сэрээд харахад ээжийг маань нэг танихгүй эгч үсдээд, өшиглөөд, цохиод байсан. ... Би тухайн үед айсандаа хөнжлөө нөмөрч нуугдаад завсраар нь дахиад харахад гаднаас орж ирсэн эмэгтэй манай ээжийг зодсон” /хх-ийн 34-35/ гэсэн мэдүүлгээр нотлогдох ба манай хүү Э.А үнэн бодит байдлыг мэдүүлсэн нь гэрч Б.Даваадоржийн “Бямбасүрэн бид хоёрыг уг дуудлаган дээр очиход орон дээрээ нэг хүүхэд хөнжил нөмөрчихсөн ... байсан” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдоно. Өөрөөр хэлбэл, миний бие өөрийн болон үр хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалсан ба Л.Н нь шууд намайг үсдэж, зодож эхлэхэд нь би айж сандран түүнийг эсэргүүцэж, биеэ хамгаалсан байхад биднийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.Нын хүч хэрэглэсэн үйлдэл нь бодитой байсан төдийгүй хэрэв миний бие өөрийн болон үр хүүхдийнхээ амь насыг хамгаалахаар түүнийг эсэргүүцэн зогсоогоогүй бол бидний амь нас, эрүүл мэндэд үүнээс илүү хор, хохирол учрах байлаа. Л.Н шууд намайг үсдэж зодож эхэлсэн үйлдлийг эсэргүүцэж зогсоохоос өөр аргаар зайлуулах ямар ч боломжгүй байсан. Учир нь Л.Н нь анхнаасаа намайг зодох гэж ирсэн байсан нь түүний болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч .......... овогт Самбуугийн Мд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээд хохирол учруулсан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэж намайг гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэснийг дурдах нь зүйтэй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Л.Н давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан тайлбартаа: ... С.М нь цагдаагийн газар дуудлага өгсөн ба дуудлагаар ирсэн хүмүүс болсон хэргийн талаар тэмдэглэл үйлдэж авсан байгаа. Н нь намайг зодож зууралдаж байх үедээ LG маркийн 42 инчийн LCD зурагтыг маань тохойгоороо хүчтэй нударч дэлгэцийн нь хагалсан гэх бөгөөд дуудлагын цагдаа нар зурагт эвдэрсэн гэмтсэн зүйл тэмдэглээгүй байдаг. Дуудлагын цагдаа Бямбасүрэн, Даваадорж нар мэдүүлэг дээрээ тухайн үед С.Мын гэрт эвдэрч гэмтсэн зүйл нүдэнд ажиглагдаагүй гэсэн байдаг. ... Гэрч Э.Цолмонзаяа гэх Мын найз мэдүүлэхдээ “... 2018 оны 9 сарын 29, 30-ны өдрүүдэд Мынд хоноход зурагт нь хэвийн ажиллаж байсан...” гэж мэдүүлдэг. Хавтаст хэрэгт М нь хэвийн гарч байгаа болон эвдэрсэн зурагтын зургийг өгсөн байдаг. Хэвийн гарч байгаа байдлыг харуулсан зургийг хэзээ, ямар зорилгоор авсан нь тодорхойгүй, эвдэрсэн зурагтын зураг нь дээд өнцгөөс гэмтсэн байдаг. М нь мэдүүлэгтээ: “... Н нь тохойгоороо хүчтэй нударч хагалсан, одоо манай зурагт гарахгүй байгаа...” гэдэг. Мөлхөө тавилга дээр байгаа 42 инчийн зурагтын гэмтсэн хэсэгт миний биеийн өндөр болон тохойны хэмжээ бодит зүйл дээр тохирохгүй байгаа. Мөн гэрч Мын хүү Э.А нь мэдүүлэгтээ: “...тэр эгч манай зурагтыг гараараа цохьчихоод гараад явсан...” гэдэг. С.М нь аав, хүү, ахан дүүсээрээ, найз нөхдөөрөө гэрч хийж зохиомол тэс зөрүүтэй мэдүүлэг өгч намайг гүтгэн гэм буруутан болгож цагдаа хууль хяналтын байгууллагуудыг тохуурхаж байгаад харамсаж байна гэжээ. Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэх саналтай байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 267 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч С.Мыг 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ............ сумын ............ тоотод иргэн Л.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, маргах явцдаа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Ныг 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ............ сумын ............ тоотод оршин суух иргэн С.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, маргах явцдаа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, зодолдох явцдаа С.Мын эзэмшлийн 42 инчийн LG маркийн зурагтыг гараараа цохиж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 812,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Нын бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр, шүүгдэгч С.М, Л.Н нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт “шүүгдэгч нар нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж” гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч тус бүрийн хэн алинаас гаргуулж шийдвэрлээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ...”, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл”-ийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т “...хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд ямар хэмжээгээр хийх”, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл”-ийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэж тус тус хуульчилсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байхад хохирлыг шийдвэрлээгүй орхигдуулсан ба ямар учраас хохирол шийдээгүй орхисон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг залруулсныг хууль бус гэж үзнэ. Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч С.М гардаж авснаас хойш давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо шүүгдэгчийн ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэрийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт буруу бичсэн талаар дурджээ. Гэтэл энэ талаар залруулга хийх нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал биш бөгөөд шүүгдэгчийн ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэрийг буруу бичсэнийг нь техникийн шинжтэй алдаа гэж үзэхгүй. Харин илт хайхрамжгүй хандсан алдаа байна. Иймд энэ төрлийн алдааг цаашид гаргахгүй байхад анхан шатны шүүх анхаарах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 2. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3- т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                      С.ЦЭЦЭГМАА

                                                                    Н.БАЯРХҮҮ