Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2023/0801

 

 

 

 

 

 

 

 

    2023          11            01                                   128/ШШ2023/0801

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Монноос” ХК /РД:2076632/,

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референт, Улсын байцаагч Э.Эрдэнэтуяа нарын хоорондын зөрчлийн хэрэг дэх 0215171, 0215172 дугаар шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагч Э.Эрдэнэтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэвэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч нь Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референт, Улсын байцаагч Э.Эрдэнэтуяагийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0215171, 0215172 дугаар шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болгуулах  тухай шаардлага бүхий гомдлыг анх 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гаргасан.

2. Шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШЗ2023/3074 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

3. Гомдол гаргагч “Монноос” ХК-аас шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Эрх бүхий албан тушаалтнаас маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “Монноос” ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаар тушаалаар баталсан газар дээрх шалгалтын удирдамжийн хүрээнд шалгалтад шаардлагатай материалыг ирүүлээгүй, Үнэт цаасны зах зээлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 11.10.8 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэн 20,000,000 төгрөгийн торгууль, мөн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0215172 дугаар шийтгэлийн хуудсаар “Монноос” ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаар тушаалаар баталсан газар дээрх шалгалтаар Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлбэл зохих 2021, 2022 оны жилийн эцсийн аудитын тайлан, санхүүгийн тайланг ирүүлээгүй, үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 11.10.3 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэн 20,000,000 төгрөгийн торгууль тус тус ногдуулсан юм.

Улсын байцаагчийн дээрх шийтгэлийн хуудаснуудыг тус тус хүчингүй болгуулахаар дор дурдсан хуулийн үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

3.1. Зөрчлийн бүрэлдэхүүн хангагдаагүй.  Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинжийг тогтоолгүй, хууль зүйн үндэслэлгүйгээр “Монноос” ХК-ийг зөрчил үйлдсэнд тооцож, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байдаг.

2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0215171 дугаар шийтгэлийн хуудаст “Монноос” ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 48 дугаар тушаалаар баталсан газар дээрх шалгалтын удирдамжийн хүрээнд шалгалтад шаардлагатай материалыг ирүүлээгүй, Үнэт цаасны зах зээлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 11.10.8 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэжээ.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хөрөнгийн бирж хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй, эсхүл үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй, эсхүл эрх бүхий байгууллагын даалгаврыг тогтоосон хугацаанд заавал биелүүлж, гүйцэтгэлийг зохих журмын дагуу тайлагнах үүргээ биелүүлээгүй, эсхүл компанийн нэгдлийн гишүүн зохицуулалттай этгээд тухайн компанийн нэгдлийн бусад гишүүд эрх бүхий байгууллагын шаардсан шаардлагатай мэдээллийг гаргаж ирүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 48 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Монноос” ХК-ийн үйл ажиллагаанд хийх газар дээрх хяналт шалгалтын удирдамжид 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны Хороонд ирүүлсэн мэдээлэл болон зохицуулалтын байгууллагад хадгалагдаж буй санхүүгийн тайлан, холбогдох баримт бичиг, шийдвэрт зэрэгт үндэслэн шалгалтыг гүйцэтгэхээр заасан байдаг. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. Хороо буюу Хорооноос эрх олгосон этгээд зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдээс тодорхой төрлийн буюу тусгайлан заасан мэдээлэл, санхүүгийн болон бусад баримт бичиг гаргаж өгөхийг тусгасан байх шаардлагатай байна.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 48 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Монноос” ХК-ийн үйл ажиллагаанд хийх газар дээрх хяналт шалгалтын удирдамж”-д шалгагдагч буюу “Монноос” ХК-аас ямар нэг баримт материал ирүүлэхийг шаардсан, үүрэг болгосон талаар дурдаагүй бөгөөд шаардлагатай аливаа мэдээлэл, баримт бичиг гаргаж өгөхийг шаардсан албан бичиг ирүүлээгүй, манай байгууллагын зүгээс эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй ямарваа нэг үйлдэл, эс үйлдэл гаргаагүй болно. Иймд  “Монноос” ХК-ийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 11.10.8 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэнд тооцох үндэслэлгүй буюу зөрчлийн бүрэлдэхүүн хангагдаагүй байхад зөрчил үйлдсэнд тооцон торгуулийн шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.2. 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0215272 дугаар шийтгэлийн хуудсаар “Монноос” ХК нь хорооны даргын 2023 оны 48 дугаар тушаалаар баталсан газар дээрх шалгалтаар Хороонд ирүүлбэл зохих 2021, 2022 оны жилийн эцсийн аудитын тайлан, санхүүгийн тайланг ирүүлээгүй тул үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 11.10.3 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзжээ.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Хууль тогтоомжид заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.   “Монноос” ХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. Манай байгууллагын зүгээс 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2021 оноос 2022 онд хамаарах баримт, материалуудыг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн билээ. Мөн 2022 онд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газар, Үнэт цаасны газраас жижиг хувьцаа эзэмшигчийн гомдлын дагуу хийсэн хяналт шалгалтын хүрээнд шаардсан хувьцаа эзэмшигчийн хуралтай холбоотой материал, үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлан баланс зэрэг баримт материалуудыг хуулийн хугацаанд хүргүүлж байсан. Гэтэл Хороонд ирүүлбэл зохих 2021, 2022 оны жилийн эцсийн аудитын тайлан, санхүүгийн тайланг ирүүлээгүй тул үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 11.10.3 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэнд тооцох үндэслэлгүй буюу зөрчлийн бүрэлдэхүүн хангагдаагүй байхад зөрчил үйлдсэнд тооцон торгуулийн шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.3. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хуульд нийцээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой гэж үзээд, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гэтэл эрх бүхий албан тушаалтны 2023 оны 0215171, 0215172 дугаар шийтгэлийн хуудсаар тус тус  “Монноос” ХК-аас ямар нэгэн тайлбар гаргах боломж олголгүйгээр зогсохгүй хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасан үндэслэлд тогтоогдоогүй байхад зөрчлийн хэрэг бүртгэлт явуулаагүй шийтгэл оногдуулсан нь хууль бус шийдвэр болно.  Тодруулбал, “Монноос” ХК нь зөрчил үйлдсэн эсэх нь тогтоогдоогүй буюу зөрчлийн бүрэлдэхүүн хангагдаагүй, бидний зүгээс зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч буйгаа аливаа хэлбэрээр илэрхийлээгүй байхад бодит байдлыг тодруулалгүйгээр, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж, холбогдогчийн тайлбар саналыг авалгүйгээр шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудаснууд нь хууль зүйн үндэслэлгүй буюу хууль бус шийдвэр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1. “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж зааснаар эрх бүхий албан тушаалтны 2023 оны №0215171, №0215172 дугаар шийтгэлийн хуудаснууд нь хууль бус байх тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн 0215171, 0215172 дугаартай шийтгэлийн хуудаснуудыг Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10.3, 11.10.8-д заасныг үндэслэж гаргасан байдаг. Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10.3. “Хууль тогтоомжид заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Тус хуулийн 11.10.8. “Хөрөнгийн бирж хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй, эсхүл үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй, эсхүл эрх бүхий байгууллагын даалгаврыг тогтоосон хугацаанд заавал биелүүлж, гүйцэтгэлийг зохих журмын дагуу тайлагнах үүргээ биелүүлээгүй, эсхүл компанийн нэгдлийн гишүүн зохицуулалттай этгээд тухайн компанийн нэгдлийн бусад гишүүд эрх бүхий байгууллагын шаардсан шаардлагатай мэдээллийг гаргаж ирүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчлийг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой заасан. Шийтгэлийн хуудсаар  зөвхөн торгууль ноогдуулсан байгааг харахад энэхүү зөрчлийг   үйлдсэн эсэхийг бодитой тогтоож чадаагүй байна. Хууль бусаар олсон хөрөнгө, орлого хураах шийтгэл ноогдуулаагүй зөвхөн торгуулийн арга хэмжээ авсан. Хуулийн зохицуулалтын агуулга нь зөрчил үйлдэж хууль бусаар хөрөнгө, орлого олсон байх ёстой гэсэн шинжийг агуулж байдаг. Гэтэл шийтгэлийн хуудсаар хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураагаагүй. Зөвхөн  торгууль ноогдуулсан байх тул зөрчлийн шинжгүй. Зөрчлийн шинжгүй байхад хийсвэрээр оюун дүгнэлт хийж шийтгэлийн хуудсаар шийтгэл ноогдуулсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг ямар үндэслэлээр хялбаршуулсан журмаар явуулж байгаа нь тодорхойгүй. Хэрэгт авагдсан гүйцэтгэх захирлын итгэмжлэлээр Б.Алтангэрэл гэх хүнээс 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр авсан холбогдогчийн мэдүүлэгт дурдсанаар “2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нягтлан бодогчийг н.Энхцэцэг ирж тодруулга өгөх талаар мэдэгдэж байгаа” талаар Б.Алтангэрэлд хэлсэн. Энэ нь  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байгааг харуулж байна. н. Энхцэцэгээс мэдүүлэг авах гэж байгаа хэр нь Б.Алтангэрэлээс мэдүүлэг авсны дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 0215171, 0215172 дугаартай шийтгэлийн хуудас үйлдсэн. Б.Алтангэрэлээс гэрчийн мэдүүлэг авахад оролцогчийн зүгээс асуулт асуухдаа танаас мэдүүлэг авч, шууд шийтгэлийн хуудас үзүүлсэн үү?, тийм бол шийтгэлийн хуудаст тамга дарж  гарын үсэг зурсан байсан эсэх талаар асуухад Б.Алтангэрэл тамга дарсан байсан гэдэг тайлбар өгсөн. Энэ байдлаас харахад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй. Урьдчилан шийдвэр гаргасан байсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хууль зүйн үндэслэлийг хангах үүднээс нэр төдий оролцогчийг асуусан мэтээр дүр үзүүлсэн. Иймд зөрчлийн шийтгэлийн хуудас хууль бус байх тул хүчингүй болгож өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар хэлэхдээ 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн дотор гаргаж өгөх талаар мэдэгдсэн гэж хэлж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэж шийтгэлийн хуудас 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гарсан. Зөрчлийн хэргийг шалгаад байна уу?, Санхүүгийн зохицуулах хороо Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан хяналт шалгалтын ажил хийгээд байна уу? гэдэг нь тодорхойгүй нөхцөл байдал шүүх хуралдааны явцад тодорхой болж байна. н.Энхцэцэг нягтланд 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дотор ирж тайлан мэдэгдэл өгөхийг мэдэгдсэн. Гэтэл н.Энхцэцэг нягтланг ирэхээс өмнө буюу 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шийтгэлийн хуудас гарсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бодитой явагдаагүй гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтаас харахад зөрчил нь хууль бус орлого олсон, хохирол учруулсан байхыг шаардаж байгаа. Гэтэл шийтгэлийн хуудсаар хууль бус орлогыг хураах шийтгэл ноогдуулаагүй, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шийтгэл ноогдуулаагүй байх тул тус зөрчил бодитой үйлдэгдээгүй. Зөрчил гэх зүйл байхгүй гэж үзэж байна. Хуулийн зохицуулалтаас харахад хурааж, торгууль ноогдуулна гэж байгаа. Зайлшгүй энэ шийтгэлийн төрлийг хэрэглэх нөхцөл бүрдсэн тохиолдолд зөрчил үйлдэгдсэн гэж үзнэ. Тэр нөхцөлд тус хоёр шийтгэлийг давхардуулан хэрэгжүүлнэ. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн шийтгэлийн хуудас Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бодитойгоор явуулаагүй өөрсдийн тогтоож өгсөн хугацаанаас өмнө хийсвэр дүгнэлтээр зөрчил үйлдсэн мэтээр хялбаршуулсан журмаар ажиллагаа явуулж шийтгэлийн хуудас үйлдсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан хэм хэмжээний зохицуулалтын дагуу явагдаагүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5. “эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн бол даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасан. Ингэснээр шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр байх нөхцөлийг хангана. Гэтэл прокурорын нэгдэн бүртгэлд бүртгүүлсэн баримт хэрэгт авагдаагүй. Иймд тус шийтгэлийн хуудаснуудаар “Монноос” ХК-д шийтгэл хуудас ноогдуулах нь хууль бус гэж үзэж байна” гэв.

5. Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Зөрчлийн тухай хууль 2017 онд Улсын Их Хурлаар батлагдаад  2017 оны 07 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Улсын байцаагч нар тус хуулийг хэрэглээд 6 жил болж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг 6 жилийн хугацаанд хэрэглэж сурсан болов уу? гэж найдаж байсан. Гэвч тухайн нөхцөлд хууль хэрэгжүүлж, зарчим удирдлага болгосон асуудал гарч ирээгүй байна. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагаа ярихдаа хэлсэн. Маргаан бүхий бодит нөхцөл байдлыг тогтоосон зүйл талуудаас байхгүй. Шийтгэлийн хуудас ирээгүй, материал гаргаж өгөөгүй гэдэг талаар шийтгэлийн хуудаст тусгасан үйлдэл ил байгаа. Иймд Зөрчлийн тухай хууль болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиудыг зөрчсөн хууль бус захиргааны акт буюу тус 0215171, 0215172 дугаартай шийтгэлийн хуудас гаргасан байна.

Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2. “хууль ёсны зарчим” гэж заасан. Үүнд зөрчлийн шинжийг энэ хууль бусад хууль  захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно гэж заасан. Шударга ёсны зарчимд тус хуулийн  1.3 дугаар зүйлийн 1.3 дугаар зүйлийн 1. “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна. Тус хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1. “хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл хууль тогтоогчоос зөрчил гэж юу вэ, ямар зарчмыг удирдлага болгох талаар заасан. Зөрчилд тавигдах шинж нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэм хэмжээнд тохирсон байна. Уг зөрчлийн шинж нь хохирол гэх зүйлийг зайлшгүй байхыг шаардаж байгаа. Зөрчлийн шинж гэдэг Зөрчлийн болон Эрүүгийн хэргийн бүрэлдэхүүний тухай асуудал яригдах ёстой. Гэтэл шийтгэлийн хуудаст дурдсан зөрчилд хохирол шаардаж байгаа учир материаллаг бүрэлдэхүүнтэй байхыг шаардаж байна. Мөн нийгмийн хор аюулын тухай яригдах ёстой. Хариуцагч талаас шалгалтын явцад холбогдох баримтыг гаргаж өгөөгүй, тайлан ирүүлээгүй, биржид бүртгэлтэй байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн 3 төрлийн зөрчил үйлдсэн гэж хэлж байна. Гаргасан зөрчил заавал материаллаг үр дагавар шаардаж байна.  Энэ зүйл хаана байгаа вэ гэж хариуцагч талаас асуухад байхгүй, тодорхойлох боломжгүй гэж хэлсэн. Хуульд заасан хамгийн гол шаардлага болох хохирол гэдэг зүйл нь байхгүй байна. Хуульд зааснаар зөрчлийн бүрэлдэхүүнийг хангахгүй байна. Тавигдаж байгаа шаардлагыг биелүүлэхгүй байгаа нь нийгмийн амьжиргаа хэм хэмжээнд аваад үзэхэд зөрчлийн шинжийг агуулахгүй байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн шийтгэлийн төрөл дээр торгох шийтгэл гэж байгаа. Зөрчил үйлдсэн хуулийн этгээд зөрчил шийтгэл оногдуулахад зөрчил гаргагчийн хөрөнгийг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана гэж байгаа. Зохицуулалт дээр хууль бус орлого гэдэг үг хамт байгаа учир бүрэлдэхүүнтэй гэж үзэж байна.  Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10.3-т орлогыг  хурааж, учруулсан хохирол гэж заасан. Тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10.8-т мөн адил хууль бусаар олсон хөрөнгө, учруулсан хохирлыг гаргуулж гэж байгаа. Зөрчлийн шийтгэлийн хувьд салшгүй холбоотой учир энэ хэрэгт гаргасан зөрчил Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжийг агуулахгүй байна. Зөрчил үр дагаврын хооронд зайлшгүй шалтгаант холбоо байгаа. Гэтэл шаардлага хангагдаагүй байхад шийтгэлийн хуудас оногдуулсан нь үндэслэлгүй. Тус шийтгэлийн хуудас хууль зөрчиж гарсан шийдвэр гэж үзэж байна. Мөн хариуцагч талаас хялбаршуулсан журмаар шийдсэн байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд  зөрчил үйлдэгдсэн нь нотлох баримтаар тогтоогдож, зөрчил үйлдэгдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн бол гэж заасан. Дахин хууль бус орлогын асуудал  байна. Шүүгчээс асуусан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэлийн хувьд зөрчилд холбогдсон этгээдийг албан ёсоор төлөөлөх эрхтэй этгээд мөн үү, биш үү гэж асуусан. Гэтэл энэ талаараа баримт байхгүй хэр нь өмнө нь бид уулзаж байсан гэдэг утгаар хэлж байна. Төрийн албаны хүн шүүх хуралдаан дээр ингэж хэлж болохгүй. Холбогдох хуулийн хүрээнд хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн дүүрэн хангасан тохиолдолд хариуцлага тооцож байгаа эрхийн акт нь хууль ёсны шаардлагыг хангасан, хуульд нийцсэн баримт бичиг байх учиртай. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчлийн хэрэг нээхгүй тохиолдолд зөрчлийн шинжгүй гэж байгаа. Гаргаж буй зөрчил нь хуульд заасан зөрчлийн шинж, зөрчлийн бүрэлдэхүүнийг хангаж байгаа юу, үгүй юу гэдгийг тогтоосон бол энэ асуудал тодорхой байх байсан. Гэвч энэ талаар хариуцагч байгууллага ажиллаж чадаагүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүслээ гэж үзэж байна.  Хууль зөрчсөн захиргааны акт тул маргаан бүхий захиргааны актыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...“Монноос” ХК-д Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаар захирамжаар баталсан удирдамжийн дагуу үйл ажиллагаанд нь хяналт шалгалт хийсэн. Газар дээрх хяналт шалгалттай холбоотой удирдамжийг Хорооны ажлын хэсгийн улсын байцаагч О.Нарантуяа тус компанийн гүйцэтгэх захирал.Эрдэнэбаярын 91109033 утсаар түүний цахим хаягаар урьдчилан хүргүүлсэн. Гүйцэтгэх захиралтай нь холбогдож шалгалтаар ажиллах нөхцөл боломжоор хангахыг хүсэхэд манайх өөрийн гэсэн ажлын байргүй, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга болон нягтлан бодогч нарт  удирдамжийг хүргүүлсэн. Шаардлагатай баримт материалыг хүргүүлж ажиллах  болно гэж хэлсэн. Шалгалтын ажлыг 3 гишүүний бүрэлдэхүүнтэй явуулсан. Шалгалтын ажлын гишүүнээс төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичиг шалгалттай холбоотой баримтыг ирүүлэхийг “Монноос” ХК-д мэдэгдсэн байдаг. Манай компанийн өөрийн гэсэн ажлын байргүй түрээсийн байранд Монгол улсын Их сургуулийн хоёрдугаар байрны урд байрлаж байгаа тул тэнд оч гэж хэлснээр Монгол улсын Их сургуулийн хоёрдугаар байрны урд байрлах “Ти ди си” ХХК-ийн  гуравдугаарт давхрын 302 тоот өрөөнд очсон.  Тухайн үед “Монноос” ХК-ийн ерөнхий нягтлан бодогч н.Энхцэцэг болон төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нар байсан. “Монноос” ХК-ийг төлөөлж байгаа хүмүүс шалгалтын ажлын хэсэгт 2020-2022 оны хувьцаа эзэмшигчдийн орлогын материал болон холбогдох банкны гэрээний хуулбаруудыг гаргаж өгсөн. Тус баримтууд өмнө нь Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн баримтууд байсан бөгөөд шалгалтад шаардлагатай баримт буюу удирдамжид заасан санхүүгийн анхан шатны баримт, банкны хуулга зэргийг гаргаж өгөөгүй тул 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг дотор гаргаж өгөхийг үүрэг болгосон.  Үүний дагуу “Монноос” ХК-аас 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2021-2022 оны 42 хуудас банкны хуулга болон хурлын тэмдэглэлийг ажлын хэсэгт гаргаж өгсөн. Үүнд санхүүгийн болон анхан шатны баримтыг ирүүлээгүй. н.Энхцэцэг, н.Тунгалаг гэх хүмүүс рүү удаа дараа санхүүгийн тайлан ирүүлэх талаар мессеж бичсэн. Мессеж нь гар утсанд үзлэг хийсэн баримтаар хавтаст хэрэгт авагдсан. “Монноос” ХК-д оногдсон 0215171, 0215172 дугаартай шийтгэлийн хуудас хялбаршуулсан журмаар зөрчлийг нь шалган шийдвэрлэж оногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол эрх бүхий албан тушаалтан газар дээр эсвэл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гэж заасан.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд Үнэт цаас гаргагчийн нийлэг үүрэг,  20.1.6. “хагас жилийн болон Хороонд бүртгэлтэй аудитын байгууллагаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хугацаанд Хороо болон хөрөнгийн биржид хүргүүлнэ” гэж заасан. Энэ үүргийг Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10.3. “Хууль тогтоомжид заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Тодорхой нөхцөлийг заасан бөгөөд хуульд заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй бол гэсэн урьдчилсан нөхцөлтэй.

Иймд “Монноос” ХК  нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6-т зааснаар санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан хагас жилийн болон жилийн эцсийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулж Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлээгүй. Хяналт шалгалт хийх явцад 2019 оноос 2022 оны санхүүгийн тайланг ирүүлээгүй гэдэг нь тодорхой байсан. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны программд үзлэг хийсэн, хөрөнгийн биржийн сайттай танилцах зэрэг холбогдох үзлэгийг хийж танилцсан байгаа. Зөрчил үйлдсэн гэдэг тодорхой байсан тул Зөрчлийн хэрэг бүртгэл явуулах шаардлагагүй учир хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.1. “эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ” гэж заасан. Иймээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1 дэх хэсэгт заасан тохиолдолд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх тохиолдолд хамаарч байгаа учир зөрчлийн хэрэг бүртгэл нээх ажиллагаа хийгдээгүй.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10.8-д хэд хэдэн урьдчилсан нөхцөлийг тодорхойлж өгсөн. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу “Монноос” ХК шалгалтад шаардлагатай баримт, материалыг шалгалтын ажлын хэсэгт гаргаж өгөх үүрэгтэй байсан. Улсын байцаагч нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн хуульд заасан холбогдох заалтуудаар тус баримтуудыг гаргаж өгөхийг шаардах эрхтэй. Шалгалтад хамрагдаж байгаа байгууллага санхүүгийн тайлангаа гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл “Монноос” ХК шалгалтад заагдсан санхүүгийн тайлан, болон бусад материалыг гаргаж өгөөгүй бөгөөд удаа дараа шаардахад “өгөх гэж байна” гэж хэлдэг байсан. Өнөөдрийг хүртэл санхүүгийн тайлангаа гаргаж өгөөгүй зөрчил нь арилаагүй нөхцөл байдалтай байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10.8-д заасан үнэт цаасны зах зээлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр “Монноос” ХК-ийг торгосон. Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3.2. “энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан байдаг. Хэдийгээр хяналт шалгалтын удирдамжийн дагуу Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх ёстой санхүүгийн тайлан мэдээг ирүүлээгүй, шалгалтын явцад шаардлагатай баримт материалыг гаргаж өгөөгүй гэж яригдаж байгаа боловч Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан 2  өөр зөрчил илэрсэн. Иймд тус тусад нь зөрчлийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Тухайн үед зөрчлийн хуудас ирж ав гэдгийг “Монноос” ХК-ийн гүйцэтгэх захиралд мэдэгдсэн боловч компанийн гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл гэх төлөөлөгчөө явуулсан. Санхүүгийн зохицуулах хороонд Б.Алтангэрэл апликейшнаар дамжуулж итгэмжлэл явуулсан гэж байцаагчид үзүүлсэн. Тус утсан дээрх итгэмжлэлийг скриншот хийж авсан байдаг. Тус баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Итгэмжлэлээ цаасаар өгөх талаар шаардахад “Монноос” ХК-аас Б.Алтангэрэлд цаасаар 1 хувь өгсөн тул манайд 1 хувь үлдээгүй байгаа талаар бичгээр хариу өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан Б.Алтангэрэлийн гэрчийн  мэдүүлгээс үзэхэд “би юу ч мэдэхгүй, дүгнэлт байгаа гэхээр нь очиж авсан. Ямар учиртай баримт дээр гарын үсэг зурж авсан талаараа ойлгохгүй байна” гэж мэдүүлсэн байдаг. Өмнө нь “Монноос” ХК-ийн гүйцэтгэх захирлын итгэмжлэлтэйгээр хяналт шалгалтад оролцож байсан. Ямар эрх зүйн баримт бичиг авч явж байгаа гэдгээ маш сайн ойлгож байсан. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ямар нэгэн ажиллагаа явуулах шаардлагагүй зөрчил үйлдэгдсэн нь тодорхой байх тул хялбаршуулсан журмаар шийдсэн.

Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хууль тогтоомжид заасан үнэт цаас гаргагч нийтлэг үүрэг хэрэгжүүлээгүй бол гэж байгаа. Энэ үндэслэлд хамаарахгүй гэж гомдол гаргагч талаас хэлж байна. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг тодорхой зааж өгсөн байгаа. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Хэрэгжүүлээгүй бол гэдэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй зөрчил байна. Энэ үүргийг хэрэгжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураан гэж байгаа. Санхүүгийн тайлангаа ирүүлээгүйгээс болж танайх ямар орлого олж ямар хохирол учирсан талаар тодорхойлох боломжгүй, тус зөрчил дээр заавал хөрөнгө орлогыг хурааж учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулах шаардлага байхгүй. Гаргасан зөрчлийн шинж байдал тодорхой. Зөрчлийн тухай хуулиар хуулийн тодорхой санкцитай хүнийг 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 20,000 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр гэж хуульчилж өгсөн. Бид нарт торгуулийн хэжээг  бууруулах өөрчлөх эрх байхгүй. “Монноос” ХК хуулийн этгээдийн хувьд санхүүгийн тайлангаа ирүүлэх ёстой байсан. 2019-2022 оны санхүүгийн тайлангаа ирүүлээгүй гэдэгт  гомдол гаргагч талаас маргахгүй гэдгээ шүүх хуралдааны явцад хэлсэн. Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт үнэт цаас гаргагч, үнэт цаасны зах зээлд оролцогч гэж байгаа. Үнэт цаасны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол гэж байгаа. Хохирол учирсан байхыг шаардаагүй. Биелүүлээгүй гэдэг хэлбэрийн бүрэлдэхүүнээр дуусаж байна. Шалгалтаар баримтаа ирүүлэхгүй байхад олсон орлогыг яаж тогтоох вэ, тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Манай компанид өндөр торгууль оногдуулж  үйл ажиллагаа явуулах боломжгүй болголоо гэж гомдол гаргагч талаас хэлж байна. Зөрчлийн тухай хуульд заасан хууль тогтоогчийн тогтоосон шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зөрчлийн үйлдэл тодорхой, зөрчлийг нотлох шаардлага байхгүй. “Монноос” ХК Санхүүгийн зохицуулах хороонд 2019-2022 онд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.6-д заасан хагас жилийн болон жилийн эцсийн тайланг ирүүлээгүй гэдэг маш тодорхой үйл баримт байгаа. Үүнийг нотлоод байх шаардлагагүй. Шүүх Санхүүгийн зохицуулах хорооны баримт бичигт үзлэг хийсэн. Энэ талаар хэрэгт тодорхой дурдагдсан байгаа.  Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан уу?  хяналт шалгалтын ажил явуулсан уу? гэж гомдол гаргагч талаас асуулаа. Зөрчил үйлдсэн нь нэгэнт тодорхой байсан учир хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан. Энэ нь биднийг хяналт шалгалтаа цааш үргэлжлүүлэхэд саад болохгүй. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад болохгүй. Өнөөдрийг хүртэл “Монноос” ХК санхүүгийн тайлангаа ирүүлээгүй байна.

Иймд гомдол гаргагчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Гомдол гаргагч нь “...эрх бүхий улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0215171, 0215172 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагаа дэмжсэнийг шүүх, гомдлын шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гомдлыг хариуцагчаас эс зөвшөөрч шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актуудыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл тодорхой хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

2. Гомдол гаргагч “Моноос” ХК нь ноос угаах үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан, регистрийн 2076632 дугаарт, улсын бүртгэлийн 9010001057 дугаарт бүртгэгдсэн, хувьцаат компанийн хэлбэртэй, энэ утгаараа Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу үнэт цаас гаргагч гэдэгтэйгээ маргахгүй, харин гомдол гаргагч нь дээрх хоёр шийтгэлийн хуудсыг маргаан бүхий захиргааны актаар нэрлэн зааж, “зөрчлийн бүрэлдэхүүн хангагдаагүй, зөрчлийн шинжийг тогтоогоогүй, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” зэргээр маргаж байна.

3. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Шалгалтын удирдамж батлах тухай” 48 дугаар тушаалын нэг дэх заалтаар “Монноос” ХК-ийн үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт болон мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээрх эрсдэлд суурилсан газар дээрх хяналт шалгалтыг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг дуусталх хугацаанд хийх шалгалтын удирдамжийг баталж, хоёр дахь заалтаар газар дээрх шалгалтын дүгнэлтийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч Э.Эрдэнэтуяад үүрэг болгосноор,

4. Шалгалтад хамрагдсан “Монноос” ХК-ийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2. “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Хорооноос гаргасан шийдвэрийг үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд биелүүлэх үүрэгтэй гэснийг биелүүлээгүй, 2019-2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт Хороонд хүргүүлээгүй нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6. “хагас жилийн болон Хороонд бүртгэлтэй аудитын байгууллагаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хугацаанд Хороо болон хөрөнгийн биржид хүргүүлэх” гэснийг биелүүлээгүй, олон нийтэд нээлттэй компани болсноос хойших хугацааны хувьцаа эзэмшигчдийн хурлын материал, компанийн үйл ажиллагааны тайлан, ногдол ашиг тараахтай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлдэггүй зэргээр дүгнэж, тус компанийн үйл ажиллагаанд хийсэн газар дээрх шалгалтын тайлангийн дүгнэлтэд тусгажээ.

5. Дээрх шалгалтын дүнгээр, эрх бүхий улсын байцаагчийн зүгээс 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0215171 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар 20,000,000 /хорин сая/ торгох, мөн өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0215172 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 20,000,000 /хорин сая/ торгох шийтгэлийг тус тус “Монноос” ХК-д оногдуулжээ.

6. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйл. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль зөрчих. 11.10 дугаар зүйлийн 3. “Хууль тогтоомжид заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 11.10 дугаар зүйлийн 8. “Хөрөнгийн бирж хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй, эсхүл үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй, эсхүл эрх бүхий байгууллагын даалгаврыг тогтоосон хугацаанд заавал биелүүлж, гүйцэтгэлийг зохих журмын дагуу тайлагнах үүргээ биелүүлээгүй, эсхүл компанийн нэгдлийн гишүүн-зохицуулалттай этгээд тухайн компанийн нэгдлийн бусад гишүүд эрх бүхий байгууллагын шаардсан шаардлагатай мэдээллийг гаргаж ирүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсны “хууль тогтоомжид заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй”, “үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй” гэх зөрчлийг гаргасан хэмээн шийтгэл оногдуулсан байна.

7. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20. “...“үнэт цаас гаргагч” гэж энэ хуульд заасны дагуу үнэт цаасны зах зээлд арилжих үнэт цаасаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн, эсхүл бүртгүүлэх хүсэлт гаргаж байгаа этгээдийг”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол үнэт цаас гаргагч дараах нийтлэг үүрэгтэй байна”, 20.1.2. “үнэт цаасны арилжаатай холбоотой мэдээ, тайланг холбогдох аргачлал, маягтын дагуу үнэн зөв гаргаж тогтоосон хугацаанд Хороонд хүргэх, нийтэд мэдээлэх”, 20.1.6. “хагас жилийн болон Хороонд бүртгэлтэй аудитын байгууллагаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хугацаанд Хороо болон хөрөнгийн биржид хүргүүлэх” гэж заасан ба хариуцагч улсын байцаагчаас дээрх нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3. “хууль тогтоомжид заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй...” гэх зөрчилд хамаарна гэж, гомдол гаргагч уг зөрчлийг гаргасан гэж үзсэн.

8. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16. “...“үнэт цаасны зах зээлд оролцогч” гэж үнэт цаас гаргагч, зохицуулалттай этгээд болон хөрөнгө оруулагчийг” гэж зааснаар гомдол гаргагч хувьцаат компани нь үнэт цаас гаргагчийнхаа хувьд үнэт цаасны зах зээлд оролцогч болох ба нөгөө талд нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1. “Үнэт цаасны зах зээл дэх төрийн зохицуулалт, хяналтыг хэрэгжүүлэгч байгууллага нь Хороо байна”, 62.2. “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Хорооноос гаргасан шийдвэрийг үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар хяналт шалгалтыг хэрэгжүүлэх бүрэн эрх Санхүүгийн зохицуулах хороо, түүний улсын байцаагчид байх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 8. “..., эсхүл үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй...” гэх зөрчлийг илрүүлж, шийтгэл оногдуулахдаа гомдол гаргагчийг Хорооны даргын тушаалаар батлагдсан удирдамжийг биелүүлээгүй гэж буруутгасан.

9. Шүүх, Зөрчлийн тухай хуульд харьяалуулан заасан зөрчилд тооцох, шийтгэл оногдуулах замаар шударга ёсыг тогтоохын тулд эрх бүхий албан тушаалтны зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.18-д заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар холбогдогчийг тогтоох, 3.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хуулийн этгээд түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, түүнчлэн мөн хуулийн 4.8 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг авах, 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчлийн хэргийг прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зэргээр гүйцэтгэсэн авч,

10. Тухайлбал, эрх бүхий албан тушаалтан Э.Эрдэнэтуяа 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Батжаргал овогтой Алтангэрэл РД/УС81032552/-ийг холбогдогчийн төлөөлөгчөөр тогтоож мэдүүлэг авсан авсан.

10.1. “Монноос” ХК-г төлөөлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх олгосон 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №08/23 дугаар итгэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хавтаст хэрэгт авагдаагүй учир тус шүүхээс Б.Алтангэрэлд олгосон итгэмжлэлийг ирүүлэхийг шаардахад 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Монноос” ХК-аас ирүүлсэн 27/23 дугаар албан бичигт “...08/23 дугаар бүхий итгэмжлэлийн хувийг компанийн албан бичгийн бүртгэлд авч үлдээгүй, баримтыг Б.Алтангэрэлд эх хувиар өгсөн байх тул шүүхэд гарган өгөх боломжгүй” гэж,

10.2. Хариуцагч Э.Эрдэнэтуяагаас 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Б.Алтангэрэлийн итгэмжлэлийн талаар тайлбар гаргаж ирүүлэхдээ: “тэрээр “Монноос” ХК-ийн хяналт шалгалттай холбоотой баримт бичиг, акттай танилцаж гарын үсэг зурахаар ирсэн бөгөөд итгэмжлэлийг эх хувиар авчирч чадаагүй цахим хэлбэрээр авчирсан тул өөрийн гар утасны Whats App аплэйкэйшн ашиглаж 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 05 минутад ажлын хэсгийн ахлагч улсын байцаагч Э.Эрдэнэтуяа миний Whats App апплэйкэйшнд илгээсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хороонд “Монноос” ХК-ийн ерөнхий нягтлан бодогчтой хамт ирж дахин тайлбар тодруулга хийх тул ирэх үедээ итгэмжлэлийг эх хувиар авч ирэхээ мэдэгдсэн” гэжээ.

10. Эндээс үзэхэд, эрх бүхий албан тушаалтан болох хариуцагч улсын байцаагч нь гомдол гаргагч хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан хэн болох, түүний олгосон итгэмжлэл хууль ёсны дагуу байсан эсэх, үүгээрээ томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч болж чадах эсэхийг нягтлаагүй, итгэмжлэлийн эх хувийг шаардаж аваагүй, урьд нь бас төлөөлж байсан гэх тайлбартайгаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж холбогдогчийн мэдүүлэг авсан нь хуульд нийцэхгүй, энэ тохиолдолд хуулийн этгээд хуульд заасан хугацаанд хууль ёсны төлөөлөгчөө томилоогүй бол хэрхэн арга хэмжээ авсан, холбогдогчоос өөр тухайн хуулийн этгээдийг төлөөлөх хүн байсан уу зэргээр ажиллагаа хийгээгүй нь гэрч Б.Алтангэрэлийн мэдүүлгээр тогтоогдож байна.

11. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Шалгалтын удирдамж батлах тухай” 48 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан удирдамж нь газар дээрх шалгалтыг хэрхэн зохион байгуулж, ямар цаг хугацаанд гүйцэтгэхийг болон шалгалтын тайланг хэрхэн гаргах, хэрхэн танилцуулах зэргийг тусгасан зохицуулалтын шинжтэй акт бөгөөд эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагчийн үйл ажиллагаанд мөрдлөг болгох, тухайн хяналт шалгалтыг аливаа дур зоргоос ангид хуульд заасан хүрээ хязгаарын дотор явуулахыг заасан, өөрөөр хэлбэл улсын байцаагчид чиглэсэн акт байна.

12. Энэ утгаараа, үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий байгууллага /Хороо/-аас гаргасан шийдвэр нь ямар шийдвэр болох, үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд болох гомдол гаргагч хуулийн этгээд нь нийтээр дагаж мөрдөх эсхүл тухайлсан ямар шийдвэрийг зөрчсөн нь тодорхой бус байна.

13. Иймээс маргаан бүхий шийтгэлийн хуудас тус бүрд хамаарах зөрчлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11.“шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь хариуцагчийн үйлдлийг шүүхээс шууд зөвтгөх боломжгүй, гомдол гаргагчийг огт зөрчил гаргаагүй гэж үзэхэд учир дутагдалтай, зөрчлийг шалгах эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинж байдал, үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлийн асуудлыг судлан үзэж шийдвэрлэх үүрэгтэй, энэ талаар шүүх шууд тогтоон шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна гэж шүүх дүгнэв.

14. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйл. “хууль ёсны зарчим”, 1.3 дугаар зүйл. “шударга ёсны зарчим”, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дэх хэсэг. “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. “хуульд үндэслэх”, 4.2.5. “...шийдвэр нь үндэслэл бүхий байх” зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчмууд болон дээр дурдсан хуулийн хүрээнд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг тус тус түдгэлзүүлснийг хариуцагч эрх бүхий улсын байцаагч дахин судалж, Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжид заасан холбогдох хяналт, шалгалтыг явуулж, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2. “Хороо энэ хуулийн 6.1-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна үйл ажиллагааныхаа чиглэл тус бүрээр дараах хуулиудад заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6.2.2. “үнэт цаасны зах зээлд оролцогчийн үйл ажиллагааны чиглэлээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан” бүрэн эрхээ хэрэгжүүлж шинэ захиргааны акт гаргах шаардлагатай болохыг тэмдэглэж байна.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хулийн 7.6 дугаар зүйлийн 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, 4.1.20, 20 дугаар зүйлийн 20.1, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3, 8 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “Монноос” ХК-ийн гомдлын шаардлагад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, хариуцагч улсын байцаагчаас шинэ акт гаргах хүртэл, маргаан бүхий Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Э.Эрдэнэтуяагийн үйлдсэн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0215171 дугаар, мөн өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0215172 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хоёр /2/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт болох хариуцагч эрх бүхий улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0215171 дугаартай шийтгэлийн хуудас, мөн өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0215172 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагч “Монноос” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                У.БАДАМСҮРЭН