Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 76

 

           Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

         Улсын яллагч Д.Ариунжаргал

Шүүгдэгч Ч.Л-н өмгөөлөгч Ж.Д

Шүүгдэгч С.Н-н өмгөөлөгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Т овогт С.Н, Х овогт Ч.Лхагвадаш нарт холбогдох эрүүгийн 17160005400019 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн ... сумын харьяат, 1971 оны 02 сарын 10-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .... оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, .... регистрийн дугаартай, Х овогтой Ч.Л гэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн ... сумын харьяат, 1970 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт .... оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, .... регистрийн дугаартай, Т овогтой С.Л гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Л, С.Н нар нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн ... тоот хашаанд хоорондоо зодолдож харилцан бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдожээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Ч.Л, С.Н нар нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 1-1-А тоот хашаанд Ч.Л-н хашааруу архины шил шидлээ хэмээн хоорондоо зодолдож шүүгдэгч С.Н нь Ч.Л-н зүүн хөмсгөнд шарх гэмтэл буюу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэргийн хохирол, шүүгдэгч Ч.Л нь С.Н -ын биед дээд уруулд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, баруун хөмсөг, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч С.Н -н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би Ч.Л -н хашаа руу шээсэн. Тэгээд архины шилээ хашаа давуулж шидтэл нэг авгай гарч ирээд чи яагаад хашаа руу архины шил шиддэг юм бэ? гээд намайг Б-н түүхий эдийн цэгээс чирээд аваад явсан. Тэгэхээр нь би эгчээ уучлаарай би архины шилээ авчихъя гээд хашаа руу нь гарахад, чи хаалгаар орж ав гэсэн. Тэгээд хашаанд нь ортол нөгөө архины шил хагарсан байсан. Тухайн хагарсан шилийг авах гээд зогсож байтал Ч.Л ирээд намайг цохиод авсан. Эхнэр нь энийг алаад хаячихъя гээд хоёулаа нийлж намайг зодсон. Нэг нь хоолой боогоод нөгөө нэг нь хашаа уруу шахаж зогсчихоод намайг гаргахгүй байсан. Тэгээд цагдаа ирээд намайг аваад явсан. Айлын хашаа руу шээж, архины шил шидсэн нь үнэн би Ч.Л -г цохиогүй,  эхнэрт нь гар хүрээгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,  

 

Шүүгдэгч Ч.Л -ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө Улаанбаатар хотоос ирээд амарч хэвтэж байгаад 17 цагийн үед өөрийн эзэмшлийн хашаа болох Есөнбулаг сумын 1-1 тоотод очиход манай эхнэрийг танихгүй залуу түлхээд унагаж байсан. Би хашааны үүдэн дээрээс тэр байгаа газар болох гучаад метр газар хариагаад очсон. Очоод юу болоод байгаа юм бэ? гэхэд энэ залуу намайг цохиод авсан. Миний хөмсөг задраад, бид 2 зууралдаж газар өнхөрсөн би гарах оролдлого хийсэн. Тэр үед манай эхнэр цагдаа дуудсан. Тэр хооронд бас нилээд ноцолдсон тэгээд би хүчрэхгүй юм байна гээд хаяад зугтаасан байгаа. Тэгээд хашааны завсар харахад цагдаа ирээд С.Н -г аваад явж байсан. Тэгээд гараад очиход намайг араас хүрээд ирээрэй гэсэн. Би эхнэртэйгээ хамт цагдаагийн газарт очиход С.Н цагдаагийн газрын үүдний зааланд би чамайг гүйцээнэ гээд манай эхнэрийг түлхэж унагаад дайрсан. Б гэдэг цагдаа ирж салгасан. Тухайн жижүүр цагдаа та эмнэлэгт очоод үзүүлээрэй гэсэн. Тэгээд эмнэлэгт очоод үзүүлэх гэтэл ажлын цаг дууссан байсан. С.Н дээлээ ганзагалаад мотоциклио унаад гараад явж байсан. Бид 2 буцаж цагдаагийн газарт ирээд саяын дуудлагаар ирсэн согтуу залуу хаана байна гэхэд, ахмад Л явуул гэсэн. Тэгээд гаргаад явуулсан гэж хэлсэн. Тэгээд Л ахмадтай уулзахад та 1 дэх өдөр өргөдөл бичээд өгчих харилцан зодоон гээд эрүүгийн хэрэг үүсгэчихнэ гэж хэлсэн. Би эхнэрийгээ дагуулаад бид 2 эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Гэтэл манай эхнэр С.Н -г эрүүлжүүлэх байранд байгаа эсэхийг шалгана гэж хэлээд буцаж очсон. Тэгтэл буцаж эрүүлжүүлэх байранд очоогүй байсан. Цагдаагийн алба хаагчдыг дарга нарынхаа утасны дугаарыг өгөөдөх гэхэд өгөөгүй. Гаднаас орлогч даргын утсыг нь олж ярьсан байгаа. Маргааш нь Л над руу залгасан та гомдолтой гэж өргөдөл өгөх гэж байна уу? гэж асуусан тэгэхээр нь би шийдээгүй байна гэсэн. 1 дэх өдөр нь очиж тайлбар өгсөн. Бид 2 нийлээд хүн зодоод байх ёс суртахууны доголдол байхгүй. А.Х манайхтай 7 сар хэрүүл хийж байгаа. Энэ хүмүүс архины шил өвөртлөөд манай хашаа руу шидэх гээд явж байна гэдэгт би итгэхгүй байна. Тухайн 2 хүн манай хашаан дотор архи уусан байх. С.Н -н гарч ирсэн түүхий эдийн цэг манай хашаа хоёрын хоорондох зай 20 метр орчим байгаа. Манай хашаа руу архины шил шидээд, янзыг чинь үзэж байна гэж хэлээд хашаа руу шээсэн байдаг. Тухайн өдөр их шуургатай байсан. Тэгэхээр А.Х 100 метрийн цаана байгаа газраас яриаг нь сонсох боломжгүй байсан. Хоёрдугаарт Б гэдэг цагдаа мэдүүлэг өгсөн байсан. Тухайн өдөр би нүдний шилгүй байсан. Миний нүдний шил хагарч унасан байсан. Цагдаагийн үүдэнд С.Н би чамайг гүйцээнэ гээд дайрсан тэр талаар яагаад мэдүүлэг өгөөгүй юм бэ? Хэрэв албан тушаалын байдал гараагүй бол бид 2 нэг нэгнээсээ уучлалт гуйгаад явах боломж байсан. Т.А гэдэг миний шарх сорвийг хэмжээд дүгнэлт гаргаад явсан бол би гомдолгүй байсан. Гэтэл тэгээгүй байгаа. Би эхнэрээ өмөөрч орсон. Тэрнээс болж хэрүүл маргаан гарсан байгаа...” гэх мэдүүлэг,  

 

Гэрч А.Х мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Д нь Н-г бариад авсан чи яахаараа манай хашааруу шил шиддэг юм... яахаараа хашаа давдаг юм хаалгаар орж шилээ ав гэж хэлээд дагуулаад явсан. Тэгээд удаагүй байхад Н-н дээл нь урагдсан амнаас нь цус гарсан гараад ирсэн... Н-с юу болсон талаар асуухад шидсэн шилээ авах гээд хашааруу орсон чинь Д нь хашаандаа дагуулж ороод нөхөртэйгээ нийлж намайг боож унагаагаад энийг үхүүлье гээд байсан гэж хэлсэн. Н нь манай түүхий эд худалдан авах цэг дээр ирэхдээ биедээ ямарч шарх гэмтэлгүй байсан. Харин цагдаа ирж авах гэтэл дээл нь дээд хэсгээрээ урагдсан, ханцуй нь сугарсан, мөн амнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг/хх 31-рт/,

 

Гэрч Д.Д-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Н нь манай хашааруу архины шил шидсэн. Мөн намайг тэр залуу дээр яриад очиход манай хашааруу шээгээд эхэлсэн. Тэгэхдээ янзыг чинь үзэж байна гэж хэлсэн. Түүнээс болж маргаан үүссэн... Н нь Л бид хоёроос өөр хүнтэй маргалдаж мууцалдаагүй. Тухайн үед бид нараас өөр хүн байгаагүй... ” гэх мэдүүлэг /хх 34-рт/,

 

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Дуудлагаар очоод Л-г хараагүй. Харин Л цагдаагийн газарт ирэхдээ нүдний шил зүүсэн байсан бөгөөд хөмсөг нь язарсан харагдаж байсан. Харин Н -н уруул нь язарсан, амнаас цус гарсан, дээл нь урагдсан байсан. Л намайг цохиж зодсон, тэгээд би буцааж бас цохисон. Бид хоёр харилцан зодолдсон гэж хэлж байсан... ” гэх мэдүүлэг /хх 35-рт/,

 

Гэрч Ш.О-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...16 цаг 50 минутад Н нь дуудлагаар ирсэн бөгөөд түүний биеийн байдлыг үзэхэд уруулын дээд хэсэг язарсан, уруул нь бага зэрэг хавдсан, хоёр нүд хөхөрч хавдсан, ам хамраас цус гарсан байдалтай байсан. Түүний даралтыг үзэхэд 130/80-тай байсан бөгөөд өөрөөс нь юу болсон талаар асуухад би хашаан дээгүүр архины шил давуулаад шидсэн. Тэгэхэд нэг эмэгтэй гарч ирээд шилээ ав гэхээр нь би очиж шидсэн шилээ авах гэхэд нэг махлагдуу бор залуу гарч ирээд юу юугүй намайг зодсон гэсэн. Мөн түүний хүзүү улайсан байсан бөгөөд Н нь тэр хүнд боолгосон гэж хэлсэн... Л , Д  нарыг би үзээгүй учраас ямар байдалтай байсныг мэдэхгүй байна. Н-н биед ил харагдах шарх гэмтэл ихтэй, даралт нь ихэссэн байсан тул түүнд өөр гэмтэл байж болзошгүй гээд ар гэрт нь хүлээлгэн өгсөн... ” гэх мэдүүлэг /хх 36-рт/ болон а/х Ш.О-н “...16 цаг 58 минутад 102-н дуудлагаар С.Н-г саатуулах байранд хүлээж авсан. С.Н-н биед үзлэг хийхэд уруулын дээд тал язарсан, хоёр нүд хөхөрч хавдсан, ам хамраас цус гарсан. Даралтыг үзэхэд 130/80-тай байсан. Толгой бага зэрэг өвдөж байна гэх зовиуртай байсан...” гэх илтгэх хуудас /хх 19-рт/, 

 

Гэрч Ч.Д-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Н нь яг хэнтэй маргалдаж зодолдсон гэдгийг би мэдэхгүй. Зодуулсан гээд гэртээ ирсэн. Тэгэхэд Н-н нүд нь хөхөрсөн, нүүр нь цус болсон, амнаас нь цус гарсан, уруул нь язарч хавдсан, хамраас нь цус гарсан, дээл нь урагдаж цус болсон байсан. Тэгээд манайд цусаа угаасан бөгөөд цусаа угааж байхад нь би гараараа хар өнгийн утсаар дээлийг нь оёж өгсөн. Мөн дээлэн дээрх цусыг нь чийгтэй даавуугаар арчиж цэвэрлэсэн ... ” гэх мэдүүлэг /хх 38-рт/,

 

С.Н-н өмсөж явсан дээлний энгэр хэсгийн оёдлоор нь 65 см цуулж урсан, зүүн мөр ханцуй хэсгээр болон урд хэсгүүдээр хүрэн улаан зүйлээр бохирлогдсон байсныг 2 кадр зургаар бэхжүүлсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17-рт/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 267, 268 дугаартай актууд зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч  болон шүүгдэгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Д.А-н хүсэлтээр: Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-рт/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-рт/, Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх20-рт/, драгер үлээлгэсэн тэмдэглэл /хх-21-рт/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх22-рт/, Ч.Л-г хохирогчоор байцаасан тэмдэглэл /хх-23-24-рт/, хохирогч С.Н-н мэдүүлэг /хх-29-30-рт/, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн гэрч А.Х-н мэдүүлэг /хх-31-32-рт/, гэрч Д.Д-н мэдүүлэг /хх-33-34-рт/, гэрч Ш овогтой Б.Б-н мэдүүлэг /хх 35-рт/, гэрч О овогтой Ш.О-н мэдүүлэг /хх36-37-рт/, шинжээч эмч В овогтой Т.А-н мэдүүлэг /хх-39-40-рт/, шинжээчийн дүгнэлт /хх-42-43-рт/, шинжээчийн дүгнэлт /хх-47-48-рт/, шинжээчийн дүгнэлт /хх-50-51-рт/ зэрэг нотлох баримтыг,

 

Шүүгдэгч С.Н-н өмгөөлөгч Д.А-ий  хүсэлтээр: 2017 оны 09 сарын 13-ны өдрийн Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын ЭББ-ны эмч Ш.О илтгэх хуудас /хх-19-рт/, драгер үлээлгэсэн тэмдэглэл /хх-21-рт/, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хохирогч С.Н-н мэдүүлэг /хх-29-30-рт/, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн гэрч А.Х-н мэдүүлэг /хх-31-32-рт/, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн гэрч Ш овогтой Б.Б-н мэдүүлэг /хх 35-рт/, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн гэрч О овогтой Ш.О-н мэдүүлэг /хх36-37-рт/, шинжээч эмч В овогтой Т.А-н мэдүүлэг /хх-39-40-рт/, шинжээчийн дүгнэлт /хх-42-43-рт/, шинжээчийн дүгнэлт /хх-47-48-рт/, шинжээчийн дүгнэлт /хх-50-51-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулъя. Мөн яллагдагчаар С.Н-с 2017 оны 10 сарын 16-ны өдөр байцаалт авсан байгаа. Тухайн яллагдагчаар авсан байцаалтыг нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байна. 16.11 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар харилцан эсрэг сонирхол бүхий сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өмгөөлөгч авсан тохиолдолд заавал өмгөөлөгч оролцуулна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна гэснийг,

 

Шүүгдэгч Ч.Л-н өмгөөлөгч Ж.Д-н хүсэлтээр: 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Д-н Д-н хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-12-рт/ тухайн мэдүүлгээс харахад Д.Д нь хохирогчоор явж байсан мөн Д.Д-н гарыг мушгисан үйлдэл харагдаж байгаа, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Ч.Л-н хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-13-рт/, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн С.Н-н холбогдогчоор өгсөн мэдүүлэг /хх-14-рт/, гэрч А.Х-н мэдүүлэг /хх-15-рт/ тухайн хэргийг харсан гэрч биш тухайн хэрэг гараад дууссаны дараах үйлдлийг ярьдаг, 2017 оны 09 сарын 13-ны өдрийн Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын ЭББ-ны эмч Ш.О-н илтгэх хуудас /хх-19-рт/, Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх20-рт/, драгер үлээлгэсэн тэмдэглэл /хх-21-рт/, драгер үлээлгэсэн тэмдэглэлийг зассан байгаа. С овогтой Н гэсэн өөр хүний баримт оруулж ирсэн. Хэт нэг талыг барьсан нотлох баримтыг хуурамчаар гаргаж өгсөн. 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн гэрч А.Х-н мэдүүлэг /хх-31-32-рт/, гэрч Д.Д-н мэдүүлэг /хх-33-34-рт/, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн гэрч О овогтой Ш-н О-н мэдүүлэг /хх36-37-рт/, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шинжээч эмч В овогтой Т.А-н мэдүүлэг /хх-39-40-рт/, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй дахин шинжилгээ хийлгэх талаар хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан байгаа. Шинжээчийн дүгнэлт /хх-50-51-рт/ тухайн хэрэг явдал 2017 оны 09 дүгээр сарын 08-нд гарсан шинжээчийн дүгнэлт 2017 оны 09 дүгээр сарын 13-нд гарсан байгаа. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.2.4 дэх хэсэгт шинжилгээний объект гэж хүн болон эмнэлгийн бичиг баримтыг ойлгоно гэсэн байгаа. Т.А-н дүгнэлт нь тухайн журмыг зөрчиж гаргасан байгаа үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлт  /хх-42-43-рт/, хохирогч Д.Д-н биед гэмтлийн зэрэг тогтоосон /хх-47-рт/ үүнээс С.Н-н Д.Д руу довтолсон үйлдэл харагдаж байгаа. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Засаг даргын тодорхойлолт /хх-72-рт/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-77-рт/, Ч.Л-н өмгөөлөгч Ж.Д миний гаргасан хүсэлт /хх-109-110-рт/, гэрэл зураг /хх-132-134-рт/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ч.Л, С.Н нарыг сэжигтэн, яллагдагчаар, мөн гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Ч.Л, С.Н нарыг бие биенийхээ эрүүл мэндэд харилцан хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч Ч.Л-н өмгөөлөгчийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан, нөгөө талаар эхнэрийг нь түлхэж байх үед орж ирж аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж байна гэх хүсэлтийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ. Мөн шүүгдэгч Ч.Л энэ хэрэгт шүүгдэгч С.Н-н хүргэн ах Л нь цагдаад ажилладаг учир нөлөөлсөн гэх гомдлоо хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Ч.Л, С.Н нарт холбогдох хэргийг прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахыг Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Ч.Л, С.Н нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул шүүхээс прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л-г дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 төгрөгөөр, шүүгдэгч С.Н-г таван зуун тавин нэгж буюу 550.000 төгрөгөөр тус тус  торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Л, С.Н нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ч.Л нь С.Н-н зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

С.Н нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, Ч.Л, С.Н нар нь цагдан хоригдоогүй, харилцан хохирол нэхэмжлээгүй, тэдгээрээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн хөрөнгийг битүүмжлээгүй, тэдгээрийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогтой С-н Н, Х овогтой Ч-н Л нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр, шүүгдэгч Ч.Л-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Н-н 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр, ялтан Ч.Л-н 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус бүрийг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг ялтан Ч.Л, С.Н нарт танилцуулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан улаан ягаан өнгөтэй дээлийг С.Н-д буцаан олгосугай.

 

6. Энэ хэрэгт Ч.Л, С.Н нар нь цагдан хоригдоогүй, харилцан хохирол нэхэмжлээгүй, тэдгээрээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн хөрөнгийг битүүмжлээгүй, тэдгээрийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Л, С.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Л, С.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА