Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/01500

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 12 181/ШШ2024/01500

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт байрлах, Х х б ХК /РД:2635534/,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.А /РД:РЮ85122477/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Н оролцов.

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х х б ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.А-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч С.А нь Х х б ХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр №2019/000398/0097 тоот Цалингийн зээлийн гэрээ-г байгуулан 15,000,000.00 төгрөгийг, 30 сарын хугацаатайгаар сарын 1.7 хувийн хүүтэйгээр зээлж авсан байна. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлэн, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул банкнаас зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардахад хариуцагч болох этгээд уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй тул шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй байх ба Сүхбаатар дүүргийн 15-р хороо хорооны Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэлд дурьдсан хариуцагчийн 99866929 дугаарын утсанд залгахад Хөвсгөлд байгаа болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдсон тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны 181/Ш32022/07356 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд, С овогтой А /РД:РЮ85122477/-ыг эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Т.О-т олгосон итгэмжлэл, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн цалингийн зээлийн гэрээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2022/07356 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбарыг нотлох баримтаар өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х х б ХК нь цалингийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.А-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.

 

3. Нэхэмжлэгч Х х б ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ С.А-г цалингийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.А нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн цалингийн зээлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор С.А-н оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд С.А нь зээлийн гэрээнд тусгасан хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2022/07356 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.А-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Х х б ХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

8. Хариуцагч С.А-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч Х х б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, дамбадаржаа 84 дүгээр гудамж, 343 тоот хаягт бүртгэлтэй, С-ийн А /РД:РЮ85122477 /-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. С.А-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х х б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

4. С.А-г оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О /утас: 99182028/-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.



 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БАТХУЯГ