Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/57

 

 *******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Прокурор                                                         Д.Ганчимэг

Нарийн бичгийн дарга                                     Н.Энхнаран

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч              Б.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч             

Өмгөөлөгч                                                       М.Энхтуяа

Шүүгдэгч                                                          ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/336 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1999 оны 08 дугаар сарын 09-ний төрсөн, эрэгтэй, 21 настай, ******* овогт ******* *******. Урьд:

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/596 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. 

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “Гүн цэнгэлэг” гэх газарт бусдын өмчлөлийн Тоёота Приус-20 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас  явган зорчигч *******ийг дайрч амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг шүүгдэгч *******ыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч *******ийг дайрч амь насыг хохироосон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/336 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас  хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч ******* *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас оршуулгын зардалд 8.163.214 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр багт оршин суух ******* овогт /РД: /,  Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг Ивээлийн тоотод оршин суух ******* овогт /РД: / нарт  олгож,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь бусад хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, оршуулгын зардалд 7.400.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ы тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд  даруй хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “ Миний бие ******* дараах гомдлыг гаргаж байна. Юуны өмнө би энэ гомдлоороо талийгаачийн ар гэр, үр хүүхэд, эцэг эх, ах дүү нар, хамаатан садан, нутгийн зон олноос уучлал хүсч байна. Мөн тамирын хүний ёс зүйгүй үйлдэл гаргаж архи ууж, анхаарал болгоомж алдаж ийм хэрэгт холбогдсондоо өөрийн багш, дасгалжуулагчид, спортыг дэмждэг олон олон хүмүүсийн өмнө, ханиа алдсан багш эгч Б.гийн өмнө би буруутай гэдгээ үүгээр илэрхийлж байна.

Би хүүхэд наснаасаа самбо, жудо, үндэсний бөхөөр хичээллэж тодорхой хэдэн амжилтыг бага ч болтугай гаргасан Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын хүн. Дэлхий дахины баяр цэнгэл, эв нэгдлийн билэгдэл Олимпын төрөлд /2020/ миний хичээллэдэг спорт болох самбо бөхийн спорт багтсан бөгөөд улсын шигшээ багт бэлтгэл сургуулилтаа хийж байхад дэлхий дахинаа гарсан корона вирус гэх өвчнөөс болж уг олимп хойшилсон юм. Үүнээс шалтгаалан Монгол улсын шигшээ багийн тамирчдыг тараасан бөгөөд би өөрийн гэртээ ирээд байсан.

Миний найзууд болох М.Очгэрэл, Л.Одхүү, Э.Дөлгөөн, Тэмүүжин нарын хамт Гүн цэнгэлэг нуур луу очиж мах шарж идэнгээ пиво ууцгаасан. Тэгж байх үед 2 найз маань Ардчилсан намын сонгуулийн ажилд оролцсон 20 гаруй хүмүүс рүү очоод ирэхгүй байхаар нь тэдгээр хүмүүс рүү очиход бидэнд архи хундагалаж өгсөн. Би архинаас нь хэдэн хундага уусан. Даанч би архи уудаггүй болохоороо тэр архинаас уугаад согтсон байсан. Энэ болсон бүх асуудлыг би анхнаас нь гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө, шүүх хуралдаанд ч бүгдийг мэдүүлсэн.

Тэгээд тэндээс хөдлөөд явах үедээ Жаргалсайхан ахын машиныг мөргөөд арагшаа ухрахдаа талийгаач ахын дээгүүр гарснаа мэдээгүй юм.

Би нэг зүйл дээр маш их харамсдаг. Намайг хүн дайрахыг харсан Энхтуяа, Цогтбаяр нар болон хамт ирсэн хүмүүс нь энэ ослын дараа машины түлхүүрийг аваад биднийг тэнд орхиод яваагүй байсан бол талийгаачийн амь насыг аврах боломжтой байсанд маш их харамсаж явдаг юм. Дугуйн доор ороогүйдээ ч тэр үү, би согтуу байсандаа хүн дайрснаа мэдээгүй. Бас М.Очгэрэлийн хүн байхгүй байна гэсэн үгэнд мөн Цогтбаяр ахын “худлаа тоглосон юм аа согтуу машин барихад ямар байна” гэж хэлээд явсан болохоор тайвшраад ч тэр үү түлхүүрийг минь Энхтуяа аваад явсанд ч тэр үү өглөө түлхүүрээ хайя л гэж бодоод унтацгаасан.

Өглөө босоод харахад ийм харамсалтай зүйл болсон байсанд одоог хүртэл өөрийгөө буруутгаж гэмшиж явдаг юм. Надаас хохирогч тал 120 923 284 төгрөг нэхэмжилдэг. Би болоод манайх гэдэг айл ийм хэмжээний мөнгө барагдуулах ямар ч боломжгүй хүмүүс юм. Надад энэ мөнгийг төлж барагдуулах хүсэл байгаад ч бодлоос цаашгүй зүйл болоод байна. Аав ээж минь амьжиргааны хэдэн малаа харж бусдын малыг өөрсөд дээрээ харж амьдрал ахуйгаа залгуулдаг хүмүүс юм.

Талийгаачийн зардалд хэрэглэсэн гэх 1 үхэр, 9 хонь, 1 ямааг малаар нь өгөх хүсэлтэй байна. Иймд надад оногдох ял хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний хувьд шийтгэх тогтоолын хохирлыг тооцоолсон асуудалд гомдолтой байна. Мэдээж сэтгэл санааны хохирлыг зохицуулсан хууль зүйн зохицуулалт байхгүй. Монгол улс иргэнийхээ амь насыг үнэлсэн талаарх хууль зүйн зохицуулалтыг хийгээгүй улсуудын нэг юм.

Мөн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гэх 55 296 000 төгрөгийг нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн шүүх 15 627 284 төгрөгнөөс 64 070 төгрөгийг энэ хэрэгт хамааралгүй гэж үзээд 15 563 214 төгрөгийн баримтат хохирол байна гэж дүгнэсэн нь буруу юм.

Хавтаст хэргийн 133 дахь хуудсанд байгаа Пүрэвдаваа гэх хүнд 550 000 төгрөгийн барьц барьсан гэх баримтыг хохиролд тооцсон нь буруу юм. Үүнийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээж өгөх ёстой байсан.

Мөн 118 дахь хуудсанд 9 дугаартай тэмдэглэгээ бүхий 2 111 620 төгрөгийн хохирлыг шүүх хэрэгсэхгүй болгосонгүй. 2020.07.06-ны өдрийн уг баримт шүүх хохиролд үнэлсэн байна. Мөн хавтаст хэргийн 121-125 дахь хуудсанд байгаа 1 үхэр, 9 хонь, 1 ямааг 2020.07.16-ны өдөр мал борлуулсан талаарх баримтад шууд хохиролд тооцсон нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн уг үнэлгээ бол тухайн хохирлын бодит үнэлгээ биш. Эдгээр мал яаж ч бодоод 7 380 000 төгрөг байхгүй.

Хохирогчийн нэхэмжлээд байгаа уг малыг малаар нь өгье гэдэг саналыг тавиад удаж байна. Түүнээс гадна уг нотлох баримтыг мөрдөн байцаалтын шатанд хохирлыг нотлох баримт гэж тогтоосон зүйл байхгүй. Цаг хугацааны хувьд ч ямар ч шалтгаант холбоогүй зүйл юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад хохирогч талаас яллагдагчийн ар гэр рүү байнга дарамталж мал авахгүй, мөнгө авна гэдэг байдлаар хандаж байгаа нь энэ хохирлыг зөв тооцоолоогүйтэй шууд холбоотой юм.

Хэрэв мал борлуулсан байлаа гэхэд уг мөнгөөр өөр зүйлд зарцуулсан эсхүл 7 400 000 төгрөгийн баримтат хохирлыг шийдвэрлэсэн байж таарна. Түүнээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа нэмж 2 000 000 төгрөг шилжүүлсэн байгаа. Нийт 9 400 000 төгрөг төлөөд байна.

Иймд шүүхийн шийтгэх тогтоолд гомдолд дурдсан хохирлын асуудлуудыг хэрэгсэхгүй болгож, *******ыг 9 400 000 төгрөг төлсөн бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг зөв тогтоож, үнэхээр хэргийн бодит байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгч /амь хохирогч нэг бол ухаан алдатлаа согтож унасан, унтаж байсан эсхүл бусдад задуулаад ухаан алдаад хэвтэж байсан бодит нөхцөл байдлыг/ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан *******ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд оруулж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б., , тэдгээрийн өмгөөлөгч М.Энхтуяа нар 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан тайлбартаа: “Бид Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд эрүүл саруул элэг бүтэн өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөр сайхан аз жаргалтай амьдарч байсан залуу гэр бүл байлаа. Гэвч *******ы жолооны үнэмлэхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ анхаарал болгоомжгүй машин барьж согтуурхаж, хийрхсэн байдлаас болоод миний нөхөр *******ийн амь насыг маш хэрцгийгээр хохироогоод зогсохгүй үр хүүхэд, аав ээж, төрөл садангуудад минь хэзээ ч нөхөж баршгүй том гарз гаргаж, хэвийн байсан амьдралыг минь орвонгоор нь эргүүлж, хүүхдийг минь өнчрүүлж, ээж аав, ах дүүсийг минь шар махтай нь хатааж, биднийг энэ их уй гашууд автуулсан. Бүхэл бүтэн айлын амьдралыг үгүй хийчихээд нэг ч гэмшиж харамссан зүйл байхгүй байна.

******* нь өөрийн гаргасан амжилтаараа бардаж миний нөхрийн амь насыг хүний чинээ тоохгүй бидэнтэй огт хүндлэлгүй харьцаж ээж болон түүний ах дүү нар биднийг удаа дараа доромжилж байсан. Тухайн үед ******* нь миний нөхрийн амийг аврах бүрэн боломжтой цаг хугацаа байсаар байтал амь насыг нь авраагүйд туйлын их гомдолтой байна.

Бид *******аас 120 923 284 төгрөг нэхсэн учир нь миний нөхөр өнөөдөр түүний гарт амиа алдаагүй бол тухайн мөнгийг тодорхой цаг хугацаанд өөрөө хөдөлмөрлөж олох л байсан. Үр хүүхдээ хүний гар харуулахгүй аваад явчих чадвартай хүн байсан. Тэгээд ч бидэнд энэ мөнгөн дүнтэй тэнцэх хэмжээний сэтгэл санаа, амьдрал, хүнийхээ амь насаар хохироод байна. Хүнийг ийм байдалд оруулчихаад их хэмжээний мөнгө нэхэмжилсэн, ор үндэсгүй гэх мэт үйл ярьж байгаа ******* болон түүний өмгөөлөгч Ө.Батболд нарт туйлын их гомдолтой байна. Тэд ялгүй эсхүл хөнгөн ял эдлүүлж өгөөч л гэж гуйж байгаа болохоос биш бидний өмнө хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ уучлал хүсч, харамсаж байгаа зүйл огт байхгүй байгаа. Тэгээд ч түүний өмгөөлөгч Ө.Батболд нь эхнээсээ “тэдний хохирлын битгий барагдуул, хохирол барагдуулсан ч шоронд явна” гэдэг зүйлийг ярьж хохирол төлбөрийг төлүүлээгүй. Түүгээр ч зогсохгүй хэргийг мөрдөн байцаалтын шатанд байхад өөрөө сонгууль энэ тэр гээд хэрэг дээр тийм ч сайн ажиллаагүй тийм байж бүх зүйл болоод дууссаны дараа ийм ичгүүргүй зүйл яриад бичээд явж байгаад харамсаж байна.

Тэд “бид хүний мал хардаг өөрсдийн мал гэж байхгүй гэх шалтгаанаар огт төлбөр төлөхгүй байх санаа гаргаж байна. /хүний амьдрал ямар ч байж болно. Ядуу хоосон, малгүй, эд хөрөнгөгүй, уймар тэнэг ч байж болно. Гэлээ гэхдээ хүн хүнийг хайрлах яаж, ийгээд болгочих юмсан. Яаж байна гээд утсаар ярьчих сэтгэлтэй байх хэрэгтэй/ Бидний оршуулгын зардалд хэрэглэсэн 1 үхэр, 9 хонь, 1 ямааг яагаад ч 7 380 000 болохгүй сум орон нутаг болоод шүүхийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй буруу гэж үзсэн байна. Үүнд:

Бидний буяны ажил 2020.06.26-нд эхэлсэн бөгөөд шарилыг гаргасан 7 хоног, 3 хоногтойгоо нийлээд 10-аад хоног үргэлжилсэн. Энэ хугацаанд хол ойроос ирсэн ах дүү, хамаатан садан, нутгийн зон олон бусад хүмүүсийг хооллож, орж гарсан хүмүүсийг хоосон гаргахгүй гэсэндээ л хичээсэн. Бид дээрх малыг оршуулгын хоол хүнсэнд хэрэглэсэн болохоос зарж борлуулж мөнгө болгосон зүйл огт байхгүй. /учир нь ажил явдлын үеэр хүн яаж ч бодсон мал зарна гээд  явахгүй биз дээ. Бидэнд тийм цаг зав, сэтгэлийн тэнхээ ч байгаагүй. Тухайн малыг 7 380 000 төгрөг гэж үнэлсэн үнэлгээ бол сумын ИТХ-р баталсан бодит үнэлгээ байгаа. Энэ үнэлгээ хавтаст хэрэгт оруулсан болно. Мөн биднийг малаа худал үнэлж, худал малын бичиг авч хуурамч зүйл гаргалаа гэж биднийг дорд үзэж доромжилсон. /бид хүнээ хүний гарт алуулчихаад хэнийг хуурах гэж тийм хүний санаанд оромгүй зүйл хийж чадна гэж/ бид ажил явдлаа дуусгаад цагдаа, Гандангийн ажлаар сум, аймаг хоёрын хооронд бишгүй явсан. Наадмын амралт таараад бүх зүйл ажиллахгүй байсан. 2020.07.16-нд амралт дуусч ажил эхлэхэд бид малын бичгээ авсан. Бидэнд олдсон боломжтой цаг хугацаа тэр байсан. Гэвч бидний энэ байдлыг ичихгүй ор үндэсгүй худал хуурмаг гэж үзэж байгаад туйлын их гомдолтой байна. Түүгээр ч зогсохгүй *******ы ээж Олончулууны дүү нь 2020.11.07-ны өдөр утсаар ярихад “бид ер нь гомдолтой байгаа, манай ******* багадаа манайд өссөн миний хайртай дүү минь. Ер нь танай нөхөр архи уугаад тэнд байгаагүй бол манай дүү юу гэж шоронд орохов дээ. Та нарын хохь, хохино” гэдэг зүйлийг надад ярьсан. /хажууд сонссон хүн байгаа/ нь оршуулганд гаргасан “1 үхэр, 9 хонь, 1 ямааг малаар өгье айлаас очоод өөрсдөө ав” гэдэг зүйлийг ярьсан. Миний нөхрийн амь насыг хохироож алж хаячихаад би тэр малыг нь хэнийг гуйж яаж очиж авах вэ дээ. “Чадахгүй ээ, өөрсдөө зарж борлуулаад мөнгө болгоод өг” гэдэг зүйлийг тавьсан. Ер нь малын оронд мал өгье гэдэг зүйлийг ******* болон түүний ээж Олончулуун нар огт яриагүй. Түүний дүү гэх л ярьсан болохоос тэд өөрсдөө огт яриагүй. Бид хууль тогтоомж сайн мэдэхгүй, тэр ч үүднээс өр зээлээ төлөхийн тулд мөнгөө хурдан төл гэдэг зүйлийн тавьсан. Энэ байдлыг минь дарамталсан гэж үзэж байгаад маш их харамсаж байна. Ер нь ******* болон түүний ээж, ах дүү нар нь хийсэн хэрэгтээ огт гэмшихгүй зүгээр нохой дайрсан янзтай удаа дараа хандаж байсан. Эдгээр хүмүүс хүн алж айлын амьдрал сүйрүүлсэн гэдгээ бүх зүйл дууссан ч гэсэн одоог болтол ойлгож ухамсарлаагүй байгаа. Цаашид ч ойлгож ухамсарлахгүй хатуу сэтгэлтэй хүмүүс.

Сэтгэл санааны хохирол болоод үүсээд байгаа нөхцөл байдал хүний амийг хэзээ ч хэдэн ч төгрөгөөр үнэлж боломгүй зүйл. Энэ байдлыг өмнө ч ярьсан. Буяны ажлын үеэр ламд өгсөн 550 000 төгрөгийг оршуулгын зардалд оруулж тооцсон нь буруу гэж үзжээ. Үүнд:

Бид буяны ажлыг ламгүйгээр хэзээ ч хийж чадахгүй. Тийм зүйл байдаг ч үгүй. Хэрвээ ******* миний нөхрийг дайрч алаагүй бол бид юу гэж ламд мөнгө өгөх вэ. Бүх л зүйлээ Пүрэвдаваа гэх төв ганданд суудаг ламаар хийлгэсэн. Үүнийхээ хариуд бид 550 000 төгрөг барьсан. Энэ бүх зүйл ******* гэгчийн буруутай зүйлээс болсон учраас ламд барьсан 550 000 төгрөгийн хохиролд тооцохыг зүйтэй гэж үзэж байна. Энэ мэт гаргасан гомдол бичсэн үгнээс нь харахад хэдий уучлаарай гэсэн боловч төлбөр тооцоо төлөхгүй гэсэн санаа байгаад зогсохгүй үнэхээр чин сэтгэлээсээ гэмшсэн байдал харагдахгүй байна. Үнэхээр гэмшиж харамссан бол ийм зүйл ярихгүй шүү дээ.

118 дахь хуудасны 9 дугаар тэмдэглэгдсэн 2 111 620 төгрөгийн хохирлыг шүүх буруу дүгнэсэн хохиролд оруулах үндэсгүй зүйлийг оруулсан гэж бичсэн байна. Үүнд:

Бидний ажил явдал 2020.06.26-нд эхлээд 2020.07.01-нд шарилаа гаргасан. Ажил явдалд ирсэн төрөл садангуудаас хэдэн хүнийг 2020.06.29-нд аймгийн төв рүү зэдний зүйлд явуулсан. Тэр үед би мөнгөгүй байсан учраас бөөний баазаас тухайн зүйлээ зээлээр авсан. 2 111 620 төгрөгний НӨАТ-ын баримтаа мөнгө төлөөгүй учраас аваагүй. Харин ажил явдал дууссаны дараа бид 2020.07.06-ны өдөр аймаг ирэхдээ бөөний баазаас тухайн үнийн дүнтэй баримтыг мөнгөө төлж авснаа хавтаст хэргийн материалд оруулсан. Шүүхээс тогтоосон 15 563 214 төгрөгнөөс 9 400 000 төгрөгийг хэрүүл уруултай төлсөн. Үүнээс үлдсэн шүүхээс тогтоосон мөнгөн дүнг нэн яаралтай төлж барагдуулна уу.

Өргөдөл гомдолдоо ******* нь согтуу тасраад газарт унтаж байсан, эсхүл хүнд ухаангүй болтлоо зодуулаад газарт хэвтэж байсан байх гэсэн зүйл бичсэн байсан.

Үүнд: Миний нөхөр *******тай адил улсад гаргасан тодорхой амжилт байхгүй. Гэхдээ өөрийн сайхан сэтгэл, хүн чанар, тусч, нийтэч, зан төлөв сайтай хүн байсан болохоор сум орон нутгийнхандаа болон найз нөхөд, ах дүү, эцэг эх, ханьдаа нэр төртэй хамгийн том гавъяатай хүн байсан юм. Тийм ч учраас миний нөхөр хүнтэй муудалцаж хүний дургүй хүргэж, энд тэнд хийрхэж дэмий явдаг хүн биш. Тасарч унаад согтотлоо архи уугаад явдаг ч хүн биш.

Ер нь нас барсан байдал, шүүхийн шинжээчдийн дүгнэлтээс харахад согтуу газарт унтаж байсан эсхүл хүнд зодуулсан байдал огт байгаагүй. Ингэж хэлэх үндэслэл ч байхгүй. Ямар байдалтай нас барсан нь хавтаст хэргийн гэрэл зургаас харагдаж байгаа. Би ч өөрийнхөө хоёр нүдээр харсан. Хэрэг явдал дуусаад шүүх хурал болоод өнгөрсөн хойно өргөдөл гомдол гаргах байсан бол тухайн цаг үед нь хянамгай байж ажил хэрэгчээр хандаагүй байж одоо болсон хойно нь ийм зүйл бичээд яриад явж байгаа Ө.Батболд өмгөөлөгчид үнэхээр гомдож, харамсаж байна. Согтуу газарт унтаж байсан гэж үзээд байгаа бол согтуу унтаж байсан хүнийг дайрч алж болно гэсэн хууль байдаг юм уу. Монгол улсынхаа нэрийг гаргаж явсан хүн, хүн алсан ч хөнгөн ял авдаг. Энгийн нэгэн амжилт гаргаж байгаагүй хүний амь үнэгүй байдаг юм уу. Эдгээр хүмүүсийн гаргаж байгаа байдал, хийж байгаа үйлдэл нь харамсаж гэмшиж байгаа байдал огт харагдахгүй байна. Бид харин ч *******д оногдуулсан 2 жилийн ялыг бага гэж үзэж байна.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганчимэг гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгод нийцсэн гэж үзэж байна. Тухайн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Батболд давж заалдах гомдолдоо “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг үндэслэн 2 жилийн хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ял хариуцлагыг хөнгөлөх талаар хуульчилсан. Гэтэл талууд өнөөдрийг хүртэл хохирол төлбөрийн асуудал дээр маргасаар ирсэн. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Батболд нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Мөн хохирлын тооцоонд алдаа гарсан байгаа учир тухайн хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч ******* нь  2020 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “Гүн-цэнгэлэг” гэх газар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч *******ийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, прокурор, шүүх хэргийг зөв зүйлчилсэн байна.

Оршуулгын зардлыг тооцохтой холбоотой асуудлаар гаргасан давж заалдах гомдлын тухайд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дараахь дүгнэлтэд хүрэв.

Үүнд:

1-р хавтасны 119-р талд авагдсан, 2,111,620 төгрөгийн баримтаар нэхэмжилсэн зардал нь оршуулгын ажлын үеэр оролцсон хүмүүст өгдөг гарын зэд гэх зан үйлд зарцуулахаар худалдан авсан барааны үнэ бөгөөд үүнийг  дэлгүүрээс зээлээр авч хэрэглээд, оршуулгын ажил өнгөрсний дараа 2020-07-06-нд үнийг нь төлж барагдуулах үедээ НӨАТ-ын баримтыг нь хэвлүүлж авсан талаар анхан шатны шүүх хуралдааны үед хохирогч талаас тайлбарласан тайлбарт итгэхгүй байх шалтгаан байхгүй. Гарын зэд өгөх зан үйлгүйгээр оршуулгын ажил явагдахгүй тул  энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч үндэслэл муутай давж заалдах гомдол гаргасан байна.

Ламд барьц өгсөн гэх 550,000 төгрөгийн зардлыг шүүгдэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх буруу гэж үзсэнгүй. Оршуулгын ажлын үеэр, түүнчлэн өмнө, хойно нь ламаар шашны зан үйл гүйцэтгүүлэх нь оршуулгын ажлын заавал байх ёстой нэг хэсэг болж тогтсон. Өргөл барьц ч тодорхой хэмжээнд гарцаагүй зүйл. Гэвч, хэт их хэмжээний өргөл барьцыг шүүхээс Иргэний хуулийн ерөнхий ангийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгийн “...оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд” тооцохгүй нь ойлгомжтой. Нөгөө талаар, ердийн жам ёсоор эсхүл өөрийн өвчний улмаас нас барсан тохиолдолтой харьцуулахад, гэнэтийн золгүй учралаар нас барсан хүний гэр бүл, ойр дотны хүмүүсийн сэтгэл санаанд учирч буй сөрөг нөлөөллийн хэр хэмжээ, түүнтэй холбогдон гарах шашин, сэтгэл заслын үйлийн хэрэгцээ шаардлагыг бас харгалзан үзэх учиртай. Эдгээр нөхцөл байдлуудыг тал бүрээс нь тооцон үзвэл, дээрх зардлыг шүүгдэгчээр нөхөн төлүүлснийг буруутгах ноцтой шалтгаан хууль зүйн болоод үйл баримтын талаас харагдахгүй байна.

Оршуулгын ажилд зарцуулсан малыг малаар нь төлөх тухай шүүгдэгч талаас гаргаж буй саналыг хохирогч тал зөвшөөрөөгүй тул хэрэгт авагдсан баримтад үндэслэн мөнгөөр тооцон гаргуулсан шүүхийн шийдвэрийг буруу гэж үзэх  үндэслэлгүй юм.

Харин тухайн багийн засаг даргаас малын үнэлгээтэй холбоотой тодорхойлолт  үйлдэхдээ /1-р хавтасны 126-р тал/ тооцооны алдаа гаргаж 9 хонины үнэ 3,600,000 төгрөг болох ёстой байтал 5,600,000 төгрөгөөр бичиж, улмаар малын үнийн нийт дүнг 2,000,000 төгрөгөөр илүү тооцсон бөгөөд, хохирогч тал болон анхан шатны шүүх энэхүү алдаатай тооцонд үндэслэн хохирлыг тооцсон байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаар шүүгдэгчээс гаргуулсан 8,163,214 төгрөгөөс дээрх тооцооны алдаатай холбоотой 2,000,000 төгрөгийг хасч, 5,163,214 төгрөг болгон өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Түүнчлэн анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн хэмжээг багасгах талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Учир нь: согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гарган хүний амь нас хохироосон үйлдлийг хууль тогтоогч энэ гэмт хэргийн хамгийн хүнд хэсгээр зүйлчлэн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Шүүдэгчийн гэм буруугийн тухайд хэдийгээр хүний амь насыг хохироосон үр дагаварт болгоомжгүй хандсан ч гэлээ, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах өндөр эрсдэлтэй зүйл болох авто тээврийн хэрэгслийг согтуугаар барьж, эрсдлийг зориуд улам ихэсгэж байгаагаараа гэм буруугийн хэр хэмжээгээр илүү хүнд юм. Иймд шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хүндэдсэн гэж дүгнэх боломжгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/336 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...8,163,214 төгрөгийг..” гэснийг “...6,163,214 /зургаан сая нэг зуун жаран гурван мянга хоёр зуун арван дөрвөн/ төгрөгийг...” гэж өөрчлөн; тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол гарсны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б., нарт 2 000 000 /хоёр сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай. 

3.  Шүүгдэгч *******ы  2020 оны 10 дугаар сарын 27-ноос 2020 оны 12 дугаар сарын 22-ны хооронд цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                               З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                 Л.НАРАНБАЯР