Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2020/ДШМ/20

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

 

  2020        09            09                                         2020/ДШМ/20

 

Х.Тт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ц.Мөнхжаргал,

Нарийн бичгийн дарга: Б.Болд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолтой Х.Тт холбогдох 2038002370189 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ц.Мөнхжаргалын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 24ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Хариад овогт Хаянхярваагийн Т, ..... оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ............./.

Шүүгдэгч Х.Т нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Бага хавчиг гэх газраас 7.07 метр куб хэмжээтэй шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж экологи эдийн засагт 424,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хариад овогт Хаянхярваагийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хариад овогт Хаянхярваагийн Тыг зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 7.07 метр куб хэмжээний хуурай шинэс модыг хурааж, хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Х.Тын эзэмшлийн Пронтер маркийн 49-61 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, Эрүүгийн 2038002370189 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Мөнхжаргал эсэргүүцэлдээ: ... Дээрх шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.  

1. Хэрэгт яллагдагч Х.Тын  хууль бусаар мод бэлтгэхдээ ашигласан Пронтер маркийн 49-61 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн ба уг тээврийн хэрэгсэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого", мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл”-д хамаарч байх тул түүнийг хураан авч улсын орлогод оруулах нь зүйтэй байсан.

Гэрч Ө.Батцэрэнгийн “... Би Тт Пронтер маркийн 49-61 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2019 оны 5 дугаар сард 10,000,000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед 5 сая төгрөгийг бэлнээр авсан. Одоо үлдсэн 5 сая төгрөгийг энэ жилийн хаврын ноолууран дээр өгөхөөр тохиролцсон юм. Одоо хөдөөний айлууд ямаагаа самнаж эхлэхээр үлдэгдэл мөнгийг Т өгнө гэсэн. Т үлдэгдэл мөнгийг өгөхөөр албан ёсоор машины эзэмшигчийн нэрийг сольж өгөхөөр тохиролцсон” гэх мэдүүлгээр уг тээврийн хэрэгсэл нь Х.Тын эзэмшлийнх биш иргэн Ө.Батцэнгэлийн эзэмшлийнх болох нь тогтоогдож байна гэж үзэж уг тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоолгож, яллагдагч Х.Таас тээврийн хэрэгслийн үнэ болох 5,400,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах саналыг шүүх хуралдаанд гаргасан.

Гэтэл шүүхээс хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр битүүмжлэгдсэн Х.Тын эзэмшлийн Пронтер маркийн 49-61 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Х.Тт буцаан олгохоор шийдвэрлэсэн нь буруу байна.

2. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж заасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан байх тул уг заалтыг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтад баримтлах ёстой байсан гэж үзлээ.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/188 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 162 дугаартай яллах дүгнэлтээр Х.Тыг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бага хавчиг” гэх газраас 7.07 м.куб хэмжээтэй мод хууль бусаар бэлтгэж ойн санд 424 400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан нотолбол зохих байдлууд буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг яаж үйлдсэн/-ыг эргэлзээгүй нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг хуульчлан тодорхойлсон ба энэ хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана:”, 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэж тус тус заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан” гэж гэмт хэрэг үйлдсэн шинжүүдээр нь ялган хуульчилсан бөгөөд тээвэрлэсэн шинжийг яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт огт тусгалгүй орхигдуулсан байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан хохирогч Ч.Хишигдэлгэрийн “...Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг “Бага хавчиг” гэх газраас Түнэл сумын иргэн Х.Т нь зохих зөвшөөрөлгүй ойгоос мод бэлтгэж хууль зөрчиж экологид хохирол учруулсан байсан. ...Түнэл сумын иргэн Т нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн байсан. Малын хашаа сэлбэх модны зөвшөөрөл нь Түнэл сумын 4-р багийн Халуун усны ам гэх газраас бэлтгэхээр заасан байсан. Тэгтэл иргэн Т нь Алаг-Эрдэнэ сумын нутгаас бэлтгэсэн зөрчил гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,

Гэрч Б.Дэлгэрдалайн “...Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн Бага хавчиг гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн тээвэрлэсэн Мөрөн суманд оршин суух Хаянхярваа овогтой Т нь мод бэлтгэж тээвэрлэсэн зөрчлийг илрүүлж ажилласан. ...Алаг-Эрдэнэ сумын 1-р баг Бага хавчиг гэх газраас босоо мод унагаж тээвэрлэж Түнэл сумын нутаг Халуун усны ам гэх газар Хаянхярваа гэх хүний хаваржааны хашааны гадаа буулгасан байхыг илрүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

Гэрч Д.Бямба-Очирын “...2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр найз Дүүрэнбаярын хамт Хавчигийн аманд үхэрт явж байхад Т Портер машинаар мод ачина гээд тааралдсан юм. Хаанаас ачих гэж байгааг асуухад Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Хавчиг гэх нэртэй газарт буюу бид хоёрын үхэрт явж байсан газраас холгүй газарт мод бэлтгэсэн гэж хэлсэн Т бид хоёрыг туслаад ачилцаад өгөөч гэж гуйхаар нь бид хоёр очиж машины тэвшин дээр нь ачилцаж өгөөд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,

Гэрч М.Дүүрэнбаярын “...2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр найз Бямба-Очирын хамт үхэрт явж байхад найз Т өөрийнхөө портер машинтай хүрч ирээд Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Хавчуу гэх газарт малын хашаа сэлбэх гээд хэдэн мод бэлтгэсэн юм. Ачилцаад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь Бямба-Очир бид хоёр зөвшөөрөөд модонд очиход 4 метрийн нилээн хэдэн ширхэг мод ачилцаж өгөөд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/ зэргээс үзэхэд шүүгдэгч Х.Т нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинж тогтоогдож байхад мөрдөгч, прокурор нь Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн “тээвэрлэсэн” шинжийг тусгахгүйгээр Х.Тыг яллагдагчаар татаж байцаалт аван, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болох юм.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг шалгаж тогтоосны эцэст прокуророос яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн үйлдэж ирүүлбэл зохих тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Тт холбогдох хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг прокурорт буцаасан тул прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/188 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Х.Тт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

 ШҮҮГЧИД                                                 Л.ЭРДЭНЭБАТ

                                                                              Н.БАЯРХҮҮ