Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 408

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

У.М-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/00066 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: У.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “И-” ХХК-д холбогдох

 

Гэм хорын хохиролд нийт 3 451 400 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.М- нь “И-” ХХК-д хөдөлмөрийн гэрээ байгуулан, пиццаны тогоочоор ажиллаж байхдаа 2018 оны 10 сарын 28-ны өдөр ажлын байран дээрээ түлэгдэж, 2 гар, нүүр нь гэмтсэн бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас түүний гэмтлийн шалтгааныг үйлдвэрлэлийн осолд тооцож, акт тогтоосон юм. У.М-д түлэгдэлтийн улмаас хөнгөн зэргийн гэмтэл учирсан, арьсны гадна талд шарх, сорви, дотор талд түлэгдэлтээс болж хордлого өгсөн. Эдгээр гэмтлийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төв, Гэгээ мед эмнэлэгт тус тус хэвтэж эмчлүүлсэн. Мөн 2019 оны 01 сарын 04-ний өдрөөс 2019 оны 4 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Хатан сондор эмнэлэгт тодорхой хугацааны давтамжтайгаар 10 удаа сорви арилгах лазер эмчилгээ хийлгэсэн. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаад ажил олгогч байгууллагын ажилтан ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс У.М- бэртсэн болох нь тогтоогдсон гэж үзэн, тухайн ажилтанд Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэвэр оногдуулсан. Анх энэ асуудлаар дүүргийн мэргэжлийн хяналтын газарт хандахад ажилтны буруу гэсэн, үүнийг зөвшөөрөөгүй тул МХЕГ-т гомдол гаргаснаар 2019 оны 3 сарын 15-ны өдөр дээрх актад өөрчлөлт оруулж, үйлдвэрлэлийн ослыг ажилтны буруу гэдгийг үндэслэлгүй болохыг тогтоож өгсөн. У.М-ын нүүр түлэгдсэнээс цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан гэрээс гарах боломжгүй болчихоод төлөөлөгч томилсон, цаашид пиццаны тогоочоор ажиллахад сэтгэл санааны хувьд хүндхэн болсон. “И-” ХХК-д 2018 оны 11, 12 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлж өгөх хүсэлт гаргасны дагуу ажил олгогч төлсөн. Гэвч У.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаарх шийдвэрийг ажил олгогч гаргаагүй байгаа тул ажил олгогчоос хуулиар төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжилсэн. Одоо У.М-ын биеийн байдал харьцангуй сайжирсан боловч байнгын эм уудаг, халуун, уур гарсан зүйлээс болгоомжилдог, сэтгэл санааны цочролд орсон, сэтгэлийн байнгын зовиуртай болсон. Түлэгдэлтээс болоод ойгүйдэлтэй болсныг мэргэжлийн эмч тогтоосны үндсэн дээр магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. У.М- нь осол болсон 2018 оны 10 сарын 28-ны өдрөөс эхлэн ажилдаа очоогүй, эмчилгээ нь 4 сард дууссан боловч тогоочоор ажиллахад нь ар гэрийнхэн дургүйцэх болсон. Эмчилгээ дууссан боловч эмнэлгийн хуудсыг тухайн үед нь аваагүй юм билээ. Иймд хариуцагч “И-” ХХК-иас “Гэгээ мед” эмнэлгийн эмчилгээний төлбөр 1 649 000 төгрөг, “Хатан сондор” эмнэлэгт түлэгдэлтийн сорви арилгах эмчилгээ 10 удаа хийлгэсний төлбөр 1 500 000 төгрөг, 2019 оны 1-7 сарын нийгмийн даатгалын шимтгэл 302 400 төгрөг, нийт 3 451 400 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч У.М-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 сарын 28-ны өдөр “И-” ХХК-ийн нийтийн хоолны үйл ажиллагаа явуулдаг “Калифорниа-2” ресторанд У.М- нь тогоочоор ажиллаж байхдаа пиццаны зууханд гал алдаж, газ дэлбэрч түлэгдсэн бөгөөд энэ үйлдвэрлэлийн ослыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа ба үйлдвэрлэлийн осол болсон гэдэгт маргахгүй. Үүнээс болж У.М-д хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд үүнийг эмчлүүлэхийн тулд тэрээр лазер эмчилгээ, хордлого тайлах эмчилгээ хийгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна. У.М-ын ой санамжаа хордлогын улмаас алдсан нь газны хордлогоос үүдэлтэй гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байгаа учраас түүний нэхэмжилж буй лазер эмчилгээ болон хордлого тайлах эмчилгээний төлбөрийг хариуцагч төлөх боломжгүй. Хатан сондор гоо сайхны хөгжлийн төв гоо сайхны салоноос 10 удаагийн эмчилгээ хийлгэсэн гэх тодорхойлолт ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Нэхэмжлэгч нь 2019 оны 01-07 сар хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх ёстой гэж байгаа боловч үйлдвэрлэлийн ослоос хойш 11, 12 сарын ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож төлсөн. Нэхэмжлэгч У.М- нь 2018 оны 10 сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 сарын 13-ны өдөр, 2018 оны 11 сарын 28-ны өдрөөс 2018 оны 12 сарын 08-ны өдрийн хугацаанд тус тус эмнэлгийн хуудастай байсан. Эмнэлгийн чөлөөтэй байснаас бусад хугацаанд ажилтан ажлаа хийж, үүндээ тохирсон цалин хөлсөө авах ёстой. 2019 он гарснаас хойш У.М- ажилдаа ирээгүй, ажил үүргээ гүйцэтгээгүй учир түүнд ажил олгогчоос цалин хөлс олгоогүй бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаас үзэхэд ажилтанд олгогдож буй цалин хөлснөөс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхөөр зохицуулагдсан байна. Хэдийгээр У.М-ыг ажлаас халсан тушаал гаргаагүй боловч ажилтан өөрөө хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд ажил олгогч нь хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. Хөдөлмөрийн харилцаа нь 2 талын нэгдэл бөгөөд хоёр тал харилцан эрх эдэлж, үүрэг хүлээх боловч ажилтан нь хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 3.5, 3.6-д заасан үүргээ биелүүлээгүй, гэтэл зөвхөн 1 талаас эдгээр үүргийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ажил, үүргээ биелүүлээгүй хүнд цалин хөлс олгох, ийнхүү цалин, хөлс олгоогүй байж нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй юм. “И-” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтныг 300 000 төгрөгөөр торгосон нь үйлдвэрлэлийн осол болон эмчилгээний асуудалтай холбоогүй гэж үзэж байна. У.М-ын хэвтэн эмчлүүлсэн гэх Гэгээ мед эмнэлэгт түүнтэй уулзахаар хүний нөөцийн менежер Л.Оюунцэцэгийн хамт очиход тэрээр уг эмнэлэгтэй байхгүй байхаар нь асууж тодруулахад гадуур эмчилгээ хийлгэж байгаа гэж С.Юндэн эмч хэлсэн. Түүнээс гадна эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлээд өгчихвөл эмчилгээнийх нь зардлыг төлнө гэж байгаа бөгөөд ажилтнаа хайхардаггүй, арга хэмжээ авдаггүй гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. Түүний эмчилгээ хийлгэсэн гэх баримтаар тогтоогдсон 481 000 төгрөгийг 2018 оны 11 сарын 15-ны өдөр төлбөрийн баримтыг үндэслэн олгосон. Дээрх гэмтлийн улмаас У.М- хөдөлмөрийн чадвар алдаагүй боловч тэрээр ажлаа огт хийгээгүй, ажил олгогчийн зүгээс түүнийг халуун нөхцөлд ажиллахад хүндрэлтэй байгаа бол өөр ажилд цалин хөлсийг нь бууруулахгүйгээр ажиллуулах талаар санал тавьж байсан. Гэтэл энэ бүгдийг үл зөвшөөрч, байгууллагын нэр хүндэд халдаж, 4 000 000 төгрөг өгвөл асуудлыг дуусгана гэх байдлаар хандсан. Нэхэмжлэгч У.М-ын эмчлүүлсэн гэх баримтууд нь эргэлзээтэй боловч хуурамч гэдгийг нотолсон баримт байхгүй, үүнийг тогтоолгох талаар эрх бүхий байгууллагад хандсан зүйлгүй. Иймд нэхэмжлэгч У.М-ын Гэгээ мед эмнэлгийн эмчилгээний төлбөр 1 649 000 төгрөг, Хатан сондор эмнэлэгт түлэгдэлтийн сорви арилгах эмчилгээ 10 удаа хийлгэсний төлбөр 1 500 000 төгрөг, 2019 оны 1-7 сарын нийгмийн даатгалын шимтгэл 302 400 төгрөг, нийт 3 451 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т тус тус зааснаар хариуцагч “И-” ХХК-иас 3 451 400 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч У.М-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “И-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.М-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 сарын 06-ны өдрийн 13185 дугаар дүгнэлтэд “... үзлэгт: Биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, байрлал идэвхтэй, хүүхэн харааны хэлбэр хоёр талд ижил, хэлбэр зөв дугариг, гэрлийн урвалд жигд оролцоно, нүдний алимны чичирхийлэлтгүй, дагзны булчин хөшингөгүй, хамар уруулын нугалаас хоёр талд ижил, хэл голын шугамаар, мөчдөд саа саажилтгүй, өнгөц ба гүний мэдрэхүй хэвийн, дээрх гэмтэл нь шүүхийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.11-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. Мөн “И-” ХХК-ийн хүний нөөцийн мэргэжилтэн Л.Оюунцэцэг болон хуульч Б.Мөнхболд миний бие Гэгээ мед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг сонсоод У.М-тай болон эмчлэгч эмчтэй нь уулзахаар очтол У.М- нь эмнэлэгт байгаагүй, хэвтэн эмчлүүлээгүй байсан. Энэ талаар У.М- болон түүний өмгөөлөгч, төлөөлөгч, Гэгээ мед эмнэлгийн н.Юнрэн эмч мэднэ. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар батлагдсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тодорхойлсон бөгөөд 3 дахь хэсэгт зааснаар ой ухаан бага зэрэг муудах нь хөдөлмөрийн чадвар 60 хувь алдсанд, тус журмын 2.2, 2.2.4-д зааснаар энэ нь гэмтлийн хүнд зэрэгт тооцогдохоор байна. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эрх бүхий шинжээч мөрдөгчийн тогтоолын дагуу хууль сануулж авсан дүгнэлтэд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, ухаан санаа саруул гэснийг шүүх анхаарсангүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.4-д шинжилгээг зөвхөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “шинжилгээний байгууллагад ажиллаж буй шинжээч болон зохих журмын дагуу томилогдсон этгээд хийх ба өөр байгууллага, этгээдээр энэ төрлийн шинжилгээг дангаар нь хийлгэж, дүгнэлт гаргуулахыг хориглоно" гэж заасны дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэгдэх нотлох баримт мөн. Ой ухаан бага зэрэг муудах төдийд 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдох учиртай байтал эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогоогүй. У.М- нь түлэнхийн шарх эдгэрэх хугацаанд буюу 2018 оны 12 сарын 08-ны өдрийг хүртэл листтэй байсан. Ийнхүү лист цаашид сунгагдаагүй тул нэхэмжлэгч нь энэхүү хугацаанаас ажлаа хийх боломжтой гэж эмнэлгийн байгууллага үзсэн байдаг. У.М- нь тоо бодож чадахгүй, ном уншаад ойлгохгүй байгаа гэдэг боловч энэ нь үнэн эсэх, түлэгдэлт, газны хордлогоос үүдсэн үр дагавар гэдгийг хэн ч тогтоогоогүй. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд У.М- нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эсэх нь эргэлзээтэй, ойгүйдсэн, ой ухаан муудсан гэдэг нь тогтоогдоогүй, үйлдвэрлэлийн ослын улмаас ойгүйдсэн гэх үндэслэл нь нотлогдохгүй байна. 2019 оны 1-7 сарын нийгмийн даатгалын шимтгэлд 302 400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тухайд, Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Дараахь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна”, 32.1.1-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цалин хөлс, мөн хуулийн 55, 56, 57, 59, 64, 66, 69 дүгээр зүйлд заасан олговор”, 32.1.2-т “Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлс”, 32.1.3 “энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан даатгуулагчийн өөрөө мэдүүлсэн орлого”, 32.1.4 “аж ахуйн нэгж, байгууллагаас ажилтанд олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого", Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “энэ хуулийн 6.1.1-д заасан даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хувь хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4-өөс доошгүй хувиар жил бүр” гэж тус тус заасны дагуу шимтгэлийг ажилтанд олгосон цалин, хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутган төлөхөөр хуульчилсан. Нэхэмжлэгч У.М- нь 2019 оны 12 сарын 08-ны өдрөөс /листний хугацаа дууссанаас/ хойш ажлаа хийгээгүй, Хөдөлмөрийн гэрээний 3.3, 3.4, 3.5, 3.6-д заасан үүргүүдээ хэрэгжүүлээгүй байхад ажил олгогчийг буруутгаж нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа огт алдаагүй боловч ажлаа хийгээгүй, ажил олгогчийн зүгээс “халуун нөхцөлд ажиллахад хүндрэлтэй байгаа бол хүссэн өөр ажилд чинь цалин хөлсийг бууруулахгүйгээр ажиллуулъя” гэх мэтчилэн ажилтны эрх ашигт нийцүүлэхийг эрмэлзэж, асуудлыг нааштайгаар шийдвэрлэхийг хичээж байсан. Нэхэмжлэгчийн байгууллагын удирдлагад гаргасан 2018 оны 11, 12 сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай хүсэлтийг зохих ёсоор нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн. Иймд 2019 оны 1-7 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг хүлээхгүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх эсэх асуудал нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулагдах харилцаа бөгөөд нэхэмжлэгч энэхүү асуудлаар гомдол нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 3 сарын хугацааг баримтлах ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Гэгээ мед эмнэлэгт эмчлүүлсэн гэх 1 649 500 төгрөгийн төлбөр, 2019 оны 1-7 сарын нийгмийн даатгалын шимтгэлд 302 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч У.М- нь хариуцагч “И-” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд нийт 3 451 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч У.М- нь хариуцагч “И-” ХХК-ийн “Калифорниа-2” ресторанд тогоочоор ажиллаж байхдаа 2018 оны 10 сарын 28-ны өдөр пиццаны шарах зууханд түлэгдсэн нь тус компанийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссийн 2018 оны 11 сарын 01-ний өдрийн үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 3 сарын 15-ны өдрийн 05/853 тоот албан бичиг, 2018 оны 11 сарын 22-ны өдрийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4, 32, 118-р тал/

 

Хариуцагч “И-” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын дүрэм, журам хангаж ажиллаагүй гэм буруутай болох нь дээрх үйл баримтаар тогтоогдсон тул хариуцагч компанийн хүний нөөцийн менежер, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан Л.Оюунцэцэгт Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 300 000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулжээ. /хх-ийн 132-133-р тал/

Үйлдвэрлэлийн ослын улмаас нэхэмжлэгч У.М-ын биед дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн хацар, дээд, доод уруул, эрүү, хүзүү, баруун шуу, баруун гарын сарвууг хамарсан биеийн нийт гадаргуугийн 10 хувь орчмыг хамарсан 2 дугаар зэргийн түлэгдэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. /хх-ийн 8-9-р тал/

 

Улмаар нэхэмжлэгч У.М- нь 2018 оны 11 сарын 28-ны өдрөөс 12 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд “Гэгээ мед” ХХК-ийн эмнэлэгт амьсгалын замын хийн хордлого, тархины хордлогот эмзэгшил, үлдэгдэл шинжүүд, нүүрний арьсны химийн түлэгдэл гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж, эмчилгээний төлбөрт 1 649 500 төгрөг, 2019 оны 01 сарын 04-ний өдрөөс 4 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Хатан сондор гоо сайхны салонд 10 удаагийн давтамжтайгаар сорви арилгах лазер эмчилгээ хийлгэж 1 500 000 төгрөгийн төлбөрийг тус тус төлжээ. /хх-ийн 10, 20, 100, 152-р тал/

 

Түүнчлэн нэхэмжлэгч У.М- нь 2018 оны 8 сарын 15-ны өдөр хариуцагч “И-” ХХК-ийн захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулан, тогоочоор ажиллаж байсан байх бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байх тул 2019 оны 1-7 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нөхөн төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Нөгөө талаар нэхэмжлэгчийн дээрх шаардлага нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан биш, гэм хор учруулсны улмаас учирсан хохиролтой холбоотой шаардлага байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.   

 

Хариуцагч “И-” ХХК нь ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын дүрэм, журам хангаж ажиллаагүй гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгч У.М- нь үйлдвэрлэлийн осолд өртөж, түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байх тул хариуцагч “И-” ХХК-иас “Гэгээ мед” ХХК-ийн эмнэлгийн эмчилгээний төлбөрт 1 649 000 төгрөг, “Хатан сондор” гоо сайхны салоны эмчилгээний төлбөрт 1 500 000 төгрөг, 2019 оны 1-7 сарын нийгмийн даатгалын шимтгэлд 302 400 төгрөг, нийт 3 451 400 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч У.М-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзалдаа болон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “Гэгээ мед” ХХК-д төлсөн 1 649 500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч хэргийн 10, 100 дугаар талд авагдсан “Гэгээ мед” ХХК-ийн эмнэлгийн бэлэн мөнгөний орлогын баримт, албан бичгээр хариуцагчийн татгалзал, гомдол няцаагдах бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн дээрх шаардлагыг үгүйсгэсэн баримтыг гаргаагүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/00066 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 181 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ИЧИНХОРЛОО                                      

                                         ШҮҮГЧИД                                                Ч.ЦЭНД

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ