Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2020/ДШМ/21

 

 

 

                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

  2020        09            09                                         2020/ДШМ/21

 

Э.Ад холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ч.Батзориг,

Нарийн бичгийн дарга: Л.Сувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолтой Э.Ад холбогдох 2038000000170 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ч.Батзоригийн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Бовлоев овогт Энхболдын А, .... оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................../.

Шүүгдэгч Э.А нь Хөвсгөл аймгийн Ханх сумын төвд 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Агийн нүд рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Бовлоев овогт Энхболдын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бовлоев овогт Энхболдын Аг нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Э.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Агаас 1,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ад олгож, Эрүүгийн 2038000000170 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Батзориг эсэргүүцэлдээ: ... Анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байна” гэх заалтыг зөрчсөн байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “ ... хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг тодорхой дурдаж өгөхөөр заасан байхад шүүгдэгч Э.Агаас 1,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Ад олгохоор шийдвэрлэхдээ ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлөх талаар тусгалгүй орхигдуулжээ. Түүнчлэн шүүгдэгч Э.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэсэн заалтыг баримтлаагүй алдаа гаргажээ.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Э.А нь Хөвсгөл аймгийн Ханх сумын төвд 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Агийн нүд рүү цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.Ганбат, Б.Энхдорж, Ч.Энхболд, Г.Нямтайван нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3538 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Э.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасан учир уг заалтыг баримтлан торгох ял төлөх хугацааг шүүх тогтоох нь хууль хэрэглээний хувьд зөв юм.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцнэ.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн зарим зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой.

Шүүх торгох ял биелүүлэх хугацааг тогтоогоогүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэсэн заалтыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд баримтлах боломжтой.

Иймд прокурорын эсэргүүцэлд заасан зарим үндэслэл болох “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ...заалтыг баримтлаагүй алдаа гаргажээ” гэх хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хугацаа болон торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хэрхэх талаарх зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэлээ.

Харин прокурорын эсэргүүцэлд заасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “...хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг тодорхой дурьдаж өгөхөөр заасан байхад шүүгдэгч Э.Агаас 1 000 000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Ад олгохоор шийдвэрлэхдээ ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлөх талаар тусгалгүй орхигдуулжээ...” гэх хэсгийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь Э.А нь ямар хугацаанд, хэдий хэмжээний орлого олох боломжтойг мөрдөн байцаалт болон прокурорын шатанд нарийвчлан тогтоогоогүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокурор нь хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр барагдуулах талаар тусгайлан санал гаргаагүй атлаа энэ талаар эсэргүүцэл гаргасан нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад оногдуулсан нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.” гэсэн 4 дэх заалт нэмсүгэй.

в/ Шийтгэх тогтоолын 4, 5, 5, 6 дахь заалтын дугаарыг 5, 6, 7, 8 болгож өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                             Л.ЭРДЭНЭБАТ

                                                                         Н.БАЯРХҮҮ