Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Ариунаа |
Хэргийн индекс | 102/2024/01117/И |
Дугаар | 102/ШШ2024/01771 |
Огноо | 2024-04-04 |
Маргааны төрөл | Аялал жуучлал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/01771
2024 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2024/01771 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Сөүл рояал коунти хотхоны 000 дүгээр байрны 00 тоотод оршин суух Боржигон овогт Р-ийн Т-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, Венера оффис төвийн 00 дугаар давхарт байрлах П.м.и ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага 3.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Р.Т, хариуцагч П.м.и ХХК-д холбогдуулан 3.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б: Бид Япон улс руу гэр бүлийн 4 гишүүний хамт тавуулаа аялах зорилгоор П.м.и ХХК-д 14.000.000 төгрөгийг төлсөн. Манай нөхөр өмнө нь Япон улсад хараар ажиллаж амьдарч байсан. Анх компанитай очиж уулзаад энэ асуудлыг хэлэхэд Л.Б-ийн ах гэх хүн виз гарахад ямар нэгэн асуудалгүй. Тийм асуудал Япон улсад байхгүй гэж хэлсэн. Ингээд виз гараад бид нар 17-ны өдөр явна гэж байсан боловч болиод 19-ний өдөр явсан бөгөөд манай нөхөр Япон руу зорчиж ороогүй тул би хүүхдүүдийн хамт 4-лээ аяллаа үргэлжлүүлсэн. Бид нар элчинд өөрийн биеэр орох сонирхолтой байснаа хэлэхэд компани Элчинд орох шаардлагагүй. Манай компани та нарын өмнөөс материалыг чинь бүрдүүлээд өгнө гээд материал авсан виз гарсан. Миний бие Япон улсад очсон шөнө П.м.и ХХК-ийн захирал н.У-той холбогдоод Яагаад манай нөхөр Япон улс руу орсонгүй бэ? гэж асуухад Яанаа эгчээ ийм зүйл болно гэж бодоогүй. Япон улсын элчин сайдын яам руу ярьж байна гэж хэлсэн. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт тохирсон хугацаандаа очоод аяллаа үргэлжлүүлээгүй бол нэг хүний төлсөн төлбөрийн 10 хувийг суутгаад буцааж олгоно гэсэн заалт бий. Манай нөхөр ч буцаж ирээд холбогдоход Ахаа таны мөнгийг япон талтай ярьж байгаад буцааж өгье гэж хэлээд хэд хоног чимээгүй болсон. Би аяллаа дуусгаад Монгол улсад ирсэн. П.м.и ХХК 370.000 төгрөгийг буцааж өгнө гэж хэлэхэд Яагаад 370.000 төгрөгийг буцааж өгдөг юм бэ гэхэд Бидний буцаах боломжтой мөнгө нь энэ байна. Япон тал ингэж авч байгаа гэх хариу өгсөн. Би япон талтай ярихад Бид 4 хүний мөнгө авч цааш аяллаа үргэлжлүүлсэн. Хэдэн хүн ирсэн тэр хүний тоогоор аяллын мөнгөө тооцож авдаг. Нэг хүний мөнгө аваагүй шүү гэж хэлсэн. Бид хүүхдүүдтэйгээ аяллаа үргэлжлүүлэх хугацаандаа нэг хүн яваагүй үлдсэн учраас компанид хүндрэл учруулаад яах бэ? гэсний үндсэнд тухай бүртээ хэмнэлттэй явсан. Энэ хүмүүсийн хоорондын тохиролцоо ямар байсныг мэдэхгүй. Буудалд хоёр өрөө авах байсан боловч нэг өрөө аваад 3 хүүхэдтэйгээ шахуу орчинд байж байгаад ирсэн. Хариуцагч аялалд гарахаас өмнө оройн хоёр хоолтой, буудал таалагдахгүй тохиолдолд буудлаа солих боломжтой гэх зүйлийг ярьсан боловч бодит байдал дээр тийм байгаагүй. Токио хотод нэг хоног хоноход таалагдаагүй буудалд буулгасан. Миний зүгээс Монгол улс руу удаа дараа дуудлага хийсэн боловч утсаа аваагүй учраас тэндээ хүүхдүүдтэйгээ хоёр өрөөнд хоносон. Маргааш өглөө нь үндсэн хөтөч ирэхэд Бид танай компанийн гаргасан үнийн саналаар төлбөрөө төлж явж байна. Хэрвээ буудал таалагдахгүй тохиолдолд сольж өгөх боломжтой гэж хэлсэн боловч яагаад ингэж байгаа юм бэ? гэж хэлсэн. Аль болох бид хамгийн хямд гэх буудалд байрлаж хайсаар ирсэн. Үүний дараа Чиба мужид хэд хоног байх үедээ бас нэг буудлын жижиг өрөөнд орсон. Миний хувьд хариуцагчийг бодож хямд зардлаар өөрсдийнхөн хүслээр явж ирсэн. Төлсөн мөнгөний хэмжээнд дүйцэхээр хангалттай аялалд явж ирээгүй. Япон талын аяллын хөтөч жолооч Бид энэ компанид хамааралтай эхүмүүс бишээ. Манай компанитай хамтарсан тохиолдолд илүү хямд үнэ санал болгоно. Залуу хүмүүс үйл ажиллагаа явуулж байгаа учраас дэмжээд хамтарч ажиллая гэж бодсон боловч бүтэхгүй хүмүүс байна. Миний хувьд 4 хүний зардлын мөнгө авсан. 5 хүний зардал аваагүй. Би нэг хүний зардал буцааж өгнө. Над руу 9.000.000 төгрөг шилжүүлснээс үзвэр үйлчилгээний мөнгийг хасаж шилжүүлнэ. Гэрээний дагуу нэг хүний мөнгөө компани буцааж өгөх ёстой гэж хэлсэн. Миний зүгээс хэл ам хийхгүй, аяллаар яваагүй нэг хүний төлбөрийг буцааж авмаар байна гэх шаардлага гаргасан. Хариуцагчийн ах гэх хүн Би ч бас японд асуудалтай байсан. Гэхдээ 30-40 минутын хугацаанд асуугаад зүгээр оруулдаг учраас санаа зоволтгүй гэж хэлсэн. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт зааснаар тогтсон цаг хугацаандаа аяллаа үргэлжлүүлэхээр очсон боловч нөхөр маань ямар нэгэн шалтгааны улмаас цааш аяллаа үргэлжлүүлж чадаагүй тул аяллын төлбөрийг буцааж олгоно гээд тодорхой дурдсан. Иймд гэрээний 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт зааснаар төлбөрийг шаардаж байна. Би анх хэн билээ нэг хүнтэй Та нар үнэхээр ингээд энэ компаниас мөнгийг авдаг юмуу? гэж асуухад Надад 9.200.000 төгрөг билүү хэдэн төгрөг өглөө гэж ярьсан. Ингээд 14.000.000 төгрөгнөөс 9.000.000 гаруй төгрөгийг өгч, шимтгэл тооцож авлаа гэхэд хариуцагч компанид нэг хүний зардал буцааж өгөх боломжтой. Гэтэл хариуцагч 10.000.000 гаруй төгрөгийг шилжүүлсэн гээд худлаа яриад байна. Тэр хүн надад 9.000.000 гаруй төгрөг шилжүүлсэн гэж надад хэлсэн. Хэрвээ бичиг үсэг мэддэг бол гэрээний 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт Япон улсад очсон байх шаардлагатай. Хэрэв жуулчин аяллын хөтөлбөрөөс ямар нэгэн шалтгааны улмаас аялалдаа хамрагдаж чадаагүй тохиолдолд аяллын нийт төлбөрийн 10 хувийг буцаан олгогдох боломжгүй гэдгийг хатуу анхаарна уу? Энэ тохиолдолд хувь хүн, оролцогч гэж байгаа. Тэгэхээр бид Японд очсон уу очсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэдэн хүн явах эсэх нь хамаагүй нэг машин бол тогтсон үнэтэй гэж тайлбарлаж байна. Бид 4-үүлээ явсан. Машины төлбөрийн нэг хүн явсан ч төлнө, 4 хүн явсан ч төлөөд явсан юм бол бид 4 хүний машины төлбөрийг төлсөн тул нэг хүний зардлаа авъя гэж байна. Машинаар нэг хүн, дөрвөн хүн явсан ч компани төлөх ёстой. Бид 5-уулаа аяллаар явж ирээд мөнгөө авъя гэж хэлээгүй. Цааш 4 хүн аяллаа үргэлжлүүлж, 5 хүний төлбөр төлсөн. Бид аяллаар явсан 4 хүний мөнгийг буцааж авах шаардлага гаргаагүй. Аялалд яваагүй нэг хүний төлбөрөө буцааж авах шаардлага гаргасан. Манай нөхөр өөрийн цаг хугацаа, сэтгэл санаа, онгоцны зардал, иммигрейшнд очиж ганцхан хоногт 1.000.000 төгрөг төлсөн. Бид тооцоолоогүй их хэмжээний зардал гаргасан учраас 3.000.000 төгрөгийг буцааж авах шаардлагыг тавьсан. Түүнээс биш нэг хүн, дөрвөн хүн явсан ч танай байгууллага төлөх ёстой байсан. Манай нөхрийн хувьд Японд хараар ажиллаж байгаад 10 жилийн хар даруулаад 15 жил болоод явсан, гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1.Гэрээ виз мэдүүлэхийн өмнө болон виз гарсны дараа гэх хоёр хэсгээс бүрддэг. Виз мэдүүлэхийн өмнө урьдчилгаа 10 хувийг Японы элчинд төлөх төлбөр хүртэл гардаг. Виз гарсны дараа явахаа больсон тохиолдолд 10 хувийг буцааж өгдөг. Харин аялал эхэлсний дараа буюу тухайлбал онгоцондоо сууж, ниссэний дараа хил дээрээс хувийн шалтгаанаар буцахыг ямар ч аяллын компани аяллаар явсан, аяллаа үргэлжлүүлсэн гэж үздэг. Иймд манай компани гэрээнд заасан дүрэм, журмын дагуу аяллаа явуулсан гэж үзэж байна. Манай компани сүүлийн хоёр жилийн хугацаанд Япон улс руу аялал зохион байгуулж байгаа бөгөөд хил дээрээс хүн буцах асуудал нэг ч удаа гарч байгаагүй. Бид нэхэмжлэгчид хил дээрээс буцдаггүй гэж огт хэлээгүй. Нэхэмжлэгчийн манай ах гээд дурдаад байгаа хүн Япон улс руу оюутны буюу сургалтын виз мэдүүлээд 2-3 удаа татгалзсан хариу авч зөвхөн бизнес визээ мэдүүлээд виз гарч байсан явадл бий. Тухайн үед би ахтайгаа хамт явж байсан учраас хил дээр 30-40 минутын хугацаанд шалгаж асууж тодруулсан. Р.Т-ын хувьд монгол талын хил дээр асуудалгүй гарсан боловч Япон улсын Хууль зүйн яамд асуудалтай байна гэх хариуг бидэнд элчингээс өгч өөр хариу өгөх боломжгүй гэдгээ хэлсэн. Р.Т-ыг хил дээр саатуулагдах үед бид туслахын тулд хэд хэдэн газар руу ярьж хөөцөлдөж үзсэн болоогүй. Нийт 14.000.000 төгрөгийн төлбөр авснаас 12.000.000 гаруй төгрөгийг Япон руу шилжүүлж, 1.550.000 төгрөг үлдэж, нэг хүнээс 310.000 төгрөгийн ашигтай ажилласан гэсэн үг. Үйлчилгээний талаар хэлэхэд ер нь Японы буудлууд цаанаасаа жижиг баригдсан байдаг. Манай аяллын хөтөлбөр бусад газрын хөтөлбөрөөс хамгийн хямд. Хөтөчийн тухайд манайхтай хамааралгүй биш бөгөөд одоо хүртэл манай аялалд хөтөч хийгээд явж байна. Бид анхнаасаа нэг хөтөчтэй. Энэ хөтөчөө хүмүүстээ өгдөг. Хэрвээ хөтөчийг манай компанитай хамааралтай эсэхийг тодорхойлох шаардлагатай гэж үзвэл би тайлбар бичиж өгч болно. Япон талын машин хүн бүрийн тоогоор төлбөрөө тооцдоггүй. Нэг хүн, нэг хөтөч явж байсан ч машинаар бөөнд нь төлбөрөө тооцож авдаг учраас нэг хүн яваагүй юм байна нэг хүний төлбөр хасах ойлголт асуудал байдаггүй. Иймд бид 4 юмуу эсвэл 5 хүний мөнгө авсан гэх зүйлгүй. Манай компани аль болох хүнээ бодоод нэхэмжлэгчийг олон хүүхдүүдтэйгээ хамт явж байгаа учраас зардал их гарсан байж магадгүй аяллын явцад нөхөр нь буцсан, өөрөө хүүхдүүдтэйгээ явсан, сэтгэл санаа сайнгүй байгаа байх гэж бодсоны үндсэн дээрээс одоо тэдэн төгрөгийг өгнө, өгхөгүй, тэгнэ ингэнэ гэж хэлж аяллыг нь улам тухгүй болгосноос ядаж бүгдээрээ аяллаа дуусгаад дараа нь ярилцъя гээд машины төлбөрийг буцааж өгөх боломжгүй. Харин үзвэрийн 370.000 төгрөгийг буцааж өгнө гэж хэлсэн. Гэтэл нэхэмжлэгч үзвэрийн мөнгө буцааж авахгүй гэж хэлсэн. Бид олон жаахан хүүхэдтэй яваад зардал их гарсан байх гэж үзээд ядаж өөрсдийн ашгаасаа нэхэмжилж байгаа төлбөрийн 50 хувийг чадах хэмжээгээрээ буцааж өгье гэхэд үгүй гэж хэлээд илт дээрэлхсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Манай захирал 20 настай бага хүүхэд байдаг учраас төлбөрөө 100 хувь авна гэж хэлдэг. Иймд компани Япон талын үзвэр үзээгүй буцааж өгөх мөнгийг өгөх боломжтой. Гэрээнд аялалд яваагүй бол 10 хувийг буцааж өгнө гэж заасан. Аялалд явсан тохиолдолд буцааж өгөхгүй. Гэтэл Р.Т онгоцондоо суугаад аяллаа эхлүүлээд явсан. Бид төлбөрөө гаальд тушаасан. Биднээс шалтгаалж хил гарч чадаагүй асуудал байхгүй тул аяллын зардлыг буцаан олгох боломжгүй. Машины төлбөрийг 4 хүн дээрээ биш нийт 5 хүний төлсөн дүнгийг тэр чигт нь өгсөн гэсэн үг. Зургаан хүн явсан ч тухайн үнийн дүнгээр төлбөр төлнө. Иймд нэг хүн яваагүй учраас нэг хүний төлбөрийг буцааж өгөх гэх боломжгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, гэжээ.
5.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд:
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Б.Б-д олгосон итгэмжлэл, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Аяллын гэрээ, аяллын хөтөлбөрийн гэрэл зураг, аяллын төлбөр төлсөн шилжүүлгийн баримт,
7.Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Л.Б-т олгосон итгэмжлэл, Мон топ трейд ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Япон улсын элчин сайдын яаманд гаргасан Мон топ трейд ХХК-ийн захирал Р.А-ын хүсэлт, Р.Т-ийн иргэний үнэмлэхний хуулбар, Р.Т, Б.Б нарын үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Р.Т-ийн дансны хуулга, Боловсрол соёл эрх зүйн дээд сургуулийн тодорхойлолтыг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Манай гэр бүл П.м.и ХХК-ийн Япон улс руу аялуулна гэсний дагуу хандаад 5-уулаа аялахаас 4-үүлээ аялаад ирсэн. Гэтэл манай нөхөр Р.Т Япон улсын хил дээрээс аялаж чадаагүй буцсан. Р.Т өмнө нь Япон улсад хараар ажиллаж амьдарч байгаад хар даруулж ирсэн асуудлыг анх компанитай очиж уулзаад хэлэхэд виз гарахад ямар нэгэн асуудалгүй гэж хэлсэн. Ингээд нөхөр хилээр гарч чадаагүй учраас би хүүхдүүдийн хамт 4-лээ аяллаа үргэлжлүүлсэн. Төлбөрийг буцааж авах талаар хариуцагчид хандсан. Япон руу ярьсан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 3.000.000 төгрөгийг аялаагүй тул нэхэмжилж байна гэж тайлбарлав.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б Компани гэрээнд заасан дүрэм журмын дагуу аяллаа явуулсан. Аялагч аялал эхэлсний дараа онгоцондоо сууж ниссээд хил дээрээс хувийн шалтгаанаар буцахыг аяллаа үргэлжлүүлсэн гэж үзнэ. Бидний зүгээс хил дээрээс буцдаггүй гэж хэлээгүй. Монгол улс дахь Японы элчин сайдын яамаас визний зөвшөөрлийг олгосон. Бид Япон талын үзвэр үзээгүй буцааж өгөх мөнгийг өгөх боломжтой. Гэрээнд аялалд яваагүй бол 10 хувийг буцааж өгнө гэж заасан. Аялалд явсан тохиолдолд буцааж өгөхгүй. Виз гарсны дараа явахаа больсон тохиолдолд 10 хувийг буцааж өгөх боломжтой. Нэхэмжлэгч Р.Т-ийн хувьд онгоцондоо суугаад аяллаа эхлүүлээд явсан. Хариуцагчаас шалтгаалж хил гарч чадаагүй асуудал байхгүй. Манайхаас юу болсон талаар асууж тодруулахад Япон улсын Хууль зүйн яамд асуудалтай байна гэх хариуг элчингээс өгч өөр хариу өгөх боломжгүй гэдгээ хэлсэн. Нэхэмжлэгчийг хил дээр саатуулагдах үед туслахын тулд хэд хэдэн газар руу ярьж хөөцөлдөж үзсэн бүтээгүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзлаа илэрхийлж байна.
4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Р.Т, хариуцагч П.м.и ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Япон улсад аялуулах аяллын гэрээ байгуулж, 7 шөнө, 8 өдрийн Токио-Фүжи аяллын чиглэлтэй, 5 хүний аяллын зардал хүүхэд 2.500.000 төгрөг, том хүн 3.000.000 төгрөг нийт 14.000.000 төгрөгт зочид буудал, үзвэр, унаа багтаж, виз гарсны дараа хөтөлбөрийн үнэ эцсийн байдлаар төлөвлөгдөж өөрчлөлт орох боломжтой нөхцлөөр харилцан тохиролцож гэрээ хийгдсэн болох нь зохигчдын тайлбар, гэрээ, аяллын хөтөлбөрийн гэрэл зураг, төлбөрийн баримтаар тогтоогдож байна.
7.Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд аялал жуулчлалын гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.
8.Дээрх талуудын байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч Р.Т-ийн гэр бүлийн 5 гишүүний Япон улсад аялах аяллын виз гарч, хуваарьт нислэгийн дагуу нисэж, Япон улсын нисэх буудалд бууж, нэхэмжлэгчээс бусад гэр бүлийн гишүүд аяллын маршрутын дагуу аялаж ирсэн үйл баримтад хэн аль нь маргахгүй байна.
9.Шүүхийн хэлэлцүүлгийн явцад зохигчдын маргааны зүйлийн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Т Япон улсын хилээр нэвтэрч аялаж чадаагүй Монгол улсад буцаж ирсэн тул аяллын зардал 3.000.000 төгрөгийг буцаан авах ёстой, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Компаниас шалтгаалсан зүйл байхгүй учраас төлбөрийг буцаан өгөх боломжгүй гэж мэтгэлцэж байна.
10.Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт аялал жуулчлалын гэрээгээр тур оператор, аяллын агент жуулчинд хэлэлцэн тохиролцсон үйлчилгээ үзүүлэх, жуулчин ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлөө хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч аяллын хөтөлбөрийн үнийг бүрэн төлж, хариуцагч Япон улсын элчин сайдын яаманд хандаж Япон улс руу аялах визний зөвшөөрлийг аялагч нарын гэр бүлийн гишүүдэд авч, аялагч нар онгоцондоо сууж аялал эхэлснээр Япон улсын нисэх буудалд буусан байх ба аялагч Р.Т-с бусад гэр бүлийн гишүүдэд Япон улсын хилээр нэвтрэх эрхийг олгосон үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байна.
11.Иргэний хуулийн 372 дугаар зүйлийн 372.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй.
12.Мөн хуулийн 372 дугаар зүйлийн 372.1 дэх хэсэгт тур оператор, аяллын агент гэрээнд заасан аяллын ач холбогдлыг бууруулах буюу үр ашиггүй болгох аливаа доголдол гаргахгүйгээр аяллыг зохион байгуулах үүрэгтэй гэж заажээ.
13.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б Нэхэмжлэгчийг хилээр орох, гарах асуудал биднээс шалтгаалаагүй. Японы элчин сайдын яам Хууль зүйн яаманд бүртгэлтэй хүн байна. Өөр хариулт өгөх боломжгүй гэдэг хариуг өгсөн гэх тайлбар үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн Р.Т өмнө нь Япон улсад ажиллаж байгаад 10 жилийн хар даруулаад ирсэн. Түүнээс хойш 15 жил болсон бөгөөд аяллын компанид хэлэхэд асуудалгүй гэж хэлсэн гэх тайлбараар нэхэмжлэгч тухайн улсын хууль тогтоомжийг зөрчсөний улмаас түүний хилээр нэвтрэх эрхийг хугацаа тогтоож албадан гаргаснар эх орондоо ирсэн нь нотлогдож байна.
14.Өөрөөр хэлбэл, аливаа улс өөрийн улсынхаа хилийг нэвтрэх эрхийг хэнд олгох нь тэдний эрх хэмжээний асуудал бөгөөд ямар шалтгаан үндэслэлээр зөвшөөрөл олгоогүй талаар Япон улс тайлбарлах шаардлагагүй байдаг тул хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгч хил нэвтэрч аяллаа үргэлжлүүлж чадаагүй гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлож чадаагүй, нэхэмжлэгч өөрөө зөрчил гаргаснаа мэдсэн атлаа тухайн нөхцөл байдлаа судлах, үнэлэлт дүгнэлтээ өгөөд аялал эхлэхээс өмнө хэдийд ч гэрээнээс татгалзах боломжтой байсан ба энэ эрхээ хэрэгжүүлэх боломжийг аялал жуулчлалын компаниас хориглосон, хязгаарласан үйлдэл болон аяллыг үр дүнгүй зохион байгуулж үүргээ биелүүлээгүй доголдол гаргасан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.
15.Иймээс Япон улсын эдлэх онцгой эрхийг зохигчдын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан заалттай хамааруулан үзэх мөн Иргэний хуулийн 377 дугаар зүйлийн 377.1.1 дэх хэсэгт жуулчинд учирсан хохирол нь тур оператор, аяллын агентын санаатай, болгоомжгүй үйлдлээс болоогүй гэж заасны дагуу хариуцагч П.м.и ХХК-ийг нэхэмжлэгчийг хилээр нэвтрүүлэхгүй аяллын доголдол гаргаж хариуцлагагүй хандсан гэж дүгнэн аялал жуулчлалын үйл ажиллагаатай нэхэмжлэлийн шаардлагыг холбох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн төлөхийг зөвшөөрсөн 370.000 төгрөгийг хасаж тооцоод үлдсэн 2.630.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
16.Иргэний хуулийн 376 дугаар зүйлийн 376.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын тайлбараар нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүйг дурдах нь зүйтэй.
17.Хавтаст хэргийн 43-48 хуудсанд авагдсан баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
18.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 11.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.м.и ХХК-аас 370.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Т-т олгож, үлдсэн 2:630:000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 11.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА