| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2022/02823/И |
| Дугаар | 181/ШШ2024/00917 |
| Огноо | 2024-03-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2024/00917
2024 03 05 181/ШШ2024/00917
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймаг, Алтанбулаг сум, 1 дүгээр баг, 5 тоот хаягт оршин суух М овогт Т М /РД:ШГ66012905/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 8/1, 8-р хороо, Сити тауэр, 10 давхарт байрлах Э ХХК /РД:5350166/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлсэн 81,825,560 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 14,270,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.М,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч,
Хариуцагчийн төлөөлөгч Э.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч О.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.М нь Э ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, ажлын хөлсөнд шилжүүлсэн 50,150,000 төгрөг, алданги 1,600,560 төгрөг, нийт 51,750,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 81,825,560 төгрөг болгож ихэсгэсэн.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2.1. ... Нэхэмжлэгч Т.М нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчтай АОС-01/3-19 дугаар бүхий Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь 45,900,000 төгрөгийг төлөх, хариуцагч нь гэрээний үнэ бүрэн төлөгдсөнөөс хойш 45-60 хоногийн дотор орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэн нэхэмжлэгчид шилжүүлэх үүргийг хүлээсэн.
Нэхэмжлэгчийн хувьд харилцан тохиролцсоны дагуу хариуцагч байгууллагад нийт 4 удаагийн гүйлгээгээр 50,150,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэхэд бүрэн шилжүүлсэн. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл барилгыг бүрэн ашиглалтад оруулаагүй буюу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчаас орон сууцны барилгын ажлыг яагаад хугацаандаа хийж гүйцэтгэхгүй байгаа талаар утсаар холбогдон лавлахад урд хил хаасантай холбоотойгоор барилгын бараа материалын үнэ өссөн, ковидын нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа зэрэг үндэслэлгүй тайлбаруудыг өгч байсан. Учир нь талууд гэрээ байгуулах үед дээрх нөхцөл байдлууд аль хэдийнээ бий болсон байсан билээ.
Хариуцагч байгууллагын хувьд гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгчтэй огт холбогдоогүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс өөрөө холбогдож байж орон сууцны барилгын ажил хийгдэхгүй байгаа талаар мэдсэн. Улмаар хариуцагчид барилгын ажлыг 2022 оны 03 дугаар сар гэхэд хийж дуусгах талаар сануулсан ч үр дүнд хүрээгүй бөгөөд анх гэрээгээр тохирсноос хойш өнөөдөр даруй 1 жил өнгөрөөд байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид нэмэлт хугацаа тогтоосон, нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гарахгүй нь илт болсон тул гэрээг цуцалж төлсөн төлбөрөө буцааж авах талаар хариуцагчид мэдэгдсэн. Хариуцагч байгууллагаас гэрээний дагуу төлсөн төлбөрөө буцааж авъя гэж хандахад танай өгсөн мөнгийг өөр айлуудын орон сууцны барилгын ажилд зарцуулсан, манай компанид шинээр захиалга орж ирсэн тохиолдолд төлбөрийн тодорхой хувийг буцааж өгөх боломжтой гэх хүлээн зөвшөөрч боломжгүй хариултыг өгсөн. Гэрээний дагуу төлөгдсөн төлбөрийг зөвхөн гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулах ёстой байтал өөр барилгын санхүүжилтийг шийдвэрлэж байгаа нь хариуцагч байгууллага талуудын хооронд байгуулсан гэрээ болон Монгол Улсын хуулийг зөрчсөн явдал гэж үзэж байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсан тул гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болох 50,150,000 төгрөгийг шаардаж байна.
Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт гүйцэтгэгч нь амины орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 303 хоногийн алданги төлөх үүрэгтэй байна. Гүйцэтгэгч нь гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу сүүлийн төлбөрийг хийснээс 45-60 хоногийн дотор барилгын ажлыг гүйцэтгэж дуусахаар харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийг бүрэн төлсөн тул түүнээс хойш 60 хоногт буюу 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэхэд барилгын ажлыг гүйцэтгэж дуусаагүй бол хугацаа хэтрүүлсэн хоногийг тоолох ёстой байна. 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 304 өдөр байна. Иймд алдангийг тооцоолбол нэг өдрийн алданги нь 5,015 (50,150,000х0.01=5,015) төгрөг байх бөгөөд нэг өдрийн алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног болох 303 хоногоор үржүүлэхэд 1,600,560 (5,015х304=1,600,560) төгрөг байна. Иймд гэрээгээр тохирсны дагуу тус төлбөрийг мөн шаардах үндэслэлтэй.
Иймд хариуцагч Э ХХК-иас 51,750,560 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.М олгож өгнө үү гэжээ.
2.2. Нэхэмжлэгч ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Т.М нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчтай АОС-01/3-19 дугаар бүхий Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ"-г байгуулсан. Тус гэрээгээр тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь 45,900,000 төгрөгийг төлөх, хариуцагч нь гэрээний үнэ бүрэн төлөгдсөнөөс хойш 45-60 хоногийн дотор орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэн нэхэмжлэгчид шилжүүлэх үүргийг хүлээсэн.
Нэхэмжлэгчийн хувьд харилцан тохиролцсоны дагуу 50,150,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэхэд бүрэн шилжүүлсэн ч хариуцагч нь гэрээнд заасан үүргээ огт биелүүлээгүй билээ. Гэрээгээр тохирсны дагуу хариуцагч нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр барилгын ажлыг гүйцэтгэж дуусгаагүйн улмаас нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг бариулахад 1 жилийн хугацаа алдсан, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх үеийн байдлаар ч орон сууцаа бариулж чадаагүй байна. Өнөөдрийг хүртэл өөрийн амьдрах орон сууцаа бариулж чадаагүйн шалтгаан нь нэгдүгээрт хариуцагч байгууллага үүргээ гэрээнд заасны дагуу биелүүлээгүйн дээр нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй атлаа нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг алдангийн хамт гаргаж өгөөгүй байгаа. Хоёрдугаарт өнөөдрийн байдлаар хариуцагчаар бариулах байсан орон сууцыг барих зах зээлийн дундаж өртөг нь 50,150,000 төгрөг бус 80,225,000 төгрөг болсон байна. Энэ нь 2021 оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэл барилгын материалын үнийн өсөлт, ам.долларын ханшийн өсөлтөөс үүдэлтэй төгрөгийн ханшийн уналт зэрэг шалтгаануудтай холбоотой юм.
Нэхэмжлэгчийн зүгээс тухайн амины орон сууцаа бариулахаар барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс эко үүр ХХК-д хандахад Э ХХК-ийн орон сууц барихаар тохирч байсан нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт очин үзсэний үндсэн дээр Э ХХК-иар бариулахаар тохирсон орон сууцыг 80,225,000 төгрөгөөр барих боломжтой талаар ажлын задаргааг гаргаж өгсөн.
Мөн хариуцагч байгууллага нь 2022 оны 7 дугаар сард нэхэмжлэгчид тайлбарлахдаа барилыг материалын үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналттай холбоотойгоор 29,100,000 төгрөгийг нэмж төлбөл танай орон сууцыг барьж өгөх боломжтой гэх хариуг өгч байсан зэргээс үзвэл бидний ихэсгэж буй нэхэмжлэлийн шаардлага нь бодитой бөгөөд үндэслэлтэй байна. Энэхүү ихэсгэж буй 30,075,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч тал үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотой нэхэмжлэгчид учирч буй хохирол билээ. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй юм. Иймд хариуцагч Э ХХК-иас 30,075,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.М олгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ... Хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгчийн анх гаргасан 51,750,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, мөн 30,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага тус бүрийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна.
Талуудын хооронд 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №АОС-01/3-19 дугаар бүхий Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан байдаг. Нэхэмжлэгч нь ... хариуцагч байгууллагын хувьд гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгчтэй огт холбогдоогүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс өөрөө холбогдож байж орон сууцны барилгын ажлаар хийгдэхгүй байгаа талаар мэдсэн ... гэж нэхэмжлэлдээ дурдсан нь бодит үнэнд нийцэхгүй байх ба бид түүнтэй байнга холбоотой байж, шаардлагатай мэдээ, мэдээллийг зохих ёсоор өгч байсан гэдгийг онцлон дурдах нь зүйтэй байна.
Мөн тэрээр хариуцагчийг ... үндэслэлгүй тайлбар өгч байсан, танай өгсөн мөнгийг өөр айлуудын орон сууцны барилгын ажилд зарцуулсан... гэх мэтээр шүүхэд мэдүүлж байгаа нь бүгд үндэслэлгүй, бодит байдалтай нийцэхгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч Т.М гаргасан 51,750,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл болон 30,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага тус бүрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Зохигчдын хооронд 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр №АОС-01/3-19 дугаар бүхий Амины орон сууц захиалгаар байгуулах гэрээ байгуулагдаж, гэрээ байгуулагдсаны дараа хариуцагчийн зүгээс тухайн гэрээний дагуу амины орон сууц баригдах газарт очиж хэмжилт хийсэн байдаг. Ийнхүү газар дээр очиж хэмжилт хийсний дараа хариуцагчаас амины орон сууцны барилгын зураг төслийг бүрэн хийж дуусгасан.
Дээр дурдсан ажлууд дууссаны дараагаар гүйцэтгэгч нь захиалагчийн газар дээр амины орон сууцны барилга барих ажлыг үе шатны дагуу эхлүүлж, улмаар газар шорооны ажил, суурийн ажил төмөр бетон аяган суурь, соруулдаг болон саарал усаа хөрсөндөө шингээх септик бохирын системийн ажил зэргийг зохих ёсоор, хугацаанд нь бүрэн хийж гүйцэтгэсэн.
Ийнхүү барилгын ажлууд хийгдэж байх үед буюу гэрээний хэрэгжилтийн үед давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн ба энэ талаарх хангалттай мэдээ мэдээллийг гүйцэтгэгчээс тухай бүрд нь зохих ёсоор мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хичээсэн. Тодруулбал 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/17 дугаар бүхий мэдэгдэл, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01/25 дугаар бүхий мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн.
Гэвч захиалагч буюу нэхэмжлэгч нь гэрээний хэрэгжилтийн үед тохиосон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд тохирсон арга хэмжээ авах гүйцэтгэгчийн саналыг эс хүлээн зөвшөөрч, улмаар гэрээний дагуу төлсөн нийт төлбөрөө буцаан гаргуулахаар шүүхэд хандсан тул Э ХХК нь №АОС-01/3-19 дугаар бүхий Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний дагуу өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрөө захиалагч Т.Мөнхбаяраас гаргуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.
Гүйцэтгэгчээс №АОС-01/3-19 дугаар бүхий гэрээний үүргээ биелүүлж, нийт 14,270,000 төгрөгийн үнэ бүхий дор дурдсан ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд Зураг төслийн ажил 1,000,000 төгрөг, газар шорооны ажил 1,000,000 төгрөг, Септик бохирын систем 5,500,000 төгрөг, суурийн ажил 2,240,000 төгрөг, аяган суурийн ажил 3,930,000 төгрөг, тээврийн нэмэгдэл зардал 600,000 төгрөг.
Иймд Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудыг үндэслэн хариуцагч Т.М14,270,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч ... хариуцагч нь гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй билээ. Мөн хариуцагчийн зүгээс ... барилгын ажлууд хийгдэж байх үед гэрээний хэрэгжилтийн үед давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн ба энэ талаарх хангалттай мэдээ, мэдээллийг гүйцэтгэгчээс тухай бүрд нь зохих ёсоор мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хичээсэн гэх худал тайлбарыг шүүхэд гаргажээ, Учир нь гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу барилгын ажлыг сүүлийн төлбөр төлснөөс хойш буюу 2021.05.31-ний өдрөөс хойш 60 хоногийн дотор буюу 2021.09.30-ны өдөр бүрэн дуусгасан байх ёстой байсан. Дээрх хугацаанд ямар нэгэн давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал байгаагүй тул гэрээнд заасан ажлыг тохирсон хугацаанд хийж гүйцэтгээгүй нь давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдалтай холбоотой гэх хариуцагчийн тайлбартай огт нийцэхгүй юм.
Хариуцагчийн 14,270,000 төгрөг гаргуулах шаардлага нь баримтаар нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчээс Т.М иргэний үнэмлэхийн лавлагаа, 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн амины орон сууц захиалгаар бариулах гэрээ, мөнгө шилжүүлсэн тухай баримт, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Б.Амгаланбаатарт олгосон итгэмжлэл, Эрдэнэс эко үүр ХХК-ийн төсвийн задаргаа, Э ХХК-ийн захирал Батбилэгтэй харилцсан цахим шуудан, нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
7. Хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б.Заяа, О.Цолмон нарт 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хариу тайлбар, Э ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, захиалагчтай харилцаж байсан э-мэйлийн хуулбар, №АОС-01/3-14 дугаар бүхий гэрээний хуулбар, №АОС-01/3-14 дугаар бүхий амины орон сууц захиалгаар бариулах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, №АОС-01/3-16 дугаар бүхий амины орон сууц захиалгаар бариулах гэрээ, №АОС-01/3-16 дугаар бүхий амины орон сууц захиалгаар бариулах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, №АОС-01/3-19 дугаар гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээ, 01/25 дугаар бүхий мэдэгдлийн хуулбар, 01/17 дугаар бүхий мэдэгдлийн хуулбар, №АОС-01/3-19 дугаар бүхий амины орон сууц захиалгаар бариулах гэрээ, гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын зураг, Э ХХК-иас Монгол улсын барилга хот байгуулалтын яаманд хүргүүлсэн хүсэлт, Э ХХК-иас дулаалгын хөөсөн полистрол хавтан үйлдвэрлэгчдийн үндэстний нэгдсэн холбоо ТББ-д хүргүүлсэн хүсэлт, Барилга хот байгуулалтын яамнаас Э ХХК-д олгосон БУ12-574/21 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Эм Эн Ти прожект ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, №2257 дугаар бүхий ашигтай загварын гэрчилгээний хуулбар, 10-0004753 дугаар бүхий шинэ бүтээлийн патентын хуулбар, хөрөнгийн үнэлгээний төвд мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн баримтын хуулбар, шилжүүлгийн баримт, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрийн баримт, №АОС-01/3-19 дугаар гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээ, оюуны өмчийн газрын шинэ бүтээлийн патентын хуулбар, Барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 05 дугаар сарын амины орон сууцны өртгийн тооцооллын хуулбар, 2021 оны 08 дугаар сарын амины орон сууцны өртгийн тооцооллын хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 136 дугаартай барилга.мн сэтгүүлийн хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 132 дугаартай барилга.мн сэтгүүлийн хуулбар, орчуулга зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
8. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, Гадаад харилцааны яамнаас Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/2447 тоот Дэмжлэг хүсэх тухай албан бичгийн хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 596 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т.М нэхэмжлэлээс 41,329,260 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 40,496,300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Т.М нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчтай АОС-01/3-19 дугаар бүхий Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь 45,900,000 төгрөгийг төлөх, хариуцагч нь гэрээний үнэ бүрэн төлөгдсөнөөс хойш 45-60 хоногийн дотор орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэн нэхэмжлэгчид шилжүүлэх үүргийг хүлээсэн. Нэхэмжлэгчийн хувьд харилцан тохиролцсоны дагуу хариуцагч байгууллагад нийт 4 удаагийн гүйлгээгээр 50,150,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэхэд бүрэн шилжүүлсэн. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл барилгыг бүрэн ашиглалтад оруулаагүй буюу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гарахгүй нь илт болсон тул гэрээг цуцалж төлсөн төлбөрөө буцааж авах талаар хариуцагчид мэдэгдсэн. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсан тул гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болох 50,150,000 төгрөгийг шаардаж байна.
Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасны дагуу 1,600,560 төгрөгийн алданги шаардана.
Гэрээгээр тохирсны дагуу хариуцагч нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр барилгын ажлыг гүйцэтгэж дуусгаагүйн улмаас нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг бариулахад 1 жилийн хугацаа алдсан, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх үеийн байдлаар ч орон сууцаа бариулж чадаагүй байна. Өнөөдрийг хүртэл өөрийн амьдрах орон сууцаа бариулж чадаагүйн шалтгаан нь нэгдүгээрт хариуцагч байгууллага үүргээ гэрээнд заасны дагуу биелүүлээгүйн дээр нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй атлаа нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг алдангийн хамт гаргаж өгөөгүй байгаа. Хоёрдугаарт өнөөдрийн байдлаар хариуцагчаар бариулах байсан орон сууцыг барих зах зээлийн дундаж өртөг нь 50,150,000 төгрөг бус 80,225,000 төгрөг болсон байна. Энэ нь 2021 оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэл барилгын материалын үнийн өсөлт, ам.долларын ханшийн өсөлтөөс үүдэлтэй төгрөгийн ханшийн уналт зэрэг шалтгаануудтай холбоотой юм.
30,075,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч тал үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотой нэхэмжлэгчид учирч буй хохирол билээ. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй юм. Иймд хариуцагч Э ХХК-иас 30,075,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.М олгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Талуудын хооронд 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №АОС-01/3-19 дугаар бүхий Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан байдаг. Нэхэмжлэгч нь ... хариуцагч байгууллагын хувьд гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгчтэй огт холбогдоогүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс өөрөө холбогдож байж орон сууцны барилгын ажлаар хийгдэхгүй байгаа талаар мэдсэн ... гэж нэхэмжлэлдээ дурдсан нь бодит үнэнд нийцэхгүй байх ба бид түүнтэй байнга холбоотой байж, шаардлагатай мэдээ, мэдээллийг зохих ёсоор өгч байсан гэдгийг онцлон дурдах нь зүйтэй байна.
Мөн тэрээр хариуцагчийг ... үндэслэлгүй тайлбар өгч байсан, танай өгсөн мөнгийг өөр айлуудын орон сууцны барилгын ажилд зарцуулсан... гэх мэтээр шүүхэд мэдүүлж байгаа нь бүгд үндэслэлгүй, бодит байдалтай нийцэхгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч Т.М гаргасан 51,750,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл болон 30,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага тус бүрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Гүйцэтгэгчээс №АОС-01/3-19 дугаар бүхий гэрээний үүргээ биелүүлж, нийт 14,270,000 төгрөгийн үнэ бүхий дор дурдсан ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд Зураг төслийн ажил 1,000,000 төгрөг, газар шорооны ажил 1,000,000 төгрөг, Септик бохирын систем 5,500,000 төгрөг, суурийн ажил 2,240,000 төгрөг, аяган суурийн ажил 3,930,000 төгрөг, тээврийн нэмэгдэл зардал 600,000 төгрөг.
Иймд Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудыг үндэслэн хариуцагч Т.М 14,270,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хариуцагч нь гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй билээ. Гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу барилгын ажлыг сүүлийн төлбөр төлснөөс хойш буюу 2021.05.31-ний өдрөөс хойш 60 хоногийн дотор буюу 2021.09.30-ны өдөр бүрэн дуусгасан байх ёстой байсан. Хариуцагчийн 14,270,000 төгрөг гаргуулах шаардлага нь баримтаар нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7. Зохигчийн хооронд 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр АОС-01/3-19 дугаартай Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, гэрээгээр гүйцэтгэгч нь 54 м.кв талбайтай Канад технологийн амины орон сууцыг 45,900,000 төгрөгөөр барьж гүйцэтгэх, захиалагчаас ажлын хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг хүлээсэн байна.
8. Нэхэмжлэгчээс ажлын хөлсөнд 2021.06.03-ны өдөр 25,600,000 төгрөг, 2021.05.31-ний өдөр 15,500,000 төгрөг, 2021.06.08-ны өдөр 6,500,000 төгрөг, 2021.07.31-ний өдөр 2,550,000 төгрөг буюу нийт 50,155,000 төгрөгийг төлсөн болох нь орлогын мэдүүлгийн баримтаар тогтоогдож байна.
9. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд 4,255,000 төгрөгийн нэмэлт ажил гүйцэтгэхээр тохиролцсон, нэхэмжлэгч гэрээгээр тогтоосон хугацаанд ажлын хөлс 50,155,000 төгрөгийг бүрэн төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.
10. Харин хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс гэрээ цуцлагдсан буюу ажлын хөлс, алданги, хохирлыг хариуцах эсэх нь талуудын маргааны зүйл байна.
11. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
12. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
13. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн АОС-01/3-19 дугаартай Амины орон сууц захиалгаар бариулах гэрээгээр гүйцэтгэгч нь Төв аймаг, Алтанбулаг сум, 1-р баг, 5-9 тоот байршилд 1 давхар, 54 м.кв Канад технологийн амины орон сууцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барьж гүйцэтгэх, захиалагч нь урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурсан өдөр, 12,950,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дотор, үлдэгдэл 22,950,000 төгрөгийг барилгын ажил эхлэх үед бүрэн төлж, гүйцэтгэгч нь төлбөр бүрэн төлөгдсөнөөс хойш ажлын 3 хоногт багтаан барилгын ажлыг эхлүүлж, 45-60 хоногийн дотор ажлыг гүйцэтгэж дуусган захиалагчид хүлээлгэх өгөхөөр тохиролцсон байна.
14. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан.
15. Нэхэмжлэгч ажлын хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлсөн боловч хариуцагч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн буруутай байх бөгөөд нэхэмжлэгчээс ажлаа хийж гүйцэтгэх талаар сануулж, шаардлага тавьж байсан болох нь Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. /хх-1-46/
16. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр хариуцагч нь 10,421,300 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн, тухай ажлын үр дүнг цаашид зориулалтын дагуу үргэлжлүүлэн ашиглах боломжтой болох нь тогтоогдож байх тул энэхүү гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгчээс төлсөн 50,150,000 төгрөгөөс хасаж үлдэх буюу 39,728,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
16. Талуудын байгуулсан гэрээний 3.5-д Гүйцэтгэгч нь амины орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэж заажээ. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгчээс алдангид шаардсан 1,600,560 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
17. Харин талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал алданги төлөх хариуцлага хүлээхээр тохиролцсон, шүүх хугацаа хэтрүүлсний хариуцлагад 1,600,560 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул гэрээ зөрчсөнөөс учирсан хохиролд шаардсан 30,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.
18. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 14,270,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэлийн шаардлага бус татгалзлын үндэслэл гэж үзэхээр байх бөгөөд нэхэмжлэгчээс төлсөн ажлын хөлснөөс хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг хасаж тооцсон тул энэхүү шаардлагыг бие даасан хэлбэрээр шийдвэрлэх шаардлагагүй байна.
19. Мөн хариуцагч нь гэрээ цуцалснаас учирсан хохиролд 6,885,000 төгрөгийг суутгаж тооцох ёстой гэж маргасан хэдий ч гэрээ цуцлагдах болсон үндэслэл, шалтгаан хариуцагчийн буруутай үйлдлээс болсон байх тул энэхүү татгалзал үндэслэлгүй.
20. Хариуцагч давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн улмаас ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж нэхэмжлэлийг татгалзсан боловч талуудын гэрээ байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Ковид-19 цар тахал өвчний нөхцөл байдал үүсэж 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байсан тул нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн хариуцагч нь барилга угсралтын үйл ажиллагаа дагнан эрхэлдэг аж ахуй нэгжийн хувьд гэрээ байгуулахдаа дээрх нөхцөл байдлыг тооцоолох боломжтой байсан тул энэхүү татгалзлыг хүлээн авах боломжгүй.
21. Иймд нэхэмжлэгчийн гэрээ цуцлагдсаны үр дагаварт нэхэмжилсэн 81,825,560 төгрөгөөс 40,496,300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй, 41,329,260 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигч нарт хуваарилан хариуцуулах ба хариуцагчаас шинжээчийн ажлын хөлсөнд 250,000 төгрөг төлсөн баримтыг ирүүлсэн байна. /хх-2-.../-дугаарлаад хуудсыг бичих
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Э ХХК-иас 41,329,260 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.М олгож, нэхэмжлэлээс 40,496,300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 725,028 төгрөг, хариуцагчаас төлсөн 229,300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 364,596 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шүүхийн зардалд 250,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ