Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2024/0074

 

     2024          01          22                                    128/ШШ2024/0074

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С*******,

Нэхэмжлэгч: Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны хяналтын прокурор Б.И*******,

Нэхэмжлэгч: Нийслэлийн Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С*******,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Л,

Гуравдагч этгээд: “С” ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.О, Д.У, Л.У нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.И*******, Ш.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У, Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1.Монгол Улсын ерөнхий прокурорын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/86 дугаар тушаалаар Улаанбаатар хотод үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас бий болсон хор уршиг, шалтгаан нөхцөл, эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар хуульд заасан арга хэмжээ хэрэгжүүлэх, зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна.

1.2. Дээрх тушаалын дагуу нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/ дугаартай захирамжийн хавсралт 25-д “Үйлчилгээ орон сууц” зориулалтаар 8200 м.кв газрыг “С” ХХК-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1 дугаартай захирамжийн хавсралт 4-т “Үйлчилгээ орон сууц” зориулалтаар 900 м.кв газрыг “С” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Прокурорын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт прокуророос хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ баримтлах “хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах” зарчмыг тодорхойлж, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцох, нотлох баримт цуглуулах тодорхой ажиллагаа явуулах, шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргах эрхийг хуулиар олгосон байна. Монгол Улсын Ерөнхий сайд 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ-1/115 дугаартай албан бичгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Нийслэл Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас үер усны аюултай нөхцөлийг бүрдүүлж, усны сан бүхий газарт тогтоосон хамгаалалтын бүсийг зөрчиж газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгосон, үер усны далан шуудууг сэтлэн барилга, байгууламж барьсан этгээдүүдээс төр, олон нийтэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах” агуулга бүхий хүсэлтийг прокурорын байгууллагад ирүүлсэн. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулж, төрийн байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл, судалгаа, холбогдох баримтыг гаргуулан авч, танилцахад эрх бүхий албан тушаалтнаас хууль тогтоомж зөрчин Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгосон, тухайн газарт барилга, байгууламж бариагүй нөхцөл байдал тогтоогдож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2-т заасан Монгол Улсын иргэний “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах” эрхийг хангах төрийн бодлого, үйл ажиллагааны хүрээнд үер усны аюулаас хамгаалах зорилгоор үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын даланг барьж, тодорхой хэмжээний зайд онцгой хамгаалалтын бүсийг тогтоож, тухайн бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулахыг хууль тогтоомжоор хориглосон. Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/1 дугаартай “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар /хавсралт 25-д/ “Үйлчилгээ орон сууц” зориулалтаар 8200 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1 дугаартай захирамжаар 900 м.кв газрыг “Үйлчилгээ, орон сууц”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийг тус тус “С” ХХК-д олгохдоо Усны тухай хууль, Газрын тухай хууль болон “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам” зөрчиж, нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулах шийдвэр гаргасан нь хууль тогтоомжоор хориглосон, нийтийн ашиг сонирхол зөрчсөн хууль бус үйлдэл болжээ.

Тухайлбал, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулах”-ыг хориглосон, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.3-т “Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно; 2.3.2-т “Гол мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн, намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж”, 2.3.6-д “Үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын далангаас 30 метр хүртэлх зайд” байхаар заасныг зөрчжээ.

Прокурор Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд заасан чиг үүргийнхээ хүрээнд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, хүсэлтийг шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, судлах явцад төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлсэн, тогтоосон тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль бус шийдвэр, үйл ажиллагааг таслан зогсоох, хүчингүй болгох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Монгол Улсын Ерөнхий сайдаас прокурорын байгууллагад ирүүлсэн хүсэлтийг судлах, шийдвэрлэх явцад хүсэлтэд дурдагдаагүй, эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжоор тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгох шийдвэр гаргаснаар үерийн далан, суваг таглан барилга, байгууламж баригдах, олон нийтэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах шаардлагатай гэж дүгнэсэн. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт прокурор нийтийн ашиг сонирхлыг хамгаалж өөрийн санаачилгаар шүүхэд нэхэмжлэл гаргах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээд, бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус зохицуулсан.

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолоор, прокурор өөрийн санаачилгаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй болохыг тайлбарласан байна. Монгол Улсын Үндсэн хуульд тус улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч байхаар, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “усны сан бүхий газар”-т нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг хамааруулах ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 6 дугаар зүйлийн 6.2.5-д “Усны сан бүхий газар”-ыг төрийн байгууллагын зохицуулалттайгаар нийтээр ашиглахаар тус тус зохицуулсан. Нийслэлийн Засаг дарга “С” ХХК-д газар эзэмших эрхийг онцгой хамгаалалтын бүсэд олгосон нь нийтийн ашиг сонирхлыг зөрчиж хүрээлэн байгаа орчинд сөргөөр нөлөөлж байх тул эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох, таслан зогсоосноор тухайн газарт барилга, байгууламж баригдан үер усны аюулд иргэдийн амь нас, эрүүл мэнд, иргэн, аж ахуйн нэгжийн эд хөрөнгө өртөх эрсдэлийг бий болгон олон нийтэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх хамгаалагдана гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, үйлдлийг таслан зогсоохыг тус тус зохицуулж, эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох гомдол, нэхэмжлэлийг түүний үйлчлэх хүрээ, хугацаа, шинж, үр дагавар, иргэн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн байдал зэргийг харгалзан шийдвэр гаргасан тухайн албан тушаалтанд, дээд шатны байгууллагад нь эсхүл шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхийг хуулиар олгосон байна. Нийслэлийн Засаг дарга нарын хууль тогтоомж зөрчин онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмших эрхийг “С” ХХК-д олгосон шийдвэрийн нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх шинж, учирч болзошгүй үр дагавар зэргийг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх шаардлагагүй, шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/1 дугаартай “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” захирамжийн хавсралт 25-д “Үйлчилгээ орон сууц” зориулалтаар 8200 м.кв газрыг “С” ХХК-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1 дугаартай “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” захирамжийн хавсралт 4-т “Үйлчилгээ орон сууц” зориулалтаар 900 м.кв газрыг “С” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэрийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргав” гэжээ.

2.2. Нэхэмжлэгч Б.И******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын С компанид газар олгосон шийдвэр нь Усны тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчиж усны сан бүхий онцгой хамгаалалтын бүсэд газар олгох шийдвэр гаргасан нь нийтийн эрх ашгийг зөрчсөн. Тухайлбал хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл мэнд, нийтийн өмчийг эрсдэлд оруулах үер бус болсон тохиолдолд энэ нийтийн эрх ашиг зөрчигдөх ийм нөхцөл байдал үүссэн. Нөгөө талаараа хуулиар хориглосон олгож болохгүй гэсэн газарт газар олгож байгаа Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Монгол Улсын иргэнд өмчлүүлэхээс бусад газар нийтийн өмчөө ингэж тодорхойлсон. Хориглосон газарт Засаг дарга газар олгож байгаа нь мөн нийтийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байгаа. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д нийтийн эрх зөрчигдсөн эс үгүй бол зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд энэ 2-ын үндэслэлийн аль алиныг газар олгосон шийдвэр зөрчсөн гэж үзэж байгаа. Ийм учраас Нийслэлийн Засаг даргын хууль тогтоомж зөрчиж газар болгосон энэ шийдвэрийг хүчингүй болгох энэ нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

2.3. Нэхэмжлэгч Ш.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн А/1 дугаартай газар эзэмших эрхийн баталгаа эрхийг баталгаажуулах тухай захирамжийн хавсралтад 25-д үйлчилгээ орон сууц зориулалттай 8200м2 газрыг С компани 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхийг шийдвэрлэснээс онцгой хамгаалалтын бүсэд олгосон 900м2 газрыг хассан шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд даалгах мөн 2019 оны А/1 дугаартай газар эзэмших эрхийн талбайн хэмжээнд зориулж нэр өөрчлөх тухай захирамжийн хавсралт 4-д үйлчилгээ орон сууц зориулалтаар 900м2 тал газрыг С компанид 10 жилийн хугацаатай эзэмшүүлэх 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн шаардлагыг гаргасан. Үндэслэл нь Прокурорын тухай хууль болоод Прокурорын тухай хуулиараа энэ дээрх газар олгосон асуудал нь хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг болоод нийтийн ашиг сонирхлыг төрийн байгууллагаас өөрийн санаачилгаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцоно гэсэн хуулийн зохицуулалтынхаа дагуу Монгол Улсын ерөнхий сайдаас ирүүлсэн албан бичиг болоод баримтууд дээр үндэслээд прокурорт нийтийн ашиг сонирхол газар олгож байгаа асуудал нь өөрөө нийтийн ашиг сонирхол буюу эрүүл мэнд, амь, биеийн асуудлыг зөрчиж байна гэдэг агуулгаар Прокурорын тухай хуулийн 2 дугаар зүйл заасны дагуу холбогдох баримтуудтай танилцаж нэхэмжлэлийг гаргасан.

Монгол Улсын иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн аюулгүй байдал алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах төрийн бодлого үйл ажиллагааны хүрээнд үер усны аюулаас хамгаалах зорилгоор үерийн хамгаалалтын суваг түүний хамгаалалтын далан барьж тодорхой хэмжээний зайд онцгой хамгаалалтын бүсийг тогтоож тухайн бүсэд газар эзэмшүүлэх ашиглуулахыг хууль тогтоомжоор хориглосон байгаа үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т заасан. Гэтэл бол нийслэлийн Засаг даргын захирамж нь өөрөө Усны тухай хууль болон Газрын тухай хууль усан сан бүхий газар усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүс эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг зөрчиж нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулах шийдвэр гаргасан нь хууль тогтоомжоор хориглосон нийтийн ашиг сонирхол зөрчсөн хууль бус үйлдэл болжээ гэж дүгнэсэн.

Тухайлбал Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “усан сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын төсвийг тогтоод 22.2.1-д онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгст, шагшуурга, мод огтлох, элс хайрга, чулуу авах, байгалийн ургамлын үйлдвэрлэлийн зориулалтаар зүүж бэлтгэх мал угаах болон ХАА-н бүтээгдэхүүнээс үйлдвэрлэлд цэг байгуулахыг хориглоно.”, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийг эрүүл ахуйн бүсэд иргэн хуулийн этгээдээр газар эзэмшүүлэхэд ашиглуулахад хориглоно”, БОНХ Аялал жуулчлалын сайд БХБ-ын сайдын 2015 оны 230, 127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан усан сан бүхий газар усны эх үүсвэр онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 2.3-д онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно 2.3.2-т гол, мөрөн, горхи, булаг шандны эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөтгөж 2.3.6-д үерийн хамгаалалтын суваг түүний хамгаалалтын далангаас 30 метр хүртэлх зайд байхаар заасныг зөрчжээ. Прокурор үндсэн хуулийн 56 дугаар зүйлд заасан чиг үүргийн хүрээнд иргэн хуулийн этгээдэд ирүүлсэн гомдол, хүсэлтийг шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах судлах явцад төр нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн эсвэл зөрчиж болзошгүй нөхцөл байдал илрүүлсэн тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль бусаар шийдвэр, үйл ажиллагаа таслан зохиох, зогсоох, хүчингүй болгох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах эрх хэмжээг бол авч хэрэгжүүлдэг. Ингээд өөрсдийн эрх хэмжээний хуулиар тусгайлан олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд нийтийн ашиг сонирхол хохирол учрахаас урьдчилан сэргийлэх зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс нэхэмжлэлийг гаргах нь зүйтэй гэж дүгнээд прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг гаргасан байгаа. Улсын дээд шүүхийн нийт хуралдааны тогтоолоор сая дурдсан прокурор оролцох эрх хэмжээний талаар бас хуульчилж тайлбарласан. Иймд бол Үндсэн хууль иргэдэд өмчлүүлэхээс бусад газар түүнчлэн газрын хэвлий баялаг, ойн ус, ан амьтан, төрийн нийт өмч байхаар хуульчилсан. Усны тухай хуульд заасан заалтууд зэргийг үндэслээд нийслэлийн Засаг даргын С компанид газар эзэмших эрхийг онцгой хамгаалалтын бүсэд олгосон нь нийтийн ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж гаргасан байгаа.” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С*******, Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны хяналтын прокурор Б.И*******, Нийслэлийн Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С******* нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” А/ дугаар захирамжаар “С” ХХК-д Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18*******, *******9515 дугаар бүхий 8200 м.кв газрыг “Үйлчилгээ орон сууц” зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ зориулалт, нэр өөрчлөх тухай” А/1 дугаар захирамжаар “С” ХХК-д нэгж талбарын 18******* дугаар бүхий 900 м.кв газар, *******9515 дугаар бүхий 7300 м.кв газрыг тус тус 15 жилийн хугацаанд эзэмшүүлж шийдвэрлэсэн. “С” ХХК-ийн нэгж талбарын 18******* дугаар бүхий 900 м.кв газар Монгол Улсын Газрын тухай хууль, Усны тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчиж олгогдсон, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, үерийн далангийн хамгаалалтын бүс, цахилгаан станцын хамгаалалтын бүсэд орсон байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай А/ дугаар захирамжаар С компанид Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8200 мкв газрыг үйлчилгээний орон сууц барихдаа 5 жилийн хугацаатай шийдвэрлэсэн байдаг. Үүний дараа нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн газар эзэмших эрхийн талбай хэмжээнд зориулалт өөрчлөх тухай 1 дугаар захирамжаар С компанид 7300м2-ыг, 900м2-ыг газрыг 15 жилийн хугацаатай тус тус эзэмшүүлж шийдвэрлэсэн байдаг. Нийслэлийн Засаг даргын зүгээс тус маргаан бүхий захирамжийг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д Засаг дарга нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлаар баталсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шат нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүс инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор газрууд газар эзэмшүүлж ашиглуулах асуудлыг Нийслэлийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд эзэмшүүлж шийдвэрлэсэн байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар,

4.1. Гуравдагч этгээд “С” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С*******, мөн албаны хяналтын прокурор Б.И*******, Нийслэлийн Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С******* нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд “С” ХХК-ийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ “...Нийслэлийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/ дугаартай “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” захирамжийн хавсралт 25-д “Үйлчилгээ орон сууц” зориулалтаар 8200 м.кв газрыг “С” ХХК-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1 дугаартай “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” захирамжийн хавсралт 4-т “Үйлчилгээ орон сууц” зориулалтаар 900 м.кв газрыг “С” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах...” гэжээ.

“С” ХХК нь тус газрыг 2014 болон 2019 онуудад хууль, журмын хүрээнд зохих этгээдийн зөвшөөрөл буюу дээр дурдсан шийдвэрийн дагуу эзэмших эрхийн гэрчилгээ авч, эзэмшиж ирсэн бөгөөд улмаар Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0009022 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч, хотын өнгө үзэмжид бүрэн нийцсэн, иргэдийн ая тухтай байдлыг хангасан барилга байгууламж барьж буй билээ. Нэхэмжлэгч нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж заасныг үндэслэсэн байх нь бодит байдалд нийцээгүй байх бөгөөд гуравдагч этгээд “С” ХХК-ийн эзэмшиж буй тус газар зохих хууль, дүрэм, журмыг зөрчсөн зүйл байхгүй болно. Мөн нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.3-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, эсхүл шүүх хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэснийг зөрчсөн буюу урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх бүрэн боломжтой байсаар байхад шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засаг даргын захирамж тодорхой тусгасан. Нэгэнт 8200 мкв газрын эзэмших эрхийг хүчингүй болгож өгөөч гэсэн шаардлагын хүрээнд болохоороо Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 сарын 8-ны өдрийн захирамжаар нэгэнт хүчингүй болчихсон. 2 дахь асуудал бол 900м2 газрыг хүчингүй болгож өгөөч гэдэг шаардлагын хүрээнд хэзээ мэдээд энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа юм бэ гэдэг нь өөрөө хугацаа байхгүй. Энэ нэхэмжлэл дээр харах юм бол Засгийн газрын 01/115 дугаартай албан бичгээр энэ асуудлыг судлаад нэхэмжлэлээ гаргасан гэж байгаа. 7 сарын 7-ны өдрөөс хойш тооцох юм бол 8 сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан юм байна лээ. Тэгэхээр 8 сарын 15 гээд захиргааны хуульд заасны дагуу 30 хоногийн хугацаа хэтэрчихсэн ийм асуудлууд байгаа гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол 34.10-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан асуудлаар нэхэмжлэл гаргасан байгааг анхаарч үзээсэй.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С*******, мөн албаны хяналтын прокурор Б.И*******, Нийслэлийн Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С******* нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/ дугаартай захирамжийн хавсралт 25-д “Үйлчилгээ орон сууц” зориулалтаар 8200 м.кв газрыг “С” ХХК-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1 дугаартай захирамжийн хавсралт 4-т “Үйлчилгээ орон сууц” зориулалтаар 900 м.кв газрыг “С” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “Усны тухай хууль тогтоомж зөрчиж, усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/ дугаартай захирамжийн хавсралт 25-д “Үйлчилгээ орон сууц” зориулалтаар 8200 м.кв газрыг “С” ХХК-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагаа нэхэмжлэгчээс дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.

3.  Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд прокурор нь нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан атлаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах замаар багасгаж/татгалзаж/ байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 20 дугаар зүйлийн 20.3-т “Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд нь хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлээсээ бүрэн болон хэсэгчлэн татгалзахыг хориглоно” гэж заасантай нийцэхгүй тул шүүх анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

4. Хэргийн үйл баримтын тухайд,

4.1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/ дугаар захирамжаар “С” ХХК-д Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8200 мкв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэжээ.

4.2. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2014 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 8200 мкв талбайтай газарт нэгж талбарын 143******* дугаартайгаар 00******* тоот “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгосон байна.

4.3. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1 дугаар захирамжаар дээрх газрын талбайн хэмжээг,

- Хавсралтын “3”-д “С” ХХК, 7300 мкв, үйлчилгээ, орон сууц, нэгж талбарын дугаар 1460*******, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх,

- Хавсралтын “4”-т “С” ХХК, 900 мкв, үйлчилгээ, орон сууц, нэгж талбарын дугаар 1460*******, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх  гэж тус тус өөрчилсөн байна.

5. Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д зааснаар хариуцагч нийслэлийн Засаг дарга нь “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, хамгаалах, тохижуулах, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах” үүрэгтэй байх ба мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “..., үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно”, 22.2.1-т “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, ... хориглоно”, 22.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно” гэж тус тус заажээ.

6. Дээрх нэгж талбарын 1460******* дугаар бүхий 900 мкв газар нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй бүхэлдээ, нэгж талбарын 1460******* дугаартай 7300мкв газар нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй 3333 мкв талбайгаар, усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 3961 мкв талбайгаар давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн агаар сансрын зураг(хх-178 дахь талд), Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны хяналтын прокурор Б.И*******оос 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн зураг(хх-154 дэх талд), хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдов.

7. Мөн маргаан бүхий актаар “С” ХХК-ийн эзэмшүүлэхээр олгогдсон 900мкв газар нь Сэлбэ голын далангийн дээгүүр тавигдсан явган хүний замын хэсэгт оршиж байгаа нь агаар сансрын зургаас илэрхий харагдаж байгаа нь гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... тус газарт тохижилт хийхээр төлөвлөсөн” гэх тайлбар болон маргаан бүхий актад дурьдсан тус газрын “үйлчилгээ, орон сууц” гэсэн зориулалтаас зөрүүтэй байна.

8. Түүнчлэн Сэлбэ голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд газар эзэмшиж буй иргэн, хуулийн этгээд нь голын гольдролыг нарийсгаж барилга байгууламж барьсны улмаас үер болж нийтийн эрх ашигт ноцтой хохирол учирсан, цаашид ч учирч болзошгүй нь нийтэд илэрхий үйл баримт болсон.

9. Энэ тохиолдолд хариуцагч нийслэлийн Засаг дарга нь усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаарх хуулиар хүлээлгэсэн үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

10. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчоос үер усны аюулаас хамгаалах шаардлагаар усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд барилга байгууламж барихыг хориглохоор зохицуулсан, хариуцагч нийслэлийн Засаг дарга нь уг дэглэмийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй атал хуулиар хүлээлгэсэн уг үүргийг хэрэгжүүлэлгүйгээр маргаан бүхий актаар үйлчилгээ, орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

11. Хэдийгээр “С” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 1460******* дугаартай 8200 мкв талбай бүхий газар нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байх боловч маргаан бүхий А/ дугаар захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1 дугаар захирамжийн 3 дах заалтаар хүчингүй болгож шийдвэрлэжээ.

12. Мөн нэхэмжлэгчээс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1 дугаар захирамжийн хавсралтын “3”-д “С” ХХК, 7300 мкв, үйлчилгээ, орон сууц, нэгж талбарын дугаар 1460*******, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх гэснийг хүчингүй болгохтой холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.  

13. Энэ тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/ дугаар захирамжаар “С” холбогдох хэсэг нь эрх зүйн үйлчлэлгүй болсон, харин нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1 дугаар захирамжийн хавсралтын 3 дах хэсгээр “С” ХХК-ийн газар эзэмших эрх шинээр үүссэн байна.  

14. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/ дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 22.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С*******, мөн албаны хяналтын прокурор Б.И*******, Нийслэлийн Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1 дугаар захирамжийн хавсралтын 4 дэх хэсэгт заасныг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/ дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ