Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2020/ДШМ/22

 

 

 

 

 

 

2020         09             09                                         2020/ДШМ/22

 

П.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Түмэндэмбэрэл,

Нарийн бичгийн дарга: Л.Сувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолтой П.Бт холбогдох 2038001130198 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ц.Мөнхжаргалын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Шар хуулар овогт Пүрэвжавын Б, .... оны 8 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ......................./.

Шүүгдэгч П.Б нь 2019 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 2 дугаар багийн Сариг гэх газраас 14.8 куб метр мод хууль бусаар бэлтгэж, экологи-эдийн засагт 5,434,560 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Шар хуулар овгийн Пүрэвжавын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шар хуулар овгийн Пүрэвжавын Бийг хоёр зуун наян /280/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 14.8 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг хурааж, хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 29 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 1 тооны үхэрийг шүүгдэгч П.Бт буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан шүүгдэгч П.Боос 16,303,680 төгрөгийг гаргуулж, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газарт олгож, Эрүүгийн 2038001130198 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Мөнхжаргал эсэргүүцэлдээ: ... Дээрх шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

1. Хэрэгт яллагдагч П.Бийн хууль бусаар мод бэлтгэхдээ ашигласан нас гүйцсэн 1 тооны үхрийг битүүмжилсэн ба уг үхэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга”-д хамаарч байх тул түүнийг хураан авч улсын орлогод оруулах ёстой атал үндэслэлгүйгээр түүнд буцаан олгосон нь Эрүүгийн хуулийн дээрх заалтыг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Шийтгэх тогтоолд ямар үндэслэлээр яллагдагч П.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны үхрийг хурааж улсын орлогод оруулахгүй байгаа талаараа дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

2. Шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан шүүгдэгч П.Боос 16,303,680 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай” гэж заасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх талаар шүүхийн шийтгэх тогтоолд тусгана” гэж заасан байхад шүүгдэгч П.Боос гаргуулах 16,303,680 төгрөгийн хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр барагдуулах талаар шийтгэх тогтоолд заагаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/167 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 164 дугаартай яллах дүгнэлтээр П.Бийг 2019 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг “Сариг” гэх газраас 14.8 м.куб хэмжээтэй мод хууль бусаар бэлтгэж ойн санд 5 434 560 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, хоёр зуун наян /280/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээнд тохироогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагыг тодорхойлсон ба анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Бийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохироогүй хэт хөнгөн ял оногдуулжээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй байна.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга болох 1 тооны үхрийг ямар учраас шүүгдэгчид буцаан олгосон талаар шүүх огт дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдоно.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.6-д заасан “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хураах үндэслэл”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт тусгахаар хуульчилсан ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдох юм.

Түүнчлэн шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэхдээ “...Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн Сариг гэх газраас 14.8 куб метр мод хууль бусаар бэлтгэж, тээвэрлэн экологи-эдийн засагт 5 434 560 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.” гэж дүгнэсэн атлаа хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт П.Бийг хууль бусаар мод тээвэрлэсэн шинжийг тусгаагүй байхад шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “мод хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн гэм буруутай” гэж дүгнэсэн нь тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.

Харин прокурорын эсэргүүцэлд заасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх талаар шүүхийн шийтгэх тогтоолд тусгана гэж заасан байхад шүүгдэгч П.Боос гаргуулах 16 303 680 төгрөгийн хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр барагдуулах талаар шийтгэх тогтоолд заагаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна” гэх хэсгийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч нь ямар хугацаанд хэдий хэмжээний орлого олох боломжтойг мөрдөн байцаалт болон прокурорын шатанд нарийвчлан тогтоогоогүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокурор нь хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр барагдуулах талаар тусгайлан санал гаргаагүй атлаа энэ талаар эсэргүүцэл гаргасан нь ойлгомжгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/167 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Бт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч П.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.СОСОРБАРАМ

           ШҮҮГЧИД                                                     Л.ЭРДЭНЭБАТ

                                                    Н.БАЯРХҮҮ