Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2024/01042

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 14 181/ШШ2024/01042

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 61-9 тоот хаягт оршин суух, С овогт Б У /РД:МБ89092144/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Найман зохис барилга, 9 давхарт байрлах, Н ХХК /РД:5314631/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Б.У миний бие Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр чанар бүтээмжийн мэргэжилтнээр ороод 2021 онд төслийн мэргэжилтэн, 2022 онд бизнес төлөвлөлт, стратеги хөгжлийн менежерээр ажиллах болсон. 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр надад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр огноологдсон Мэдэгдэл танилцуулж, цомхотгож байгаа тухай хэлж, өнөөдөр ч ажлаа хүлээлгэж өгөөд явж болно гэсэн. Тухайн үед Н ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 23/002 дугаар тушаалаар бүтэц, орон тооны нэршил өөрчлөгдөж байгааг надад танилцуулаагүй бөгөөд би цомхотголд цуг орсон бусад ажилтнаас бүтэц өөрчилсөн тушаал гарсан тухай цухас сонссон. Ийнхүү үндэслэл нь тодорхойгүй миний ажлын байр хасагдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дугаар зүйлд заасны дагуу надад 30 хоногийн өмнө мэдэгдэж байгаа гэж байгаа боловч 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тус мэдэгдэл дээр мэдэгдсэн өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа тухай бичсэн нь Мэдэгдэл нь мэдэгдэл нэрийн доор гарсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал болох нь харагдаж байгаа юм. Мөн намайг ажлаас халах тушаал 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гарсан. Манай байгууллагын үйл ажиллагаа бол угаасаа Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр төсөл хөтөлбөр дээр үйл ажиллагаа явуулдаг гэж заасан байгаа. Гэтэл энэ газрын гол үйл ажиллагаа явуулдаг ажил албан тушаалыг бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд оруулж байгаа нь зөвхөн 3 хүнд зориулан тушаалаа гаргасан гэж үзэж байна. Иймээс хүлээн зөвшөөрөөгүй тул тус дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан шуурхай зохицуулах 3 талт хороонд гомдол 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өгсөн боловч хуралдахгүй байсаар 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хуралдаад шүүхэд ханд гэсэн шийдвэрийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өгснийг тус шүүхэд хандаж гомдлоо гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Н ХХК 2019 онд Сайншанд Салхин цахилгаан станцын төсөлд гүйцэтгэгчээр ажиллаж, төсөл дууссанаас хойш том, жижиг төсөл хэрэгжүүлээгүй 3 жил өнгөрч, санхүүгийн болон тоног төхөөрөмж, материал, хүний нөөцийн хомсдолд орсон. 2023 оны компанийн бизнес төлөвлөгөөг төлөөлөн удирдах зөвлөлөөс батлахдаа одоо байгаа тоног төхөөрөмжөө түрээслэх, агуулахад байгаа хөнгөн ган төмрөө борлуулах үндсэн хоёр үүрэг даалгавар өгч, үйл ажиллагааны хувьд зардлаа танах, цалингийн зардлыг бууруулах чиглэл өгч, бизнес төлөвлөгөө батлагдсан. Компани 2022 оны эцэс гэхэд томоохон харилцагчид АС200 автокраныг түрээслүүлэх гэрээ хийж чадвал цалингийн зардлыг бууруулах арга хэмжээ хийхгүйгээр, одоо байгаа бүтэц орон тоогоороо ажиллах боломжтой гэж тухайн үеийн гүйцэтгэх захирлын зүгээс харж байсан боловч 2023 оны 1 дүгээр сард манай кран түрээслэгдээгүй, өөр харилцагч сонгогдсон юм.

Иймд 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр "Компанийн удирдлага, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай" гүйцэтгэх захирлын 23/002 тоот тушаал батлагдаж, 42 ажлын байрны орон тоо байснаас 26 ажлын байр хасагдаж нийт 16 орон тоог үлдээсэн. Н ХХК-ийн компанийн дүрмийн 10 дугаар зүйлд гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг заасан байдаг бөгөөд 10.4.8-д "ТУЗ-өөс баталсан зардлын төсвийн хэмжээнд багтаан компанийн ажилтнуудын орон тоо, тогтоох" эрхийг өгсөн байдаг. Үүний дагуу гүйцэтгэх захирлын 23/002 тоот тушаал батлах эрхийг төлөөлөн удирдах зөвлөлийн дугаар ТУЗ/22-06 тогтоолоор баталсан байдаг.

Энэхүү шинэ бүтцээр бизнес төлөвлөлт, стратеги хөгжлийн менежерээс гадна, Хуульч, ТУЗ-ын нарийн бичгийн дарга, ХАБЭАБО хэлтсийн дарга, ХАБЭАБО-ны мэргэжилтэн, захиргаа, хүний нөөцийн мэргэжилтэн, ерөнхий нягтлан бодогч, худалдан авалт хангамжийн менежер, санхүүгийн шинжээч, нярав, техник хариуцсан супервайзер, түрээсийн мэргэжилтэн, төслийн менежментийн хэлтсийн дарга, ерөнхий инженер, үйлдвэр хариуцсан менежер, цахилгааны инженер, замын инженер, төслийн мэргэжилтэн, нимгэн төмөрчин гэх зэрэг ажлын байр, орон тоо бүтцээс хасагдсан. Өөрөөр хэлбэл Б.У нэхэмжлэлдээ дурдсан шиг зөвхөн гурван хүнд зориулж бүтцийг шинэчлэн баталсан гэдэг нь үндэслэлгүй болно.

Гүйцэтгэх захирлын 23/002 тушаал батлагдсаны дараа буюу 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Б.У тухайн үеийн гүйцэтгэх захирал Ж.Ганбаатар, захиргаа, хүний нөөцийн менежер Ц.Дуламсүрэн нар захирлын өрөөнд биечлэн уулзаж, компанийн бүтцэд өөрчлөлт орж, бизнес төлөвлөлт, стратеги хөгжлийн менежер албан тушаал бүтцээс хасагдсан гэдгийг танилцуулсан боловч Б.У нь мэдэгдэлд гарын зурж хүлээн авахаас татгалзсан учир баталгаажуулах зорилгоор түүний [email protected] цахим хаяг руу мэдэгдлийг илгээсэн байдаг.

Тус мэдэгдэлд компанийн бүтэц, зохион байгуулалт, орон тоонд өөрчлөлт орох тухай 23/002 тоот тушаал батлагдсан болох, уг тушаалд тухайн ажилтны ажлын байр бүтцээс хасагдсан болохыг мэдэгдсэн. Түүнчлэн мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 буюу ажлын байр хасагдсан үндэслэлээр Б.У байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцлах тухай, энэ тухайгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан дагуу нэг сарын өмнө буюу 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдэж байгааг тодорхой заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д заасны дагуу компани нь мэдэгдэл авсан Б.У ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй гэж үзсэн тул 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилласнаар тооцож, олговрыг түүний дундаж цалин хөлснөөс тооцож олгоод, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгож цуцлах буюу ажиллахгүй байж болохыг мэдэгдсэн. Мэдэгдэл авсан өдрөөс хойш Б.У ажиллаагүй, ажлын байранд ирээгүй. Харин 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр ажлын байранд ирж, компьютер, бичгийн баримт материалууд, ширээ сандал зэргээ хүлээлгэн өгч, тойрох хуудас үйлдэж ажлаа албан ёсоор хүлээлгэн өгсөн билээ. Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаа ажил хүлээлцсэн өдрөөр буюу 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөр гаргуулж авах хүсэлт гаргасны дагуу "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай" 23/005 тоот тушаалыг гүйцэтгэх захирал гаргасан. Иймд "мэдэгдэл нэрийн доор хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал" байсан гэдэг нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болно.

Гүйцэтгэх захирлын 23/005 тоот тушаалын дагуу нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дагуу 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилласнаар тооцож цалинг нь өгсөн, 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасан дагуу түүнд 2 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон, мөн ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын мөнгийг тооцож олгосон. Компани санхүүгийн хувьд маш хүндрэлтэй, орлого байхгүй хэдий ч хуульд заасан үүргээ бүрэн биелүүлж, цаг хугацаанд нь цалин, олговор, тэтгэмжийг нь бүрэн олгосон.

Түүнчлэн компанийн үндсэн үйл ажиллагаанд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаа хамаарахгүй бөгөөд компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд энэ талаар заагаагүй болно. "Бизнес төлөвлөлт, стратеги хөгжлийн менежер" гэдэг албан тушаал нь компанийн үндсэн үйл ажиллагааны гол албан тушаалтан гэж тодорхойлж томьёолсон зүйл мөн байхгүй. Иймд нэхэмжлэгчийн энэ талаар дурдсан тайлбар үндэслэлгүй болно. Компани нь санхүүгийн хүндрэлтэй байдалд 2021 оноос хойш орсон. 2022 оны дөрөвдүгээр улирлын Санхүүгийн тайлангаар компанийн эцсийн баланс 47,634,000 төгрөгтэй байсан бөгөөд 416,000,000 гаруй өр төлбөртэй байгаа. Түүнчлэн 2023 оны эхний улиралд төлөвлөгдөж байсан гэрээ зурагдаж орлого ороогүй учир Компани санхүүгийн хүндрэлтэй байдгаас гарч чадаагүй юм.

Үүнээс гадна хэргийн материалд байгаа Б.Урантөгсийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод 2023 оны 3 дугаар сард Б.У нийгмийн даатгалын шимтгэлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос төлсөн гэж орсон байгаа нь Б.У шинэ ажлын байранд орсон нотолж байна. Иймд Б.У Н ХХК-тай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсныг хүлээн зөвшөөрсөн байх учир түүнийг хуучин ажлын байранд эргүүлэн тогтоох нь үндэслэлгүй юм.

Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай" дугаар 23/005 тушаал нь хууль зөрчөөгүй, процедурын дагуу гарсан бөгөөд Б.У өгсөн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн мэдэгдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан дагуу нэг сарын өмнө танилцуулсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дагуу 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилласнаар тооцож цалинг нь өгсөн, 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасан дагуу түүнд хоёр сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон бөгөөд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын мөнгийг олгож Хөдөлмөрийн тухай хуулийг бүрэн биелүүлсэн тул Б.У нэхэмжлэл үндэслэлгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн мэдэгдэл, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 23/005 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, Б.У тойрох хуудас, ажил хүлээлцсэн акт, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 21/027 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн талууд хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцож оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн талууд хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцож оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 22/033 дугаартай Үндсэн ажилтнаар ажиллуулах тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн талууд хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцож оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийн хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 32/а дугаартай Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэрийн хуулбар, Б.У нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023 оны бизнесийн төлөвлөгөө, ажил албан тушаалын тодорхойлолт, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20/002 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, нэмэлт өөрчлөлтүүдийг нотлох баримтаар шүүхэд тус тус гаргаж өгсөн.,

 

4. Хариуцагчаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ц.Дуламсүрэнд олгосон 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 23/049 дугаартай итгэмжлэл, Н ХХК-ийн дүрмийн хуулбар, Н ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Компанийн удирдлага зохион байгуулалтын бүтэц, хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, Н ХХК-ийн албан тушаалын жагсаалт, орон тоо, Н ХХК-ийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийн хуулбар, Хаан банк ХК-ийн шилжүүлгийн баримт, Н ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 22/06 дугаартай тогтоолын хуулбар, Н ХХК-ийн 2022 ны 12 дугаар сарын 31-ны өдрийн санхүүгийн тайлангийн хуулбар, Н ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 22/06 дугаартай төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын хуулбар, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, Н ХХК-ийн 23/010 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, Н ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 23/016 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, Н ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 23/018 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, Н ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 23/014 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, Н ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23/012 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, Н ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдийн Компанийн удирдлага зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, Н ХХК-ийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, Н ХХК-ийн ажлын байр, албан тушаалын жагсаалт, орон тоо, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, хөлсөөр ажиллуулах гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 23/022 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаал, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтцэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гүйцэтгэх захирлын тушаал, Н ХХК-ийн Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын тушаал, Н ХХК-ийн 23/003 дугаартай Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын тушаал, Н ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, Ц.Б ажлаас гарах тухай өргөдөл, Эрчим хүчний зохицуулах хорооны зохион байгуулалт, ажилтнуудын нэрс, албан тушаалын жагсаалт, хөлсөөр ажиллах гэрээтэй ажиллаж байсан 7 ажилтны төлөөлөл Ч.М гэрээ, гэрээний нэмэлтийн хуулбарыг нотлох баримтаар шүүхэд тус тус гаргаж өгсөн.

 

5. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр: Н ХХК-ийн 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 01-07 дугаар саруудын тоон гарын үсгээр баталгаажуулан ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн ЗНД-7, ЗНД-8 тайланг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Н ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 23/002 дугаар тушаалаар бүтэц, орон тооны нэршил өөрчлөгдөж байгааг надад танилцуулаагүй. Үндэслэл нь тодорхойгүй миний ажлын байр хасагдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байгууллагын үйл ажиллагаа бол угаасаа Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр төсөл хөтөлбөр дээр үйл ажиллагаа явуулдаг гэж заасан байгаа. Гэтэл энэ газрын гол үйл ажиллагаа явуулдаг ажил албан тушаалыг бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд оруулж байгаа нь зөвхөн 3 хүнд зориулан тушаалаа гаргасан гэж үзэж байна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 23/005 дугаар тушаал нь хууль зөрчөөгүй, процедурын дагуу гарсан бөгөөд Б.Уд өгсөн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн мэдэгдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан дагуу нэг сарын өмнө танилцуулсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д заасны дагуу 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилласнаар тооцож цалинг нь өгсөн, 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасны дагуу түүнд хоёр сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон бөгөөд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын мөнгийг олгож Хөдөлмөрийн тухай хуулийг бүрэн биелүүлсэн тул Б.Урантөгсийн нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Б.У нь 2020 оны 01 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Н ХХК-тай 20/002 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин, чанар бүтээмжийн хэлтэст Чанар, бүтээмжийн мэргэжилтнээр, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс Төслийн менежментийн хэлтэст Бизнес төлөвлөлт, стратеги хөгжлийн менежерээр тус тус ажилласан байна.

 

6. Хариуцагч Н ХХК-иас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Б.У гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Компанийн удирдлага зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай 23/002 дугаар тушаалаар Бизнес төлөвлөлт, стратеги хөгжлийн менежер ажлын байр хасагдсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг үндэслэн тантай байгуулсан 20/002 тоот хөдөлмөрийн гэрээний харилцааг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцлах гэж байгаа гэсэн агуулгатай 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн мэдэгдлийг танилцуулжээ.

 

7. Улмаар Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 23/005 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг үндэслэн Б.У байгуулсан хөдөлмөрийн гэрээ буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг мөн өдрөөр тасалбар болгон цуцалсан байна.

 

8. Ажлын байр хасагдсан бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд мэдэгдсэн эсэх, ажил олгогч ажилтныг бөөнөөр халахдаа ажилтны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийсэн эсэх талаар талууд маргаж байна.

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д ажлын байр хасагдсан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болно гэж заасан.

 

10. Н ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 22/06 дугаар тогтоолоор компанийн санхүүгийн нөхцөл байдал хүнд байгааг холбогдуулан Бизнес төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу компанийн зардлыг танах, ажилтны орон тоонд өөрчлөлт оруулах, түрээслэгддэггүй тоног төхөөрөмжийг борлуулах арга хэмжээ авахыг Гүйцэтгэх захиралд даалгасныг үндэслэн тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 23/002 дугаар тушаалаар Компанийн удирдлага, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталсан байна.

 

11. Уг тушаалаар нэхэмжлэгч Б.У ажиллаж байсан Бизнес төлөвлөлт, стратеги хөгжлийн менежер ажлын байр хасагдсан гэх хариуцагчийн тайлбар бодит байдалд нийцсэн үндэслэлтэй байна.

 

12. Тодруулбал, Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 22/001 дүгээр Компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаалаар Төслийн менежментийн хэлтэст Бизнес төлөвлөлт, стратеги, хөгжлийн менежер орон тоо 2 байсан бол гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 23/002 дугаар тушаалаар тус ажлын байр хасагдаж үгүй болжээ.

 

13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас Б.У ажиллаж байсан ажлын байр бодитоор хасагдаагүй буюу тухайн ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдсан тул шинэчлэн батлагдсан Ажлын байр, албан тушаалын жагсаалт, орон тооны 2 дахь хэсэгт байгаа Дэд захирлын албан тушаалд нэхэмжлэгчийг томилж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны явцад тодорхойлсон боловч Б.У ажиллаж байсан Бизнес төлөвлөлт, стратеги, хөгжлийн менежер албан тушаал нь Дэд захирал албан тушаал болж нэршил өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

14. Иймд Төслийн менежментийн хэлтэст Бизнес төлөвлөлт, стратеги, хөгжлийн менежер ажлын байр хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.У байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтад нийцжээ.

 

15. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн [email protected] хаяг руу илгээж, 24-ний өдөр түүнд танилцуулж, гарын үсэг зуруулсан, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах цаг хугацаанд хариуцагч нь нийт 20 ажилтантай байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдээгүй, ажилтныг бөөнөөр халсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

 

16. Дээрх үндэслэлээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Б.У нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.У нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.БАТХУЯГ

30