| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 135/2023/01044/И |
| Дугаар | 181/ШШ2024/00922 |
| Огноо | 2024-03-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2024/00922
2024 03 05 181/ШШ2024/00922
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 58-31 тоот хаягт байрлах, Ө ХХК /РД:5764378/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Рояал таур, 804 тоот хаягт байрлах, М ХХК /РД:4279077/,
Нэхэмжлэлийн шаардлага: 75,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 300,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 75,000,000 гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай компани нь нүүрс тээвэрлэдэг бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч М ХХК-тай Ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан хариуцагчийн мэдлийн Замын-Үүд дэх Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн нурмаг ачаа буулгах хэсэг болох 19-р салаа зам терминалын талбай дээрх техник тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг ашиглан нурмаг ачааг вагоноос буулгах, талбайд хураах, хадгалах, авто машинд шилжүүлэн ачуулах, авто пүүгээр пүүлүүлэхээр тохиролцсон.
Гэрээнд заасны дагуу манай компани 5000 тонн ачааны үйлчилгээний урьдчилгаа төлбөрийг 1 тонн тутамд 15,000 (арван таван мянган) төгрөгөөр тооцож, нийт 75,000,000 (далан таван сая төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчийн Голомт банк дахь 2105121536 тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн. Гэвч манай компаниас үл хамаарах шалтгааны улмаас ачааны үйлчилгээг авч чадаагүй бөгөөд захирал М.Зэсэнбаатарын 99111152 дугаарт залгахад утсаа таслаад алга болсон. Мөн дугаарт биечлэн уулзах саналтай талаар удаа дараа мессеж бичихэд хариулахгүй өдий хүрлээ.
Иймд ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу урьдчилгаа төлбөр байдлаар шилжүүлсэн 75,000,000 төгрөгийг М ХХК-иас гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Нэхэмжлэлд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч М ХХК-тай Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан хариуцагчийн мэдлийн ...19 дүгээр салаа зам терминалын талбай дээрх техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг ашиглан нурмаг ачааг вагоноос буулгах, талбайд хураах, хадгалах, авто машинд шилжүүлэн ачуулах, авто пүүгээр пүүлэхээр тохиоролцсон. Гэрээнд заасны дагуу манай компани ... 75,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчийн Голомт банк дахь төгрөгийн дансанд шилжүүлсэн. Гэвч манай компаниас үл хамаарах шалтгааны улмаас ачааны үйлчилгээг авч чадаагүй... гэжээ.
М ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сүлд баг, Ачаа тээвэр-1 гудамж, 114 дугаартай хаягт байрлах /нэгж талбарын дугаар: 4401012983/ 9964 м.кв газрыг Замын-Үүд сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/246 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг ба энэхүү өөрийн эзэмшлийн газрыг нэхэмжлэгчид түрээслэхээр дараах гэрээг байгуулсан.
Талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан гэрээгээр М" ХХК нь 5,000 /таван мянга/ тонноос ихгүй нүүрс буулгах боломжтой талбайг Ө ХХК-д нүүрс буулгаж, ачих зориулалтаар газрыг 1 жилийн хугацаатайгаар түрээслүүлсэн бөгөөд нүүрсийг буулгаж ачих, пүүлэх, буулгасан ачааг бухалдаж овоолох ажлыг талбай дээрх тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн хамт ашиглах зориулалтаар газрыг хэрэглэгдэхүүний хамт түрээслүүлсэн.
Гэрээний 4.1-д Б тал нь А талын терминалаар гэрээний хугацаанд сард 5,000 тонноос багагүй ачааг дамжуулан өнгөрүүлнэ. Терминалын талбайд ачаа буулгаагүй, мөн дээрх тоо хэмжээнд эс хүрсэн эсэхийг үл харгалзах ба үйлчилгээний хөлсийг 5,000 тонноор тооцон суутгана" гэж харилцан тохиролцсон.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь түрээсийн талбайд ачаа, бараа буулгаагүй ч талбайн түрээсийн төлбөрийг 5,000 тонн /75,000,000 төгрөг/-оор тооцон төлөх үүрэгтэй юм.
Гэрээний 5.2-т Терминалын бүс дэх буулгалт, ачилт, пүүлэлт, 30 хоногийн хадгалалт хамгаалалтын төлбөр нь 1 тонн тутамд 15,000 төгрөг байх бөгөөд НӨТ орсон байна, 5.4-д Сар бүрийн 10-ны өдөр талууд өмнөх сард гарсан мөнгөн дүнг тулгаж, урьдчилгаа төлбөрийн үлдэгдлээс дараа удаагийн төлбөрт суутгана. (үлдэгдэл төлбөр нь дараагийн сарын ачилтад хүрээгүй бол дахин 5,000 тонн ачааны төлбөрийг байршуулна гэж тохиролцсон.
Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын түрээсийн төлбөр болох 75,000,000 төгрөгийг төлж. 2022 оны 12 дугаар сараас хойших хугацааны түрээсийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.
Нэхэмжлэгч компаниас Гэрээний 4.1-д зааснаар сар бүрийн түрээсийн төлбөр болох 75,000,000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардахаар гэрээнд заасан хаягаар очиж байсан боловч нэхэмжлэгч хаягтаа байгаагүй. Гэтэл нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг ямар нэгэн байдлаар цуцлах талаар ямар ч мэдэгдэл өгөөгүй, түрээсийн талбайг хариуцагчид буцаан шилжүүлж өгөөгүй атлаа гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4-д Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахад энэ хуулийн 320.3-т заасан журмыг баримтална гэж заасан ч нэхэмжлэгч нь энэхүү журмыг баримтлаагүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... М ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сүлд баг, Ачаа тээвэр-1 гудамж, 114 дугаартай хаягт байрлах /нэгж талбарын дугаар 4401012983/ 9964 м.кв газрыг Замын-Үүд сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/246 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг ба энэхүү өөрийн эзэмшлийн газрыг нэхэмжлэгчид түрээслэхээр дараах гэрээг байгуулсан.
Талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээгээр Монзеро Эрдэс ХХК өөрийн эзэмшлийн талбайд 5,000 /таван мянга/ тонноос ихгүй нүүрс буулгах боломжтой газрыг Ө ХХК-д нүүрс буулгаж, ачих зориулалтаар 1 жилийн хугацаатайгаар түрээслүүлсэн.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Гэрээний 4.1-д Б тал нь А талын терминалаар гэрээний хугацаанд сард 5,000 тонноос багагүй ачааг дамжуулан өнгөрүүлнэ. Терминалын талбайд ачаа буулгаагүй, мөн дээрх тоо хэмжээнд эс хүрсэн эсэхийг үл харгалзах ба үйлчилгээний хөлсийг 5,000 тонноор тооцон суутгана гэж харилцан тохиролцсон.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь түрээсийн талбайд ачаа, бараа буулгаагүй ч талбайн түрээсийн төлбөрийг 5,000 тонн /75,000,000 төгрөг/-оор тооцон төлөх үүрэгтэй юм.
Гэрээний 5.2-т Терминалын бүс дэх буулгалт, ачилт, пүүлэлт, 30 хоногийн хадгалалт хамгаалалтын төлбөр нь 1 тонн тутамд 15,000 төгрөг байх бөгөөд НӨТ орсон байна, 5.4-д Сар бүрийн 10-ны өдөр талууд өмнөх сард гарсан мөнгөн дүнг тулгаж, урьдчилгаа төлбөрийн үлдэгдлээс дараа удаагийн төлбөрт суутгана. Үлдэгдэл төлбөр нь дараагийн сарын ачилтад хүрээгүй бол дахин 5,000 тонн ачааны төлбөрийг байршуулна гэж тохиролцсон.
Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын түрээсийн төлбөр болох 75,000,000 төгрөгийг төлж 2022 оны 12 дугаар сараас хойших хугацааны түрээсийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.
Гэтэл нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг ямар нэгэн байдлаар цуцлах талаар ямар ч мэдэгдэл өгөөгүй, түрээсийн талбайг хариуцагчид буцаан шилжүүлж өгөөгүй атлаа гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нь Гэрээний 4.1, 5.4-д зааснаар түрээсийн талбайд ачаа буулгаагүй байсан ч сар бүрийн 10-ны өдрийн дотор гэрээний төлбөр болох 75,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагч нь 2022 оны 12 дугаар сараас хойш 6 дугаар хүртэлх хугацааны төлбөрийг шаардах эрхтэй байгаа хэдий ч нэхэмжлэгчээс 4 сарын төлбөр болох 300,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3-д Терминал дээр хүлээн авсан захиалагч талын нурмаг ачааг вагоноос буулгах, талбайд хураах, хадгалах, авто машинд шилжүүлэн ачих, авто пүүгээр пүүлэх ажлыг зохион байгуулна хэмээн А тал буюу М ХХК-ийн эрх хэмжээг тодорхойлжээ.
Үүний дагуу Б тал болох Ө ХХК нь вагоноос буулгах, талбайд хураах, хадгалах, авто машинд шилжүүлэн ачих, авто пүүгээр пүүлэх, буулгасан ачааг нуруулдаж овоолох, хадгалалт хамгаалалтын ажлыг хийлгээгүй юм. Иймд хариуцагч талын түрээсийн төлбөрт 300,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно. гэжээ.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Ганхуягийг томилсон 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 23/06-03 тоот итгэмжлэл, Монзеро эрдэс-ийн терминалд Ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Голомт банкны дансны хуулга, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганхуягийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Монзоре эрдэс ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 135/ШЗ2023/04538 дугаартай захирамжийн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Жамцыг томилсон 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2310/27-02 тоот итгэмжлэл, байгууллагын дансны хуулга, Аж ахуй нэгж, байгууллагын татварын тодорхойлолтыг нотлох баримтаар шүүхэд тус тус гаргаж өгсөн.
6. Хариуцагчаас 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ТГ/22/469 дугаартай Түрээсийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Түрээсийн хөрөнгийн дагалдах хөрөнгийн жагсаалт, түрээслэгчийн хөрөнгийн чанар, бүрэн бүтэн байдлын тодорхойлолт, хөрөнгө хүлээлцсэн акт, Түрээсийн хөрөнгийн палан зураг, түрээслэгчийн өөрийн хөрөнгөөр нэмж тохижуулах ажлууд, Замын-Үүд боомтод нүүрс ачиж, буулгах талбайн 1 га талбайд багтах нүүрсний овоолгын эзлэхүүн тооцсон дүгнэлт, кадастрын зураг, Голомт банкны дансны хуулга, Монзеро эрдэс-ийн терминалд ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төлбөр төлөлтийн тооцооны тайлан, Улаанбаатар Төмөр зам-замын хүснэгт, бүлэг вагоныг тээврийн нэг бичиг баримтаар тээвэрлэх хүснэгт, вагон ачилт, буулгалт, хүлээлэгт тавьж өгсөн, хүлээлцсэн, буулгаж дууссан санамж, дансны хуулга, Аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Монзоре эрдэс ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 03 дугаар сараас 06 дугаар сарын тайлан, дансны хуулга, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн баримт, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 04416-2022/00490 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /Төмөр замын эзэмшил газар/-ын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, /Монзеро эрдэс ХХК/ 4279077-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт орших Улаанбаатар төмөр зам ХНН-ийн 19 дүгээр салбар төмөр замыг түшиглэн нурмаг ачаа ачиж буулгах талбай байгуулах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг нотлох баримтаар шүүхэд тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ө ХХК-ийн 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 300,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч М ХХК-тай Ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан гэрээнд заасны дагуу манай компани 5,000 тонн ачааны үйлчилгээний урьдчилгаа төлбөрийг 1 тонн тутамд 15,000 төгрөгөөр тооцож, нийт 75,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч руу шилжүүлсэн. Талуудаас үл хамаарах шалтгаанаар буюу нүүрсний үнэ өссөн учраас нэхэмжлэгч нь нүүрс худалдан авч хариуцагчийн талбайд буулгаж, ажил үйлчилгээ авч чадаагүй. Иймд Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу урьдчилгаа төлбөр байдлаар шилжүүлсэн 75,000,000 төгрөгийг М ХХК-иас буцаан шаардах эрхтэй гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан гэрээгээр М" ХХК нь өөрийн эзэмшлийн газраас 5,000 тонноос ихгүй нүүрс буулгах боломжтой талбайг Ө ХХК-д нүүрс буулгаж, ачих зориулалтаар 1 жилийн хугацаатайгаар түрээслүүлсэн бөгөөд нүүрсийг буулгаж ачих, пүүлэх, буулгасан ачааг бухалдаж овоолох ажлыг талбай дээрх тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн хамт ашиглах зориулалтаар түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь түрээсийн талбайд ачаа, бараа буулгаагүй ч талбайн түрээсийн төлбөрийг сар бүр 5,000 тонноор тооцон төлөх үүрэгтэй бөгөөд талбайг бид гэрээний хугацаанд бэлэн байлгаж, хадгалсан тул түрээсийн төлбөрт төлсөн 75,000,000 төгрөгийг шаардах үндэслэлгүй гэжээ.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан гэрээгээр М" ХХК нь 5,000 тонноос ихгүй нүүрс буулгах боломжтой талбайг Ө ХХК-д нүүрс буулгаж, ачих зориулалтаар газрыг 1 жилийн хугацаатайгаар түрээслүүлсэн. Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь түрээсийн талбайд ачаа, бараа буулгаагүй ч талбайн түрээсийн төлбөрийг 5,000 тонн /75,000,000 төгрөг/-оор тооцон төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын түрээсийн төлбөр болох 75,000,000 төгрөгийг төлж, 2022 оны 12 дугаар сараас хойших хугацааны түрээсийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Гэрээний 4.1, 5.4-д зааснаар түрээсийн талбайд ачаа буулгаагүй байсан ч сар бүрийн 10-ны өдрийн дотор гэрээний төлбөр болох 75,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчээс нийт 4 сарын төлбөр болох 300,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэжээ.
5. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийг Б тал болох Ө ХХК нь вагоноос буулгах, талбайд хураах, хадгалах, авто машинд шилжүүлэн ачих, авто пүүгээр пүүлэх, буулгасан ачааг нуруулдаж овоолох, хадгалалт хамгаалалтын ажлыг хийлгээгүй юм. Түрээсийн төлбөрт 300,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7. Зохигчийн хооронд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр №MZ22/03 дугаартай Монзоре эрдэс-ийн терминалд ажил, үйлчилгээ үзүүлэх нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь өөрийн эзэмшлийн терминалын талбайд нэхэмжлэгч талын 5,000 тонноос ихгүй нурмаг ачааг талбай дээрх техник тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг ашиглан вагоноос буулгах, талбайд хураах, хадгалах, авто машинд шилжүүлэн ачих, авто пүүгээр пүүлэх ажлыг зохион байгуулах, нэхэмжлэгч нь хариуцагч талын терминалаар гэрээний хугацаанд сард 5,000 тонноос багагүй ачааг дамжуулан өнгөрүүлэх, терминалын талбайд ачаа буулгаагүй, мөн дээрх тоо хэмжээнд эс хүрсэн эсэхийг үл харгалзан үйлчилгээний хөлсийг 5,000 тонноор тооцон төлөх үүргийг тус тус хүлээжээ.
8. Талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн болох, гэрээнд заасан талбай нь хариуцагчийн эзэмшлийн талбай мөн эсэх нь маргааны зүйл байна.
9. Зохигчийн хооронд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан №MZ22/03 дугаартай Монзоре эрдэс-ийн терминалд ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээгээр талууд дараах эрх, үүргийг хүлээжээ. Үүнд:
9.1. А тал буюу М ХХК нь Терминал дээр хүлээн авсан Захиалагч талын нурмаг ачааг талбай дээрх техник тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг ашиглан вагоноос буулгах, талбайд хураах, хадгалах, авто машинд шилжүүлэн ачих, авто пүүгээр пүүлэх ажлыг зохион байгуулах, Б талын шаардлагыг чанд мөрдөж нүүрсийг зохистойгоор хадгалах, Б талын нүүрс терминалын талбайд буух, гарах болон ачих үед пүүлэх, Б талын холбогдох ажилтанд пүүний нэгдсэн мэдээлэл өгөх, төмөр замын аюултай бүс, Терминалын талбайд Б талын үйл ажиллагаа, санхүү, төлбөр тооцоо, төмөр зам болон гаалийн бичиг баримтыг бүрдүүлэлт хариуцан ажиллах өөрийн ажилтны албан ёсоор томилж, тухайн ажилтныг мэдээллийг Б талд бичгээр өгөх, ачиж буулгах талбайд манаач томилж, Б талтай хамтран талбайн барааг удирдан хяналт тавьж ажиллах үүргийг хүлээсэн байна.
9.2. Б тал буюу Ө ХХК нь А талын терминалаар гэрээний хугацаанд сар бүр 5,000 /таван мянга/ тонноос багагүй ачааг дамжуулан өнгөрүүлэх, терминалын талбайд ачаа буулгаагүй, мөн дээрх тоо хэмжээнд эс хүрсэн эсэхийг үл харгалзан үйлчилгээний хөлсийг 5,000 тонноор тооцон төлөх, А талын терминалд ажиллах дүрэм, дотоод журам, ажлын цагийн хуваарийг чанд мөрдөн ажиллах, гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөр тооцоог бүрэн хийх, А талын терминалын талбайд ажиллах ажилчдаа хөдөлмөр хамгаалал болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажиллах ба үүнээс үүдэн гарах эрсдэл хохирлыг хариуцах, Б тал нь А талын талбай хүртэлх төмөр замын зам ашигласны төлбөр, А талын талбай доторх төмөр замын вагон таталт, тавилт, вагон буцаалтын зардал (Төмөр замын Санамжийн дагуу гарах бүхий л зардал), гаалийн бүрдүүлэлттэй холбоотой бүхий л зардлыг бүрэн хариуцах үүргийг хүлээсэн байна.
10. Талууд Гэрээний 5.2-т терминалын бүс дэх буулгалт, ачилт, пүүлэлт, 30 хоногийн хадгалалт, хамгаалалтын төлбөр нь 1 тонн тутамд 15,000 төгрөг байна, 4.1-д Б тал буюу нэхэмжлэгч нь А талын терминалаар гэрээний хугацаанд сар бүр 5,000 /таван мянга/ тонноос багагүй ачааг дамжуулан өнгөрүүлнэ. Терминалын талбайд ачаа буулгаагүй, мөн дээрх тоо хэмжээнд эс хүрсэн эсэхийг үл харгалзан үйлчилгээний хөлсийг 5,000 тонноор тооцон суутгана гэж тохиролцжээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь терминалын талбайд ачаа буулгаагүй байсан ч сар бүр 5,000 тонноор тооцож 75,000,000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр тохиролцсон байна.
11. Түүнчлэн, Б тал буюу Ө ХХК нь тээврийн хэрэгслийн битүүмжилсэн гаалийн лац, ачааны экспортын гаалийн бүрдүүлэлт, нурмаг ачааны гаалийн татвар, хураамж, гаалийн манифестын зардал, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зардал болон БНХАУ-ын Эрээн хот дахь авто гаалийн рентген, ачааг хүлээн авах терминалын зардал, хоосон болон ачааны пүүний зардал, импортын гаалийн бүрдүүлэлтийн зардал, авто тээврийн хоосон буцаалттай холбоотой хураамж болон бусад зардлыг хариуцна гэж Гэрээний 5.5-д тусгажээ.
12. Нэхэмжлэгч нь зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж, үндэслэлээ нэхэмжлэгч компанийн ачааг хариуцагч өөрийн талбайд буулгах, талбайд хураах, хадгалах, авто машинд шилжүүлэн ачих, авто пүүгээр пүүлэх үүрэг хүлээсэн ба энэхүү терминалд ачааг автомашинаас буулгах, талбайд хураах, вагонд пүүлж ачиж байгаа нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан буюу ачааг вагонд ачиж байгаа нь ажлын үр дүн гэж тайлбарласан.
13. Хариуцагчаас зохигчийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэж, үндэслэлээ хариуцагч нь 13,000 тонн нурмаг ачаа буулгах боломжтой газрыг эзэмшдэг бөгөөд үүнээс 5,000 тонноос ихгүй ачаа буулгах хэмжээтэй талбайг нэхэмжлэгч компанид аж ахуйн үйл ажиллагаагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхэд нь зориулж түрээслүүлсэн, өөрийн талбайг бусдад түрээслүүлэхийн тулд талбайд ачааг буулгах, талбайд хураах, пүүлэх, ачих зэрэг ажил, үйлчилгээг нэмэлтээр хийж гүйцэтгэдэг гэж тайлбарласан.
14. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг ба ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бол Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
15. Талуудын хэлцэл байгуулах болсон хүсэл зориг, хэрэгцээ шаардлага, төлбөр төлөх нөхцөл зэргээс дүгнэвэл талуудын хооронд түрээсийн болон хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсжээ.
16. Хэргийн үйл баримт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзвэл хариуцагч нь 9964 м.кв талбай бүхий газрыг нурмаг ачаа ачих, буулгах зориулалтаар эзэмшдэг болох нь Газар эзэмших эрхий гэрчилгээ, Дорноговь аймгийн Замын-үүд сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/279 тоот албан бичиг, Дорноговь аймгийн Замын-үүд сумын Сүлд багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 04 дугаартай тогтоол, Монгол Улсын Байгаль, орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 13/3396 тоот албан бичиг, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч энэхүү эзэмшлийн газраа нэхэмжлэгч талд түрээслүүлэхээр тохиролцсон гэсэн тайлбар бодит байдалд нийцсэн, үндэслэлтэй гэж үзэхээр байна.
17. Тодруулбал, зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний гол зорилго нь нэхэмжлэгч өөрийн нүүрсийг хилийн чанадад худалдах зорилгоор хариуцагчийн эзэмшлийн талбайг ашиглаж, тухайн талбайд нүүрсийг тээвэрлэн аваачиж буулгах, энэ хугацаанд гаалийн мэдүүлэг гаргаж, вагон захиалан бэлэн болсон тохиолдолд цааш ачиж тээвэрлэдэг байх ба үүнтэй холбоотой гарах зардлаа өөрөө хариуцах талаар Гэрээний 5.5-д тусгажээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн эзэмшиж буй газар гэрээ байгуулах үндсэн шалтгаан болжээ.
18. Харин хариуцагч нь өөрийн эзэмшлийн газраас 5000 тонн нурмаг ачаа буулгах талбайн хэсгийг нэхэмжлэгч компанид аж ахуйн үйл ажиллагаагаа явуулахад нь зориулж шилжүүлэн эзэмших, ашиглах боломжийг бүрдүүлж, ийнхүү ашиглуулахдаа тухайн талбайд буух барааг талбай дээрх техник тоног төхөөрөмжийг ашиглан буулгах, ачих, пүүлэх ажил үйлчилгээг давхар үзүүлж, талбайд манаач томилж, нэхэмжлэгч талтай хамтран талбайн барааг удирдан хяналт тавьж ажиллахаар тохиролцжээ.
19. Дээрх гэрээний нөхцөлтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч терминалын талбайд ажиллах өөрийн ажилтныг томилсон гэж шүүх хуралдаанд тайлбарласан ба Гэрээний 4.7-д А тал нь терминалын талбайд ажиллах ажилчдадаа хөдөлмөр хамгаалал болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажиллах ба үүнээс үүдэн гарах эрсдэл хохирлыг бүрэн хариуцна гэж тусгасан байна.
20. Ажил гүйцэтгэх гэрээг бусад ойролцоо төрлийн гэрээнээс ялгах гол шинж нь ажил гүйцэтгэгч өөрийн үйл ажиллагаагаар ирээдүйд тодорхой үр дүнг бий болгосон байх, захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүргийг хүлээдэг онцлогтой.
21. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлөөс дүгнэвэл хариуцагч нь нэхэмжлэгчийн автомашинаар тээвэрлэж ирсэн ачааг өөрийн эзэмшлийн терминалын талбайд буулгах, талбайд хураах, хадгалах, пүүлэх, ачих зэрэг үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон нь ямар нэгэн ажлын үр дүнг бий болгох зорилгогүй байх тул ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.
22. Харин талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн буюу нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газраас 5,000 тонн нурмаг ачаа ачиж, буулгах боломжтой талбайг нэхэмжлэгчид аж ахуйн үйл ажиллагаагаа явуулахад нь зориулж шилжүүлэн эзэмших, ашиглах боломжийг бүрдүүлсэн байх бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
23. Иймд нэхэмжлэгчийн гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 75,000,000 гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
24. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах агуулгаар хариуцагчид төлсөн 75,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан ба ийнхүү гэрээнээс татгалзах болсон явдалд хариуцагч тал буруугүй гэсэн тайлбарыг гаргасан.
25. Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах болсон үндэслэлээ талуудын хэн алинаас нь шалтгаалаагүй буюу нүүрсний үнийн өөрчлөлтийн улмаас нүүрс худалдах, худалдан авах боломжгүй болсон гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй.
26. Иймд гэрээнээс татгалзах болсон үндэслэл болон гэрээнээс татгалзахдаа хууль болон гэрээнд заасан журмыг баримталсан талаар дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
27. Ашгийн төлөөл үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд нь бусадтай өөрийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд гэрээ хэлцэл байгуулахдаа олох ашиг, эрсдэлийг тооцоолсны үндсэн дээр гэрээний нөхцөлийг харилцан тохиролцох замаар байгуулдаг ба гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, хугацаанаас нь өмнө гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.
28. Тухайлбал, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэнэ, 204.2-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж тус тус заажээ.
29. Талууд гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байгууахдаа Гэрээний 8.3-т Талууд гэрээ цуцлахаар бол энэ тухайгаа 30 хоногийн өмнө албан бичгээр мэдэгдэж, төлбөр тооцоог хийж дуусгана гэж заасан байна. Харин нэхэмжлэгч гэрээг цуцлах талаар нөгөө талдаа урьдчилан мэдэгдээгүй болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй.
30. Ийнхүү нэхэмжлэгч гэрээнээс татгалзахдаа хууль болон гэрээнд заасан журмыг баримтлаагүй байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн гэж үзэх бөгөөд энэхүү хугацаанд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай.
31. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж түрээсийн гэрээний харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний холбогдох хуулийн зохицуулалт үйлчлэхээр журамласан байна.
32. Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т Хөлсийг тогтмол хугацаанд төлөхөөр тогтоосон бол уг хугацаанд төлнө, 292.4-д Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй. гэж заасан.
33. Гэрээний 4.1-д Б тал нь А талын терминалаар гэрээний хугацаанд сар бүр 5,000 /таван мянга/ тонноос багагүй ачааг дамжуулан өнгөрүүлнэ. Терминалын талбайд ачаа буулгаагүй, мөн дээрх тоо хэмжээнд эс хүрсэн эсэхийг үл харгалзах ба үйлчилгээний хөлсийг 5,000 тонноор тооцон суутгана гэж тохиролцсон байх бөгөөд, уг нөхцөл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцжээ.
34. Нэхэмжлэгч ачаа буулгаагүй ч нэг сарын 75,000,000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр тохиролцсон гэрээний нөхцөл нь түрээсийн гэрээний шинжийг агуулсан байх бөгөөд хариуцагчаас гэрээний хугацаанд нэхэмжлэгчийн 5,000 тонн ачаа буулгах талбайг бэлэн байлгаж, эзэмших, ашиглах боломжийг бүрдүүлсэн, хэрэв нэхэмжлэгчид түрээслүүлээгүй байсан бол бусдад түрээслүүлэн орлого олох боломжтой байсан, тийм учраас ачаа буулгаагүй ч нэг сарын 75,000,000 төгрөгийг төлөхөөр гэрээгээр тохиролцсон гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан нь үндэслэлтэй байна.
35. Нэхэмжлэгч нь гэрээний 4.1 дэх заалт хүчин төгөлдөр бус байх хэлцэл буюу хариуцагчаас тулган шаардаж, хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэсэн агуулгаар сөрөг нэхэмжлэлийг татгалзсан боловч уг үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд зохигч талууд энэхүү төрлийн үйл ажиллагааг дагнан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд байх ба өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсоныг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй.
36. Иймд нэхэмжлэгч нь эд хөрөнгийг өөрийн буруугаас ашиглаж чадаагүй нь түрээсийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул гэрээ хүчин төгөлдөр үйлчилсэн хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй.
37. Хариуцагч нь 2022 оны 12 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гаргасан 6 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрийг шаардах эрхтэй ч нэхэмжлэгч нь талбайг ашиглахгүй болохыг 4 сарын дараагаас мэдэж, өөр этгээдэд талбайг түрээслүүлэх болсон тул энэ хүртэл хугацааны түрээсийн төлбөр буюу 300,000,000 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул энэ хэмжээгээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
38. Хариуцагч нь нэхэмжлэгчийн автомашинаар тээвэрлэж ирсэн ачааг өөрийн эзэмшлийн терминалын талбайд буулгах, талбайд хураах, пүүлэх, ачих үйл явц нь хөлсөөр ажиллах гэрээний шинжийг илүү агуулсан буюу Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцэж байна.
39. Харин талууд дээрх ачиж, буулгах үйлчилгээний хөлсийг тусад нь тохиролцоогүй байх бөгөөд хариуцагч нь өөрийн талбайг түрээслүүлэхийн тулд талбайд ирсэн ачааг буулгаж, ачиж өгдөг гэсэн тайлбар гаргасан.
40. Дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
41. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигч нарт хуваарилан хариуцуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө ХХК-ийн 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ө ХХК-иас 300,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч М ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ө ХХК-иас төлсөн 532,950 төгрөг, хариуцагч М ХХК-иас төлсөн 1,815,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ө ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,815,900 төгрөгийг гаргуулж, хариуцагч М ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ