Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 118/ШШ2024/0007

 

                                               Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг би тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.******* нь "...Завхан аймгийн Ургамал сумын нутагт "******* ХХК" нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хоногт ашиглах усны хэмжээг хэтрүүлэн ашигласан" гэх зөрчлийн Ц-590 дугаартай гомдол, мэдээллийг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шалгаад, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр зөрчилд холбогдогч ******* ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2-д зааснаар ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Материалд цугларсан холбогдогч Д.*******, Усны газрын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/568 дугаартай албан бичгээр ирүүлсэн "Ус ашиглуулах дүгнэлт", Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/13 дугаартай "Ус ашиглах зөвшөөрөл олгох тухай" тушаал, ус ашиглах гэрээ, "******* ХХК-ийн ашигласан болон илүү ашигласан усны төлбөрийн тооцоо, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны даргын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/20 дугаартай "Ус ашиглах зөвшөөрөл гэрээг цуцлах тухай" тушаал, гэрч Т.*******ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар "******* ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байна. Гэвч эрх бүхий албан тушаалтан Б.******* нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар ******* ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэхдээ торгох шийтгэлийн хэмжээг хуульд зааснаар бичээгүй буюу "шийтгэл" гэж буруу бичсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан "зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно" гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна. Мөн эрх бүхий албан тушаалтан нь хохирол, нөхөн төлбөр гаргуулах буюу усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож шийтгэлийн хуудсанд бичээгүй байна. ******* ХХК-ийн ашигласан болон илүү ашигласан усны төлбөрийн тооцоонд илүү ашигласан усны төлбөрийг 3,484,443.3 төгрөг гэж тооцоолж гаргасан байна. Өөрөөр хэлбэл, усны нөөцөд учирсан хохирлыг 3,484,443.3 төгрөг гэж үзэхээр байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу "Усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр" тооцож хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар хуульчилжээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 10,453,329.9 төгрөгөөр тогтоох байтал эрх бүхий албан тушаалтан нь энэ талаар шийтгэлийн хуудсанд бичээгүй байна. Иймд эрх бүхий албан тушаалтан Б.*******ын шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон холбогдогч ******* ХХК-д шийтгэл оногдуулсан 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх хэсэгт заасан "...шийтгэл.../шийтгэлийн төрөл, хэмжээ/ шийтгэл оногдуулсугай..." гэснийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /шийтгэлийн төрөл, хэмжээ/ шийтгэл оногдуулсугай гэж, 2 дахь хэсэгт заасан "...хохирол, нөхөн төлбөрийн ... 10.453.329.9 төгрөгийг Төрийн сангийн ... тоот дансанд..." гэж, /шийтгэлийн хуудсанд бичигдээгүй буюу хохирол, нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг нөхөж бичих/ өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар "Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай" дүгнэлтийг судалж танилцлаа. Дүгнэлтээс харахад тухайн үед Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын дарга, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.******* би 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр холбогдогч ******* ХХК-ийг ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан боловч торгох шийтгэлийг хэмжээг хуульд зааснаар бичээгүй буюу "шийтгэл" гэж буруу бичсэн байна. Мөн ******* ХХК-ийг Сав газрын тооцоолж гаргасан илүү ус ашигласан төлбөр болох 3.484.443.3 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу байгаль орчны хяналтын улсын байцаагч усны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 10 453 329 9 төгрөгөөр тогтоох байтал эрх бүхий албан тушаалтан би энэ талаар шийтгэлийн хуудсанд бичээгүй байна. Иймд Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ийн гаргасан 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар "Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай" дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын гаргасан дүгнэлтийг болон өөрчлөлт оруулах нөхөн төлбөрийн хэмжээний талаар холбогдогч ******* ХХК-д утсаар мэдэгдсэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.******* нь тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.*******ын 2023 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий дүгнэлт гаргажээ.

Прокурор дүгнэлтийнхээ үндэслэлийг “...торгох шийтгэлийн хэмжээг хуульд зааснаар бичээгүй буюу "шийтгэл" гэж буруу бичсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан "зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно" гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй, мөн хохирол, нөхөн төлбөр гаргуулах буюу усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож шийтгэлийн хуудсанд бичээгүй/ хэмээн үзэж шийтгэлийн хуудсыг өөрчлөх үндэслэлтэй байна ” гэж тодорхойлсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.******* дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, ******* ХХК-д холбогдох шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг эрх зүйн үндэслэлтэй гэх тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37-д зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлд заасан зөрчилд шийтгэл оногдуулах эрх хэмжээтэй байх ба Байгаль орчныг хамгаалах тухай тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу усны нөөцөд учирсан хохирлыг байгаль орчны хяналтын улсын байцаагч усны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төгрөгөөр тогтоохоор байгаа тул зөрчил гаргагч ******* ХХК-ийн учруулсан хохирлыг дутуу тооцоолсныг зөвтгүүлэх нь хуульд нийцэхээр байна.

Иймд хариуцагчаас прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай” Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ийн дүгнэлтийг хариуцагч тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

                                             ШҮҮГЧ                                   Л.ТУНГАЛАГ