Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2020/ДШМ/23

 

 

 

                                                        

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

2020         09             09                                         2020/ДШМ/23

 

Л.Мд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Л.Отгончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Мягмарсүрэн,

Нарийн бичгийн дарга: Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолтой Л.Мд холбогдох 2038000000259 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 07 дугаар 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Шонго овогт Лхагвасүрэнгийн М, .................. оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ..................../.

Өсвөр насны шүүгдэгч Л.М нь 2020 оны 4 дүгээр сарын 23-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Мөрөн сумын 9 дүгээр багийн ар талын үерийн даланд хохирогч Х.Чтэй харилцан зодолдож, хавсарч унаган нүүр рүү нь 4-5 удаа өшиглөж, толгой дээрээс нь дэвсэж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч Шонго овогт Лхагвасүрэнгийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл, 8.1 дүгээр зүйл, 8.2 дугаар зүйл, 8.7 дугаар зүйлүүдэд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Лхагвасүрэнгийн Мг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Л.Мд тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Л.М нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгч Л.Мд оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Л.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулах хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нийтэд тустай ажил хийлгэх болон торгох ялын зохицуулалттай байхад тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуульд заасан тэнсэх гэсэн зохицуулалт нь хорих ялыг тэнсэх гэсэн агуулгаар хэрэглэгддэг учир өсвөр насны шүүгдэгчийг тэнсэж байгаа нь хуульд нийцээгүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Мд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар нь хэрэглэж өгнө үү гэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: ... Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

1. Хяналтын прокурор Д.Батзаяа нь Лхагвасүрэнгийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тохиролцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг хэрэглэн тэнсэхдээ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг удирдлага болгон мөн хуульд байхгүй 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дугаар зүйлүүдийг удирдлага болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан дээд шатны прокурор эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Л.М нь 2020 оны 4 дүгээр сарын 23-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Мөрөн сумын 9 дүгээр багийн ар талын үерийн даланд хохирогч Х.Чтэй харилцан зодолдож, хавсарч унаган нүүр рүү нь 4-5 удаа өшиглөж, толгой дээрээс нь дэвсэж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал” бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 280 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч Л.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуульд нийцжээ.

Харин шүүх өсвөр насны шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл, 8.1 дүгээр зүйл, 8.2 дугаар зүйл, 8.7 дугаар зүйлүүдэд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн нь хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” зохицуулалтыг хэрэглэх боломжгүй.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан байх тул давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан хэсэгт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл, 8.1 дүгээр зүйл, 8.2 дугаар зүйл, 8.7 дугаар зүйл гэхчилэн хуулийн зүйл заалтыг ерөнхий байдлаар журамлаж хэрэглэсэн нь буруу.

Цаашид Эрүүгийн хуулийн зүйл, заалт, хэсэг тус бүрийн аль тохирохыг сонгон хэрэглэх нь зүйтэй юм.

Дээд шатны прокурорын эсэргүүцлээс “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаалгах” хэсэг,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоос “... Эрүүгийн хуульд заасан тэнсэх гэсэн зохицуулалт нь хорих ялыг тэнсэх гэсэн агуулгаар хэрэглэгддэг учир өсвөр насны шүүгдэгчийг тэнсэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Мд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар нь хэрэглэж өгнө үү” гэх хэсгийг тус тус хүлээн авах боломжгүй байна.

Иймд дээд шатны прокурорын эсэргүүцэл, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгчийн биеийн байцаалтыг тусгахдаа Л.Мг 2002 онд төрсөн байхад 2020 онд төрсөн мэтээр андуурч бичсэн болохыг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дээд   шатны   прокурорын   эсэргүүцэл,   өсвөр   насны   шүүгдэгчийн  өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “2. Өсвөр насны шүүгдэгч Л.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.” гэж,

б/Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Л.Мг хянан хүмүүжүүлэх хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

в/Шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгосугай.

г/Шийтгэх тогтоолын 5, 6, 7, 8 дахь заалтын дугаарыг 4, 5, 6, 7 болгож өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

 ШҮҮГЧИД                                                 Л.ЭРДЭНЭБАТ

                                                                              Н.БАЯРХҮҮ