Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 78

 

Д.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 251 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаар магадлалтай, Д.Б-т холбогдох 1838000000227 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1969 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Т овогт Д-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Д.Б-ыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Б гаргасан гомдолдоо “...Миний бие энэ гомдлоор өөрийгөө өмөөрөх, эсвэл талийгаач нөхрөө, мөн хууль шүүхийн байгууллагыг ч буруутгах гэсэнгүй. Зөвхөн надтай холбоотой, миний гэр бүл, хүүхэдтэй маань холбоотой асуудлыг дахин нэг эргэж харан ялыг хөнгөрүүлэх, тэнсэх, эсвэл багасгах боломж байгаа эсэхийг хянаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү гэж хүсэж гомдол гаргаж байгааг минь хүлээн авна уу. Хэрэг гарсан өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 23-ны орой талийгаач нөхөр Л.Э согтуу байх үедээ намайг болон охиныгоо доромжилж, намайг зодсоноос болж хоорондоо маргаж байгаад модоор цохьсон байсан. Би яг хэзээ, хаанаас мод аваад цохьсон гэдгээ сайн санахгүй байгаа ч тухайн үед талийгаач намайг гэрээс чирч гаргаад цохиж өшиглөөд бид хоёр зууралдаад барилцаж авсан байх үед тэр өөрийн охиноо “хоноцын шээс, аваад зайлаарай” гэж хэлж байсан. Би энэ үгэнд нь маш их уур хүрч байсан ч модоор цохьсон эсэхээ бол сайн мэдэхгүй байгаа ч зартас мод барьчихсан байсан. Нэг харахад л Э биднийг салгаад гэрт орсон. Тэгээд л унтацгаасан. Тэгсэн маргааш өглөө нь манай нөхөр толгойны гэмтлээсээ болж нас барсан байсан. Би энэ бүх зүйлд туйлын их харамсаж байгаа. Энэ хэрэг гарах болсон шалтгаан нь талийгаач сүүлийн жилүүдэд архи их ууж, архи уусан үедээ гэртээ хэзээ ч амгалан тайван байлгахгүй зодож дарамтлах, хөөж туух гээд элдэв ааш авир гаргадаг байсан бөгөөд би охиноо дагуулан дулаан цагт хээр хонох, хүйтэн цагт малын хашаандаа хонох өдөр бишгүй олон байсан. Энэ бүх хүчирхийлэл, дарамт, доромжлол эцэстээ ийм зүйлд хүргэсэнд харамсаж байна. Би хоёр охинтой, том охин маань дагавар байсан учир талийгаач нөхөр маань үргэлж гадуурхаж, доромжилдог байсан ч хүнтэй сууж хол амьдрах болсноос хойш гэрт элдэв маргаан багассан. Харин бага охин бидний дундаас гарсан бөгөөд бөөрний архаг өвчний улмаас тахир дутуугийн группт байдаг. Бага охин энэ жил 12 дугаар ангиа төгссөн ч манай гэрт тохиолдсон зүйлээс болж сургуульд явж чадаагүй байж байгаад анхан шатны шүүх хурлын үеэр мориноос унаж гараа хугалж олон сараар Улаанбаатар хотод эмчилгээнд явж, эмнэлэгт хэвтсэн. Мөн бөөрний дутагдлаасаа болж зун, намар хоёр ч удаа сэхээнд орж байсан. Би хоригдож байгаа болохоор охиноо яаж байгаа бол гэж санаа зовохоос хэтрэхгүй байна. Охин маань аав, ээжийгээ нэгэн зэрэг алдаад үнэхээр хэцүүхэн зовлонг багаасаа үүрч яваад эх хүний хувьд үгээр хэлэхийн аргагүй шаналж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, чөлөөлж охиноо харж хандах боломж олгож өгөөч хэмээн хүсэж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М хэлсэн саналдаа “...Шүүгдэгч Д.Б-ын тус шүүхэд гаргасан гомдолд дурдсанчлан түүний хүүхэд, ар гэр нь хүнд нөхцөлд ороод байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг зөв гэж үзэж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Б гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүх Д.Б-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж өөрчилсөн гэж үзэж байна. Хэргийн нөхцөл байдлын хувьд тухайн өдөр шүүгдэгч Д.Б, хохирогч Л.Э нар нь 2 том пиво, 0,75 литрийн архи, 6 лааз пиво зэргийг хувааж уусан байдаг. Улмаар хоорондоо маргалдаж зодолдсон нь тухайн үед гэрт байсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн биед тархины суурь яс хугарч, тархины хатуу бүрхүүлийн доорх цус харвалт, гавал тархины битүү гэмтэл, дух, хацар, чамархайд гэмтэл учирсан бөгөөд харин Д.Б-ын биед гэмтэл учраагүй байдаг. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар баг, Хийтийн гол гэх газарт байрлах гэртээ нөхөр Л.Э нь өөрийн төрсөн охин Б.Н-ыг “хоноцын шээс” гэж доромжилж, “хоноцын шээсээ аваад зайл” хэмээн бусдын дэргэд өөрийг нь болон охиноо гутаан доромжилсны улмаас Д.Б нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдан, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй үедээ нөхөр Л.Э-ны толгойн тус газарт модоор цохиж алсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Д.Б-ыг мод барьж халдахаас өмнө түүний нөхөр Л.Э нь бусдын дэргэд хэл амаар доромжилж, хүч хэрэглэсэн зүй бус үйлдэл гаргасан нь гэрч нарын мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Амь хохирогчийн дээрх доромжлолын улмаас Д.Б-ын санаа сэтгэл гэнэтийн цочролд орсон байдал, хохирогчийг модоор цохиж алсан үйлдэл нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэрэг нь хохирогч талаас хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн болон доромжилсон санаа зорилго, үйлдэл нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн амь нас, эрүүл мэнд, нэр хүндэд хууль бусаар халддаг, үүний улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочролд орж түргэн зуур хариу үйлдэл хийж хохирогчид гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргээс ялгагдана.

Санаа сэтгэл хүчтэй цочирч давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хийгдсэн хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжилсон хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотой, агшин зуур болдог онцлогтой.

Түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээд сэтгэл санааны хүчтэй цочролд орж хоромхон зуур тэсэрч, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулахад хүргэдгээрээ санаатай үйлдэгдэх гэмт хэргүүдээс ялгагддаг болно.

Д.Б-ын санаа сэтгэл хүчтэй цочрон давчдахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд бий болсон үйл явдлаас гадна удаан хугацаанд хохирогчид дарамтлагдаж байсан нөхцөл байдал нөлөөлж хариу үйлдэл хийхэд хүргэсэн байх тул Д.Б-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцон хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэргийн үйл баримтыг тогтоох, шийдвэр гаргах явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, чөлөөлж өгөхийг хүссэн гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээг нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар тогтоосон бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ял нь түүний гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Б-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 251 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН