Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 59

 

Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай

                                                                                 Хэргийн индекс: 114/2016/0052/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг би Дархан-Уул аймгийн “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 36 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал А.******* шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Дархан-Мэдээлэл төвийн тухай” 80 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Дархан-Мэдээлэл” төвийн орон нутгийн өмчид хамаарах хөрөнгийг хувьчилж, худалдахыг аймгийн  Засаг даргад зөвшөөрөх тухай шийдвэрийг гаргасан. 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 80 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2006 оны 376 дугаар захирамжийг үндэслэн нэг талаас аймгийн Засаг даргын Тамгын газрын  СЭЗБЗХ-ийн мэргэжилтэн Б.Дэмид-Очир, нөгөө талаас А.******* миний бие “Дархан-Мэдээлэл төв” орон нутгийн өмчид хамаарах хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг 2007 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулж, гэрээний төлбөр 6,750,0 /зургаан сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг 2007 оны 07 дугаар сарын 06-ны дотор төлөх үүргийг миний бие хүлээсэн. Гэрээнд заасан үүргээ биелүүлж, “Дархан”Мэдээлэл төв”-ийн хувьчлалын үнэ 6750,0 /зургаан сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг 2007 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төрийн сан банкны Нийгмийн хөгжлийн сангийн дансанд төлж, хувьчилж авсан Радио телевизийн антений зориулалттай барилгыг улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгүүлж, улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээ авч, өмчлөх эрхээ баталгаажуулсан.

            Манай компанитай ижил төрлийн радио, телевизийн үйлчилгэ эрхэлдэг, өрсөлдөгч компанийн захиалгааг гарсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 36 дугаар тогтоол нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө зударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгуээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайлчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан  миний эд хөрөнгө өмчлөх үндсэн эрхийг зөрчиж, ардчилсан нийгэмд байж боломгүй, хувийн өмчийг нөхөн төлбөргүйгээр хураан авсан ноцтой үр дагаварт хүргэж байна.

            Иймд Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  “Өмчийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 36 тоот тогтоол нь “*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолын зөрчиж байх тул  уг тогтоолыг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.       

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Эрдэнэбат шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “ж”-д тухайн хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй бол хүчингүй болгох талаар заасан бөгөөд хуульд нийцээгүй шийдвэрээ хүчингүй болгох эрх нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд байдаг тул 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 36 тоот тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хүчингүй болгох боломжтой юм.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа тул А.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

       ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал А.******* нь Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 36 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.   

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Эрдэнэбат нь  нэхэмжлэгчийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцээд шийдвэрлэх боломжтой, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа бичгээр ирүүлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т  заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал А.*******ын  Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 36 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгний 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогод  үлдээж, 35100 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

            4.Захирамжийг оролцогчид гардуулан, шүүгчийн захирамжийн үр дагаварыг танилцуулж, холбогдох баримтыг үйлдэн хэрэгт хавсаргасугай.

 

       ШҮҮГЧ                                              Ж.ОЮУНЧИМЭГ