Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2016/00781

 

Б.Эрэгзэнсономын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/02283 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 878 дугаар магадлалтай,

Б.Эрэгзэнсономын нэхэмжлэлтэй

Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний нэгдсэн авто бааз ОНӨААТҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний нэгдсэн авто бааз ОНӨААТҮГ-ын дарга Д.Одонтуяа, өмгөөлөгч К.Жархынбек нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганхуяг, хариуцагчийн өмгөөлөгч К.Жархынбек, Б.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Эрэгзэнсоном шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 02 сарын 13-ны өдөр БЗД-ийн нийтлэг үйлчилгээний газар 3-ын даргын 5/17 тоот тушаалаар тус газарт манаачаар ажилд орсон. Тус газар нь 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр БЗД-ийн нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 4-тэй нэгдэн шинэчлэн зохион байгуулагдаж, Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний нэгдсэн авто бааз ОНӨААТҮГ болсон бөгөөд уг газарт манаачаар ажилласан. Шинээр томилогдон ирсэн Одонтуяа дарга “надад мэдэгдэхгүйгээр ажлаас халсан тушаал” гаргасан. Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний нэгдсэн авто бааз ОНӨААТҮГ нь Дотоод журам танилцуулж, Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд дотоод журмаа боловсруулан баталж гаргаагүй байгаа. Би 2015 оны 12 дугаар сарын 17, 20, 23-ны өдрүүдийн ээлжийн ажил тасалсан нь үнэн. Яагаад ажил тасалсан вэ гэвэл манай байгууллага 12 сарын 16-ны өдөр шинэ жилээ тэмдэглээд би архи уусан учраас биеийн эрүүл мэндийн байдал муудаж 2 гарааны ажлаа тасалсан. 23-ны өдөр ажилдаа ирэхдээ урьд өдөр нь архи уугаад үнэртүүлчихээд ирсэн чинь дарга Х.Сүхбаатар чи яв би дараагийн чинь хүнийг дуудаж гаргана гээд намайг явуулсан. Үүний дараагийн гараан дээр Х.Сүхбаатар дарга надтай уулзаж дээрхи ажил тасалсан зөрчлийн талаар хатуу сануулга өгч дахин ийм зөрчил гаргавал Хөдөлмөрийн хуулийн дагуу арга хэмжээ авна ажлаа хийж бай гэсэн. Үүнээс хойш ямар нэгэн зөрчил гаргаагүй ажиллаж байтал 2016 оны 01 сарын 15-ны өглөө Д.Одонтуяа дарга намайг ажлаас халсан гээд миний оронд өөр хүн гаргасан. Үүнийг миний бие ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж байна. Учир нь:

1. Анх энэ байгууллагад ирж ажиллахад манаач 3 хүнтэй ямар ч Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тэр ч байтугай байгууллагын дүрэм, журам ажилд авсан тухай даргын тушаал ч танилцуулаагүй.

2. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас халах тухай урьдчилан мэдэгдэлгүй гэнэт халсан.

3. Д.Одонтуяа дарга дөнгөж ажилд орсон өдрөө 11 тоот тушаал гаргаж намайг 2016 оны 01 сарын 06-наэс 7 хоног ажиллуулах тушаал гаргасан мөртлөө надад танилцуулаагүй сүүлд нь 15 тоот тушаалыг (ажлаас халах тухай) өгөхдөө хамт өгсөн.

4. Би Х.Сүхбаатар даргын үед зөрчил гаргасан ба дарга надад хатуу сануулга өгсөн, би ч түүнээс хойш ямар нэгэн зөрчил гаргаагүй ажиллаж байхад намайг Д.Одонтуяа дарга ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд намайг Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний нэгдсэн авто бааз ОНӨААТҮГ-т манаачийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний нэгдсэн авто бааз ОНӨААТҮГ-ийн дарга Д.Одонтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Эрэгзэнсоном нь Баянзүрх дүүргийн нийтлэг үйлчилгээний нэгдсэн авто бааз ОНӨААТҮГ-ын дарга X.Сүхбаатарын 2015 оны 09 тоот тушаалаар авто баазын манаачийн албан тушаалд 6 сарын туршилтын хугацаагаар томилогдсон. Уг туршилтын хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 17, 20-ны өдрүүдэд ээлжийн ажил тасалж, ажлын байранд согтуурч, мансуурсан байдалтай ирж байсан бөгөөд давтан зөрчил гаргасан гэж үзнэ. Ажил олгогч буюу тус байгууллагын эрх бүхий албан тушаалтан 2016 оны 15 тоот тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131.1, 131.1.3-т ажлаас халах гэж тус тус заасныг үндэслэн ажлаас халсан болно.

Албан тушаал нь авто бааз дотор байгаа тээврийн хэрэгсэл эд зүйлийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй бөгөөд удаа дараа ажил тасалж, согтуурч, мансуурсан байдалтай ажлын байранд ирж байсан нь ноцтой зөрчил юм. 2015 оны 12 дугаар сарын 17, 20-ны өдрүүдэд ээлжийн ажил тасалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасантай хамаарч байгаа тул 2016 оны 15 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй болно. Уг давтан зөрчлийн талаар нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь халах үндэслэл байсан гэдгийг шууд нотолж байна. 3 өдрийн дотор 2 удаа сахилгын зөрчил гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна. Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. 15.4.1-т Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна гэж тус тус заасантай 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 15 тоот тушаал бүрэн нийцэж байна. Иймд дээрх үндэслэлээр Б.Эрэгзэнсономын ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/02283 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б.Эрэгзэнсономыг Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний нэгдсэн авто бааз ОНӨААТҮГ-ын манаачийн ажилд эгүүлэн тогтоож, Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний нэгдсэн авто бааз ОНӨААТҮГ-аас 1.866.261 төгрөгийг гаргуулж Б.Эрэгзэнсономд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,57.3, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Эрэгзэнсоном улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний нэгдсэн авто бааз ОНӨААТҮГ-аас 44.810 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 878 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/02283 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Баянзүрх дүүргийн нийтлэг үйлчилгээний нэгдсэн авто бааз ОНӨААТҮГ-ын төлсөн 44.811 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний нэгдсэн авто бааз ОНӨААТҮГ-ын дарга Д.Одонтуяа, өмгөөлөгч К.Жархынбек хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 878 дугаар магадлалыг “шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Б.Эрэгзэнсоном нь 3 удаа ажил тасалж, хөдөлмөрийн давтан зөрчил гаргасан нь нотлогдоогүй” талаар дурьдаж, хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын 17, 20, 23-ны өдрүүдэд ажил тасалсан, согтуу ажилдаа ирсэнийг хүлээн зөвшөөрсөн байхад уг үйл баримтыг огт анхаарч үзээгүй бөгөөд шүүх бүрэлдэхүүн хэргийн үйл баримтыг ойлгоогүй гэж үзэхээр байна. Б.Эрэгзэнсоном нь 2015 оны 12 дугаар сарын 17, 20, 23-ны өдрүүдэд ажил тасалсан, согтуу ажилдаа ирсэн буюу давтан зөрчил гаргасан гэдгийг гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбараар нотолсон байхад үүнийг ноцтой зөрчил гэж тайлбарлаж, үүнд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийжээ. Б.Эрэгзэнсоном нь ноцтой зөрчил гаргасан тухай бид огт тайлбар гаргаагүй байхад шүүх ийм дүгнэлт хийж байгаа нь хэргийг судлаагүйг мөн харуулж байна.

Шүүхийн магадлалаар “гэрч Х.Сүхбаатарын мэдүүлэгээр Б.Эрэгзэнсономыг өмнө нь сахилгын шийтгэл гаргаж, шийтгэл хүлээж байсан гэдгийг эргэлзээгүйгээр тогтоох боломжгүй байна” гэж дүгнэн гомдлыг хангахгүй орхиж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/02283 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.4-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй гэж заасан бөгөөд Б.Эрэгзэнсоном нь 2015 оны 12 дугаар сарын 17, 20, 23-ны өдрүүдэд ажил тасалсан, согтуу ажилдаа ирсэн давтан зөрчлийн алинд ч сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.

Гэтэл Давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан зөрчил гэдгийг өмнөх зөрчилтэй холбоотойгоор сахилгын шийтгэл хүлээлгэсэн байх ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй ба зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Эрэгзэнсоном шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...манаачийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах”ыг хүсчээ. 

“Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний нэгдсэн авто бааз” ОНӨААТҮГ-ын дарга 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 15 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, байгууллагын дүрмийн 2.6, дотоод журмын 27 дах заалт, 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 28 дугаар тушаалыг үндэслэн нэхэмжлэгч Б.Эрэгзэнсономыг ажлаас халахдаа "ажиллах хугацаа дуусгавар болсон, туршилтын хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын хариуцлага алдаж дур мэдэн ажлаа тасалсан” гэжээ /хавтаст хэргийн 5 дугаар тал/.

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлахын зэрэгцээ уг үндэслэл нь ажилтны гаргасан зөрчилд тохирсон байх ёстой.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа “...2015 оны 12 дугаар сарын 19, 22-ны өдрүүдэд ээлжийн ажил тасалж, ажлын байранд согтуурч мансуурсан байдалтай ирсэн” гэсэн боловч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг тушаалд заагаагүй байна.

Зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасныг нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд байгууллагын дотоод журмын заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлд хамааруулах боломжгүй юм.

Түүнчлэн хариуцагч нь “хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй” гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дах заалтыг нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болгосон нь буруу байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, Б.Эрэгзэнсономыг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, нэхэмжлэлийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т нийцжээ.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/02283 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 878 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Одонтуяа, өмгөөлөгч К.Жархынбек нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.811 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ