| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2023/02062/И |
| Дугаар | 181/ШШ2024/00499 |
| Огноо | 2024-02-06 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2024/00499
2024 02 06 181/ШШ2024/00499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 43 дугаар хороо, 13 дугаар хороолол, 74Г байр, 32 тоот хаягт оршин суух Б овогт З С /РД:УЗ93112540/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-15, 15 давхарт байрлах Э ХХК /РД:5124913/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 тоот тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, холбогдох шимтгэл татварыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ш,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч З.С нь ЭХХК-д холбогдуулан Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 тоот тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, холбогдох шимтгэл татварыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Миний бие Э ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ЭМГЛ-32/ХГ дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээг байгуулж, захиргаа хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байранд ажиллаж байсан. Үүний өмнө Э ХХК-д 2019 оны 09 сард анх ажилд орсон байдаг. ЭМГЛ-32/ХГ дугаар бүхий хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажилдаа хариуцлагатай ажиллаж, аливаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй.
Ингээд үүрэгт ажлаа гүйцэтгээд явж байтал 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б/27 тоот Гүйцэтгэх захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.1. 80.1.1, 82.1.2 дахь заалтыг үндэслэл болгон Компанийн бүтэц зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан /Захиргаа хариуцсан мэргэжилтэн З.С ажлын байр хасагдсан гэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан ажлын байр хасагдсан гэдэг нь тухайн ажлын байр үгүй болж чиг үүрэг нь байхгүй болсон байхыг ойлгоно. Гэтэл 3.С (ажиллаж байсан захиргаа хариуцсан мэргэжилтний ажлын байр бүхэлдээ хасагдаагүй, ажлын байрны нэршил өөрчлөгдсөн. Энэ нь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох үндэслэл болсон ажлын байр хасагдсан зохицуулалтад хамаарахгүй болно. Мөн Э" ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаа өөрчлөгдөөгүй, нөгөө талаар компанийн үйл ажиллагааны гол цөм нь хүний нөөц бүрдүүлэлт, боловсон хүчний асуудал байдаг тул миний ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг бүхэлдээ хасагдах боломжгүй юм.
Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо миний ажиллаж байсан ажлын байр хэрхэн хасагдсан талаарх үндэслэл бүхий тайлбар, тушаал шийдвэрийг надад танилцуулж, тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл миний ажиллаж байсан чиг үүрэг бүхэлдээ хасагдсан уу?, өөр ажлын байртай нэгтгэгдсэн үү? зэрэг нөхцөл байдлуудыг тодорхойлох боломжийг олгохгүйгээр шууд л хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр хөдөлмөр, эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хууль болон нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх үндсэн эрхийг тус тус ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл тул нэхэмжлэгч нь Э" ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисс, харьяа дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандсан.
Шүүхэд хандахаас өмнө ийнхүү урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн боловч үр дүн гараагүй бөгөөд Э ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр дуусгавар болгож, түүнийгээ залруулах арга хэмжээг авахгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу шүүхэд хандаж байна
Иймд хууль зүйн үндэслэлгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгавар болгосон Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 сарын 31-ний өдрийн Б/27 тоот тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, холбогдох шимтгэл татварыг нөхөн төлүүлж өгнө үү. гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч З С нь "Э" ХХК-д холбогдуулан тус шүүхэд гаргасан "Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 тоот тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулан, холбогдох шимтгэл татварыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул хариуцагчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Шинэ сэргэлтийн бодлого-ын 6.4 дэх хэсэгт заасан Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулах зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлтэй, ил тод болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 426 дугаар тогтоолоор Э ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, "Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн, орон тооны дээд хязгаарыг баталсан
Дээрх тогтоолуудад үндэслэн Э ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дугаар тушаалаар компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалт-ыг шинэчлэн баталсан ба Захиргаа удирдлагын газар өөрчлөн зохион байгуулагдаж, улмаар захиргаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны орон тоо хасагдсан.
Орон тоо хасагдсан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг З.С 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/949 тоот албан бичгээр 30 хоногийн өмнө мэдэгдсэн ба Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах. нээлтэй, ил тод болгох ажлын хүрээнд Э ХХК-ийн нийт 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар болсон тул нээлттэй зарласан ажлын байрнуудаас тавигдах шаардлагыг хангаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох боломжийн талаар тус мэдэгдэлд дурдсан байдаг.
З.С нь тус компаниас нээлттэй зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцоогүй бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн 32 тоот хэлцлийн 1.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах"-аар ажил олгогчтой харилцан тохиролцсон тул Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар З.С хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Ажил олгогч нь Компанийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд өөрийн хэрэгцээ, шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, бизнесийн үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж зарим ажлын байрыг хасах шийдвэр гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
З.С ажиллаж байсан Захиргаа хариуцсан мэргэжилтэн ажлын байр хасагдсан ба тийм чиг үүрэгтэй орон тоо одоо тус компанид байхгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээ цуцалсны тэтгэмжийг хуульд заасны дагуу олгосон тул З.С хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Э ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд З.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр О.Ц олгосон 0089 дугаартай итгэмжлэл, Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/27 тоот тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, Хөдөлмөрийн гэрээг нотариатаар баталгаажуулсан хуулбар, ажлын байрны тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулсан хуулбар, Э ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №10 дугаартай хуралдааны тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №30 дугаартай хуралдааны тэмдэглэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
4. Хариуцагчаас Э ХХК-ийг улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Э ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 426 дугаар тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Э ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20 ны өдрийн Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 56 дугаар тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Э ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар албан тушаалын жагсаалт батлах тухай А/144 дүгээр тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Э ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03- ны өдрийн Компанийн бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоог шинэчлэн батлах тухай А/61 дүгээр тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Э ХХК болон З.С нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; Э ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 01/949 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Э ХХК-иас Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст явуулсан 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/04 тоот дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Э ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон З.С нарын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн 32 тоот хэлцлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Э ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31- ний өдрийн Б/27 дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Э ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна., Э ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/949 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/13 дугаартай Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд хүргүүлсэн мэдэгдэл зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
5. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтын 57, 58, 59, 60, 63, 64 дэх жагсаалтад батлагдсан ажлын байрны тодорхойлолт, 2018 оны Хамтын гэрээ, Ажилтныг бөөнөөр халах үед ажилтны төлөөлөгчидтэй хийсэн хурлын тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... ажлын байр бодитоор хасагдаагүй буюу нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нь нэршлийн хувьд Тушаал шийдвэрийн хэрэгжилт, тайлагнал хариуцсан мэргэжилтэн болж өөрчлөгдсөн. Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах мэдэгдлээ ажилтанд хүргүүлээгүй, бөөнөөр халах асуудлаар ажилтны төлөөлөгчидтэй хэлэлцээгээр хийгээгүй гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: З.С ажиллаж байсан Захиргаа хариуцсан мэргэжилтэн ажлын байр хасагдсан ба тийм чиг үүрэгтэй орон тоо одоо тус компанид байхгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээ цуцалсны тэтгэмжийг хуульд заасны дагуу олгосон тул З.С хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Э ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч З.С нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Эр ХХК-тай ЭМГА-32/ХГ дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанийн Захиргааны хэлтэст, Захиргаа хариуцсан мэргэжилтэн албан тушаалд ажиллахаар харилцан тохиролцож, зохигчийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсжээ. /хх-14/
6. Ажил олгогчоос 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр З.С хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай бичгээр мэдэгдэж, улмаар Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр хасагдсан үндэслэлээр З.Солонготой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгож, цуцалсан байна. /хх 14, 127/
7. Ажлын байр хасагдсан бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд мэдэгдсэн эсэх, ажил олгогч ажилтныг бөөнөөр халахдаа ажилтны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийсэн эсэх талаар талууд маргаж байна.
6. Зохигчийн хооронд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн тухай хууль 47 дүгээр зүйлийн 47.1-д заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагджээ.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д ажлын байр хасагдсан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болно гэж заасан.
8. Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, орон тооны дээд хязгаарыг 91 байхаар тогтоосныг үндэслэн Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дүгээр тушаалаар Компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар албан тушаалын жагсаалтыг баталсан байх ба уг тушаалаар нэхэмжлэгч З.С ажиллаж байсан Захиргаа хариуцсан мэргэжилтэн ажлын байр хасагдсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
9. Тодруулбал, нэхэмжлэгч өөрийн ажиллаж байсан албан тушаал буюу Захиргаа хариуцсан мэргэжилтэн албан тушаал нь Компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар албан тушаалын жагсаалтыг батлах тухай Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын А/144 дүгээр тушаалаар Тушаал шийдвэрийн хэрэгжилт, тайлагнал хариуцсан мэргэжилтэн болж нэршил өөрчлөгдсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан боловч дээрх хоёр ажлын байрны зорилго, зорилт, чиг үүрэг өөрөөр тодорхойлогдсон, ажлын байрны нэршил өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
10. Тухайлбал, Захиргаа хариуцсан мэргэжилтэн албан тушаал-ын хувьд компанийн болон удирдлагын хурал уулзалтыг зохион байгуулах, бүртгэл тэмдэглэлийг хөтлөх, хурлын товыг тараах, мэдээллээр хангах, дотоод сүлжээнд хэлтсүүдийн мэдээллийг оруулж, шинэчлэх, иргэд байгууллагын утсан болон цахим хүсэлтэд хариу өгөх, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах, гаднаас ирсэн зочдыг угтан авах, ажилтнуудын цагийн бүртгэлд хяналт тавьж хөтлөх, гүйцэтгэлийн үр дүнг Хэлтсийн даргын өмнө хариуцах гэж тодорхойлсон бол Тушаал, шийдвэрийн хэрэгжилт, тайлагнал хариуцсан мэргэжилтэн албан тушаал-ын хувьд төрийн эрх бүхий байгууллагаас компанийн үйл ажиллагаанд холбогдуулан гаргасан тогтоол, захирамж, тушаал, дүрэм, журам шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, газар, нэгжийн удирдлагуудыг мэдээллээр хангах, тайлагнах ажлыг зохион байгуулах, охин болон хараат компаниудыг шаардлагатай мэдээллээр хангах, тушаал шийдвэрийн хэрэгжилтээс шалтгаалсан эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн үр дүнг Нэгжийн удирдлагын өмнө хариуцна гэж албан тушаалын чиг үүргийг өөрөөр тодорхойлсон байна.
11. Иймд Захиргаа хариуцсан мэргэжилтэн ажлын байр хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгч З.С байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтад нийцжээ.
12. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч З.С танилцуулж, гарын үсэг зуруулсан, ажилтнуудын тавьсан шаардлагаар ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-д заасан асуудлаар нэхэмжлэгч З.С болон ажилтны төлөөлөгч нарыг оролцуулан 2023 оны 01 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд тус тус хэлэлцээр хийсэн болох нь хэргийн баримтаар нотлогдож байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд мэдэгдээгүй, ажил олгогч ажилтныг бөөнөөр халахдаа ажилтны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийгээгүй гэх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй. /хх 127,157-164/
13. Дээрх үндэслэлээр Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 тоот тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, холбогдох шимтгэл татварыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч З.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, холбогдох шимтгэл татварыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч З.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТХУЯГ