| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/04042/И |
| Дугаар | 182/ШШ2024/03105 |
| Огноо | 2024-07-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 182/ШШ2024/03105
2024 07 19 182/ШШ2024/03105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ...од байрлах, ... ХХК ...-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ... ХХК ..., түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Наранмандах оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ... ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... ХХК нь ... оффисын талбайг өмчилдөг билээ.
Бид ... ХХК-тай 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх нийт 3 жилийн хугацаатай ... оффисын талбайг 1 сарын төлбөр 1,855,180 төгрөг байхаар харилцан тохиролцож Оффис талбай түрээслэх, түрээслүүлэх №23/02 тоот гэрээ байгуулсан.
... ХХК нь 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр оффистоо нүүж орсон бөгөөд бид 1 сарын түрээсийн төлбөрийг 1,855,180 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сард тус түрээсийн гэрээг цуцалмаар байна гэж мэдэгдсэн.
Бид гэрээг цуцалж түрээсийн төлбөрийг бодоход 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр болох нийт 10,883,723 төгрөг болсноос түрээслэгч нь 6,565,540 төгрөгийг төлж харин үлдэгдэл төлбөр болох 4,318,183 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байгаа бөгөөд, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 182/Ш32024/06795 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Иймд тус хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ... ХХК, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4-5/
2.2 Оффис талбай түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хх-7-9/
2.3 Тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцооны баримтын жагсаалт /хх-10-11/
2.4 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШЗ2024/06795 дугаар захирамж /хх-13/
3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2024/11798 дугаар захирамжаар ... ХХК-ийн оршин байрлах газрын хаягийг бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ... ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ... ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
... ХХК нь ... ХХК-тай 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Оффис талбай түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан талаарх баримт хэрэгт авагдсан ба ... ХХК нь дээрх гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах ... ХХК -ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.
... ХХК нь ... ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин байгаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ... ХХК ..., түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь ... хаягт бүртгэлгүй бөгөөд оршин байрладаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШЗ2024/06795 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд ... ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ... ХХК ..., түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хүсэлт гаргагч ... ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ... ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ... ХХК ..., түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ... ХХК ..., түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ... ХХК ..., түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ