Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 342

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Т.Нансалмаа,

Иргэний нэхэмжлэгч С.Нямдорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

Шүүгдэгч Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2734001030053 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 19-р хороо Дээд салхит 36-486 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Бадралын Энхбаяр, /регистрийн дугаар: НМ88041113/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Энхбаяр нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутагт байрлах "Морин дөтлүүр" гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1,26 метр куб хэрэглээний нойтон нарс модыг бэлтгэж, тээвэрлэн байгаль экологит 1735020 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад             

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Энхбаяр нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутагт байрлах "Морин дөтлүүр" гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1,26 метр куб хэрэглээний нойтон нарс модыг бэлтгэж, тээвэрлэн байгаль экологит 1735020 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох  нь:

Шүүгдэгч Б.Энхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн орой 17 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын төвөөс ертөнцийн зүгээр урд зүгт 15 км зайд байрладаг дөтлүүр" гэх газарт очин мод бэлтгэсэн. Би ойн модонд очоод 8 ширхэг нойтон нарс унагаагаад түүнийгээ 36 хэсэг болгож нэг модыг 1 метр 40 см хэмжээтэй тайрч бэлтгэсэн модоо өөрийн найз н.Батхуягын мазда бонго маркийн тээврийн хэрэгсэлээ тээвэрлэж 21 цагийн үед сумын төв ортол машины хойд хэсгийн доод эд анги нь эвдэрээд явахгүй байхаар нь өөрийн танил Ууганбаатарын хашаанд очтол эзэнгүй байхаар нь буулгаад цэнхэр бүтээлгээр хучаад явсан. Маргааш өглөө нь буюу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 05 цагийн үед бэлтгэсэн модоо Ууганбаатарын хашаанаас очиж аваад сумын төвд байдаг хөрөө раман дээр очиж бэлтгэсэн модоо банз болгон зүсүүлсэн. Би уг модыг өөрөө тайрч бэлтгэсэн надтай өөр хүн хамт байгаагүй. 8 ш» нойтон нарс мод унагаагаад түүнийгээ 36 хэсэг болгож тайрсан. Машин эвдэрчихээд Ууганаа ахын хашаатай ойрхон явж байсан болохоор уг моднуудаа Ууганаа ахын хашаанд оруулж буулгасан юм. Би Ууганбаатар ахад хашаанд нь мод буулгасан талаар нь хэлээгүй. Хууль бусаар нойтон мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлээ хүлээн зөвшөөрч  байна. Хохирол  төлбөрөө  төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Нямдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:  “.... 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг 6-2 тоотод оршин суух хаягтай иргэн Б.Ууганбаатарын хашаанд 36 ширхэг буюу 1.26 м/күб нойтон нарс мод хучиж хураасан байсныг манай байгаль орчины улсын байцаагч  Д.Өлзийсайхан илрүүлээд маргааш өглөө нь буюу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өглөө очиж үзлэг хийж хурааж авахаар Д.Өлзийсайхан, Б.Ууганбаяр нарын хамт Б.Ууганбаатары-хашаанд очтол хучаад хураасан байсан гэх нойтон нарс мод байхгүй байсан. Б.Ууганбаатарын гэрт нь хүн байхгүй байсан. Б.Энхбаярын хууль бусаар бэлтгэсэн гэх 1.26 м/күб нойтон нарс мод нь ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2 даХь заалт, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 394 дүгээр тушаалын нэгдүгээр хавсаргалт, ойн сангийн нэг шоо метр модны экологи эдийн үнэлгээний нэгдүгээр мужийг үндэслэн тооцоход 5 783 40 /таван зуун далан найман гурван зуун дөчин төгрөг/ болж байна ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлэхэд 1 735 020 төгрөгийн үнэлгээ гарсан байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

 

Гэрч Д.Өзийсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:  “.. 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант  сумын Өгөөмөр 2 дугаар багт оршин суудаг Базаргүрийн Ууганбаатарын хашаанд нойтон мод хучаастай байна гэсэн мэдээллийн дагуу очиж шалгахад Б.Ууганбаатар хашаанд байшингийн зүүн талд 36 ширхэг нойтон нарс мод цэнхэр хучилгаар хучаастай байсан. Тухайн үед Б.Ууганбаатарын гэрт хүн байгаа бөгөөд хажуу талын айлаа Ууганбаатарын   хамаатан   гэх   эмэгтэй   хүнийг   дуудан   гаргаж   Уг модыг хөдөлгөж болохгүй гэдгийг тэр эмэгтэй хэлээд гэрэл зургаар баримтжуулаад явсан боловч маргааш өглөө нь 2 байгаль хамгаалагчийн хамтаар очиход уг моднуудыг аччихсан байсан... гэх мэдүүлэг /ХХ-н 22-р хуудас/,

 

Гэрч Б.Ууганбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: н.Гоожоо гэж нутгийн залуу тэрнээс холбоо байхгүй. Ямар учраас мод буулгасанг мэдэхгүй. Овог, нэргийг нь мэдэхгүй. Хэдэг ширхэг ямар мод бэлтгэсэнг мэдэхгүй. Тухайн модыг бэлтгэхэд би оролцоогүй .. “ гэх мэдүүлэг /ХХ-н 23-24-р хуудас/,

 

Гэрч Г.Батхуягийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2017 оны 07 сарын эхээр хэдэнд гэдгийг нь би сайн санахгүй байна. Манай найз Б.Энхбаяр над руу залгаад машинаа найздаа түр өгөөч, төмс зөөгөөд өгье гэхээр нь би аав, ээжид хэлье, чи очоод миний машиныг авчих гэж хэлсэн. Тэгээд Б.Энхбаяр манай гэрээс очоод миний 45-22 УНО улсын дугаартай цагаан өнгийн Кио-Бонго маркийн тээврийн хэрэгслийг аваад явсан. Б.Энхбаяр машиныг буцааж өгөхдөө яасан нь мэдэгдэхгүй моторыг нь цохиулаад авч ирээд хашаанд тавьсан байсан. Хулгайн мод тээвэрлэсэн талаар мэдээгүй, надад модонд явна гэж хэлээгүй. Миний машин эвдэрчихээр нь би хүнд сэлбэг болгоод зарчихсан. Одоо надад уг тээврийн хэрэгсэл байхгүй ... “ гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/

 

- 2017 оны 08 сарын 02-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-12-р хуудас/,

- Эд мөрийн баримтаар улаан өнгийн бариултай, хар өнгийн банктай, улбар шар өнгийн тагтай БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг цахилгаан хөрөө хурааж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 15-р хуудас/,

- Төв аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 19.04-349.01 дугаартай “Хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн хохиролын үнэлгээ тооцох тухай” акт /хх-ийн 30-31-р хуудас/,

            - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44  дүгээр хуудас/,

  - Төв аймгийн Авто тээврийн газрын 2017 оны 11 сарын 09-ны өдрийн 262 дугаартай лавлагаа / хх-42-р хуудас/ ,

- Төв аймаг Жаргалант сумын Ойн нөөцийн санд 2017 оны 08 сарын 23-ны өдөр Б.Энхбаяраас 1735000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 31-р хуудсын ар тал/ зэрэг болон болон шүүгдэгч Б.Энхбаярын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иргэний нэхэмжлэгч С.Нямдорж нь мөрдөн байцаалтын явцад 1735020 төгрөгийн хохирол нэхэмжилсэн баримт гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Энхбаяр 1735500 төгрөгийн хохирлыг бүрэн төлж шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ хохирлын төлбөрийг бүрэн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх бусдад төлөх төлбөргүй байна.

 

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36, А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “ Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн бариултай, хар өнгийн банктай, улбар шар өнгийн тагтай БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг цахилгаан хөрөөг устгах нь зүйтэй байна.  

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхбаяр нь “хууль бусаар бэлтгэсэн модоор хашаа барьчихсан.” гэж мэдүүлж байгаа боловч энэ хэрэгт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хяналт тавьсан мөрдөгч прокурор нь шүүгдэгч Б.Энхбаярын хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн 1.26 м3 нойтон мод, түүнийг тээвэрлэсэн 45-22 УНО улсын дугаартай цагаан өнгийн Кио-Бонго маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хорин нэгдүгээр  бүлэгт заасан “хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын талаар авах арга хэмжээ” буюу гэмт хэргийн ул мөр агуулсан эд мөрийн баримт болох 1.26 м3 нойтон модыг эд мөрийн баримтаар, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн тээвэрлэсэн 45-22 УНО улсын дугаартай цагаан өнгийн Кио-Бонго маркийн тээврийн хэрэгслийг хураан авч битүүмжлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2, 21.4-т заасныг зөрчсөн бөгөөд мөн хуулийн 21.5 дугаар зүйлд заасан шүүхийн хууль хэрэглэх эрхэд халдсан, Эрүүгийн хуулийн 1.3-т заасан шударга ёсны зарчим алдагдсан гэж дүгнэхээр байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай ”торгох” ял оногдуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Энхбаярын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинч чанар буюу 1.26 м3 нойтон нарс мод бэлтгэсэн, нойтон нарс мод хууль бусаар бэлтгэсний улмаас байгаль экологид нөхөж баршгүй хохирол учирч нийтийн эрх ашигт ноцтой хохирол учирсан зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх Б.Энхбаярын хор уршгийн шинж чанарыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаас дээшгүй цагаар нийт таван зуун цагаар тогтоолоо.

Шүүгдэгч Б.Энхбаяр нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Харчин овогт Бадралын Энхбаярыг зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Энхбаярыг  500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар Б.Энхбаярыг  500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр ялыг өдөрт дөрвөн цагаар доошгүй хугацаагаар хийлгэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан Б.Энхбаяр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл тогтоолд гомдол гаргах, давж заалдах хугацаа дуустал хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг тусгай байранд хадгалж, энэ тухай баримтыг хавтаст хэрэгт хавсаргасугай. 

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай ногоон өнгийн хөрөөг устгахыг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. ялтан Б.Энхбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт Б.Энхбаярын иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноос хойш 14 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шийтгэх тогтоолыг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

 9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ тогтоол гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 10. Анхан шатны шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Энхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Ц.ОТГОНЖАРГАЛ