Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 128/шш2024/0070

 

                                    

     Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

     баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, Ч.А*******гийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1******* дугаар тушаал, “Хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр 6-17 нас” Health book гэх оюуны өмчийг бүртгэсэн бүртгэл болон 1******* дугаартай Зохиогчийн эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” гэжээ.

Нэхэмжлэгч Ч.А******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд  нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж зааснаар миний бие Ч.А******* нь Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1******* дугаар тушаал, “Хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр 6-17 нас” Health book гэх оюуны өмчийг бүртгэсэн бүртгэл болон 1******* дугаартай Зохиогчийн эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд гаргасан  нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа  бөгөөд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй талаар ойлгож байгаа тул  хуульд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.А*******гаас Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1******* дугаар тушаал, “Хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр 6-17 нас” Health book гэх оюуны өмчийг бүртгэсэн бүртгэл болон 1******* дугаартай Зохиогчийн эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн.

Нэхэмжлэгч Ч.А******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасантай нийцэж байна.

Түүнчлэн Ч.А******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

​        Иймд нэхэмжлэгч Ч.А*******г нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

​         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Ч.А*******гаас Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан гаргасан Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1******* дугаар тушаал, “Хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр 6-17 нас” Health book гэх оюуны өмчийг бүртгэсэн бүртгэл болон 1******* дугаартай Зохиогчийн эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ​ ​                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ