Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2024/02620

 

 

 

 

 

 

 

2024 07 01 181/ШШ2024/02620

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороо, * тоотод оршин суух А овогт Б.О /РД:-/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, * тоотод байрлах Ф ХХК /РД: -/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,158,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул оролцож, тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Ф ХХК-д холбогдуулан 4,158,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.О миний бие Ф ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 330,000,000 төгрөгийн үнэ бүхий Shacman Х3000 машины толгой, давхар чиргүүлийн хамт авахаар гэрээ хийсэн. Гэрээ хийхдээ урьдчилгаа болох 99,000,000 төгрөгийг тус компанийн нэр дээрх Хаан банкны ** тоот дансанд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн. Ингэж гэрээ хийснээс хойш 7-10 хоногт ирнэ, машин бэлэн байгаа гэсэн боловч хугацаандаа ирээгүй. Гэрээ хийсэн менежер болох Б.О-с утсаар асуухаар Бэлэн байсан машин зарагдсан байна. Ахин үйлдвэрлэгдэж байгаа, ахиад хэд хоног хүлээх хэрэгтэй боллоо. гэх тайлбарыг хэлсээр өнөөдрийг хүрсэн. Тиймээс энэ 2023 ондоо багтаж машинаа оруулж ирж өгөхгүй бол гэрээгээ цуцлъя, манайх ингэж удаан хүлээж чадахгүй, мөнгөө авъя гэдгээ 2023 оны 12 дугаар сарын 27-нд хэлсэн. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр очиж уулзахад Танайх гэрээгээ цуцалсан болохоор өөр захиалагчид машиныг чинь өгсөн. Одоо мөнгө байхгүй, мөнгөтэй болохоороо хүү тооцоод мөнгийг чинь өгье. Захирал байхгүй байна. Мөнгийг чинь банк бусын 2,8 хувийн хүүгээр тооцож хүүтэй буцаан өгнө. 1-2 хоногоос мөнгийг чинь шилжүүлнэ. гэж хэлсэн.

Улмаар хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 93,000,000 төгрөгийг төлсөн тул хүүгийн төлбөр болох 4,158,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгч Б.О нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Б.О миний бие Ф ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Ф ХХК-д холбогдуулан 103,158,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ф ХХК 93,000,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагчаас хүүгийн төлбөр 4,158,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу хариуцагч Ф ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн 4,158,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбар гаргав.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ф ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Ф ХХК-д холбогдуулан гаргасан 4,158,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ф ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 673,740 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ