Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2024/02619

 

 

 

 

 

 

 

 

2024 07 01 181/ШШ2024/02619

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, * тоот хаягт оршин суух Х овогт Б.Б /РД:*/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ** оршин байх, М ХК /РД:*/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 2,365,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Алтанзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М ХК-д холбогдуулан 2,365,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Б.Б миний бие 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр М ХК-тай - дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, гэрээний дагуу Тоёота приус 41 маркийн ** УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 23,000,000 төгрөгөөр үнэлэн 1 жилийн хугацаатай даатгуулсан.

Гэтэл жолооч А.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 08 цаг 56 минутын орчимд Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, - уулзварт даатгалын зүйл болох дээрх тээврийн хэрэгслийг миний зөвшөөрлийн дагуу жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ ** УНИ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан.

Ингээд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр А ХХК-иар тус тээврийн хэрэгсэлд автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ хийлгэхэд 2,365,000 төгрөгөөр үнэлсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна. гэж заасан.

Цагдаагийн ахмад Б.Н нь жолооч А.Б-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх хэсэгт Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна. гэж заасныг зөрчсөн болох нь мэдүүлэг, ослын акт, магадлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзээд мөн өдөр 0764781 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэргийн холбогдогч А.Б-ыг 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Гэтэл даатгагч М ХК нь тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4 дүгээр зүйл Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд, 4.24. Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 дэх заалтуудыг зөрчсөн болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дах заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн тухай хариуг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 24/099 тоот албан бичгээр өгсөн.

Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хороонд 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гомдол гаргасан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 9/336 тоот албан бичгээр Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 82 дугаар зүйлийн 82.1-т тус тус зааснаар даатгалын гэрээний маргааныг иргэний журмаар хандаж шийдвэрлүүлэхийг танд зөвлөж байна гэх агуулга бүхий хариу мэдэгдсэн.

Цагдаагийн ахмад Б.Н нь жолооч А.Б-ыг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0764781 дугаартай шийтгэлийн хуудсаар Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байхад хариуцагч М ХК нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 дэх хэсэгт заасныг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч М ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 2,365,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М ХК болон Б.Б нарын хооронд №- тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан.

Даатгуулагч Б.Б Н ХХК-ийн өмчлөлийн, ** УБГ улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08:56 минутын орчимд Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, - уулзварт А овогтой Б нь жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Toyota Prius маркийн ** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулахаар нөхөн төлбөр хүссэн материалыг бүрдүүлж ирүүлсэн.

Тус ослын үед цагдаагийн байгууллага ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон бөгөөд Замын цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад Б.Н-ийн үйлдсэн магадлагаанд: жолооч А.Б-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно заалтыг, жолооч Б.Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно:а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... тээврийн хэрэгсэл жолоодох заалтыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасан гэж тодорхойлсон байна.

Бидний хувьд даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээнд гэрэл дохиотой уулзварт улаан гэрэл дохиогоор зорчсоноос үүдэн гарсан ослын хохиролд нөхөн төлбөр олгохгүй байхаар тохиролцсон байдаг. Гэтэл дээрх тохиолдлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр жолооч А.Б нь уулзварын улаан гэрэл, дохио зөрчиж зам тээврийн осол гаргасан болохыг тогтоосон.

Иймд талуудын хооронд байгуулсан №* тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 4 дүгээр зүйл Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд 4.24 Замын хөдөлгөөний дүрмийн 8.9, Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно ... дах заалтуудыг зөрчсөн, 4.13 Даатгуулагч эсвэл жолооч нь даатгалын тохиолдол бий болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн, даатгалын зүйлд санаатайгаар учруулсан хохирол болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-т заасан Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн, 8.5.3-т заасан Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх заалтуудыг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгч Б.Б-аас Тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт 2,365,000 /хоёр сая гурван зуун жаран таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 52,790 төгрөг төлсөн баримт, Б.У-д олгосон итгэмжлэл, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Шийтгэлийн хуудас, М ХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 24/099 тоот албан бичгийн хуулбар, А ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зураг, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 9/336 тоот албан бичгийг ирүүлсэн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Э.О-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: М ХК-тай байгуулсан даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд даатгалын тохиолдол үүсч, даатгалын зүйлд хохирол учирсан тул даатгалын нөхөн төлбөрт 2,365,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна. гэж заасан. Хариуцагч М ХК нь шийтгэлийн хуудсыг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгох ёстой байтал эрх бүхий албан тушаалтны магадлагааг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар жолооч А.Б-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9.г заалтад заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөний улмаас осол гаргасныг тогтоосон учраас даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан, даатгалын тохиолдол бий болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлд хамаарч байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Б.Б нь М ХК-тай 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр * дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, Н ХХК-ийн өмчлөлийн, ** УБГ улсын дугаартай, Toyota Prius 41 маркийн тээврийн хэрэгслийг 23,000,0000 төгрөгөөр үнэлэн даатгуулж, даатгалын хураамжид 368,000 төгрөг төлөхөөр, хариуцагч М ХК нь даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд тээврийн хэрэгсэлд учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийг олгох үүргийг хүлээжээ. /хх-ийн 5-6/

 

Талууд гэрээг бичгээр байгуулж, гэрээнд даатгалын гэрээний гол нөхцөлийг бүрэн тусгасан, уг гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан бичгээр хийх хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т зааснаар даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болсон үед даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг хүлээдэг.

 

Нэхэмжлэгч Б.Б нь даатгалын хураамж төлсөн үйл баримтад талууд маргаагүй.

 

4.2. Даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд буюу 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр даатгалын зүйл болох тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч А.Б-н зөвшөөрлийн дагуу А.Б жолоодож яваад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, - уулзварт Toyota Prius маркийн ** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны магадлагаа, шийтгэлийн хуудас, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 7-9/

 

4.3. Эрх бүхий албан тушаалтны магадлагаа-аар Toyota Prius маркийн ** УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна.: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна гэжээ. /хх7/

 

4.4. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар ...А.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг зөрчсөн үндэслэлээр 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэвэр ногдуулжээ. /хх9/

 

4.5. А ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан-гаар даатгуулагч Б.Б-ын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг 2,365,000 төгрөгөөр тогтоосон үйл баримтад талууд маргаагүй. /хх11/

 

4.6. Нэхэмжлэгч Б.Б-ын зүгээс М ХК-ийн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч, Санхүүгийн зохицуулах хороонд хандахад 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 9/336 тоот албан бичгээр урьдчилан шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн байна. /хх13/

 

5. Талуудын хооронд хүчин төгөлдөр даатгалын гэрээ байгуулагдсан, даатгуулагч хураамжийг хугацаанд нь төлсөн үйл баримт, даатгалын зүйлд хохирол учирсан талаар талууд маргаагүй.

 

Харин дээрх тохиолдол нь даатгалын гэрээгээр хамгаалагдсан эрсдэлд хамаарах эсэх, даатгуулагч даатгалын тохиолдол бий болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн эсэх нь маргааны зүйл байна.

 

6. Талуудын хооронд байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 4.13-т Даатгуулагч эсвэл жолооч нь даатгалын нөхцөл бий болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн, даатгалын зүйлд санаатайгаар учруулсан хохирол, 4.24. Замын хөдөлгөөний дүрмийн 8.9.г, 8.11, 11.3, 11.4, 11.5, 12.4, 12.5, 12.6 дахь заалтуудыг зөрчсөн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй байхаар заажээ.

 

Хэрэгт авагдсан, Эрх бүхий албан тушаалтны магадлагаа-нд жолооч А.Б-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 дэх заалтыг зөрчсөн гэж, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас-т ...А.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг зөрчсөн гэж зөрүүтэй дурджээ.

 

7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн эрх бүхий албан тушаалтан өөрөө бие даан шинжилгээ хийж, магадалгаа гаргаж болно. гэж заажээ.

 

Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн магадлагаагаар жолооч А.Б-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 8.9.г заалтыг зөрчиж зам тээврийн осол гарсан байх магадлалтай гэж дүгнэсэн, уг дүгнэлттэй жолооч А.Б танилцаж, гарын үсэг зурсан байх бөгөөд эрх бүхий албан тушаалтны шийдвэртэй холбоотой гомдол гаргасан үйл баримт тогтоогдоогүй.

 

Улмаар, эрх бүхий албан тушаалтан Б.Н нь жолооч А.Б-ы гаргасан зөрчилд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг зөрчсөн үндэслэлээр шийтгэл ногдуулахдаа мэдүүлэг, ослын акт, магадлагааг үндэслэсэн байна.

 

Иймд, эрх бүхий албан тушаалтны тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан магадлагаагаар жолооч А.Быг Замын хөдөлгөөний дүрмийн 8.9.г заалтыг зөрчсөн талаар дүгнэсэн, Эрх бүхий албан тушаалтан зөрчил гаргасан этгээдэд шийтгэлийн хуудас ногдуулахдаа магадлагааг үндэслэсэн, зөрчил гаргагчаас эрх бүхий албан тушаалтны магадлагаанд гомдол гаргаагүй байх тул хариуцагч М ХК-ийг эрх бүхий албан тушаалтны магадлагааг үндэслэн даатгалын тохиолдол бий болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсаныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, жолооч А.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9.г заалтад заасан хориглосон хэм хэмжээ болох улаан гэрэл дохио зөрчсөн нь Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 4.13 дугаар зүйлд зааснаар даатгалын тохиолдол бий болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр М ХК даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй тул даатгалын нөхөн төлбөрт 2,365,000 төгрөг гаргуулах тухай Б.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасан үндэслэлгүй тул М ХК-иас 2,365,000 төгрөг гаргуулах тухай Б.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ