| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/02042/И |
| Дугаар | 181/ШШ2024/02618 |
| Огноо | 2024-07-01 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2024/02618
2024 07 01 181/ШШ2024/02618
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, * тоот хаягт оршин байх, Л ХХК /РД:-/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, * тоот хаягт оршин байх, Н ХХК /РД:-/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 18,075,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.З,
Хариуцагчийн төлөөлөгч: Л.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Алтанзул оролцож, тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан 18,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч Н ХХК нь 2023 оноос эхлэн Л төвийн түрээсийн талбайн тодорхой хэсгийг Ажлын байрны талбай түрээслэх гэрээ байгуулан дараах гэрээний гол нөхцлөөр талууд харилцан тохиролцож түрээслэсэн. Үүнд:
-2023 оны 3 дугаар дугаар сарын 01-ний өдрийн 2023/03 тоот Ажлын байрны талбай түрээслэх гэрээ-ний 2.1-т зааснаар түрээсийн 1 м.кв талбайг 45,000 төгрөгөөр, 1 сарын түрээсийн төлбөр нийт 70 м.кв 3,150,000 төгрөгөөр 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар түрээсэлж, нийт төлөх төлбөр 40,950,000 төгрөг байхаар талууд тус тус харилцан тохиролцсон.
Хариуцагч Н ХХК нь тухайн сарын түрээсийн төлбөрийг гэрээний 2.2-т заасанчлан cap бүрийн 05-ны өдрийн дотор төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн ба 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 01-ний хүртэл түрээсийн төлбөрт нийт 40,950,000 төгрөг төлөхөөс 28,900,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 12,050,000 төгрөг төлөгдөөгүй байгаа болно.
Манай зүгээс гэрээний дагуух хамтын ажиллагаандаа хүндэтгэлтэй хандаж, хариуцагчийн 2023 оны түрээсийн төлбөрөө төлж барагдуулах хангалттай боломжит хугацаанд хүлээцтэй хандаж, түрээсийн төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардлага тавьж хандсан боловч хариуцагч санаатайгаар утсаа авахгүй зугтаж, төлбөр төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй зөрчиж байна.
Талуудын хооронд байгуулагдсан 2023/03 тоот гэрээний 1.3, 6.5.3-т заасан үндэслэлээр гэрээ 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон болно.
Хариуцагч түрээсийн төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах тухай баталгаа өгсөн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй, сүүлдээ утсаа авахгүй зугтааж байгаа.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Н ХХК-иас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 12,050,000 төгрөгийг гэрээний 2.1, 2.2, 3.1.1, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1-д зааснаар нэхэмжилж байна.
Хариуцагч Н ХХК-ийн хувьд 2023 онд түрээсийн гэрээ байгуулсан цагаас хойш гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж байгаагүй, дандаа хугацаа хэтрүүлж түрээсийн төлбөрийг төлөхөөс гадна түрээсийн төлбөрийг хэзээ ч бүрэн төлж байгаагүй.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т зааснаар хариуцагч буюу түрээслэгч түрээсийн төлбөрийг cap бүрийн 5-ны дотор cap бүрийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн боловч хугацаандаа төлөөгүй учир гэрээний 7.6-д заасны дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй нөхцөлд хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцохоор тохиролцсоны дагуу алданги тухайд бүрд нь тооцож үзэхэд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа.
Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй заасны дагуу төлөгдөөгүй түрээсийн төлбөрийн үлдэгдэл 12,050,000 төгрөгийн 50 хувь болох 6,025,000 төгрөгийн алдангийг гэрээний 2.2, 7.6, Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т зааснаар нэхэмжилж байна.
Дээрх нэхэмжлэлийн үндэслэлийн дагуу хариуцагч Н ХХК-иас Ажлын байрны талбай түрээслэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр 12,050,000 төгрөг, алданги 6,025,000 төгрөг, нийт 18,075,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтэй байна гэв.
3. Зохигчид шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Л ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н ХХК-д холбогдох 18,075,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын 3,075,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 15,000,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан 18,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч Л ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 3,075,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Н ХХК нь үлдэх 15,000,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Л ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н ХХК-д холбогдох 18,075,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 3,075,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Н ХХК нь үлдэх 15,000,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Н ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,641 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ