Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2020/ДШМ/25

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

 

 

 

Г.Лид холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч: Г.Л,

Нарийн бичгийн дарга: Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 261 дүгээр шийтгэх тогтоолтой Г.Лид холбогдох 1938001300470 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Лийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 8 дугаар сарын 28ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Урианхад овогт Ганхуягийн Л, ..... оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, мөн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан /регистрийн дугаар .........................../.

Шүүгдэгч Г.Л нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвд оршин суух иргэн М.Мын сууцны байшингийн цонхоор нэвтрэн эд хөрөнгө хулгайлж, хохирогч М.Мын эд хөрөнгөд 920,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 261 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Урианхад овогт Ганхуягийн Лийг “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ганхуягийн Лийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лийн цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Лоос 920,000 /есөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Марганцоо овогт Мандахын М /ЙИ84030802/-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Лид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Л давж заалдах гомдолдоо: Миний бие Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумаас Чандмань-Өндөр сум ороод Барболдтой таарсан. Бараа надад хэлэхдээ “Би шүүхээс зугтаасан. Мөрөн хамт явах уу? надад ойр зуурын юм байна” гээд хазаар, завхай зэргийг надад өвөртлүүлсэн. Мөнгөн эдлэлүүдээс 1 ширхэгийг дэлгүүрийн эзэнд зараад зарсан мөнгөөр нь пиво авч уусан юм. Тэрээр надад хэлэхдээ өнөөдрийн болсон явдлыг хүнд хэлж болохгүй шүү гэж байсан юм. Тэгээд бид хоёр Мөрөн лүү явж байхад М эгч над руу залгаад “Чи манайхаас эмээл аваад явсан юм уу?” гэж байсан. Үүнийг Бараад хэлэхэд тэрээр “Би Цагаан-Үүр сумын нэг айлаас юм авсан. Тэр айлын хүн чам руу залгасан байж магадгүй. Чамайг сэжиглэж байгаа юм чинь чи энэ хэргийг даачих” гээд байсан. Иймд энэ хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Л нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвд оршин суух иргэн М.Мын сууцны байшингийн цонхоор нэвтрэн эд хөрөнгө хулгайлж, 920,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

Шүүгдэгч Л.Л нь “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч М.М, гэрч Э.Барболд, Х.Бадрахгэрэл нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, хөрөнгө үнэлсэн тайлан, шүүгдэгч Г.Лийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Лийн гэм бурууг хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгчийн гаргасан “ ... Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумаас Чандмань-Өндөр сум ороод Барболдтой таарсан. Бараа надад хэлэхдээ “Би шүүхээс зугтаасан. Мөрөн хамт явах уу? надад ойр зуурын юм байна” гээд мөнгөн хазаар, завхай зэргийг надад өвөртлүүлсэн. Тэгээд бид хоёр Мөрөн лүү явж байхад М эгч над руу залгаад “Чи манайхаас эмээл аваад явсан юм уу?” гэж байсан. Үүнийг Бараад хэлэхэд “Чамайг сэжиглэж байгаа юм чинь чи энэ хэргийг даачих” гээд байсан. Иймд энэ хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь гомдолд дурдсан үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/261 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

 ШҮҮГЧИД                                                 Л.ЭРДЭНЭБАТ

                                                                              Н.БАЯРХҮҮ