Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 343

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж,  

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Б.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Өсөхбаярт холбогдох 1734003070133 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний  өдөр хүлээн авснаар нээлттэй хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Бог-Ар 9а-175 тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогтой Болдбаатарын Өсөхбаяр /РД:УШ95051534/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Өсөхбаяр нь "2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн орчим "Ашит ХХК"-ны Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт баригдаж байгаа 40 айлын орон сууцны барилгын 3 давхрын 31 тоотоос хохирогч Э.Чинбатын өмчлөлийн Dell Vostro 5470 маркийн зөөврийн компьютерийг хулгайлж, бусдад 805.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 

 холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад:

 Шүүгдэгч Б.Өсөхбаяр нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн орчим "Ашит ХХК"-ны Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт баригдаж байгаа 40 айлын орон сууцны барилгын 3 давхарын 31 тоотоос хохирогч Э.Чинбатын өмчлөлийн Dell Vostro 5470 маркийн зөөврийн компьютерийг хулгайлж бусдад 805.000 төгрөгийн хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 Шүүгдэгч Б.Өсөхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад яллагдагчаар: "н.Дамдин надтай хамт 3 давхарын нэг өрөөнд амьдарч байсан. Тэгсэн чинь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дамдин хот орох ажилтай гээд яваад өгсөн ба н.Чинбатын зөөврийн компьютерийг өрөөнд үлдээгээд Улаанбаатар хот руу явсан. Тэгээд маргааш нь 2017 оны 09 дүгээр сарын07-ны өдөр би өрөөнд байж байгаад н.Дамдинд хэлэлгүйгээр нөгөө зөөврийн компьютерийг аваад Улаанбаатар хотод авч очиж зараад мөнгийг нь хэрэглээд дараа нь Э.Чинбат надаас зөөврийн компьютераа асуухаар нь би аваагүй гэсэн. Э.Чинбатын хохирлыг барагдуулсан байгаа." гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

 

Хохирогч Э.Чинбатын мөрдөн байцаалтын шатанд "2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр надтай цуг ажилладаг н.Дамдин гэдэг залуу миний эзэмшлийн Dell Vostro 5470 маркийн зөөврийн компьютерийг кино үзье гэж гуйж авсан.Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хэрэг гараад зөөврийн компьютераа авах гэсэн чинь н.Дамдингийн өрөөнд миний зөөврийн компьютер байхгүй байсан. Б.Өсөхбаяр миний зөөврийн компьютерийг хулгайлж авснаа надад хэлээгүй мөртлөө Дамингаас хулгайлаад "Компьютер Ланд" дээр зарсан тухайгаа цагдаа нарт хэлсэн байсан. Би Б.Өсөхбаяраас хохирлоо төлүүлээд авчихвал гомдол саналгүй болно..." гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хуудас/,

 

                Гэрч Н.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд “Би Төв аймаг, Зуунмод сумын Номт 1-р багийн нутагт байрлах Ашид консалтингийн барьж байгаа 40 айлын орон сууцны харуулаар ажилладаг юм. 2017 оны 09 сарын 03-ны өдөр намайг хажууд нь байж байхад манай инженер н.Чинбатын хар саарал өнгийн зөөврийн комъютрийг нь тухайн үед дотоод засал хийж байсан н.Дамидан гэх залуу гуйж авч байсан. Тэгсэн чинь 2017 оны 09 сарын 08-ны өдөр Чинбатын комъютор алга болчихлоо гэж надаас сурч байсан. Бүр сүүлд сонссон чинь манайд дотоод засал хийж байсан Б.Өсөхбаяр гэдэг залуу компъютрийг нь авсан байсан юм. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,

 

  • “Хан-Үнэлэмж” ХХК-ийн үнэлгээний тайлан / хх-н 11-16-р хуудас/

    -  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн байна.

       

  Иймд шүүгдэгч Б.Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

      

Хохирогч Э.Чинбатад Dell Vostro 5470 маркийн зөөврийн компьютерийн үнэ 805000 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт  зааснаар   эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

 Шүүгдэгч Б.Өсөхбаяр нь хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан  байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт дөрөвөөс дээшгүй цагаар нийт 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоолоо.

 

Шүүгдэгч Б.Өсөхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Боржигон овогтой Болдбаатарын Өсөхбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өсөхбаярыг 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар Б.Өсөхбаярыг 250 цаг нийтэд тустай ажлыг цалин хөлсгүйгээр хийлгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрөвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Өсөхбаяр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд  хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, Б.Өсөхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай

 

6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

8.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч  Б.Өсөхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ