Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 128/шш2024/0017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Б, Ч.М, Б.Н, Д.У, Д.О, Б.Ц, Д.Б нар,

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга,

Маргааны төрөл: Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/2******* дугаар захирамж хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болортуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Н.Б нарын нэр бүхий 7 иргэнээс Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/2******* дугаар захирамжийг илт хууль бус захиргааны актад тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны өдөр 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч нараас “Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/2******* дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг болох захирамжийн хавсралтын 11 дэх хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

3.Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 33/04 дугаартай мэдэгдэх хуудсаар тус дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр,  67 дугаар байр болон 88/1 дүгээр байрны дунд байрлах, зохих зөвшөөрөлгүй гараашнуудыг 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор газар чөлөөлөхийг мэдэгджээ.  

4.Баянгол дүүргийн  Засаг даргын Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/2******* дугаар захирамжийн хавсралтаар тус дүүргийн 33 дугаар хороо, 67 дугаар байр, 88/1 дүгээр байрны дунд байрлах 7 ширхэг тоосгон гараашийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.

5.Нэхэмжлэгч Н.Б нарын нэр бүхий 7 иргэн шүүхэд гаргасан  үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэл:

1/Нэхэмжлэгч нараас олгосон итгэмжлэлийн дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.С*******т 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хандан Баянгол дүүргийн засаг даргыг түр орлон гүйцэтгэгчийн гаргасан 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан А/2******* дугаар захирамжийг хууль зөрчсөн тул хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Гэвч Нийслэлийн Засгийн даргын Тамгын газрын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 06/4966 дугаар хариу мэдэгдэх хуудсаар Засаг даргын захирамж нь холбогдох хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны актыг батлан гаргасан тул хүчингүй болгох хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна гэх үндэслэлгүй хариуг өгсөн.

2/Нэхэмжлэгч нар нь Баянгол дүүрэг, 33-р хороо, 67 дугаар байрны оршин суугчид бөгөөд “Хос б*******” СӨХ-ны эзэмшил газар болох 3533 м.кв газраас 126 м.кв талбай бүхий газарт 2009 оноос шүүхэд нэхэмжлэл гаргах цаг хугацаа хүртэл өөрсдийн хөрөнгөөр барьж бий болгосон авто гараашуудыг эзэмшиж ашиглаж байгаа билээ. Учир нь нэхэмжлэгч нь 67 дугаар байрандаа анх баригдсан цаг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл оршин суудаг уг сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэлтэй гишүүд юм.

3/“Хос б*******” СӨХ-ны эзэмшил газар болох 3533 м.кв газрыг 2010 оны 07 сарын 16 өдөр Нийслэлийн засаг даргын 477 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамж гарч улмаар Нийслэлийн газрын албаны дарга, газар зохион байгуулагч, “Хос б*******” СӨХ-ны дарга нар Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээг байгуулсан юм. Өөрөөр хэлбэл 2011 оны 03 сарын 16-ны өдрөөс хойш "Хос б*******" СӨХ нь ут газрыг хуульд заасны дагуу эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд сууц өмчлөгчид болох тэдэнд уг газрыг бодитойгоор эзэмшүүлж ашиглуулахаар болсны үндсэн дээр нэр бүхий 7 иргэн хөрөнгө гаргаж авто машины гарш барьсан юм. Үүний дагуу тэд 2011 оноос хойш сууц өмчлөгчдийн холбоондоо холбогдох газар ашигласны хураамжаа сар бүр тогтмол төлсөөр ирсэн юм. Мөн авто машины гарааш барихдаа ямар нэгэн байдлаар бусдын хөл хөдөлгөөнд огт саад болохооргүй, бусдын ямар нэгэн хуулиар олгосон эрхэнд ямар нэгэн байдлаар халдахааргүй газарт байрлуулж барьсан юм.

4/Гэвч Баянгол дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгчээс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр А/2******* дугаар захирамжийг гаргаж нэхэмжлэгч нарын эзэмшиж ашиглаж буй 67 дугаар байр 88/1 дүгээр байрны дунд байрлах нэр бүхий 7 иргэний гараашуудыг чөлөөлж зөрчлийг арилгах, газар чөлөөлөх захирамжийг гаргасныг бусад этгээдээс мэдсэн бөгөөд мэдсэн даруйдаа шүүхэд хандсан.

Өөрөөр хэлбэл уг захирамжийг гаргахдаа Баянгол дүүргийн засаг даргаас Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гээд уг хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулах дараалал, мэдэгдэл, түүний хэлбэр, сонсох ажиллагааг явуулах арга, сонсох ажиллагааны явцыг тэмдэглэх зэрэг хуулийн олон зохицуулалтыг тусгажээ. Гэсэн хэдий ч Баянгол дүүргийн засаг даргын зүгээс уг хуулиар хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй гэж үзэхээр байна.

5/Нөгөөтэйгүүр сонсох ажиллагаа бол захиргааны акт гаргахын өмнө эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд байр суурь, санал бодлоо илэрхийлэх боломж олгож байгаа заавал хийгдэх ажиллагаа юм.Заавал хийгдэх ёстой гэхийн учир нь сонсох ажиллагаа хийхгүй байж болох 6 тохиолдлыг Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан бөгөөд энэ нь эдгээр тохиолдлоос бусад уед сонсох ажиллагааг заавал хийхээр байгааг ойлгож байна. Ийнхүү заавал хийх ёстой сонсох ажиллагааг хийхгүйгээр шийдвэр гаргасан бол энэ нь тухайн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох юм.

Захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тал бүрээс нь авч үзэх, тодруулахад сонсох ажиллагааны гол ач холбогдол оршдог. Ийм ач холбогдол бүхий арга хэмжээг хуульд заавал хийхээр тусгасан байгааг шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарч үзэхийг хүсч байна.

Мөн сонсох ажиллагаа хийх шаардлага нь захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа захиргааны актыг ойлгохоор Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дах хэсэгт заасан баримтлах процессын хэм хэмжээ юм. Хууль бус захиргааны акт гэдэгт эрх зүйн зөрчилтэй байна. Түүнчлэн эрх зүйн хэм хэмжээ нь материаллаг болон процессын хэм хэмжээнээс бүрддэгийг үндэслэвэл эрх зүйн зөрчил гэдэгт материаллаг болон процессын хэм хэмжээний зөрчил аль аль нь хамаарах учиртай. Иймд сонсох ажиллагаа огт хийгээгүй нь эрх зүйн зөрчил болж, улмаар тухайн актыг хууль бусад тооцуулах үндэслэлтэй байна.

Сонсох ажиллагаа захиргааны уйл ажиллагаанд хэр чухал болохыг захиргааны үйл ажиллагааны 8 тусгай зарчмын нэг болгон тусгаснаас харж болно. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах  тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” нь захиргааны уйл ажиллагааны тусгай зарчим гэж заасан бөгөөд оролцоог зөвхөн сонсох ажиллагааны дунд хангах боломжтой гэж үзэж байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлд төлөвлөлтийн талаарх зохицуулалттай бөгөөд 73.1 дэх хэсэгт “Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно хэмээн хуульчилсан ба мөн зүйлийн 73.1.6-т зам, талбай, гудамж, усан сан зэрэг нийтийн эзэмшлийн байгууламж, цогцолборыг байгуулах, өөрчлөх, нүүлгэх, буулгах нь төлөвлөлтөд хамаарахаар хууль тогтоочоос хуульчилсан байх ба тус зүйлд зааснаар сонсох ажиллагааг огт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл сонсох ажиллагааны зорилт хангагдаагүй, маргаан бүхий акт гаргахад шаардлагатай дээрх нөхцөл байдлыг тогтоогоогүйгээс маргаан бүхий акт хуульд нийцээгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэхээр байна.

Баянгол дүүргийн засаг даргын 2023 оны 06 сарын 30-ны өдөр А/2******* дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан шийдвэр болон үйл ажиллагаанд хамаарах тул захиргааны актын шинжийг бүрэн агуулж байгаа юм” гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/2******* дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг гэснийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/2******* дугаар захирамжийн хавсралтын 11 дэх хэсгийг хүчингүй болгуулах гэж өөрчилсөн.

Баянгол дүүргийн 33 дугаар хороо 67 дугаар байрны оршин суугчид болох нэр бүхий 7 иргэн Хос б******* СӨХ-ны эзэмшил газарт 3530 м.кв газраас 126 м.кв газарт 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл өөрсдийн хөрөнгөөр барьж бий болгосон автомашины гараашнуудыг эзэмшиж ашиглаж байгаа юм . Учир нь 67 дугаар байр анх баригдсан цаг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл оршин суудаг Хос б******* СӨХ-нд бүртгэлтэй гишүүд юм. Уг орон сууцны СӨХ-ны эзэмших газар болох 3530м.кв газрыг 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Нийслэлийн засаг даргын А/477 дугаар газар эзэмших ашиглуулах эрх олгох тухай захирамж гарч, улмаар Нийслэлийн газрын албаны дарга, газар зохион байгуулагч "Хос б*******" Сөх-нд газар ашиглах эрх олгосон. 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс хойш "Хос б*******" СӨХ нь уг газрыг хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа. Нэхэмжлэгч нэр бүхий 7 иргэн нь өөрийн хөрөнгөөр тус газарт гарааш байгуулан өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж, СӨХ-нд газар ашигласны хураамж сар бүр тогтмол төлдөг байсан. Мөн автомашины гарааш барихдаа ямар нэгэн байдлаар бусдын хөдөлгөөнд огт саад болохооргүй бусдын ямар нэгэн эрхэд нөлөөлөхгүй газарт барьсан болохыг дурдаж байна . Баянгол дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Засаг даргын орлогч н.Ж*******гээс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр А/2******* дугаар захирамжийг гаргаж нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндсөн. 67, 88.1 дүгээр байрны дунд байрлах нэр бүхий 7 иргэний гараашнуудыг газрыг чөлөөлж зөрчлийг арилгах, газар чөлөөлөх захирамж гаргасныг бусад этгээдээр дамжин мэдсэн болно. 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/2******* дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг тодруулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан шийдвэр болно. Үйл ажиллагаанд хамрагдах захиргааны актын шинжийг бүрэн агуулж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 47.1.6 47.1.7-т тухайн захиргааны байгууллага нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй. Түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй зэргээр захиргааны акт илт хууль бус байх тохиолдлыг бий болгож байгаа бөгөөд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан бусад этгээдийн эрх, хууль, ёсны ашиг сонирхол эсвэл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл бий болж байгаа юм . Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т захиргааны байгууллагын гаргасан захиргааны гэрээ илт хууль бус болох нь эрх зүйн харилцаа байх эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1, 14.4-д заасан хугацаа үл хамаарахаар заасан тул дээр дурдсан захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр нь илт хууль бус болно. Иймд дээр дурдсан үндэслэлээр Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/2******* дугаар захирамжийн хавсралтын 11 дэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-т зааснаар захиргааны байгууллагаас шийдвэр, үйл ажиллагаа гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгуулъя гэж байгаа. Захиргааны ерөнхий хуульд сонсох ажиллагаа гэдэг зүйлийг тодорхойлоод өгсөн. Захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчим болгоод хуульчилсан. Захиргааны Ерөнхий Хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагаа хийхгүй байж болох тохиолдлуудыг зааж өгсөн. Энэ тохиолдлуудаас бусад тохиолдолд заавал сонсох ажиллагааг хийх ёстой гэж ойлгож байгаа. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар, хэрэгт авагдсан баримттай холбоотой гараашнуудын хаалган дээр нь мэдэгдэх хуудас наасан ингэснээр мэдэгдэх сонсох ажиллагааг хийсэн гэж тайлбарлаж байна. Энэ тухайн фото зураг яг аль байршилд байгаа ямар гараашны хаалга гэдэг нь тодорхойгүй. Энэ дээр шүүхээс үзлэг хийж, тодруулсан, тодорхойлсон, нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Сонсох ажиллагааг хийгээгүй, хийхгүй байх нь эрх зүйн зөрчилд хамаарна гэж үзэж байгаа. Эрх зүйн зөрчилд яагаад хамаарч байгаа гэхээр ялимгүй зөрчил юм шиг сонсогдож байгаа ч үйл ажиллагааных нь зарчмыг заавал сонсох ажиллагаа хийхээр хуульчилж өгсөн. Эрх зүйн зөрчилтэй захиргааны акт байна. Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын хавсралтад яг тухайн байршилд заасан гараашнуудыг чөлөөлөх, газрынх нь хэмжээг тодорхой болгох, авто замыг яг аль байршилд нь барих гэдэг нь тодорхой бус байна. Энэ нэхэмжлэгч 7 иргэний эзэмшиж, ашиглаж байгаа гараашнуудын газар орсон, орж байгаа, багтаж байгаа, хамаарч байгаа хэсэг нь тодорхойгүй, нотлогдохгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-т зааснаар эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж тодорхойлно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-т заасны дагуу хүчингүй болгох. Ийм боломжтой учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна", 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно", 20 дугаар зүйлийн 20.2.2-т “Дүүргийн Засаг дарга нь Газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй.” 56 дугаар зүйлийн 56.5-д “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө. 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.” Гэж тус, тус заасан болон Баянгол Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 15- ны өдрийн “Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөг батлах тухай" 05/33 дугаар тогтоолыг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/2******* дугаар захирамж гарсан.

Нэхэмжлэгчдийн тухайд маргаан бүхий Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр, 67 болон 88/1 дүгээр байрны дунд байрлах, газрын зөвшөөрөлгүй 5 ширхэг тоосгон гараашнуудыг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй тул тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх тухай мэдэгдлийг өгсөн боловч мэдэгдэлд заасан хугацаанд газрыг

чөлөөлөөгүй байна.

2/Тус дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/2******* дугаар захирамжаар нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх үүднээс, Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, онцгой байдал үүссэн үед тусгай төрлийн автомашинууд нэвтрүүлэх,  түгжрэлийг сааруулах, зам өргөтгөн шинэчлэх, автомашины зогсоолыг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон  байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах газрын

зөвшөөрөлгүй гараашнуудыг албадан буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн ажиллаж байна. Тухайлбал Маргаан бүхий Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр, 67 болон 88/1 дүгээр байрны дунд байрлах, газрын зөвшөөрөлгүй гараашнууд байгаа газарт Тус дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар авто зам болон, авто зогсоол, явган хуний зам хийгдэхээр төлөвлөгдсөн. 2023 онд тендер шалгаруулалт зохион байгуулагдсан, Тендерт шалгарсан “Н******* Э*******” ХХК авто зам тавих ажлын гэрээ байгуулсан Авто замын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Гарааш буулгаж, газар чөлөөлөөгүй тул явган хүний зам тавих, автомашины зогсоолын ажил хийгдээгүй хүлээгдэж байна.

Дээрх ажил хийгдэхээр төлөвлөгдсөн тул маргаан бүхий газрын зөвшөөрөлгүй гараашнуудыг албадан чөлөөлж, газрын зөрчил арилгах шаардлагатай болсон.

3/Нэхэмжлэгч Н.Б, Ч.М, Б.Н, Д.У Д.О,  Б.Ц, Д.Б нар  нь маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах хүсэлтийг холбогдох төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргаж байгаагүй бөгөөд газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй этгээд юм. Харин газрын тухай хууль зөрчин гараашийн зориулалттай газрыг ашиглаж байсан бөгөөд газрын төлбөр тогтоосон актаар газрын төлбөрийг төлж байгаагүй юм.

4/Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөг батлах тухай” 05/33 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус Дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/2******* дугаар захирамжийн сонсох ажиллагааны мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 4, 24, 25, 26 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн маргаан бүхий гарааш эзэмшигчдэд хүргэсэн.

Дээрх сонсох ажиллагааны дагуу нэхэмжлэгч иргэдээс өргөдөл гомдол гаргасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4, 24, 25, 26 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу судалж үзээд хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу хүргүүлсэн. Улмаар 2023 оны 06 дугаар сарын 30-ний өдөр А/2******* дугаар захирамж гарсан. Уг А/2******* дугаар захирамжийг 2023 оны 07 дугаар сараас эхлэн Захиргааны ерөнхий хуулийн ******* дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдэж эхэлсэн байдаг.

5/Нэхэмжлэгч Н.Б, Ч.М, Б.Н, Д.У, Д.О, Б.Ц, Д.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр, 67 болон 88/1 дүгээр байрны дунд байрлах газрын зөвшөөрөлгүй тоосгон гарааш байгаа газарт Тус дүүргийн Засаг даргад хандан газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд газар эзэмших, ашиглах эрх үүсч байгаагүй газар эзэмших, өмчлөх эрхгүй этгээд бөгөөд уг газар нь нийтийн эзэмшлийн зам талбай юм. Тиймээс тухайн захирамж нь нэхэмжлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй.

6/Нөхөх олговор олгох эсэх тухайд уг асуудлыг Монгол Улсын Засгийн Газрын

2018 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам” -аар зохицуулах бөгөөд тус журмын 3.1-т “Өмчлөх, эзэмших эрх бүхий газар, Иргэний хуулийн 85.2-т заасан газрын үндсэн бүрдэл хэсэгт хамаарах тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгө буюу барилга

байгууламж, Газар чөлөөлөх зардал зэргийг нөхөн олгохоор заасан.

Өөрөөр хэлбэл уг газарт өмчлөх, эзэмших эрх үүссэн, тухайн эзэмших, өмчлөх эрх бүхий газарт байрлах эд хөрөнгө, түүнийг чөлөөлөхтэй холбоотой зардлыг нөхөн олгохоор заасан.

Нэхэмжлэгчдийн тухайд өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар газар эзэмших, өмчлөх эрхгүй этгээд бөгөөд "Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам"-ын үйлчлэлд хамаарахгүй болно.

7/“Хос б*******” СӨХ газар эзэмших, ашиглах эрх олгох хуулиар олгогдсон бүрэн эрхтэй субъект биш. Тус сууц өмлөгчдийн холбоо нь 2010 онд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/477 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатайгаар газар ашиглаж байсан. Тухайн газар ашиглах хугацаа 2015 онд дууссан. Одоогийн байдлаар газар эзэмших, ашиглах эрхгүй. Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоол Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарласан. Тухайн тогтоолын 1.1-т газар ашиглуулж болно. СӨХ нь орчны газрыг зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар л ашиглах бөгөөд тухайн газрыг бусдад ашиглуулах, ашиглах зөвшөөрөл олгох, түрээслэх, барьцаалах газрын ашигтай чанарыг гаргаж хэрэглэх эрх эдлэхгүй гэж тайлбарласан. Энэ үндэслэлийн дагуу СӨХ газар эзэмшүүлэх, ашиглуулах субъект биш. Тийм учраас нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

1.Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/2******* дугаар “Газар чөлөөлөх тухай” захирамжийн 1 дэх заалтаар бүтээн байгуулалтын ажил, авто зам, явган зам, гудамж талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах зорилтын хүрээнд зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гараашуудыг чөлөөлж зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг баталсан бөгөөд  хавсралтын 11 дүгээрт 33 дугаар хороо, 67 дугаар байр, 88/1 дүгээр байрны дунд  байрлах 7 ширхэг нэхэмжлэгч нарын гарааш багтжээ.

2.Улмаар маргаан бүхий А/2******* дугаар захирамжийн 2 дах заалтаар газар чөлөөлөх ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн ба Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гарааш тус бүр дээр мэдэгдэх хуудсыг наасан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийж гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

3.Нэхэмжлэгч нар нь тухайн гараашнуудыг “Хос б*******” СӨХ-ны эзэмшлийн газар болох 3533 м.кв газраас 126 м.кв газарт өөрсдийн хөрөнгөөр гарааш барьсан, сууц өмчлөгчдийн холбоонд газар ашигласан хураамжийг сар бүр төлбөрийг төлж байсан гэх боловч тэдгээрт газар эзэмшүүлж, ашиглуулах талаар эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр гараагүй байна.

Газрын тухай хуулийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэжээ.

4.Дээрхээс дүгнэвэл Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/2******* дугаар захирамжийн  хавсралтын 11 дүгээрт 33 дугаар хороо, 67 дугаар байр, 88/1 дүгээр байрны дунд  байрлах 7 ширхэг гараашийг нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр гарааш барьсан гэх үндэслэлээр чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж тус тус заасан.

5.Хууль тогтоомжийн дээрх зохицуулалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлууд, хэргийн оролцогчдын тайлбарыг нэгтгэн дүгнэвэл, маргаан бүхий акт нь хариуцагч захиргааны байгууллага болох Баянгол дүүргийн Засаг даргаас хууль тогтоомжийг биелүүлэх, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах талаарх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж гарсан хууль ёсны акт байна.

6.Түүнчлэн нэхэмжлэгч нь газар эзэмших эрхгүй байгаа нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл болох тул хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий актыг гаргаснаар нэхэмжлэгчийн хувьд зөрчигдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй тул уг маргаан бүхий шийдвэр нь Газрын хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж заасантай нийцжээ.

7.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н.Б нарын нэр бүхий 7 иргэнээс Баянгол дүүргийн Засаг даргад  холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б нарын нэр бүхий 7 иргэнээс Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох “Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/2******* дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг болох захирамжийн хавсралтын 11 дэх хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ