| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2023/0383/3 |
| Дугаар | 128/шш2024/0018 |
| Огноо | 2024-01-02 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 128/шш2024/0018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: “А*******” ХХК,
Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газар,
Гуравдагч этгээд: “А******* Х” ХХК
Маргааны төрөл: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21/05/01 дугаар битүүмжилсэн акт хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И, Б.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“А*******” ХХК-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан “Говь-Алтай аймгийн Бургастай боомтын дэргэд байрлах “А*******” ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилсэн Татварын ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21/05/01 дугаар Битүүмжлэлийн актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Нэхэмжлэгч нь “М******* ******* ******* *******” ХХК-тай төмрийн хүдрийн баяжмалыг Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дахь ******* нуурын уурхай талбайгаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Лаомиао боомт хүртэлх тээвэрлэлтийн үйлчилгээг үзүүлэхээр 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Урт хугацаат тээврийн гэрээ”-г “А******* х” ХХК нь “М******* ******* ******* *******” ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Худалдах, худалдан авах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой урт хугацаат хамтын ажиллагааны гэрээ”-г, тус тус байгуулсан байна.
3.Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21/05/01 дугаар битүүмжилсэн актаар гуравдагч этгээд “А******* х” ХХК-ийн 81,105,611,585.86 төгрөгийн татварын өрийг гаргуулахаар нэхэмжлэгчийн гаалийн хяналтын талбай дахь 474,293.50 тн төмрийн хүдрийн баяжмалыг битүүмжилжээ.
4.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл:
1/“А*******” ХХК нь өөрийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд Бритиш Виржин арлын М******* ******* ******* Лимитед компанитай 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр MVG-AL-20210101 дугаар “Тээвэрлэлт гүйцэтгэх урт хугацааны гэрээ”-г байгуулсан бөгөөд тус гэрээгээр М******* ******* ******* Лимитед компанийн “А******* Х” ХХК-аас худалдан авсан төмрийн хүдрийн баяжмалыг Говь-Алтай аймгийн Цээл сумын *******нуурын уурхайгаас Монгол Улсын хилийн Бургастайн боомт дахь өөрсдийн эзэмшлийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбайн чиглэлд, тусталбайгаас Бүгд Найрамдах Хятад Ард улсын Лаоемяо боомтын бүс хүртэлх чиглэл дотоод, гадаад /экспортын/ тээврийг дангаар хариуцан гүйцэтгэхээр, тээвэрлэх хугацаанд төмрийн хүдрийн баяжмал “А*******” ХХК-ийн эзэмшил, өмчлөлд байхаар мөн Бургастайн боомт дахь манай компанийн эзэмшлийн ашигт малтмал ачиж буулгах талбайд буулгасан төмрийн хүдрийн баяжмал овоолго мөн манай компанийн хадгалалт, хамгаалалтад байхаар тус тус гэрээнд тусгасан.
Харин М******* ******* ******* Лимитед компани нь “А******* Х” ХХК-тай 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр MVG-AK-20210322 дугаар “Худалдах, худалдан авах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой урт хугацаат хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулсан байдаг бөгөөд “А******* Х” ХХК-н *******нуурын уурхайгаас олборлосон 3 500 000 метр/тонн төмрийн хүдрийн баяжмалыг уурхайн амнаас худалдан авахаар, ингэхдээ “Бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авахдаа EXW нөхцөл”-өөр буюу худалдагчийн “нэрлэсэн газарт” худалдан авагчийн мэдэлд хүлээлгэн өгөхөөр, худалдагчийн нэрлэсэн газар нь худалдагчийн зөвшөөрсөн газарт байхаар, олборлосон бүтээгдэхүүн уурхайн амнаас М******* ******* ******* Лимитед компанийн өмч байхаар тус тус харилцан тохиролцсон байдаг.
2/Гаалийн Ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/170 дугаар тушаалаар “А*******” ХХК нь Говь-Алтай аймгийн Бургастайн боомтын дэргэд экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай ашигладаг бөгөөд дэлхийн даяар тархсан КОВИД-19 /COVID-19/ өвчний тархалтын улмаас Монгол Улсын болон БНХАУ-н хилийн боомтууд хаагдаж, боомтуудын хэвийн үйл ажиллагаа алдагдсан 2 жил гаруй хугацаанд гэрээний дагуу тээвэрлэсэн төмрийн хүдрийн баяжмал овоолго үүсгэсэн байдалтай байсан бөгөөд хилийн боомтуудаар нэвтрэх боломж, нөхцөл нээгдмэгц гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу экспортын тээвэр гүйцэтгэж байсан болно.
Дээрх 2 гэрээний дагуу гэрээний талууд тус тусынхаа үүргийг гүйцэтгэж байх цаг үед Татварын Ерөнхий газраас М******* ******* ******* Лимитед компанийн худалдан авч "А*******” ХХК-ийн талбайд байрлуулсан төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 21/05/01 дугаар "Битүүмжлэх акт"-р үндэслэлгүйгээр битүүмжилж манай компанийн бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд оруулан, бидэнд хохирол учрууллаа.
3/Татварын Ерөнхий газраас “А******* Х” ХХК-ийн татварын өр, төлбөртэй холбоотой ажиллагаа гүйцэтгэхдээ огт хамааралгүй, гуравдагч этгээд болох “А*******” ХХК-ийн гаалийн хяналтын бүсэд, түүний эзэмшлийн ашигт малтмалыг битүүмжилсэн бөгөөд ингэхдээ манай компанийн эрх бүхий албан тушаалтнуудад өөрсдийгөө болон гүйцэтгэх ажиллагааны удирдамжаа танилцуулахаас эрс татгалзаж, битүүмжлэх ажиллагаа явуулснаас гадна “танай компанийг “А******* Х” ХХК-тай холбоотой гэдгийг бид мэднэ, та бүхэнд ажиллагаатай холбоотой юу Ч танилцуулах шаардлагагүй, битүүмжилсний дараагаар хадгалалт, хамгаалалтыг танай компани хариуцахыг шаардаж, хурлын тэмдэглэлийг утгын хувьд санаатайгаар гуйвуулан үйлдэх” гэх зэргээр илтэд дээрэнгүй хандаж, манай компанийн хуулиар олгогдсон эрх хэмжээнд бүдүүлгээр халдсан.
4/Манай компани энэхүү битүүмжлэх актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд бидний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн, бусдын өмч хөрөнгөд халдсан, хууль бус үйлдэл гэж үзэж байна. Түүнчлэн “А*******” ХХК бус, “А******* х” ХХК нь татварын өр төлбөртэй байхад тус боомтод байрлах “А*******” ХХК-ийн талбайд байрлуулсан гуравдагч этгээдийн өмчлөлийн төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг битүүмжлэх ажиллагааг явуулсан нь хууль бус, үндэслэлгүй байх тул бид 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 21/05/01 дугаар “Битүүмжлэх акт”-д гомдол гаргасан. Уг гомдлыг Татварын Ерөнхий газар 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 257/22 тоот албан бичгээр гаргасан бөгөөд гомдлын хариуг 2023 оны 01 сарын 27-ны /гомдол шийдвэрлэх сүүлийн өдөр/ өдрийн 02/217 албан тоотоор гаргасан хэрнээ 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай компанид гардуулж өгсөн.
5/Татварын Ерөнхий газрын 2023 оны 01 сарын 27-ны өдрийн 02/217 тоот албан бичигт харьяаллын дагуу том татвар төлөгчийн газрын даргад хандана уу” гэсэн нь манай эрх ашгийг дахин зөрчсөн үйлдэл гэж харж байна. Учир нь Бургастайн боомт дахь манай компанийн эзэмшлийн гаалийн хяналтын бүсэд битүүмжлэх ажиллагаа явуулахдаа өөрсдийгөө танилцуулахаас эрс татгалзсан тул бидний зүгээс Татварын Ерөнхий газраас эсхүл Том татвар төлөгчийн газраас явж байгаа эсэхийг мэдэхгүй боломжгүй байснаас гадна үнэхээр бид харьяалал зөрчиж гомдол гаргасан гэж үзсэн бол Том Татвар төлөгчийн газарт цохолт хийн гомдлыг шилжүүлэн шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан боловч ажиллагаа огт хийгээгүй” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А*******” ХХК нь тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг. Тэгээд өөрийн үйл ажиллагааны чиглэлийнхээ хүрээнд М******* ******* ******* Лимитед компанитай урт хугацааны тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу ямар үүрэг хүлээдэг вэ гэхээр М******* ******* группийн худалдан авсан төмрийн хүдрийн баяжмалыг Говь-Алтай аймгийн Цээл сум “А******* Х” ХХК-ийн уурхайн амнаас хүлээж аваад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Лаоемяо боомтод худалдан авагч талын заасан бүсэд хүлээлгэж өгөх үүргийг хүлээсэн байгаа. Энэ үүргийнхээ дагуу “А******* Х” ХХК-ийн уурхайнаас төмрийн хүдрийн баяжмалыг аваад, зөөвөрлөөд өөрсдийнхөө хүч хөдөлмөр хөрөнгийг зараад тээвэрлээд Лаоемяо боомт руу хүргэх гэсэн боловч тухайн үед ковидын нөхцөл байдлын улмаас хил гаалийн хаалт тавигдахад, бид нар энэ хугацаанд ямар ч байсан хилийн боомтод аваачаад баяжмалаа хурааж тодорхой хэмжээнд овоолго үүсчихсэн. Ковидын улмаас хилээс гаргаж чадахгүй яг худалдан авагч манай тээвэрлүүлэгч талд хүлээлгэж өгч чадахгүй ийм нөхцөл байдал үүссэн байж байтал 2022 оны 07 сараас эхлээд хил гааль нээгдээд бид нар яг худалдан авагч талдаа төмрийн хүдрийн баяжмалаа хүлээлгэж өгөх боломжтой болоод дөнгөж тээвэрлэлт эхлээд явж байтал 12 дугаар сарын 01-ний өдөр Татварын ерөнхий газар Том татвар төлөгчийн газраас хүмүүс ирээд манай компанийн үйл ажиллагаа явуулж байгаа хилийн бүс, гаалийн хяналтын бүст байгаа тээвэрлэлтийн зардал шингэчихсэн тэр овоолгыг битүүмжлэх үйл ажиллагааг явуулсан. Уг үйл ажиллагааг явуулахад “А*******” ХХК-ийн хуулийн хэлтсийн захирал Б.Л болон миний бие тухайн үед хилийн бүсэд тэр ажиллагааг явуулж байх үед байсан. Татварын Ерөнхий газрын төлөөлөгч нарт хэлсэн энэ ямар учиртай ингээд овоолго үүсчихсэн гэсэн байдлаар хэлсэн боловч Татварын Ерөнхий газраас ерөөсөө удирдамжаа танилцуулаагүй. Бид нарын тайлбарыг үл хэрэгсэж, битүүмжлэх ажиллагааг явуулсан. Тэгээд бид нар тухайн үед төмрийн хүдрийн баяжмал болоод үйл ажиллагаа явуулж байгаа газар тухайн Гаалийн хяналтын бүсийн эзэмшигч нь хэн болох талаар бүх нотлох баримтуудыг бүгдийг нь гаргаж өгөөд тайлбар тавьсан боловч хүлээж аваагүй. Ингээд битүүмжлэх ажиллагааг явуулсан. Иймд нэхэмжлэгч талаас битүүмжлэх ажиллагааг хууль бус гэж үзээд “А*******” ХХК-ийн эзэмшил буюу тээвэрлүүлэгч тал “М******* вижн” группийн худалдан авсан баяжмалыг “А******* Х” ХХК буюу гуравдагч этгээдийн татварын өр төлбөрт битүүмжилснийг хууль бус гэж үзэж байгаа. Манай Компанийн эрх ашигт шууд халдсан битүүмжлэлийн акт учраас хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд татварын битүүмжлэх тогтоол байгаа. Энэ тогтоолыг угаасаа хүчин төгөлдөр тогтоол биш гэж үзэж байгаа. Татварын битүүмжлэх ажиллагаа бол Татварын ерөнхий хуульд зааснаар Шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар явагддаг зүгээр шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.6-т битүүмжлэх акт байгаа. “А*******” ХХК ирээд ажиллагаа хийгдсэн боловч өөрсдийнхөө энэ битүүмжлэх акттай цуг дагалдаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.6-д шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц бүр тэмдэглэл хөтөлнө. Тэгэхээр битүүмжилсэн актыг үйлдэхийн тулд заавал шийдвэр гүйцэтгэх тухай татварын өр хураах ажиллагаа явуулах тухай тэмдэглэл хөтөлсөн байгаа. Энэ тэмдэглэлийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Энэ “А*******” ХХК-ийн өмч “А*******” ХХК үүргээ биелүүлээд явж байгаа гэсэн тэмдэглэл дээрээ өөрсдөө энэ бол “А******* Х" ХХК-ийн өмч намайг Л хэлсэн болгоод тэмдэглэлээ хөтөлчихсөн байсан. Тухайн үед нь энийг баримтжуулж аваад бид нар адилхан 2 талаасаа дуу хураагуураар бичлэг хийсэн. Сүүлд нь сонсоод тэгж хэлээгүй гэдгийг Татварын байцаагчид аваачиж үзүүлсэн. Тэгсэн та нар өөрсдийнхөөрөө бичээд явуулчих, манай хүн буруу бичсэн байна гэсэн. Тэгэхээр тэмдэглэл маань өөрөө энэ битүүмжлэх тогтоолынхоо хамт хүчинтэй. Энэ яагаад ингэж “А******* Х” компанийн өмч гэж тэмдэглэл дээрээ тусгав. Энийг санаатай үйлдэл гэж үзэж байгаа. Татвар төлөгчийн хөдлөх болон үл хөдлөх Татварын ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т заасан хөдлөх болон эд хөрөнгө болон үнэт цаасыг гэр бүлийн гишүүн харилцан хамааралтай этгээдээс бусад гуравдагч этгээд эзэмшдэг бөгөөд тухайн гуравдагч этгээд нь шилжүүлэхээс татгалзсан тохиолдолд битүүмжилдэггүй байгаа юм. Ийм хориглосон зохицуулалт байгаа учраас санаатайгаар шууд “А******* х” ХХК-ийн өмч гэж тэмдэглэл дээрээ тусгаад тухайн үед гарын үсэг зуруулчихсан. Гэхдээ бид нар сүүлд нь бичсэнийгээ нөхөж ирж аваачаад өөрсдөд нь сонсгосон” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндэслэл нь зөндөө яригдлаа. Хариуцагчийн зүгээс “А******* х” ХХК-ийн баяжмал байгаа, танайхтай хамааралгүй гэж тайлбараа өгч байна. Энэ баяжмал “Алтай х” ХХК-ийн борлуулсан “******* Жи” группийн өмчлөл, эзэмшилд байгаа худалдаад авчихсан баяжмал байгаа. Хариуцагчийн зүгээс дүр үзүүлсэн гэрээ хэлцэл гээд байдаг. Төмрийн хүдрийн баяжмалыг борлуулснаар тайлагнасан татварынхаа дагуу мөнгийг нь авах гээд нэхээд тэр дээрээ битүүмжлээд байгаа нь өөрөө өөрийнхөө үйлдлийн эсрэг тэсрэг байдлаар хаагаад үгүйсгээд байгаа асуудал яригдаж байна. Том татвар төлөгчийн газар буюу хариуцагчийн зүгээс ямар хууль зөрчсөн гэхээр Татварын ерөнхий хуулийг удирдлагатай болгож яриад байна. Татварын ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т заасан өртэй татвар төлөгчийн хөдлөх эд хөрөнгө болон үнэт цаасны гэр үнэт цаасыг гэр бүлийн гишүүн харилцан хамааралтай этгээдээс бусад гуравдагч этгээдийн эзэмшлийг бөгөөд тухайн гуравдагч этгээд нь шилжүүлэхээс татгалзсан тохиолдолд битүүмжлэхгүй гэснийг зөрчсөн. Битүүмжлэх ажиллагаа хийж байхад “А*******” ХХК-ийн зүгээс эсэргүүцэж байсан. Энэ “А******* х” ХХК-д хамааралгүй гэж эсэргүүцэж байсан боловч битүүмжлэх ажиллагаа хийгдсэн. Татварын ерөнхий хуулийн 61.3-т заасныг зөрчсөн үйлдэл болсон. Тэгэхлээр хууль зөрчсөн захиргааны акт гэдэгт хамаарна. Захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны, ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол гэдэг асуудал яригдана. “А*******” ХХК-ийн ямар хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөөд байна гэхээр “******* Жи” групптэй байгуулсан тээвэрлэлтийн гэрээгээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. А цэгээс Б цэгт хүргэж чадахгүй дундаас нь Том татвар төлөгчийн газар Тээвэрлэх төмрийн хүдрийн баяжмалыг нь битүүмжилсэн учраас тээвэрлэгч “А*******” ХХК-ийн зүгээс тээвэрлэлтийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй, улмаар тээвэрлэлтийн гэрээнийхээ хөлс мөнгийг авч чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тэгээд гол үйл ажиллагаа нь тасалдах нөхцөл байдал үүсээд байна. Дараагийн нэг асуудал нь битүүмжлэх актад “А*******” ХХК-ийг хөрөнгө хамгаалагчаар тодорхойлоод үүрэг хүлээлгэсэн. Хэрвээ “А*******” ХХК энэ төмрийн хүдрийн баяжмалтай ямар ч хамааралгүй юм бол яагаад ийм үүрэг хүлээлгээд байгаа вэ гэдэг асуудал яригдана. Энэ нөхцөл байдлуудыг хараад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна үзэж байна” гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлдээ:
1/Татварын алба татварын улсын байцаагч нь татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, өртэй татвар төлөгчийн өрийг барагдуулах ажлын хүрээнд татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ болох шат дараалсан процесс ажиллагааг авч хэрэгжүүлдэг.
Тус компани нь Британийн Виржиний арлын “М******* ******* ******* *******” компанитай төмрийн хүдрийн баяжмалыг Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дахь ******* нуурын уурхайн талбайгаас Бүгд найрамдах Хятад Ард Улсын Лаомиао боомт хүртэлх тээвэрлэлтийн үйлчилгээг үзүүлэхээр Урт хугацаат тээврийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулжээ. Түүнчлэн танай компани нь Гаалийн байгууллагатай Гаалийн хяналтын бүс эзэмших гэрээний дагуу Говь-Алтай аймгийн Бургастай боомт дахь 10 га талбайг экспортын ашигт малтмал ачиж буулгах зориулалтаар эзэмших үйл ажиллагаа эрхэлж байна.
2/“А******* х ХХК-ийн татварын өрийг хураан барагдуулах зорилгоор Говь-Алтай аймгийн Бургастай боомтод байрлах тус компанийн төмрийн хүдрийн баяжмалыг битүүмжлэх ажиллагааг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/03 дугаартай удирдамжийн дагуу хэрэгжүүлж 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21/05/01 дугаартай Битүүмжлэх актаар 474,273.5 тн төмрийн хүдрийн баяжмалыг битүүмжилсэн.
Энэхүү хөрөнгө (төмрийн хүдрийн баяжмал) битүүмжлэх ажиллагаа нь тус компанийн хууль ёсны эрх ашгийг аливаа нэг хэлбэрээр хөндөөгүй бөгөөд Татварын ерөнхий хуульд заасан өр хураах зорилгоор хэрэгжүүлж буй процесс ажиллагааны хүрээнд танай өмчлөлийн хөрөнгөд хууль бусаар халдсан, хадгалалт хамгаалалтад халдсан гэх нөхцөл үүсээгүй байна.
3/Тус газраас А******* х ХХК-ийн төмрийн хүдрийн баяжмалын нэг хэсэг болох 474,273.5 тонн баяжмалыг битүүмжилсэн нь танай тээвэрлэлтийн үйл ажиллагаанд саад учруулсан, хууль бусаар зогсоосон гэх үндэслэлгүй бөгөөд танай компанийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр Гаалийн байгууллагатай байгуулсан “Гаалийн хяналтын бүс эзэмшигчтэй байгуулах гэрээ”-ээс үзэхэд гэрээний дагуу эзэмшиж буй гаалийн хяналтын талбайд байрлах экспортын ашигт малтмал буюу хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч хэн байхаас үл шалтгаалан тус компани нь хөрөнгийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хариуцахаар зохицуулжээ.
Үүний дагуу тус компанид Татварын ерөнхий хууль, Сангийн сайдын 2019 оны 307 дугаар тушаалаар баталсан “Өртэй татвар төлөгчийн хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулах журам”-ыг удирдлага болгон битүүмжилсэн хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хариуцуулсан нь хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А******* х” ХХК-ийн Татварын байгууллагад байгаа татварын өр төлбөр нийт 81 тэрбум төгрөгийг барагдуулахаар Говь-Алтай аймаг Бургастайн боомтод төмрийн хүдрийн баяжмалыг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр битүүмжилсэн. Ингэхдээ “А******* “ХХК-ийн хөрөнгийг битүүмжилсэн зүйл байхгүй. “А*******” ХХК бол А******* х ХХК-ийн худалдан авагч компани хоорондын худалдан авах гэрээний дагуу хийгдсэн бүтээгдэхүүнийг тээвэрлэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Хавтаст хэрэгт энэ гэрээ авагдсан байгаа. Тээвэрлэлтийн гэрээнээс харахад “А*******” ХХК-ийн шууд өмчлөлийн хөрөнгө гэж тодорхойлсон зүйл гэрээнд ерөөсөө байхгүй. Тэгэхээр тээвэрлэлтийнхээ явцад “А*******” ХХК биш аль ч төрлийн тээвэрлэлтийн үйл ажиллагааны явцад тухайн бүтээгдэхүүний бүтэн байдлыг тээвэрлэгч компани хариуцахаар зохицуулсан байдаг. Хамгийн гол нь тээвэрлэлт тээвэрлээд явж байх явцад нь бид нар “А*******” ХХК-ийн үйл ажиллагаанд нь халдсан бол өөр хэрэг. Гэвч гаалийн хяналтын талбайд байгаа “А******* Х” ХХК-ийн өмчлөлийн төмрийн хүдрийн баяжмалыг битүүмжилсэн. “А*******” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг хөндсөн зүйл бол байхгүй. Худалдах, худалдан авах санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой бол бүх хамтын ажиллагааны гэрээг 2 компанитай "А******* Х" ХХК байгуулсан байдаг. Энэ ганцхан “******* Жи” ХХК-ийг яриад байна. Хятадын нэг компани байгаа хавтаст хэрэгт гэрээ авагдсан байгаа. Ер нь бол тэр овоолгоос зөвхөн 81 тэрбум төгрөг хамаарах ёстой гэж хэлсэн. Тэгэхээр тээвэрлэлтийн үйл ажиллагаанд нь саад учруулсан ч гэдэг юм уу, нөлөөлөл үзүүлсэн ч гэдэг юм уу хардаж сэрдэх тийм нөхцөл байдал болоогүй. Бид бол Татварын ерөнхий хууль, Сангийн сайдын баталсан татварын өр хураах ажиллагааны журмыг мөрдлөг болгож төрийн нэрийн өмнөөс чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлж ажилласан байгаа. Тэгэхээр татварын албаны энэ ажиллагаа нь “А*******” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлсөн зүйл байхгүй. Татварын алба хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хийхдээ аль хөрөнгийг битүүмжлэх вэ гэдгээ өөрөө сонгодог. Энэ бол өнөөдөр хуулиар эрх нь олгогдсон, зүгээр нэг тэр олон хөрөнгөөс захынх нь хөрөнгийг, татвар төлөгчийн санал болгосон хөрөнгийг нь битүүмжилнэ гэдэг зүйл байхгүй. Түргэн борлогдох хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг хэрэгжүүлнэ. Сангийн сайдын журам заасан байгаа. Өнөөдрийн байдлаар бол “А******* Х” ХХК төмрийн хүдрийн баяжмалын АМНАТ-д үндсэндээ 5 тэрбум төгрөгийн төлбөр төлөөд байгаа. Тэр худалдан авагч компаниа 6 дугаар сард сольсон байдаг. “******* Жи” ХХК нь худалдан авагч биш болсон. Энэтэй холбоотой “А******* Х” ХХК-аас манай Татварын газрын даргад хүсэлт ирж байсан. Холбогдох баримтуудыг, гэрээнүүдийг шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа. Гэрээний дагуу худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн боловч яг хэрэгжилт нь хангагдаагүй байгаа. Энэ тухай “А******* Х” ХХК-аас Татварын албанд татварын өрийг барагдуулахтай холбоотойгоор маш олон хүсэлтүүдийг ирүүлж байсан. Олон уулзалтуудыг хийж байсан. Энэ явцдаа “Алтай Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга н.Цог нар байнга ирж уулзаж байсан. Худалдан авагчийн гэрээ өөрчлөгдсөн, үүрэг хүлээгч нь өөр болоод ирсний улмаас АМНАТ төлөхөд хүндрэлтэй болсон тухай хэлсэн. Тэгэхээрээ нэхэмжлэгч компанийн хөрөнгийг битүүмжлээгүй. “А*******” ХХК-ийн үйл ажиллагаанд халдсан хууль бус үйлдэл гаргаагүй. Татварын өрийг барагдуулах журмаар хуульд заасан ажиллагаагаа хэрэгжүүлсэн. Магадгүй “А*******” ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн бол тэр гэрээ хэрэгжээд “******* Жи” ХХК, “А*******” ХХК-д итгэмжлэл өгөөд маргаан үүсгэх байсан байх. Тэгтэл худалдан авагч “******* Жи” ХХК шүүхэд эрх ашиг нь хөндөгдсөн гэж нэхэмжлэл гаргаагүй байдаг. Шүүх энэ талаас нь анхаарч үзээсэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А******* Х” ХХК-ийн татварын өр төлбөр 81 тэрбум төгрөг хугацаандаа төлөгдөөгүй. Сангийн сайдын 307 дугаар тушаалаар батлагдсан журмын 1.55 дугаар зүйлд заасан дүрмийн нөхцөлийг хангаж байгаа бол хугацаандаа төлөгдөөгүй гэж үзэж байгаа. “А******* Х” ХХК-нь 81 тэрбум төгрөгийн татварын өр төлбөрөө хугацаандаа төлөөгүй. Мөн хуулийн өр хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Мөн хуулийн 5 дугаар бүлэгт заасан нийтлэг ажиллагааг хэрэгжүүлдэг. Энэ нь томилолт, удирдамжийн хүрээнд явагдсан. Эхлээд “А******* Х” ХХК-д очоод танайх татварын өр төлбөрийг яаж барагдуулах вэ? гэж удаа дараагийн уулзалтыг зохион байгуулсан. Үүн дээр үндэслээд битүүмжлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм. Татвар төлөгчийн хөдлөх болон үл хөдлөх бүх хөрөнгийн жагсаалтыг нь гаргаад, Сангийн сайдын 307 дугаар тушаалаар батлагдсан журмын 2.4-д заасны дагуу татварын алба ямар хөрөнгийг битүүмжлэх вэ гэдгээ тогтоодог. Энэ хөрөнгө борлогдох шинжтэй юм уу, эсвэл битүүмжилж болохгүй хөрөнгүүдийн жагсаалтыг харж байгаад татварын алба тогтооно. Энэ журмын 2.1-д заасны дагуу тогтоогоод тухайн хөрөнгийг битүүмжилж байгаа юм. “А*******” ХХК нь Хятадын компанитай боомт хүртэлх тээвэрлэлтийн үйлчилгээг үзүүлэхээр урт хугацаат тээврийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан. Энэ дээр шүүх анхаараасай гэж бодож байна. Гаалийн байгууллагатай гаалийн хяналтын бүс эзэмших гэрээний дагуу Говь-Алтай аймгийн Бургастай боомтод 10 га талбайг экспортын ашигт малтмал ачиж, буулгах зориулалтаар эзэмших үйл ажиллагаа эрхэлдэг компани байгаа. “Алтай Х” ХХК төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг битүүмжлэхэд Бургастай боомтод байгаа 10 га газрын гаалийн хяналтын бүсэд байгаа овоолгын хадгалалт, хамгаалалтыг “А*******ложистик” ХХК хариуцаж байгаа юм. Гаалийн байгууллагатай байгуулсан гэрээнийх үндсэн дээр Манай акт дээр юу гэж бичсэн байна гэхээр битүүмжлэх актыг үйлдэхэд эхлээд 5 хоногийн өмнө урьдчилж мэдэгдсэн. Та нар холбогдох удирдлага, эрх бүхий хүмүүсээ явуулаарай гэж мэдэгдээд, мэдэгдлээ өгсөн байгаа. Татварын газрын 476 дугаартай нэхэмжлэхээр 10 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн. “А*******” ХХК-ийн талбайд байгаа төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг битүүмжиллээ гэж мэдэгдэлд дурдагдсан байгаа. Тэрнээс “А*******” ХХК-ийн эрх ашигт хамааралгүй гэж үзэж байгаа. Эрх ашиг нь хөндөгдөөгүй. “А*******” ХХК-ийг талбайгаа хариуцаж байгаа болохоор энэ төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг хилээр гаргахгүй, үрэгдүүлэхгүй, гаалийн хяналтын бүсээс гаргахгүй хадгалалт, хамгаалалтыг нь хариуцуулж өгсөн. Хөрөнгийн битүүмжлэлтэй холбоотой мэдэгдэх хуудас хүргүүлсэн. “Алтай х” ХХК-г өөрсдөө оролцохыг хүссэн байгаа.
6.Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
1/“А******* Х” ХХК нь Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй “М******* ******* ******* Лимитед” компанитай 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр MVG-AK-20210322 дугаар бүхий “Худалдах, худалдан авах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой урт хугацаат хамтын ажиллагааны гэрээ”-г Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хонгконг хотод байгуулан Говь-Алтай аймгийн Цээл сумын *******нуурын уурхайгаас олборлосон төмрийн хүдрийн баяжмалыг уурхайн амнаас худалдан борлуулахаар харилцан тохиролцсон. Тус гэрээний 4.1-т заасны дагуу бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах нөхцөл нь EXW байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу манай олборлосон төмрийн хүдрийн баяжмал нь уурхайн амнаас гараад “М******* ******* ******* *******” компанийн өмч болсон юм.
Харин “М******* ******* ******* *******” компанийн худалдан авсан төмрийн хүдрийн баяжмалыг худалдан авагч талын гэрээт тээвэрлэгч болох "А*******” ХХК нь *******нуурын уурхайгаас Бургастайн боомт дахь өөрсдийн эзэмшлийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбайн чиглэлд, тус талбайгаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Лаоемяо боомтын бүс хүртэлх чиглэлд тээврийг хариуцан гүйцэтгэхээр талууд тохиролцсон байна.
2/“А*******” ХХК нь КОВИД-19 цар тахлын тархалтын улмаас Монгол Улсын болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн боомтууд хаагдаж, боомтуудын хэвийн үйл ажиллагаа алдагдсан хугацаанд гэрээний дагуу тээвэрлэсэн төмрийн хүдрийн баяжмал овоолго үүсгэсэн байна.
Хоёр тусдаа компани тус тусынхаа гэрээний дагуу үүргийг гүйцэтгэж байхад Татварын ерөнхий газраас “А******* Х” ХХК-ийн татварын өр төлбөртэй холбоотой асуудлаар М******* ******* Лимитед компанийн худалдан авсан "А*******” ХХК-ийн талбайд байрлуулсан төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 21/05/01 дугаар “Битүүмжлэх акт”-аар үндэслэлгүйгээр битүүмжилсэн.
3/ “А******* Х” ХХК нь “М******* ******* ******* Лимитед” компанитай 2021 оны 2 дугаар 22-ны өдөр MVG-AK-20210322 дугаар гэрээг байгуулснаас хойш дараах хэмжээний баяжмалыг экспортолсон болох нь Говь-Алтай аймгийн Бургастай дахь гаалийн хорооны тодорхойлолтоор баталгаажна.
| № | Он | Сар | Хэмжээ /тонн/ | ||
| 1 |
| 3 | - | ||
| 2 |
| 4 | - | ||
| 3 |
| 5 | - | ||
| 4 |
| 6 | - | ||
| 5 |
| 7 | - | ||
| 6 | 2021 | 8 | - | ||
| 7 |
| 9 | - | ||
| 8 |
| 10 | - | ||
| 9 |
| 11 | - | ||
| 10 | 12 | - | |||
|
| Нийт | ||||
| 11 |
2022 | 1 | - | ||
| 12 | 2 | - | |||
| 13 | 3 | - | |||
| 14 | 4 | 2,395,25 | |||
| 15 | 5 | - | |||
| 16 | 6 | 163,85 | |||
| 17 | 7 | 82,377,00 | |||
| 18 | 8 | 161,980,50 | |||
| 19 | 9 | 220,751,95 | |||
| 20 | 10 | 145,741,20 | |||
| 21 | 11 | 250,388,90 | |||
| 22 | 12 | 3,139,60 | |||
|
| Нийт | 866,944,25 | |||
| 23 |
2023 | 1 | 4,893,80 | ||
| 24 | 2 | 36,654,65 | |||
| 25 | 3 | 99,092,55 | |||
| 26 | 4 | 2,023,00 | |||
| 27 | 5 | 1,367,20 | |||
| 28 | 6 | 3,081,95 | |||
| 29 | 7 | 3,875,30 | |||
| 30 | 8 | - | |||
| 31 | 9 | - | |||
| 32 | 10 | - | |||
|
| Нийт | 150,988,45 | |||
|
| Нийт бүгд | 1,017,932,70 | |||
Энэ нь төмрийн хүдрийн баяжмалын борлуулалтын үнээр тооцоход 155,743,703,100 (Нэг зуун тавин таван тэрбум долоон зуун дөчин гурван сая долоон зуун гурван мянга нэг зуун) төгрөг буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ нь ойролцоогоор 7,787,185,155 (Долоон тэрбум долоон зуун наян долоон сая нэг зуун наян таван мянга нэг зуун тавин таван) төгрөг болж байна. Гэтэл борлуулалтын хэмжээнээс хэд дахин давсан 48,886,082,552 (Дөчин найман тэрбум төгрөгийг худалдахаар ачуулсан баяжмалаас тооцож үүсгэсэн ч тухайн баяжмалыг экспортоор найман зуун наян зургаан сая наян хоёр мянга таван зуун тавин хоёр) төгрөгийн АМНАТ-ын гаргахаас өмнө битүүмжилж борлуулалтын орлого орж ирэхэд саад учруулж байгаа нь хууль бус байна.
Манай худалдан авагч болох “М******* ******* ******* Лимитед” компанийн эрх хууль ёсны ашиг сонирхолд ийнхүү хууль бусаар бүдүүлгээр халдсан явдал нь хоёр компанийн хоорондын цаашдын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж төмрийн хүдрийн баяжмалын борлуулалт болон төлбөрийн асуудалд ноцтой саад учруулаад байна. “А*******” ХХК болон “М******* ******* ******* Лимитед” компанийн эрх ашгийг зөрчсөн битүүмжлэх акт хүчингүй болсноор борлуулалтын компанийн үйл ажиллагаа хэвийн болж татварын өр төлбөрийг төлөх боломж бий болох юм” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А******* х” ХХК-ийн Татварын ерөнхий газрын Татварын тайлангийн систем баталчихсан байгаа 81 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөлтийн талаар ярихад уурхайгаас үйлдвэрлэсэн төмрийн хүдрийн баяжмалыг ам нөхцөлөөр борлуулаад, АМНАТ-ын 2020, 2021, 2022 оны тайлан хавтаст хэрэгт авагдсан байгаа. АМНАТ-ын тайлангаар татварынхаа өрийг ногдуулаад зарсан гэдгээ мэдүүлээд, АМНАТ ногдуулсан учраас үүссэн 81 тэрбумын төгрөгийн өр гэсэн дүн үүссэн. Тэгээд энэ өмч зарагдчихсан байгаа манай өмч биш бид нар холбогдох татварыг нь төлөхөөр үүсгэсэн учраас 81 тэрбумын татварын өр гэж 22,3 тэрбум төгрөгийг оролцуулаад хэлж байгаа. Тэгэхээр Татварын байгууллага тайланг нь хүлээж аваад ногдуулалтыг хүлээн зөвшөөрчихсөн байна гэдэг “А******* х” ХХК-ийн өмч биш гэдгийг хянаж баталгаажуулаад өгчихсөн байгаа гэсэн үг. Гэтэл ам нөхцөлөөр худалдан авагчийн худалдан авсан бараанд татварын битүүмжилсэн акт тавьж байгааг ойлгохгүй байгаа. Хэрвээ манай өмч байсан бол 81 тэрбум төгрөгийн татварын өр төлбөр үүсэхгүй байсан. Яагаад гэвэл тэрийг зарж борлуулсан учраас татвараа ногдуулж тавьж байгаа гэсэн үг. Энийг удаа дараа татварын албанд мэдүүлж байсан. Хэрвээ уурхайн амнаасаа төмрийн хүдрийн баяжмалаа борлуулаад энэ татварын өр өдийд үүсчихсэн байгаа ч гэсэн ковидын нөхцөл байдлын улмаас баяжмалынхаа төлбөр тооцоог хүлээж авч чадаагүй, экспорт хийгдээгүй байна. Гэтэл энэ үйл ажиллагааг бид нар хийгээгүй байсан бол өдийд 81 тэрбум төгрөгийн татварын өр үүсэхгүй байсан. Татварын өр төлбөрт хураагаад битүүмжилсэн байгаа хөрөнгө бол “Алтай х” ХХК-ийн өмч биш. Энийг татварын тайлангаас харахад хангалттай нотлогдоно” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
1.Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21/05/01 дугаар битүүмжилсэн актаар гуравдагч этгээд “А******* х” ХХК-ийн 81,105,611,585.86 төгрөгийн татварын өрийг гаргуулахаар нэхэмжлэгчийн гаалийн хяналтын талбай дахь 474,293.50 тн төмрийн хүдрийн баяжмалыг битүүмжилжээ.
Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Хөдлөх эд хөрөнгө, үнэт цаасыг битүүмжлэхдээ татварын улсын байцаагч тухайн хөрөнгийг татварын албаны мэдэлд авч хэрэгжүүлнэ. Битүүмжлэлийн үйлчлэл нь татварын улсын байцаагч хөрөнгийг татварын албаны мэдэлд авснаар үүснэ”, 62.8-д “Татварын алба шаардлагатай тохиолдолд битүүмжилсэн хөдлөх хөрөнгө, үнэт цаасыг өртэй татвар төлөгч, эсхүл тухайн хөрөнгийг эзэмшиж байгаа гуравдагч этгээдэд хадгалуулж болно. Хадгалсан газар нь энэ хуулийн 62.1-д зааснаас үл хамааран лацдах, олон нийтэд мэдээлсэн болон бусад битүүмжлэл тодорхойлох аргаар битүүмжилсэн болохыг илэрхийлсэн тохиолдолд битүүмжлэл үйлчилж эхэлсэн гэж үзнэ”, 62.9-д “Энэ хуулийн 62.8-д заасны дагуу битүүмжилсэн хөрөнгийг хадгалуулсан тохиолдолд татварын өр хураахад хүндрэл үүсэхгүй нь тодорхой бол татвар төлөгчид уг хөрөнгийг ашиглах, эсхүл ашиг орлого олохыг зөвшөөрч болно” гэж тус тус заажээ.
Мөн Сангийн сайдын 2019 оны 307 дугаар тушаалаар баталсан “Өртэй татвар төлөгчийн хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулах журам”-ын 8 дах хэсгийн 8.1-д “Битүүмжилсэн, хураан авсан хөрөнгийг өртэй татвар төлөгч, эсхүл тухайн хөрөнгийг эзэмшигч гуравдагч этгээдэд хадгалуулж болно”, гэжээ.
2.“А******* х” ХХК нь “М******* ******* ******* *******” ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Худалдах, худалдан авах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой урт хугацаат хамтын ажиллагааны гэрээ”-г, нэхэмжлэгч нь “М******* ******* ******* *******” ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Урт хугацаат тээврийн гэрээ”-г тус тус байгуулсан байх бөгөөд хариуцагчаас “гэрээний хугацаа дууссан, нэхэмжлэгчийн өмч биш тул нэхэмжлэл гаргах эрхгүй” гэжээ.
3.Хэдийгээр “А******* х” ХХК болон “М******* ******* ******* *******” ХХК нарын хооронд байгуулсан “Худалдах, худалдан авах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой урт хугацаат хамтын ажиллагааны гэрээ”-ний хугацаа дуусгавар болсон хэдий ч уг гэрээ хүчин төгөлдөр хугацаанд худалдан авсан хүдрийг Ковид-19 цар тахлын улмаас тээвэрлэх боломжгүй байсан гэж, маргаан бүхий захиргааны актад “М******* ******* ******* *******” ХХК-ийг ямарваа хэлбэрээр дурдаагүй, харин нэхэмжлэгчийн гаалийн талбай дахь түүний тээвэрлэлт хийхээр тохирсон бүтээгдэхүүнийг битүүмжилж, түүнд үүрэг ногдуулсан байх тул түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхгүй.
4.Нэхэмжлэгчээс “өөр аж ахуйн нэгжийн өр төлбөрт бусдын эд хөрөнгийг битүүмжилсэн нь хууль бус” гэж, хариуцагчаас “төлбөр төлөгчийн түргэн борлуулагдах хөрөнгийг эрх хэмжээнийхээ хүрээнд битүүмжилсэн, акт хуульд нийцсэн”, гуравдагч этгээдээс “уурхайн амнаас тухайн бүтээгдэхүүнийг борлуулсан, АМНАТ төлсөн, манай компанид хамааралгүй” гэж тус тус маргажээ.
Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Татварын алба татварын өрийг хураах үйл ажиллагааг дараах дарааллын дагуу хэрэгжүүлнэ” гээд дарааллыг нэг бүрчлэн хуульчилжээ.
5.Гэтэл хариуцагчаас гуравдагч этгээдийн татварын өрийг хураахдаа дээрх дарааллыг хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байх бөгөөд маргаан бүхий захиргааны актад 5 нэхэмжлэлийг дурдаж битүүмжлэх ажиллагааг хийжээ.
6.Нөгөөтэйгүүр маргаан бүхий актаар гуравдагч этгээд “А******* х” ХХК-ийн 81,105,611,585.86 төгрөгийн татварын өрийг гаргуулахаар битүүмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5,086,847,275.50 төгрөгийн өрийг төлж, тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0953 дугаар шийдвэрээр 22,382,701431.10 төгрөгийг нэмэгдүүлж бүртгэсэн бүртгэл илт хууль бусад тооцож шийдвэрлэжээ.
7.Сангийн сайдын 2019 оны 307 дугаар тушаалаар баталсан “Өртэй татвар төлөгчийн хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулах журам”-ын 9 дүгээр хэсгийн 9.1-д “Татварын алба дараах тохиолдолд битүүмжлэлийг бүрэн болон хэсэгчлэн цуцална” гээд 9.1.3-д “битүүмжлэлд хамаарах татвар хэсэгчлэн төлөгдсөн, суутган тооцогдсон, залруулсан тайлангаар ногдол буурсан, битүүмжилсэн хөрөнгийн үнэ өссөн болон бусад шалтгаанаас тухайн үнэ нь битүүмжлэлд хамаарах татвар болон бусад авлагын нийлбэрээс 2 дахин их болох” гэжээ.
8.Дээрхээс дүгнэвэл битүүмжилсэн хөрөнгийн үнийн дүнд өөрчлөлт орсон тохиолдолд битүүмжлэлийг бүрэн болон хэсэгчлэн цуцлахаар байна.
9.Хэдийгээр талууд дээрх төмрийн хүдрийг “А******* х” ХХК-ийн олборлосон бүтээгдэхүүн гэдэгтэй маргадаггүй хэдий ч маргаж буй үндэслэлд хамаарах тухайн төмрийн хүдрийн баяжмал нь хэний өмч гэдгийг эцэслэн тогтоох шаардлагатай.
10.Учир нь Татварын ерөнхий газрын 61 дүгээр зүйлийн 61.3-д “Өртэй татвар төлөгчийн хөдлөх эд хөрөнгө болон үнэт цаасыг гэр бүлийн гишүүн, харилцан хамааралтай этгээдээс бусад гуравдагч этгээд эзэмшдэг бөгөөд тухайн гуравдагч этгээд нь шилжүүлэхээс татгалзсан тохиолдолд битүүмжлэхгүй” гэж заасан.
11.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан дарааллыг хэрхэн хэрэгжүүлсэн эсэх, “А******* х” ХХК-ийн “М******* ******* ******* *******” ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Худалдах, худалдан авах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой урт хугацаат хамтын ажиллагааны гэрээ”-г дуусгавар болсон, эсхүл дүр үзүүлж хийсэн хэлцэл эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх, тухайн бүтээгдэхүүний өмчлөгч хэн болохыг эцэслэн тогтоох, битүүмжилсэн өр төлбөрийн хэмжээнд шүүхийн шийдвэрээр өөрчлөлт орсон зэргийг харгалзан дахин шинэ акт гаргах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.11-д заасныг үндэслэн
ТОГТООХ нь:
1.Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 61 дүгээр зүйлийн 61.3, 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг тус тус баримтлан “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдох Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21/05/01 дугаар битүүмжилсэн актыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг сайтар судалж дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 2 (хоёр) сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Том татвар төлөгчийн газрын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21/05/01 дугаар битүүмжилсэн актыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ