Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 496

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03629 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.А-, С.Б- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 12 961 700 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.         

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Б- нь Ш.А-д 2013 оны 4 сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөг, 2013 оны 01 сарын 05-ны өдөр 1 250 000 төгрөг, 2013 оны 7 сарын 08-ны өдөр 1 500 000 төгрөг, 2013 оны 01 сарын 07-ны өдөр 3 500 000 төгрөг, 2013 оны 12 сарын 24-ний өдөр 700 000 төгрөг, 2014 оны 02 сарын 10-ны өдөр 1 350 000 төгрөг данснаас шилжүүлэн зээлүүлсэн байдаг. Бэлнээр 2013 онд 1 500 000 төгрөг өгсөн. Манай хүүхдийн нэр дээр байсан “Соната-6” маркийн автомашиныг ломбарданд Ш.А- өөрийн зээлийг дарах зорилгоор 2 000 000 төгрөгт тавьсан бөгөөд 2015 оны 6 сарын 15-ны өдөр үлдэгдэл 661 700 төгрөгийг төлж, ломбарднаас гарган авсан. Ш.А- нийт 20 461 700 төгрөг зээлж авсан бөгөөд 2016 оны 11 сард 7 500 000 төгрөг өгсөн, үлдэгдэл 12 961 700 төгрөгийг одоо хүртэл өгөхгүй байгаа. Иймд Ш.А-аас 12 961 700 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч С.Б-аас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Ш.А- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний охин А.Даариймаа нь Н.Б-гийн хүү Ш.Гомбосүрэнтэй 2011 онд гэрлэж манайд амьдардаг болсон юм. Ингээд залуус 2013 онд Г.Ану-Үжин, 2018 онд Г.Есүнхэй нарыг төрүүлж, нэг сайхан гэр бүл, гал голомт үүслээ гэж билэгшээж билээ. Гэтэл манай хүргэн Ш.Гомбосүрэн нь гэр бүлдээ анхаарал халамж тавихаа больж, гэртээ ч ирэхээ больж улмаар гэр бүл салж, тэдний цусаа нэгтгэж төрүүлсэн 2 хүүхэд өнчирч үлдсэн юм. Гэтэл сүүлийн үед Ш.Гомбосүрэн нь өөрийн төрсөн ах болон ээжээрээ шүүхэд нэхэмжлэл гаргаж мөнгө төгрөгийн маргаан үүсгэх болсонд туйлын ихээр харамсаж, ичихийн дээдээр ичиж байна. Нэхэмжлэгч Н.Б-гийн гэр бүлийн хүн Шархүү нь манай хүргэн Ш.Гомбосүрэн бид хоёрын хамтран Дундговь аймгийн Хулд суманд 4 айлын амины орон сууц барихад зориулан 10 000 000 төгрөгийг 2013 оны 4 сарын 19-ний өдөр миний дансанд шилжүүлэн түүнийг нь байшин болгоод барьчихсан одоог хүртэл зарагдаагүй нэг байр байгаа юм. Тухайн байшин нийтдээ 50 000 000 гаруй төгрөгөөр баригдсан бөгөөд 3 байшин нь зарагдсан. Түүнээс бусад нэхэмжилж буй мөнгүүд нь надад огт хамааралгүй, эцэг эхээс үр хүүхдийнхээ дансанд мөнгө шилжүүлсэн баримтууд байна. Яагаад надаас үр хүүхэддээ шилжүүлсэн бүх мөнгөө нэхээд байгааг үнэхээр ойлгохгүй байна. Миний бие болон миний эхнэр С.Б- нь үр хүүхдүүдээ асран хамгаалах үүргээ биелүүлж тэжээж, орон байраар хангаж хамт амьдарч байсныхаа тооцоо хийж, төлбөрийг нэхэмжилнэ гэдэг санаа үнэндээ буухгүй юм байна. Хоёр гуйлгачин, луйварчин ядуу этгээдийг мөнгөөр тэтгэж, мөнгөө луйвардуулж байсан юм шиг шүүхэд нэхэмжлэл гаргаж, ингэхдээ худ ургийн харилцаатай байснаа нууж, яагаад ямар учраас мөнгө шилжүүлснээ худал мэдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагаар эдгээр нөхдүүд ямар санаа бодолтой байгааг шууд ойлгож болохоор байна. Миний бие Ш.Гомбосүрэн болон Н.Б- нараас ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг зээлж авсан удаа байхгүй. Харин хамтарч байшин барих, хамтарч амьдраад үзэх гэсэн тохиолдол байсан. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үр хүүхэд, ач нартаа анхаарал тавьдаггүй мөртлөө мөнгө нэхэж улайрч байгаагаас эрхэм шүүгч та нэгийг тунгаана бизээ. Бусдын нэр төр, алдар хүндийг санаатай гутаах үйлдлийг таслан зогсоож шударга шийдвэр гаргахыг хүсье. Ш.Гомбосүрэнгийн үлдээсэн үр хүүхдүүдийг өнөөдөр бид өсгөн хүмүүжүүлж байгаа. Талархлаа гэхийн оронд шүүхэд нэхэмжлэл гаргаж мөнгө нэхэж байгаа арчаагүй байдал нь ирээдүйд үр хүүхдүүдийнхээ нүүрийг харах эрхгүй болгож байгааг ухамсарлаж болдоггүй юм байх даа. Нэмж хэлэхэд энэ маргаанд миний эхнэр С.Б- огт хамааралгүй учир хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие өөрийн худ асан Н.Б-гийн нэхэмжлэлтэй танилцлаа. Энэхүү нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Н.Б-тай хүүхдийн төрсөн өдөр, даахь үргээх гэх мэтээр 3-4 удаа уулзалдаж байсан. Н.Б-тай утсаар ярьж мөнгө төгрөг гуйтлаа дотно байгаагүй, мөнгө авч байгаагүй, утсаар нэг ч удаа ярьж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.А-аас 2 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 461 700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Болорчлуунд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 12 961 700 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа нэхэмжлэгч Н.Б- татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.А-аас 54 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ш.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Ялалт миний бие 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03629 тоот шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Хэргийн бодит үнэнийг тогтоож чадаагүй, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Ш.А-, С.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 961 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б-аас татгалзаж, хариуцагч Ш.А- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... Ш.А- нь нийт 20 461 700 төгрөг зээлж авсан бөгөөд 2016 оны 11 сард 7 500 000 төгрөг төлж, үлдэгдэл 12 961 700 төгрөгийг одоо хүртэл өгөхгүй байгаа тул 12 961 700 төгрөгийг гаргуулна” гэсэн бол хариуцагч татгалзалдаа “... нэхэмжлэгч Н.Б-тай зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө зээлдэж аваагүй, нэхэмжлэгч Н.Б-гийн хүү буюу манай хүргэн болох Ш.Гомбосүрэн бидний хамтран барьж байсан барилгад зориулан 2013 оны 4 сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн” гэжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны харилцааг зөв тодорхойлоогүй, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, найруулгын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Н.Б- нь зээлийн гэрээний дагуу хариуцагчид нийт 20 461 700 төгрөгийг шилжүүлсэн гэдэг нь баримтаар нотлогдоогүй байна.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2013 оны 01 сарын 05-ны өдөр 1 250 000 төгрөг, 2013 оны 7 сарын 08-ны өдөр 1 500 000 төгрөг, 2013 оны 01 сарын 07-ны өдөр 3 500 000 төгрөг, 2013 оны 12 сарын 24-ний өдөр 700 000 төгрөг, 2014 оны 02 сарын 10-ны өдөр 1 350 000 төгрөгийг тус тус хариуцагчид шилжүүлсэн, хариуцагчийн өмнөөс барьцаалан зээлдүүлэх газарт 661 700 төгрөгийг төлсөн гэх боловч дээрх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд уг мөнгө нь хариуцагч Ш.А-ийн дандсанд шилжиж ороогүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

  

Хэргийн 9 дүгээр талд авагдсан баримтаас дүгнэвэл 2013 оны 4 сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Н.Б-гийн нөхөр болох Д.Шархүүгийн данснаас хариуцагч Ш.А-ийн дансанд 10 000 000 төгрөг шилжсэн байна. Д.Шархүү нь 2018 оны 4 сарын 30-ны өдөр нас барсан байх бөгөөд 2018 оны 5 сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Н.Б- нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ авчээ. /хх-ийн 4, 9, 53-р тал/

 

Нэхэмжлэгч Н.Б-гийн нөхөр Д.Шархүүгээс 2013 оны 4 сарын 19-ний өдөр хариуцагч Ш.А-д 10 000 000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлэг хэрэгт авагдсан хэдий ч хариуцагч дээрх мөнгийг зээлдэж аваагүй гэж татгалзсан бөгөөд уг баримтын гүйлгээний утгад зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэх үндэслэлгүй байна. Хэдийгээр зээлийн гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэх үндэслэлгүй боловч бодит байдалд нэхэмжлэгч талын мөнгөн хөрөнгө хариуцагчид байгаа нь зохигчдын тайлбар, Хаан банкны орлогын мэдүүлгээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Ш.А-аас 10 000 000 төгрөгийг шаардах эрхтэй болно.

 

Нэхэмжлэгч нь тайлбартаа 7 500 000 төгрөгийг 2016 оны 11 сард авсан талаар мэдүүлсэн тул төлөгдөөгүй үлдсэн 2 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо шүүх хэргийн бодит үнэнийг тогтоож чадаагүй, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэх боловч анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03629 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 ...” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1” гэж,

2 дахь заалтын “... нэхэмжлэл Н.Б- ...” гэснийг “нэхэмжлэгч Н.Б-” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ш.ОЮУНХАНД

 

                           ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

Г.ДАВААДОРЖ