Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 24

 

М.Мөнхцацралд холбогдох эрүүгийн 
хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд 
Прокурор  Г.Хаш-Эрдэнэ
Хохирогч Б.Батсуурь, Г.Алимцэцэг, Н.Энхтөр, Ц.Гантулга,     Д.Ариунаа нарын  өмгөөлөгч  Д.Дарьсүрэн 
Хохирогч Г.Алимцэцэг, Б.Батсуурь, Н.Энхтөр, Д.Ариунаа
Иргэний нэхэмжлэгч, Л.Зандраабодь 
ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
    Шүүгдэгч М.Мөнхцацрал
    Нарийн бичгийн дарга А.Мягмардорж нарыг оролцуулан Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн  өмгөөлөгч болон  хохирогчийн өмгөөлөгчийн гомдлуудыг үндэслэн М.Мөнхцацралд холбогдох эрүүгийн 201612000070 тоот 5 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 06 сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Дундговь аймгийн Дэрэн сумын 2-р баг Цантын 4-5 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Мягмарын Мөнхцацрал /РД:ЗЖ77061304/ 
    Шүүгдэгч М.Мөнхцацрал нь Хаан банкны Дундговь аймаг дахь Дэрэн сумын тооцооны төвийн  ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа буюу 2014-2016 онд  албан тушаалын байдлаа ашиглан бусдыг залилан мэхэлж, хохирогч Х.Довуучийд 2900.000 төгрөгний, Б.Батсуурьт 7000.000 төгрөгний, Г.Алимцэцэгт 8000.000 төгрөгний, П.Ганаад 8000.000 төгрөгний, С.Одбаярт 4500.000 төгрөгний, П.Ганбатад 8500.000 төгрөгний, Н.Гантөмөрт 4000.000 төгрөгний, Н.Энхтөрд 26000.000 төгрөгний, Н.Хишигжаргалд 2000.000 төгрөгний, С.Дуламжавт 4800.000 төгрөгний, Ш.Пүрэвсүрэнд 6300.000 төгрөгний, Ц.Энхтөрд 1200.000 төгрөгний, М.Эрдэнэтогтоход 6000.000 төгрөгний, А.Мягмарсүрэнд 6000.000 төгрөгний,  Д.Ариунаад 2369.000 төгрөгний, Ц.Гантулгад 7300.000 төгрөгний, Н.Болдбаатарт 4630.000 төгрөгний, нийт 109.499.000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан,
     Мөн  2016 оны 1 дүгээр сард албан тушаалын байдлаа ашиглан тус банкны кассын бэлэн мөнгө 21.203.969 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
         Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор 
Шүүгдэгч Боржигон овгийн Мягмарын Мөнхцацралыг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг, албан тушаалын байдлаа ашиглан хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож,  
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхцацралд 4 /дөрөв/ жилийн хугацаагаар, 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар  2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих  ял тус тус  оногдуулж ,
Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхцацралд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жил 1 / нэг/ сарын хугацаагаар тогтоож, 
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхцацралд   оногдуулсан 6 жил 1 сарын  хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй  хорих  байгууллагад эдлүүлж,  
Шүүгдэгч М.Мөнхцацрал нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурдаж,  
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасныг журамлан Хаан банк /Дундговь салбарын Дэрэн тооцооны төв/-с 14300.000 төгрөг гаргуулан хохирогч П.Ганаад 8000.000 төгрөг, хохирогч Ш.Пүрэвсүрэнд 6300.000 төгрөг тус тус олгож, 
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхцацралаас 108.549.000 төгрөг гаргуулан хохирогч  Х.Довуучийд 2900.000 төгрөг, Б.Батсуурьт 7000.000 төгрөг, Г.Алимцэцэгт 8000.000 төгрөг,  С.Одбаярт 4500.000 төгрөг, П.Ганбатад 8000.000 төгрөг, Н.Гантөмөрт 4000.000 төгрөг, Н.Энхтөрд 26000.000 төгрөг, Н.Хишигжаргалд 2000.000 төгрөг, С.Дуламжавт 4350.000 төгрөг, Ц.Энхтөрд 1200.000 төгрөг, М.Эрдэнэтогтоход 6000.000 төгрөг, А.Мягмарсүрэнд 6000.000 төгрөг,  Д.Ариунаад 2369.000 төгрөг, Ц.Гантулгад 7300.000 төгрөг, Н.Болдбаатарт 4630.000 төгрөг, Хаан банкны Дундговь салбарын Дэрэн тооцооны төвд 14.300.000 төгрөг  тус тус олгож, 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хаан банкны 21334398 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мөнхцацралд урьд авсан   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорихоор шийдвэрлэжээ. 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
  М.Мөнхцацрал нь Дундговь аймгийн Дэрэн  сумын ХААН банкны тооцооны төвд ажиллаж байх хугацаандаа дээрх гэмт хэргийг  үйлдсэн.  Дэрэн сумын  ХААН банкны үйлчлүүлэгч иргэд нь өөрсдөө банкнаас зээл аваад түүнд  өгдөг байсан. Нэр бүхий 17 иргэнийг  залилан мэхэлж хуурсан  асуудал огт байхгүй. Харин  иргэний эрх зүйн  харилцаа үүсгэж хүүтэйгээр, эргэн төлөгдөх нөхцлөөр мөнгө зээлж авдаг байсан.  М.Мөнхцацрал нь ам бүл 3, 2-7 насны 2 хүүхдийн  хамт амьдардаг, өрх толгойлсон  эмэгтэй юм.  Бага насны хүүхдүүд нь ямар ч хараа хяналтгүй хоцорч үлдлээ.  Эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувийн групптэй , Дундговь аймгийн  нэгдсэн эмнэлгийн дотрын эмчийн хяналтанд эмчлэгддэг болно. 
Иймд М.Мөнхцацралд оногдуулсан хорих ялыг  тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр тогтоож хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

Хохирогч Б.Батсуурь, Г.Алимцэцэг, Н.Энхтөр, Ц.Гантулга нарын өмгөөлөгч Д.Дарьсүрэн  давж заалдах шатны  шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 09 сарын 12-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолын холбогдох заалтыг эс зөвшөөрч шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянуулахаар гомдол гаргаж байна. 
Шүүх шүүгдэгч М.Мөнхцацралыг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулан залилан мэхлэх гэмт хэргийг, албан тушаалын  байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэргийг  тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн.  Харин миний үйлчлүүлэгч нарт учирсан хохирлыг шүүгдэгч М.Мөнхцацралаас гаргуулахаар шийдвэрлэсэн  нь үндэслэлгүй юм.  
М.Мөнхцацрал нь гэмт хэрэгт холбогдох үедээ Дэрэн  суман  дахь ХААН банкны салбарт ахлах теллерийн орон  тоон дээр ажиллаж байсан ба гэмт хэрэг  үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн  болох нь хэрэгт авагдсан  баримтуудаар нотлогддог  бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ тал дээр тодорхой дүгнэлт хийсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2017 оны 3 сарын  07-ны өдөр иргэний нэхэмжлэлийг  хариуцуулахаар Дундговь аймаг дахь ХААН банкыг иргэний хариуцагчаар татан оролцуулсан. Гэтэл анхан шатны шүүхээс М.Мөнхцацрал нь залилах гэмт хэргийг албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа үйлдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд харин  энэ гэмт хэргийг  албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэх үндэслэл тогтоогдсон хэмээн үзэж ХААН банкыг иргэний хариуцлага хүлээх үндэслэлгүй хэмээн үзжээ. Шүүгдэгч М.Мөнхцацрал нь албан тушаалын  дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн  болох нь дараах үйл баримтаар тогтоогддог. 
1. Тэрээр нэр бүхий хохирогч нараас мөнгө  залилан авахдаа хохирогч нарын  дансны мэдээллийг өөрийн  албан  тушаал, ажил үүргийнхээ хувиар мэдэж авдаг  байсан тухай М.Мөнхцацрал болон ХААН банкны төлөөлөгч нар тодорхой мэдүүлдэг.  
2. Хувь хүний нууцтай холбоотой дансны мэдээллийн  дагуу тухайн харилцагч нартай уулзаж иргэдийг аргагүй байдалд оруулан зөвшөөрүүлдэг байсан тухай хохирогч нар мөн  мэдүүлдэг.  
3. Банкнаас зээл гаргахдаа эхэлж зээлийн мөнгийг  нь урьдчилан гаргаж аваад хэд хоногийн  дараа зээлийн гэрээн дээр нөхөж гарын үсэг зуруулсан  ба зарлагын  баримтан дээр тухайн  үед гарын үсэг зуруулдаггүй байсан  тухай хохирогч Б.Батсуурь болон бусад хохирогч нар шүүх хуралдаан  дээр мэдүүлэг өгсөн.  
Энэ мэтчилэн М.Мөнхцацрал нь ажлын байран  дээрээ албан  үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын хувийн мэдээллийг хууль бус үйлдэлдээ ашиглан  залилан мэхлэх аргаар их хэмжээний хохирол учруулсан гэм хорын хариуцлагыг  Монгол Улсын Иргэний хуулийн  498 дугаар зүйлийн  498.1 дэх хэсэгт зааснаар ХААН банк хариуцах бүрэн үндэслэлтэй юм.  Иймд Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн  хэргийн  анхан шатны шүүхийн 2018 оны 9 сарын 12-ны өдрийн 93 тоот шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн  7 дугаар заалтанд өөрчлөлт оруулан Б.Батсуурьт 7000.000,  Г.Алимцэцэгт 8000.000, Н.Энхтөрд 26000.000, Ц.Гантулгад 7300.000 төгрөгийг  ХААН банкнаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.  
Хохирогч Г.Алимцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Мөнхцацрал нь албан  ажлынхаа шугамаар миний хадгаламжид байсан мөнгийг мэдэж, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр намайг бүтэн өдрийн турш ажил хийлгэхгүй хажууд ирж зогсоод эсхүл утасдаад мөнгө зээлүүлээч гээд байсан.Банк 17 цагт хаадаг байхад миний нэр дээр зээлийг 17 цаг 30 минутанд гаргасан байдаг. Ингэж Мөнхцацрал нь албан тушаалын байдлаа ашиглаж миний хадгаламжийг мэдэж, банк хаасан хойно гүйлгээ хийж миний мөнгийг залилж авсан. Зээлүүлсэн  8000.000 төгрөгийн хохирлоо  ХААН банкаар  төлүүлмээр байна”  гэв. 
Хохирогч Б.Батсуурь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөнхцацрал нь байрны урьдчилгаа төлөх гэсэн юм гэж надаас  2015 оны 8 дугаар сард 7000.000 төгрөг зээлж авсан. Банкнаас зээл авах бүх баримт бичгийг Мөнхцацрал өөрөө бэлэн болгож надаар зөвхөн гарын үсэг зуруулсан. Банкинд ажилладаг болохоор нь итгэж зээл авч өгсөн. Хаан банкнаас хохирлыг гаргуулж өгнө үү”  гэв. 
       Хохирогч Д.Ариунаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа  : Намайг тэтгэвэртээ гараад гэртээ байж байхад 2015 оны 9 дүгээр сард Мөнхцацрал ирээд “...орон сууцны зээл төлөх гэсэн юм. 40.000.000 төгрөгний хэрэг болоод байна”  гэхээр нь би “..би өөрөө зээлтэй. Чадахгүй гэсэн”. Сарын дараа Мөнхцацрал ирээд “...Таны зээлийг хийчихлээ. 3000.000 төгрөгөн дээр нэмээд 4.369.000 төгрөгийн зээл хийсэн” гэсэн. Би “Яасан их мөнгөний зээл хийсэн юм бэ”  гэхэд “Зүгээрээ. Би зээлийг чинь сар бүр төлчихнө”  гээд нэг баримтан дээр гарын үсэг зуруулсан. Зээлийг 4 сар төлөөд түүнээс хойш төлөөгүй. Одоо төлөгдөх ёстой 2.369.000 төгрөгийг ХААН бакнаас гаргуулж өгнө үү. Намайг залилсанд гомдолтой. Банкны эрх бүхий албан тушаалтан албан тушаалаа ашиглаж намайг залилсан учир надад учирсан хохирлыг банк барагдуулах ёстой гэж гомдол гаргаж байна. Банкинд маш их гомдолтой”  гэв. 
Хохирогч Ц.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 2 дугаар сард намайг зээл авахаар банкин дээр очиход Мөнхцацрал “ малчны зээл хийгээд 1200.000 төгрөг аваад өгөөч.Хавар ноолуурын үеэр зээлийг 2.5 хувийн хүүтэй төлчихнө гэж намайг залилж , зээл хийлгүүлж аваад одоо болтол төлөөгүй байгаа. Хохирлыг ХААН банкнаас гаргуулж өгнө үү” гэв.
Хохирогч Ц.Гантулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Мөнхцацралд итгэдэг байсан. Мөнгө зээлж өгч, авалцдаг байсан. 2015 оны 9 дүгээр сард надаас 1.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгэээр сард 2.800.000 төгрөг, дараа нь 3000.000 төгрөг зээлсэн. Зээлээс төлөгдөөгүй байгаа 7.300.000 төгрөгийг нэхэмжилж байна. ХААН банкнаас гаргуулж яаралтай хохирлыг барагдуулж өгнө үү. Би өөрөө банкинд зээлтэй байгаа”  гэв.   
Дундговь аймаг дахь ХААН банкны зээлийн багц хариуцсан менежер Л.Зандраабодь иргэний нэхэмжлэгчээр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож гаргасан тайлбартаа: “...Мөнхцацрал нь ХААН банкны Дэрэн сумын тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байхдаа 11 иргэний 21.203.969 төгрөгийг касснаас авч ашигласан нь манай салбараас 2016 оны 1 дүгээр сард хийсэн ээлжит гэнэтийн шалгалтаар илэрч хувьдаа ашигласан болох нь тогтоогдсон. Энэ хохирлыг манай банк барагдуулсан. Иймд   буруутай этгээд болох М.Мөнхцацралаас 21.334.398 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.
ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  М.Мөнхцацрал нь ХААН банкны Дэрэн сумын тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байхдаа  кассын бэлэн мөнгө 21.203.969 төгрөгийг ашигласан, харилцагчдыг залилж “ Би төлчихнө” гэж тэднээр зээл хийлгүүлэн зээлээ төлөлгүй  17 иргэнд 109.499.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг шүүх тогтоосон. М.Мөнхцацрал нь хүмүүсээр  зээл хийлгүүлэхдээ тэднээс зөвшөөрөл авч, зээлийн гэрээнд гарын үсэг зуруулан авсан байдаг. Иймд зээл авч Мөнхцацралд өгсөн хүмүүсийн өөрсдийнх нь хариуцлагагүй байдал гэмт хэрэг үйлдэгдэхэд ихээхэн нөлөөлсөн байгаа. ХААН банк хохирлыг Мөнхцацралын өмнөөс барагдуулах үндэслэлгүй. Мөнхцацрал нь ХААН банкны  үүрэгт ажлаа хийж байх явцдаа харилцагч нарт хохирол учруулаагүй. Харин тэдэнтэй хэлэлцэн тохиролцож банкнаас зээл авахуулан өөртөө авсан байдаг. Иймд  ХААН банк нь  иргэний хариуцагч болох үндэслэлгүй тул  Б.Батсуурь,Д.Ариунаа, Н.Энхтөр ,Г.Алимцэцэг нарын иргэний нэхэмжлэлийг ХААН банкнаас гаргуулах талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож  өгнө үү” гэв.    
Шүүгдэгч М.Мөнхцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд :”  Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна . Хохирогч нараас уучлал гуйя. Би төлчихнө гэж зээлийг нэгээс нөгөөд өгсөөр эцэст нь ийм байдалд хүрсэн. Бага насны 2 хүүхдийн минь ирээдүйг анхаарч ялыг хөнгөрүүлж өгнө үү”  гэв.
     Хяналтын прокурор Г.Хаш-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан  дүгнэлтдээ: Хэргийн зүйлчлэл зөв.Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон тохирсон. Хохирогч нарт учирсан хохирлыг эхний ээлжинд ХААН банкнаас гаргуулж олгох талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна  гэв.
 
ТОДОРХОЙЛОХ НЬ:

       Мягмар овогтой Мөнхцацрал нь ХААН банкны Дундговь салбарын Дэрэн тооцооны төвд 2006 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн теллерээр,  2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс ахлах теллерээр 3 сарын хугацаатай туршилтын хугацаагаар ажиллаж байгаад  2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн жинхлэн ажилласан байна. 
  
      М.Мөнхцацарал нь Дэрэн тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа буюу 2015 онд кассын мөнгөнөөс 21.203.969 төгрөг авч ашигласан болох нь 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн касс дахь мөнгөн тэмдэгт, үнэ бүхий зүйлийг шалгасан акт /1хавтас,хуу-197/, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн аудиторын тогтоосон төлбөр, зөрчлийн акт  /1хавтас-хуу-71/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 144 дүгээр шинжээчийн дүгнэлт /1-р хавтас, хуу-241/, зөрчил дутагдлын тооцоо /1хав, хуу-243/ гэрч,  хохирогчдын мэдүүлгээр нотлогдсон, мөн 2014-2016 онд албан тушаалын байдлаа ашиглан бусдыг залилан мэхэлж, хохирогч Г.Алимцэцэгт 8000.000 төгрөгний,Д.Ариунаад 2.369.000, Н.Болдбаатарт 4.630.000, Б.Батсуурьт 7000.000 төгрөгний, П.Ганаад 8000.000, П.Ганбатад 8.500.000, Н.Гантөмөрт 4.000.000, Ц.Гантулгад 7.300.000, С.Дуламжавт 4.800.000,Х.Довуучийд 2.900.000,  А.Мягмарсүрэнд 6.000.000,С.Одбаярт 4.500.000,  Н.Хишигжаргалд 2.000.000, Н.Энхтөрд 26.000.000,Ц.Энхтөрд 1.200.000 М.Эрдэнэтогтоход 6.000.000, Ш.Пүрэвсүрэнд 6.300.000 төгрөгний,харилцагч нарт нийт  109.499.000 төгрөгний хохирол учруулсан болох нь ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн болон барьцааны гэрээний хуулгууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

     Хохирогч Б.Батсуурь, Г.Алимцэцэг, Н.Энхтөр, Ц.Гантулга нарын өмгөөлөгч Д.Дарьсүрэнгийн гаргасан “...М.Мөнхцацрал нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын хувийн мэдээллийг хууль бусаар ашиглан залилан мэхлэх аргаар бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм хорын хариуцлагыг Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ХААН банк хариуцах бүрэн үндэслэлтэй. Иймд ХААН  банкнаас хохирлыг гаргуулахаар шийтгэх тогтоолын 7 дугаар заалтад өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй  гэж  үзэв. 

      М.Мөнхцацрал нь ахлах теллерийн албан тушаалд ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж харилцагчдын хадгаламжийг мэдсэнээр харилцагчдын мөнгийг залилж авах санаа зорилго нь үүсч энэ гэмт хэргийг үйлдсэн боловч банкнаас зээл авахуулах  талаар харилцагч нарт санал тавих, зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулах, зээлдэгчээс зээлийг  авах ажиллагаанууд   банкны үйл ажиллагаанаас гадуур явагддаг байсан ба  хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.  

      Харилцагч нар М.Мөнхцацралын ахуй амьдрал, ажил мэргэжлийг нь мэддэг байсан боловч  авдаг цалин хөлснөөснь  хэт их зээлийг авч өгсөн, зээл авч өгч байгаагаа банкны ажилтнуудаас нууж банкнаас гарч гадаа өгч, авалцдаг байсан, учирч болох  хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй зэрэг хохирогчдын буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг үйлдэгдэхэд гол нөлөө үзүүлжээ. 

        Мөрдөн байцаах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй, шүүхээс шүүгдэгч М.Мөнхцацралд оногдуулсан ял түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн ялыг хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 
   
      М.Мөнхцацралаас 21.334.396 төгрөгийг гаргуулах тухай  ХААН банкны нэхэмжлэлийг шийтгэх тогтоолын 8 дугаар заалтаар хэлэлцэхгүй орхисон нь хуульд нийцсэн  бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
       
       Прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд М.Мөнхцацралын үйлдсэн гэмт хэргийн Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг   Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 ,  17.4 дүгээр зүйлийн 2.1 гэж буруу бичсэн байгаа бөгөөд   цаашид  Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2-ын  2.1, 2.2,  17.4 дүгээр зүйлийн 2-ын 2.1 гэж бичиж байвал зохино. 

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  НЬ:

1.    Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  хохирогч Б.Батсуурь, Г.Алимцэцэг, Н.Энхтөр,, Ц.Гантулга нарын өмгөөлөгч Д.Дарьсүрэн болон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам нарын  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 


              ДАРГАЛАГЧ                         Ш.ТӨМӨРБААТАР
              ШҮҮГЧИД                             С.ОТГОНЦЭЦЭГ
                                                            Т.БЯМБАЖАВ