| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03438/И |
| Дугаар | 181/ШШ2024/02605 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2024/02605
2024 06 27 181/ШШ2024/02605
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, * тоот хаягт оршин суух, Н овогт Л.Г /РД:*/-гийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х ХХК, Э ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул оролцож тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн
100.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Г-н хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Г нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х ХХК, Э ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Л.Г нь 2023 оны 12 дугаар сарын 13-нд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч нарт холбогдуулан Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2024/11035 дугаар "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжаар ... Х ХХК нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй бөгөөд үйл ажиллагаа явуулдаггүй болох нь хорооны засаг даргын тодорхойлолтоор, Э ХХК нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй бөгөөд үйл ажиллагаа явуулдаггүй болох нь хорооны засаг даргын тодорхойлолтоор, шуудан хүргэгчийн магадлагаа зэргээр тогтоогдсон" гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоод байгаа тул энэхүү эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байгаа болно.
Иймд "Х" ХХК, "Э" ХХК нарын оршин байх хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Л.Г-н иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 49 тоот тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2024/11035 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Л.Г нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х ХХК, Э ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдүүдийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х ХХК нь хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийн санд бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, * тоот хаягт бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй, Э ХХК нь нэхэмжлэгчийн тодорхойлсон Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, * тоот хаягт бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2024/11035 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу Х ХХК /РД:*/, Э ХХК /РД:*/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Х ХХК /РД:*/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг, Э ХХК /РД:*/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Х ХХК /РД:*/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт, Э ХХК /РД:*/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ